Эдийн засгийн хөгжлийн зөвлөл өнөөдөр хуралдлаа. Энэ удаагийн хуралд бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцжээ. Энэ үеэр татвар, нийгмийн даатгалын эрх зүйн цогц орчныг хэрхэн шинэчлэх талаар хувийн хэвшил болон эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонссон байна.
Хамтарсан Засгийн газраас татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Дээрх хуулийг шинэчлэхдээ бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгох, тэгш, шударга татварын орчин бүрдүүлэх, шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжиж, татварын зардлыг бууруулахыг зорьж буй. Тиймээс Татварын багц хууль болон нийгмийн даатгалын эрхзүйн шинэчлэлийн талаарх холбогдох сайд нарын танилцуулга болон зөвлөлийн гишүүдийн саналыг өнөөдөр сонсож, хуулийн төсөлд тусгуулах нь чухал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдааны эхэнд онцлов.
Өнөөдөр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлах асуудлыг намын бүлгүүд дэмжлээ. Энэ төслийн бүтээн байгуулалт эхэлснээр эдийн засгийн үзүүлэлт урт хугацаанд тогтворжиж, татвар болон нийгмийн даатгалын реформ хийх суурь нөхцөл бүрдэх юм.
Дараагийн Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хурлаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх бөгөөд тус хуулийн төсөлтэй холбоотой саналыг Засгийн газрын 11-11 төвд холбогдохыг зөвлөлөө.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!