Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Нидерландын Хаант Улс, Бельгийн Хаант Улс болон Люксембургийн Их Гүнт Улсын Дээд шүүх, олон улсын шүүхийн байгууллагууд, эдгээр улсууд дахь хууль, эрх зүйн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулж буй академиудтай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Айлчлалын эхэнд Ерөнхий шүүгч Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид Нидерландын Хаант Улсын Ассерийн хүрээлэн, Гаагийн олон улсын эрх зүйн академи, Арбитрын Байнгын шүүх, Олон улсын эрүүгийн шүүхэд тус тус зочилж хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Айлчлалын хүрээнд Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи болон Гааг дахь Ассерийн хүрээлэнгийн хооронд хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
Талуудын хамтын ажиллагааны хүрээнд Нидерландын Лейден их сургуулийн профессор Тон Лиефаардыг 2025 оны 06 дугаар сард Монгол Улсад урьж ажиллуулахаар тохирлоо.
Улмаар төлөөлөгчид Гаагийн олон улсын эрх зүйн академийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Тувенинтэй уулзалт хийж, тус академиас хэрэгжүүлж буй олон улсын нэр хүндтэй хөтөлбөрүүдэд шүүгчдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах, Монгол Улсын шүүгч, хуульчдад зориулсан олон улсын эрх зүйн чиглэлээр суурь мэдлэг олгох хамтарсан арга хэмжээг 2026 онд зохион байгуулахаар тогтлоо.
Айлчлалын үеэр төлөөлөгчид Гааг хот дахь Арбитрын байнгын шүүх болон Олон улсын эрүүгийн шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллах эрмэлзлэлээ харилцан илэрхийллээ.
Албан айлчлалын үеэр Ерөнхий шүүгч Д.Ганзориг Бельгийн Хаант Улсын дээд шүүхийн Ерөнхийлөгч Эрик дө Формануа, Люксембургийн Их Гүнт Улсын Дээд шүүхийн Ерөнхийлөгч бөгөөд тус улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Тиерри Хошейт, Европын Холбооны Шүүхийн Ерөнхийлөгч Коен Ленеарт нартай албан ёсны уулзалт хийсэн бөгөөд хоёр талын шүүхийн тогтолцооны онцлогийн талаар харилцан мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаарх боломжийг хэлэлцэв. Талууд Европын шүүхийн сургалтын сүлжээ (European Judicial Training Network)-гээр дамжуулан сургалт зохион байгуулах, дадлагажигч ажиллуулах зэрэг Монгол Улсын дээд шүүхийн хүсэлтийг дэмжиж ажиллахаа тэмдэглэж, Улсын дээд шүүхийн Европын Холбооны Төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэж буй “Монгол Улсын шүүх засаглалыг бэхжүүлэх нь” хосолмол түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд богино хугацааны сургалт, туршлага солилцох уулзалт зохион байгуулах боломжтойг илэрхийллээ.
Айлчлалын төгсгөлд төлөөлөгчид Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам, Ханс Зайделийн сан болон Монгол-Германы нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан “Шүүхийн оролцоо ба ил тод байдал” хэлэлцүүлэгт оролцож, шүүхийн ил тод нээлттэй байдлын асуудлаарх Улсын дээд шүүхийн байр суурь, манлайллын талаар оролцогчдод товч мэдээлэл өгөв.
Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын дээд шүүхийн шүүгчид, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Болд, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг болон бусад албаны төлөөлөгчид тус тус байлцав.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!