АЙЛЧЛАЛ БАЙР СУУРЬ: Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Монголын парламентын ардчиллыг өндрөөр үнэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 42 секунд

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаж буй УИХ-ын гишүүд, Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх айлчлалын үр дүнгийн талаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Монголын парламентын ардчиллыг өндрөөр үнэллээ

-Британийн Парламентын хүрээнд Монгол Улсын ардчиллыг өндрөөр үнэлж байна. Хоёр том гүрний дунд байгаа далайд гарцгүй орон ч гэлээ маш богино хугацаанд ардчиллыг баталгаажуулж, бэхжүүлж чадлаа гэж дүгнэж байна.

Их Британийн хувьд ардчилал 1000 жилийн түүхтэй. Монгол Улс ардчиллыг богино хугацаанд бэхжүүлэхдээ парламентын ардчилал, парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоогоор Азидаа төдийгүй, дэлхийд дээгүүрт бичигдэхээр хэмжээнд байгааг Британийн Парламентын Нийтийн танхимын тэргүүн өндрөөр үнэллээ.

Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх: Улсын Их Хурлын даргын хувьд албан ёсны урилгаар ирж буй анхны айлчлал гэдгээрээ онцлогтой

-Монгол Улсын Их Хурлын даргын хувьд албан ёсны урилгаар ирж буй анхны айлчлал гэдгээрээ онцлогтой. Мөн парламентын засаглалтай хоёр улсын хувьд парламентын ардчиллыг бэхжүүлэх, харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, парламентын удирдлагын түвшинд яриа хэлэлцээ, айлчлалын давтамжийг хадгалах чиглэлээр өндөр үр дүнтэй айлчлал болж байна гэж дүгнэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Парламент хоорондын хамтын ажиллагаа сайжирснаар улс төр, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагаа давхар сайжирдаг

-Энэ айлчлал нь хоёр улс хоорондын өндөр дээд хэмжээний айлчлалуудын тоонд зүй ёсоор орно. Парламент хоорондын хамтын ажиллагаа сайжирснаар улс төр, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагаа давхар сайжирдаг. Айлчлал бол хууль, эрх зүйн орчинд хоёр орны хамтын ажиллагааг сайжруулахын тулд цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр түлхүү анхаарч ажиллах ёстой. Энэ удаагийн айлчлал бидний хувьд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын парламентын спикертэй уулзлаа. Мөн Олон Улсын Парламентын холбооны энэ улс дахь бүлгийн даргатай уулзсан. Уулзалтаар тус улс дахь Найрамдлын бүлгийг байгуулах асуудлыг ярилцаж байна. Энэ нь хоёр орны хамтын ажиллагаанд түлхүү ач холбогдол үзүүлнэ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох хяналтын чиг үүргийг сайжруулах үр дүнтэй уулзалт боллоо

-Парламентын ардчиллын эртний уламжлалтай, энэ парламентад ардчилал бэхжихийн тулд ямар түүх өрнөсөн, парламентын ардчилал удаан оршин тогтнох, үр дүнтэй ажиллахын тулд яаж ажилладаг зэрэг олон туршлагуудыг харж байна. Монгол Улсын ардчилал байгаагийн гол утга нь парламентын ардчилал учраас түүнийг бойжуулах, тэр дундаа хууль тогтоох хяналтын чиг үүргийг сайжруулах чиглэлийн үр дүнтэй уулзалт болж байна.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Парламентын үйл ажиллагааг цахимжуулах талаар энэ улсаас суралцах зүйл их бий

-Парламентын ардчиллын 1000 жилийн түүхтэй энэ улсаас сурах зүйл маш их бий. Тэр дундаа орчин үеийн технологийг ашиглаад парламентын үйл ажиллагааг цахимжуулах тал дээр Их Британи Улс сонирхолтой зүйл их хийж байна. Манай Улс 2022 онд иргэдийн оролцоог цахимаар хангах D-Parliament талбарыг нэвтрүүлсэн. Үүнийгээ бид тухайн үед Их Британийн парламентын иргэдийн өргөдөл гомдол, хуулийн төсөлд санал авдаг цахим системийг олон үлгэр жишгийн нэг болгон авч үзсэн байдаг. Хоёрдугаарт, кибер аюулгүй байдлын асуудал эдүгээ онцгой чухлаар тавигдаж байна. Бид Их Британийн энэ асуудлыг хариуцсан, үүнтэй холбоотой хүмүүстэй уулзаж, мөн цуврал хурал зөвлөгөөнд оролцож, мэргэжилтнүүдээс дэмжлэг авах, туршлага хуваалцах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.

Дауны хам шинжтэй хүмүүсийг дэмжих дэлхийн өдөр тохиож байна
Дауны хам шинжтэй хүмүүсийг дэмжих дэлхийн өдөр тохиож байна
 
МЗХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр Энхтөрийн Галбадрал ажиллана
МЗХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр Энхтөрийн Галбадрал ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!