Бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд “муу дүн“ тавилаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 58 секунд

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2019 оны арваннэгдүгээр сараас хойш энэ албыг хашиж буй. Түүний бүрэн эрхийн хугацаа энэ жил дуусгавар болно.

Төвбанкны тухай хуулийн 26.2-т "Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарыг Монголбанкны Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно" гэж заасан. Энэ дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад 10 сар үлджээ. Харин өнөөдрийг хүртэл Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн ажилд “дүн” тавих цаг нь болж байна.

ИНФЛЯЦ ХАЛЖ ВАЛЮТЫН НӨӨЦ ДУНДАРСАНД ИРГЭД "БУРУУТАЙ"

Зургаа дахь жилдээ банкны удирдлагаар ажиллаж буй түүний хувьд энэ хугацаанд эдийн засгийн эгзэгтэй үед иргэдийнхээ талд зогсохоос илүү эрх баригчдын балгийг баллуурдсаар өдий хүрлээ. Дээр нь цаг үргэлж гадаад томилолттой, чухал уулзалт, хуралдаанд бараа нь харагдахгүй болсон гэх бор шувуу ч нисэх боллоо. Монголбанкны Ерөнхийлөгч нь нэг сард 24 удаа гадаад томилолтоор явдаг тухай мэдээлэл ч бий. Харин төвбанкны зүгээс энэ тухайд тодорхой мэдээлэл байхгүй ч ташаа болохыг үгүйсгэж байлаа.

Ямартай ч өнөөдөр нүүрсний орлого, төсвийн үрлэгэн зарлагаас бус валютын нөөц дундарч, инфляц халж буй шалтгааныг автомашины импорт, аялал жуулчлалаас болсон гэх мэтээр муу л бол хар захын хойд овоохой гэгчээр иргэддээ бурууг тохох нь энүүхэнд болов. Сүүлийн үед "Хэдийгээр бид Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээ авч байгаа ч зөрөөд монголчуудын гадагш хийх аялал нэлээд өндөр түвшинд хүрсэн. Тэтгэвэр, цалин өссөнтэй уялдаад өрхийн орлого сүүлийн хоёр жилд өссөнтэй холбоотой хэрэглээ нэлээн өндөр байна" гэж ам нээх бүртээ тоть шиг давтах боллоо.

Валютын нөөцийг харвал, шинэ оны босгон дээр 5.5 тэрбум ам.доллар /5.509.82/-ыг давж түүхэн дээд хэмжээнд хүрснийг зарлаж байсан бол энэ дүн он гарснаас хойш буурсаар хоёрдугаар сарын байдлаар 4.7 тэрбум ам.доллар болсон нь хоёр сар ч хүрэхгүй хугацаанд 13.55 хувиар буурсан дүн болж байгаа юм.

МОНГОЛБАНК ДҮЛИЙ СОХОР МЭТ БАЙСААР ИРЛЭЭ

Бодит байдал дээр иргэдээ адлаад буй аялал жуулчлалын үйлчилгээ, автомашины хэрэглээнээс ч илүү жил бүр улсын төсвийг тэлэх байдлаар төвбанкны “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ээс гаждаг, цалин тэтгэвэр, халамж нэмэгдүүлж, ямар ч хэрэгцээгүй соёлын ордон, хөшөө дурсгал барих байдлаар урсгал зардлыг тэлдэг нь импортыг өдөөж инфляц халах шалтгаан болсон төдийгүй төвбанк бодлогын хүүг чангаруулахаас өөр аргагүйд хүрлээ. Энэ нь дахиад л өнөөх л иргэдийн нуруун дээр дарамт болох нь тодорхой. Зээлээс зээлийн хооронд амьдардаг монголчуудын хувьд магадгүй илүү бүсээ чангалах болсныг төвбанкны шийдвэрээс харж болно. Төвбанк Мөнгөний бодлогын хорооны гуравдугаар сарын ээлжит хурлаараа бодлогын хүүг 2 нэгж хувиар эрс чангаруулж, зээл олголтыг хумих сигнал өгсөн.

Угтаа бол эрх баригчид индрийн цаанаас үргэлж халамж, тэтгэвэр, шагнал, зээл тэглэх гэхчлэн бурхны дүрээр чихэнд чимэгтэй шийдвэр гаргадаг ч бодит хөрсөн дээрээ иргэд нь ядуу, бизнесийнхэн дөнгөтэй, төв банк нь дүлий сохор мэт байсаар ирлээ.

Энэ тухайд УИХ-ын нэр бүхий гишүүд шүүмжлэлтэй хандсаар ирсний нэг нь П.Сайнзориг. Тэрбээр "Төв банкны хараат бус бие даасан байдлыг хууль эрх зүйн хувьд юу гэж бодож байна вэ. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Ахмадын зээлийг тэглэх гээд мөнгөний бодлого болоод эдийн засагт дандаа сөрөг нөлөөтэй бодлогуудад үг хэлж чаддаггүй" гэж өнгөрсөн онд УИХ-аар Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2025 оны үндсэн чиглэлийг хэлэлцэн батлах үед шүүмжилж байлаа. Гэвч шүүмжлэл ч тэр, огцруулах санал ч тэр тэгсхийгээд олны салхинд мартагдсаар ирлээ. Өмнө нь валютын нөөц буурч буй шалтгаан нь Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн буруу бодлоготой холбоотой учраас огцруулах тухай саналыг УИХ-ын зарим гишүүд 2022 онд гаргаж байсан ч эрчийг авалгүй илбээд өнгөрсөн. Оны өмнөхөн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа тул шинэ Ерөнхийлөгч томилох санал, шүүмжлэл ч тэгсхийгээд шинэ жилийн баярт дарагдаад өнгөрөв.

ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМЫН ДӨНГӨ

Гэтэл өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч нь олон жил яригдсаар ирсэн эрчим хүчний реформоос хойш нь чангаах хамгийн том дөнгө боллоо. Тэрбээр " Дулааны үнийг 2025 оны тавдугаар сарын 16-наас 85 хувиар нэмэх зохицуулалт гарсан. Мөн 2025 оны есдүгээр сарын 16-наас ус сувгийн, халуун хүйтэн усны үнийг нэмэх шийдвэрүүд гарсан. Эдгээр шийдвэр нь инфляцыг улам өдөөнө" гэж хэлсэн нь олныг багагүй бухимдуулж шүүмжлэл дагууллаа. Засгийн газар ч бас хүүхдийг чихрээр хуурахтай адил дулааны үнэ нэмэх хугацааг хойшлуулсан нь түр зуур гал унтраах шийдвэр болохоос "цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй" гэсэн үг биш. Харин ч дулааны үнийг нэмэхийг хойшлуулах тусам иргэдийн нуруун дээрх ачаа л хүндэрнэ. Эрчим хүчний зохицуулах хорооноос "Дулааны тарифыг Монголбанкнаас 85 хувиар нэмэгдүүлнэ гэж ярьсан. Бидний хувьд аж ахуйн нэгж байгууллагын дулааны тарифыг 73 хувиар, айл өрхийн дулааны тарифыг 100 хувиар нэмэгдүүлэх тооцоолол хийгдэж шийдвэр гарсан. Одоо энэ шийдвэрийг хойшлуулахаар 118 тэрбум төгрөгийн дутагдалд орж байгаа юм. Энэ өр төлбөр өснө, эсвэл улсын төсвөөс татаас хэлбэрээр санхүүжүүлнэ" гэх тайлбарыг өгч байлаа. Өөрөөр хэлбэл, дулааны тарифын нэмэгдлийг хойшлуулах тусам бидэн дээр ирэх ачаа нь нэмэгдэнэ гэдгийг тус хорооны мэргэжилтнүүд ч нуугаагүй.

Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 34 жил болсон атал төрөөс цахилгаан, дулааны үнийг хүчээр барьсны гор нь өнөөдөр эрчим хүчний салбар нь дампуурлаа зарлаж, бид тогоо таслуулах дээрээ тулсан. Тиймээс ч цахилгаан, дулааны үнийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээс өөр аргагүй нөхцөлд орсон. Харамсалтай нь, Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс болж бид дахиад л илүү төлбөр төлөх бололтой.

Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй
Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй
 
Бизнес эрхлэгчид “И-баримт“ руу хэвийн нэвтэрч эхэллээ
Бизнес эрхлэгчид “И-баримт“ руу хэвийн нэвтэрч эхэллээ
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!