СУРВАЛЖИЛГА: Автомашины зээлийн урьдчилгаа 10 хувь байсныг 30 болгосноор ченжүүд “шатаж“, иргэд урьдчилгаандаа “алуулж“ байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 10 секунд

“Да хүрээ” захын зогсоолын талбайд автомашинууд төрөл төрлөөрөө ярайна. Ажлын өдөр болоод ч тэрүү хүнгүй шахуу байв. Ченжүүд машин дээр тогтсон шороог унагангаа, машинаа янзална. Харин зарим нь тамхилах зуураа “буу халцгаана”. Ам.долларын ханш 3473-д хүрч импортын бараа бүтээгдэхүүний үнэ гэрлийн хурдаар нэмэгдэж эдийн засаг сайнгүй байгаа энэ үед иргэдийн автомашины худалдан авалт буурсныг автомашины худалдаа эрхлэгчид хэлж байна.

"Даарин дээр давс нэмэв" гэгчээр Санхүүгийн зохицуулах хорооноос /СЗХ/ өнгөрсөн хоёрдугаар сараас "Иргэд хамгийн багадаа 30 хувийн урьдчилгаа төлж, машин зээлээр авдаг болгох" өөрчлөлтийг оруулжээ.

Энэхүү шийдвэрийн улмаас “Да хүрээ” захын ченжүүд "шатаж", иргэдийн хувьд 30 хувийн урьдчилгаанд "алуулж" байгаагаа ч нуусангүй.

Шатахуун бага зарцуулдаг тоёота приус маркийн автомашиныг монголчуудын дийлэнх олонх унадаг. Улаанбаатарын замаар "урсаж" байгаа авто машиныг харахад л ойлгомжтой. “Да хүрээ” захад 2014 оны Toyota Prius 30 гэхэд 26.5 саяар зарагдаж байна.

10 хувийн урьдчилгаагаар тооцвол иргэд 2.6 сая төгрөг төлөх байсан бол 30 хувь болж нэмснээр урьдчилгаанд 7.9 сая төгрөг төлнө гэсэн үг.

Түүнчлэн 2008 онд үйлдвэрлэсэн Toyota Prius 20, 23 сая төгрөг, 2018 онд үйлдвэрлэсэн улсын дугааргүй Prius-41 Alpha, 41.5 сая төгрөгөөр тус, тус зарагдаж байна.

ББСБ-ын ажилтан: 30 хувь гэж сонсоод машин авахаа болилоо гэх олон хүн байна

Өмнө нь автомашин зээлээр худалдан авахдаа иргэд тухайн машины үнийн 10 хувьтай тэнцэх урьдчилгаа төлөөд, үлдсэн 90 хувийг хуваан төлдөг байв. Энэ нь автомашины импорт өсөх, хэрэглээний зээл нэмэгдэх, төгрөгийн ам.долларын эсрэг ханш сулрахад нөлөөлсөн гэх шалтгаанаар СЗХ-оос дээрх шийдвэрийг гаргажээ. Улмаар СЗХ-оос банк бус санхүүгийн байгууллагуудад /ББСБ/ дээрх шийдвэрийг дагаж мөрдөх албан бичиг хүргүүлсэн бөгөөд "Да хүрээ" авто центрт байрлах 20 гаруй ББСБ-ууд 30 хувийн урьдчилгаагаар иргэдэд машин зээлж байна.

ББСБ-ын ажилтан "Иргэдийн хувьд аль болох 10 хувийн урьдчилгаагаар машин авах хүсэлтэй байна. Амьдралаа учирлаад л ороод ирдэг. Зарим нь урьдчилгаа 30 хувь болсныг ч мэдээгүй байх жишээний. 30 хувь гэж сонсоод машин авахаа болилоо гээд гараад явах ч олон хүн байна. СЗХ-ны журмыг мөрдөхгүй бол бид 20 саяар торгуулна. Тиймээс мөрдөхөөс өөр аргагүй" гэдгийг учирлав.

Өөр нэг автомашины худалдаа эрхлэгч "Өнөөдөр хоёр хүн аваад ББСБ-руу орлоо. 4 саяын цалинтай байхад л заавал 30 хувиар гаргана гээд хөдлөхгүй байна лээ. 25 саяын үнэтэй машин байсан юм. Ядаж 20 хувь байвал. 30 хувь гэхээр хаа, хаанаа чанга байна" гэв.

Ард түмнийхээ төлөө цохилох зүрхтэй аавын хүү байдаг бол ББСБ-ын хүүг буулгаад өгөх хэрэгтэй

н.Онон “Да Хүрээ” захад автомашины худалдаа эрхлээд 12 жил болж байна. Түүний хувьд 10 хувийн урьдчилгааг 30 хувь болгож нэмсэн, импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй гэх НИТХ-ын шийдвэрийг хувь хүний өмчтэй байх, бизнес эрхлэх эрхэнд халдсан, хөрөнгө чинээгээр нь ялгаварласан шийдвэр гэж үзэж буйгаа онцолсон юм.

Тэрбээр "5-8 сар хүртэл сезоны үе байдаг. Цаг сайхан байхад буюу 3-4 жилийн өмнө өдөрт 3-4 машин зардаг байлаа. Одоо тэр цаг үлгэр болж дээ. Уг нь өдийд ноос, ноолуураа зарсан иргэд машин авахаар ирдэг, хөл хөдөлгөөнтэй байх үе. Гэтэл хар л даа. Хүнгүй, нам гүмхэн байгаа биз дээ. Цагаан сар, мартын-8, Цэргийн баяр гээд баяраас баярын хооронд иргэд бүсээ чангалж, хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөөрөө машин авах гэтэл урьдчилгаа нь өсчихсөн.

10 хувийн урьдчилгааг 30 хувь болгож нэмсэн нь худалдан авалтад шууд нөлөөлж байна. "Ахаа миний цуглуулсан мөнгө урьдчилгааний 30 сая төгрөгт хүрэхгүй байна" гээд машин авахаа болих хүмүүс ч байна.

Бэлэн мөнгөгүй, банкны өндөр шалгуурыг давж чадахгүй болохоорооо л иргэд өндөр хүүтэйг нь мэдсээр байж ББСБ-аас машин авч байгаа шүү дээ. Ард түмнийхээ төлөө цохилох зүрхтэй аавын хүү байдаг бол ББСБ-ын хүүг буулгаад өгөх хэрэгтэй.

2024 оны арваннэгдүгээр сарын 8-аас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохоо больсон. Өнгөрсөн нэгдүгээр сард 800 мянган төгрөгөөр зарагдаж байсан улсын дугаар өнөөдөр 1.5 сая төгрөгт хүрсэн. Цаашид эрэлтээ дагаад үнэ нь бүр л өсөх байх. Иргэд энэ бүгдийг нуруун дээрээ үүрч байна" гэдгийг онцлов.

Монголын иргэд машин унах тавилангүй юм байна л даа

Нэрээ нууцлахыг хүссэн Да Хүрээ” захад автомашины худалдаа эрхлэгч "Би машиндаа хотын дугаарыг 1.5 саяар худалдаж аваад, тавьж өгч байгаа. Цахим орчинд "Улсын дугаар зарна" гэх зарын дагуу холбогдоод авдаг. Тухайн хүн хэдийг хэлнэ, тэр үнээр нь авч байгаа. Тэр мөнгөө машиндаа шингээгээд л зарна.

Хүмүүс явдаггүй машинуудыхаа дугааруудыг хасалт хийлгэж нэгэндээ зараад байгаа юм шиг байгаа юм. Цаашдаа ч хотын дугаарын үнэ өснө. Наадмаар бүр 2-3 сая төгрөгт хүрэх байх. Үүнийг худалдан авагч иргэд л нуруун дээрээ үүрнэ.

Машины урьдчилгааны 10 хувийг 30 хувь болгосон нь ч иргэдийг хохироож байна шүү дээ. Монголын иргэд машин унах тавилангүй юм байна л даа.

Одоо бэлэн мөнгөтэй хүн байхгүй болсон. Дандаа ББСБ-ын зээлээр машин авч байна. Би бэлэн мөнгөөр сүүлд хэзээ машин зарснаа санахгүй байна. Зээлээр авч байгаа хүмүүс нь давхар өөр зээлтэй. Зарим нь ипотекийн зээлтэй. Иргэд зээлээс зээлийн хооронд л амьдарч байна шүү дээ" гэв.

Түүнчлэн “Да хүрээ” захад амралтын өдрөөр хүмүүс ихээр ирдэг бөгөөд машины улсын дугаар хайгаад амь тулсан үед дотор байгаа хүмүүс үнээ нэмж 1.8 саяар зардаг гэж автомашины худалдаа эрхлэгчид хэлэв.

Х.Нямбаатар: Автомашины импортыг хязгаарлахгүй бол түгжрэлийг шийдэхгүй

Үндэсний статистикийн хорооны 2012-2021 оны тоон мэдээлэлд үндэслэн тооцоход 2025 он гэхэд Улаанбаатар хотод 840 орчим мянга, 2030 онд 1.1 сая, 2035 онд 1.5 сая, 2040 онд хоёр сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдэх тооцоолол гарсан. Харин Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт 1213 км. Машины импорт энэ байдлаараа үргэлжилбэл 2040 он гэхэд Улаанбаатар хотын авто замын хурд 0 км/ц буюу бүтэн өдрийн турш түгжрэлтэй байх төлөв гарсан байдаг.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Автомашины импортыг хязгаарлах шийдвэрийг гаргахгүй бол Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх боломжгүй" гэж мэдэгдэж байсан удаатай. Тиймдээ ч автомашины зээлийн урьдчилгаа 10 хувь байсныг 30 болгон нэмэгдүүлсэн нь дээрх шийдвэртэй холбоотой аж.

Ингэснээр энэ оны эхний өдрөөс хойш зээлээр машин авсан иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 30 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Монголд 2.1 сая хүн халамж авч байна
Монголд 2.1 сая хүн халамж авч байна
 
Б.Дөлгөөн: Өнөөдрөөс нүүрсний индекс дагаж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулснаар дөрөвдүгээр сараас нүүрсний арилжаа сэргэх хүлээлттэй байна
Б.Дөлгөөн: Өнөөдрөөс нүүрсний индекс дагаж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулснаар дөрөвдүгээр сараас нүүрсний арилжаа сэргэх хүлээлттэй байна
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!