Боловсролын салбарт Финляндын Eduten математикийн цахим хичээлийг анх 2023 оны арваннэгдүгээр сарын 13-аас үе шаттайгаар 1-5 дугаар ангид нэвтрүүлж, өнөөдрийн байдлаар 9298 суралцагч уг хичээлийг үзэж байна. Сүүлийн өдрүүдэд эцэг, эхчүүдийн дунд EDUTEN математикийн цахим хичээлтэй холбоотой хэл, ам тасрахаа болилоо. Тодруулбал, хүүхдүүдийнхээ утасны хэрэглээг багасгах гэж хичээж байхад Eduten цахим хичээл садаа болж байгаа талаар тэд ярьцгаах болсон.
Харин багш нарын зүгээс ажлын ачааллыг бууруулах, математикийн хичээлийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх ач холбогдолтой ухаалаг систем гэдгийг онцолж байна. Тодруулбал, Eduten математикийн цахим хичээлийг дэлхийн 50 гаруй орны 1 сая гаруй сурагч ашигладаг.
Судалгаагаар Eduten хичээлийг ашигласнаар сурагчид үзэг, цаас ашиглаж бодсоноос 8 дахин олон дасгал хийдэг гэжээ.
Eduten-ий агуулгын санд 200.000 гаруй тоглоомчилсон, янз бүрийн дасгал даалгавар бий. Нөгөө талдаа цахим шилжилт нь уламжлалт зарим ойлголтыг халаад удаж байна. Ирээдүйд сурагчид заавал өдөр тутам танхимд очиж, хичээлд суух шаардлагагүй болох талаар хүртэл яригдаж байна.
Ийм байтал Монгол эцэг, эхчүүд технологийн дэвшлээс ухрах талаар ярьцгааж буй нь харамсалтай.
Eduten математикийн цахим хичээл дэлгэцийн донтолтод хүргэх зүйл огт биш
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Pearson хөтөлбөр нь зарим сургуульд туршилтаар гуравдугаар ангиас нь орж байгаа бол Eduten нь хоёрдугаар ангиас нь зааж байна. Судалгаагаар Eduten-ийг өдөрт дунджаар 20 минутад хийж байна. Гар утас биш компьютероор ажилладаг, ангид үзэх үед ухаалаг самбар ашиглан зааж байна. Eduten дээр Монгол Улс хамгийн олон бодлого бодсон орноор шалгарсан байна лээ. Хүүхдүүд маш их бодлого бодож байгаа нь математикт дурлаж байгаа хэлбэр.
Хүүхдэд зориулсан сургалтын программууд бол дэмжигдээд явна. Энэ нь дэлгэцийн донтолтод хүргэх зүйл огт биш. Дэлгэцийн донтолт гэдэг нь цагийг дэмий үрсэн байна гэсэн үг.
Допамин гэх тархинаас гардаг бодис нь хэт их хэмжээгээр ялгарснаар сэтгэл гутралд ордог. Үүнийг л донтолт гээд байгаа. Ялангуяа залуу эцэг эх хүүхдээ хооллохдоо дэлгэц харуулдаг үзэгдэл түгээмэл байна. Хүүхдийн эрүүл мэндэд тун хортой. Иймээс хамжааргатай, хязгаартай байя гэж байгаа юм. Эцэг эх, багш нар маань сайн дэмжих болов уу. Сургалтын программтай бол хамааралгүй" гэв.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн 2020 оны судалгаагаар манай улсын 13-18 насны хүүхдийн 96 хувь нь цахим орчинд цагийг өнгөрүүлдэг бөгөөд тэдгээр хүүхдүүдийн нэг өдрийн цахим хэрэглээ 237 минут орчим гэж гарчээ. Энэ нь нь дэлхийн дундаж үзүүлэлтээс гурав дахин их үзүүлэлт юм.
Судалгаанаас харахад эцэг эх нь хүүхэдтэйгээ ойр дотно байх тусам хүүхдийн гар утас хэрэглэх магадлал нь бага байдаг аж.
Хүүхдэд гар утсыг огт үзүүлэхгүй гэж болохгүй. Гол нь хэрхэн яаж зохистой хэрэглүүлэх вэ гэдэг дээр нь л анхаарах хэрэгтэй
Хүүхдэд ямар шинж тэмдэг илэрвэл дэлгэцийн хамааралтай болсон байна гэж ойлгох талаар СЭМҮТ-ийн их эмч Б.Гантулгаас тодрууллаа. Тэрбээр "Хүүхэд маш чимээгүй болчихдог. Сав л хийвэл утсаа бариад, сиймхий л гарвал зурагт ширтээд, унтах нойроо хасаад л утсаар тоглоод байвал таны хүүхэд утаснаас хамааралтай болчихсон байна гэсэн үг. Утас өгчихвөл хүүхэд чимээгүй болчихдог учраас энэ нь эцэг эхчүүдэд амар санагддаг. Энэ байдал даамжирсаар хамаарал гэдэг зүйл болдог. Утас, дэлгэцээс сэтгэл ханамж, кайф авч байна. Үүнээс нь салгах гээд шаардлага тавихаар уурлаж эхэлдэг. Эндээс л асуудал үүсч эхэлнэ.
Эцэг эхчүүд өөрсдөө биеийнхээ амарыг харж хүүхдээ хамааралтай болгочихоод гэнэт ухаарсан юм шиг утсыг нь булааж аваад, шаардлага тавиад эхлэхээр хүүхэд уурлаж, орилж, гарт таарсан юм аа авч шидэх гэх мэт үйлдлүүд гарч эхэлдэг.
Сүүлийн үеийн судалгаануудаас харахад бага насандаа дэлгэцийг хэтрүүлэн хэрэглэж байсан хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд асуудал үүсч эхэлж байна. Бага насны хүүхэд гэдэг нь 6 нас хүртэлх хүүхэд гэсэн үг. Тэгэхээр бид одоо л бодох хэрэгтэй. Хүүхдийнхээ гар утас, дэлгэцийн хэрэглээг хэрхэн яаж, зохицуулах вэ гэж.
Ингэхдээ огт үзүүлэхгүй гэж болохгүй. Хэрхэн яаж зохистой хэрэглүүлэх вэ гэдэг дээр нь л анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хэрэглүүл гэхдээ хязгаартай гэж байгаа юм" гэв.
Хүүхдүүдэд удирдах аппликэйшнуудыг учирлах нь
Манай редакцын зүгээс Google Family Link аппликэйшныг санал болгоё. Google family link нь хүүхдийнхээ Андройд болон iOS төхөөрөмж ашиглалтыг хянах боломжийг эцэг эхчүүдэд олгодог гар утасны үнэ төлбөргүй аппликэйшн юм. Тус аппликэйшныг эцэг эх, хүүхэд хоёул Google бүртгэлээрээ нэвтрэн утсандаа суулгана. Highlights цэс рүү орж хүүхдийнхээ гар утсаа өдөрт ямар давтамжтайгаар, нийт хэдэн цаг ашигладаг, ямар аппликейшнийг хамгийн их ашиглаж байгаа зэрэг мэдээллийг харж болно.
Хамгийн гол нь уг аппликэйшн нь хүүхдийнхээ утсанд цагийн хязгаарлалт хийх боломжтой. Хүүхдийнхээ гар утас хэрэглэх цагийн хязгаарыг 7 хоногийн өдөр тус бүрт хэр хугацаанд ашиглаж болохыг тохируулж болохоос гадна дуудлага авахаас бусдыг нь цоожилж зөвшөөрөлгүйгээр ашиглах боломжгүй болгодог.
- Үнэгүй
- Android үйлдлийн системтэй төгс нийцэн ажиллана
- Дэлгэцийн цагийг хүссэнээрээ тохируулна
- Таны хүүхэд Google Play-ээс ямар төрлийн тоглоом татаж буйг мэдэгдэнэ
- YouTube дээрх контентын агуулгыг тохируулна
- Таны хүүхдийн ашиглаж буй вэбсайт, тоглоом зэрэгт ямар төрлийг өгөгдлийг хуваалцах эсэхийг шийднэ
- Хувийн мэдээлэл болон нууц үгийг нь сольж болно
- Газрын зурагт таны хүүхдийг хаана явж буйг харуулна
- Гар утасных нь баттерей хэдэн хувьтай байгааг үзүүлнэ
- Тодорхой заасан байршилд ирсэн эсвэл явсныг мэдэгдэнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!