Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан өнөө цагт болон өнгөрсөнд түүний нэрээр нэрлэсэн онцлох зүйлсийг хүргэж байна.
-ЧИНГИС ХААНЫ ОДОН-
Чингис хаан одонг их эзэн Чингис хааны мэндэлсний ой, "Монгол бахархлын өдөр" жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг тус одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтоод буй.
Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэгсэд:
- 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
- 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
- 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
- 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
- 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
- 2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
- 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
- 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
- 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
- 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
- 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
- 2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Хү хамтлаг
-ЧИНГИС, ТЭМҮҮЖИН НЭРТНҮҮД-
Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2020 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Тэмүүжин гэсэн нэртэй 7790 Чингис гэсэн нэртэй 641 хүн байна. 2012-2013 онуудад эдгээр нэрс хамгийн их бүртгэгдэж байсан бол 2020 онд хамгийн бага бүртгэгджээ.
-ЧИНГИС ХОТ-
Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотыг 2013 оноос “Чингис хот” хэмээн нэрлэх болжээ.
-ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ-
Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун урд зүгт 14.7 километрын зайд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Буянт-Ухаад байрладаг. Баруунаас зүүн рүү бууж, зүүнээс баруун руу нисэх хатуу хучилттай нислэгийн нэг зурвастай. Тус буудал нь Монголын хамгийн том нисэх онгоцны буудал билээ. Монголын агаарын тээврийн компаниуд болох Хүннү Эйр, МИАТ, Изинис Эйрвэйз, Аэро Монголиа нь "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлыг голчлон ашигладаг.
-"ЧИНГИС ХААН" ХАМТЛАГ-
Чингис хаан "Dschinghis Khan" хамтлаг нь 1979 оноос 1980-аад оны дунд үе хүртэл байсан германы дуу хөгжмийн зохиолч, найруулагч Ральф Зийгэлийн байгуулсан германы хөгжмийн хамтлаг юм.
“Чингис хаан” хамтлаг 1989 онд байгуулагдсан.
1999 оны 12 дугаар сарын эхээр “Чингис хаан” хамтлаг “ХХ зуун” концертоо Улаанбаатар хотод 3 хоног амжилттай зохион байгуулж, Монголын төвийн хэвлэл мэдээлэлийнхэн “20-р зууны домогт концерт” хэмээн дуу нэгтэйгээр онцлон тэмдэглэж бичиж байсан.
2002 гуравдугаар сард “ХХ зуун” хаалтын концертоо амжилттай тоглосон.
2002 оны тавдугаар сарын 31 нд Монголын рок хөгжмийн дээд шагнал гардуулах “Алтан микрофон” наадмаас “Монголын рокын Амьд домог″ дээд шагналыг хүртсэн байна.
2002 оны зургаадугаар сарын 31-нд АНУлсын нэрт кино жүжигчин Стивен Сиглийн нэрэмжит “Холливүүдийн Алтан Од” (Golden star – Hollywood) цомыг өөрийнх нь гараас авч байжээ.
2000 онд Чингис хаан хамтлагийн Дэлхий тойрсон аялан тоглолт нь “Chinggis khaan-World Tour 2000″ Америк, Англи, Герман, Чех, Польш, Унгар, Швед, Ирланд, БНСУ, БНАСУ, Орос, БНХАУ зэрэг улс орнуудаар амжилттай зохион байгуулагдаж аялан тогложээ.
2006 онд Их Монгол улс байгуулагдсны түүхт 800 жилийн ойг тохиолдуулж шилдэг дууныхаа концертоороо “Азийн аялан тоглолт-2006″ (Chinggis khaan-Asian Tour 2006) тус тус зохион байгуулж БНСУ, Оросын Бурят, БНХАУ зэрэг орноор давхардсан тоогоор хэд хэдэн удаа амжилттай аялан тогложээ.
2007 оны арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд “Чингис хааны Шилдэг дуунууд” (THE BEST OF CHINGGIS KHAAN) тоглолтоо Улаанбаатар хотод UB palace-ийн их танхимд амжилттай зохион байгуулсан нь тэр оныхоо хамгийн олон үзэгчдийг хамруулсан шилдэг тоглолтоор шалгарч “Оны Тоглолт” өргөмжлөл хүртэж байжээ.
Хамтлагийн гаргасан “Хаалгыг минь тогшооч”, “Эрхүүгийн хавар” цомгууд нь Монголдоо хамгийн олон жилийн турш их эрэлт хэрэгцээтэйгээр, өндөр үнэтэйгээр борлогдож байсан Цомог хэмээн тэмдэглэгдэж 2005 онд Алтан цомог өргөмжлөлийг хүртэж (Hi-Fi MUSIC AWARDS-2005) байсны дээр хамтлагийн ахлагч Монгол Улсын гавъат жүжигчин Д.Жаргалсайханы зохиож дуулсан “Төрсөн өдрийн дуу”, “18 нас минь намайг бүү орхиоч” дуунууд нь 2007 онд зохион байгуулагдсан “Монголын Алтан дуу” (Golden Songs Of Mongolia) наадмаас “Алтан дуу” дээд шагналыг авсан байна.
-МӨНГӨН ТЭМДЭГТ-
Монгол улс 1928 оноос хойш төгрөгийг гүйлгээнд оруулан ашиглаж байна. 500-20'000 дэвсгэрт дээр Чингис хааны хөрөг дүрслэгдсэн байдаг.
-ЧИНГИС БОНД-
Монгол Улсын Засгийн Газар 2012 оны арван нэгдүгээр сарын 28-нд олон улсын зах зээлд гаргасан урт хугацааны өрийн бичиг буюу бондыг "Чингис бонд" гэж нэрлэдэг. Тус бонд нь Сингапурын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нийтдээ 1.5 тэрбум долларын өрийн бичиг болно. Чингис бондыг 4.1-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалжээ.
-ЧИНГИС АРХИ-
"АПУ" ХХК-аас Чингис нэрийн 39 хувийн спиртийн агууламжтай архийг 2002 онд анх худалдаанд гаргажээ. Мөн Чингис хаан гэх 40 хувийн спиртийг агууламжтай архийг 0.75 болон 1литрийн савлагаатай худалдаалдаг юм байна.
-ХӨШӨӨ ДУРСГАЛ-
Дэлхий даяар 20 гаруй Чингис хааны хөшөө байдаг гэх албан бус тоо байдаг. Тэдгээрээс 10 гаруй нь БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр байдаг аж. Харин хамгийн том хэмжээтэй хөшөө нь Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжинболдог хэмээх газар байрлах 40 метрийн өндөр “Чингис хааны морьт хөшөө” юм. Чингис хааны онцлох таван хөшөөг хүргэж байна.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод орших тус хөшөө нь Засгийн газрын ордны өмнө байрладаг. Түүний хоёр талд шадар хөлөг баатруудын нь морьт хөшөө мөн бий. Аливаа баяр ёслол тэмдэглэлт өдрүүдэд ард иргэд хүндэтгэл илэрхийлдэг бол гадаадын өндөр дээд хэмжээний төлөөллөгчид тус хөшөөнд мэхийн ёслодог.
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжинболдог хэмээх газар орших Чингис хааны морьт хөшөө, цогцолборыг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн бэлгэдэл болгон бүтээжээ. Өдгөөгөөс олон зууны тэртээ морин дээрээс Их Монгол Улсыг байгуулж, Дэлхийн олон улс гүрнүүдийг нэгтгэн захирч байсан их хааны 40 метрийн өндөртэй морьт хөшөөг 250 тонн ган төмрөөр бүржээ.
Англи улс. Лондон хотын төв. Хамгийн их хүн хөлхдөг хэсэгт Чингис хааны том хүрэл хөшөөг тодорхой хугацаанд байрлуулж байсан байна. 5метр өндөр их хааны тус хөшөөг ОХУ-ын Буриадын улсын уран барималч Даши Намдаков урлан бүтээсэн юм. Тэрээр “Энэ хөшөөг урлахдаа түүхэн, хувь хүн гэдэг талаас нь бүтээгээгүй. Тэнгэрээс бууж ирж буй бурхан мэтээр дүрсэлсэн. Түүний морийг үлгэр домгийн юм шигээр бүтээсэн. Баатар эр нь жирийн хүн биш бурхан гэж бодож урласан” гэж тайлбарлаж байжээ.
БНХАУ-ын Гирин мужид байрлах 22 метр өндөр Чингис хааны “босоо” хөшөө.
БНХАУ, Өвөр Монголын Их Сургуулийн талбай дээр байрлах Чингис хааны морьт хөшөө.
Богд Хан Уул эртнээс бөө мөргөлийн шүтээн, тайлга тахилгын газар байсан бөгөөд 13-р зууны үеэс Хэрэйдийн Ван Хан Туулын Хар шугуйд нутаглаж байхдаа Хан Ууланд ан гөрөө хийх, гал хөс түлэхийг хориглодог байжээ.
www.ubn.mn