NTV телевизийн “Лхагвын тойм” ярилцлагын зочноор УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар оролцлоо.
----------------------------------
–Өнөөдөр манай студид УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Батын Батбаатар хүрэлцэн ирсэн байна. Танд оройн мэнд хүргэе!
-Баярлалаа. Оройн мэнд хүргэе!
–Чуулган завсарласан. Одоо хэр их ажилтай байна. Юун дээр төвлөрч байна вэ гэдгээс хоёулаа яриагаа эхэлье!
-Нэгдүгээрт, 2024 оны УИХ-ын сонгуулиар боловсруулж сонгуульд оруулсан мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэх тал дээр ажиллаж байна. Хоёрдугаарт, ИЗНН-ын 25 жилийн ой энэ 3-р сарын 9-нд болно. Тэгэхээр өмнөх 25 жилд ИЗНН юу хийсэн, юу бүтээсэн бэ? Бидний үнэлэлт дүгнэлт, алдаа оноо юу байх вэ гэдэгт анхаарч ажиллаж байна. Мөн намын даргын хувьд намын шинэчлэлийг эрчимжүүлэх, боловсон хүчин, хүний нөөц, намын бодлогын асуудал, мөрийн хөтөлбөрүүд дээр ажиллах гээд, эдгээр ажилд түлхүү анхаарч байна даа.
–Хоёулаа эхлээд танай хийж байгаа ажилтай холбоотой асуултаа асууя. Шинэчлэл гээд та яриандаа дурдлаа. Одоо намууд шинэчлэгдэж, хувьсаж өөрчлөгдөж байна. Дээрээс нь гишүүнчлэл гээд олон зүйл ярьж байна. Энэ хууль хэрэгжиж эхэлсэн. Зарим нь хойшилчихлоо. Танайх яг ямар шинэчлэлийг ИЗНН дээр хийх гэж байна вэ?
Манай нам 2023 онд дүрмээ өөрчилсөн. 2023 оны 9-р сарын 9-д намын аравдугаар их хуралдаж, намын удирдлагаа сольсон. Үүний дараа нам дүрмийнхээ өөрчлөлтийг шинэ хуульд нийцүүлэх чиглэлээр ажиллаж, тодорхой зүйл заалтыг өөрчилсөн. Энэ заалт өөрчлөгдсөнөөр ИЗНН бол иргэдийн нам, олон түмний нам болох боломжоо бий болгосон. Тэгэхээр нам гэдэг үүднээсээ олон түмний, иргэдийн, гишүүдийнхээ нам нь байх ёстой. Ийм өөрчлөлт хийж чадсан. Мөн дүрмээ дахин нэмж сайжруулах замаар иргэд, улс орныхоо төлөө гэсэн тодорхой хүсэл мөрөөдөл, зарчимтай, Үндсэн хуультай. Тэр хүмүүс энэ дүрмийн дагуу ажиллаж, улс төрийн намд байж болох орон зайг бий болгосон. Тийм болохоор манай нам 2024 онд татварын орлоготой болсон. Татварын орлого болон бусад хандивын эх үүсвэрээс их хурал, орон нутгийн сонгуулийг зохион байгуулж, амжилттай ажилласан гэж дүгнэж байгаа.
–Татвар нь ил тод болоод эхэлсэн гэсэн үг юм байна шүү дээ.
-Тийм ээ. Жишээ нь манай намын Үндэсний зөвлөлийн хорооны гишүүд 720 мянган төгрөг, дунд шатны намын байгууллагын гишүүд 240 мянгын татвартай байх жишгийг нээж өгсөн.
–Би таныг намын сонгуульд ашигласан гэхээр хэмжээ нь арай өөр байгаа юм болов уу гэж бодсон. Үндэсний бодлогын хорооны гишүүн, бага хурлын гишүүн гэдэгтэй адилхан татварын талаар та ярьсан юм байна.
-Аан тийм ээ. Намын дотоод татвар.
–Сонгуульд асар их мөнгө орно. Тэрэнд дүйцэх хэмжээний мөнгө гэхээр тодорхой хэмжээнд ил тод татвараа аваад эхэлсэн юм болов уу л гэж бодлоо. Тэгэхээр нам дээр хамаагүй мөнгө зөөдөг. Ард, урдуур цүнхтэй мөнгөө зөөдөг. Тэрнээс болоод асуудалд орчихдог гээд байдаг. Тиймэрхүү зүйлийг шийдсэн юм болов уу гэж бодохгүй юу?
-Тэр асуудал бол тусдаа. Сонгууль дахь гишүүдийн татварын тухай асуудлыг сая ярилаа.
–Та 16 жилийн дараа парламентад орж ирлээ. Сая нэг чуулган болоод өнгөрлөө. Энэ чуулганыг дүгнэж ярья. Хоёрдугаарт, сөрөг хүчний төлөөлөл гэж хараад байгаа. Энэ хүрээндээ ямархуу байна. Мөн цаг үеийн хувьд сонирхол татсан улс төрийн асуудлууд байна. Би таныг Ардчилсан намын төлөөлөл гэдгээр мэддэг байсан. Гэнэт ИЗНН дээр гараад ирлээ. Энэ хүрээнд ярья гэж урьсан юм аа. Хоёулаа парламенттай холбоотой асуудлаас яриагаа эхэлье. Өнгөрсөн намрын чуулганыг юу гэж дүгнэж байна вэ. 16 жилийн дараа парламентад суухад юу өөрчлөгдсөн байна?
-126 гишүүнтэй болсон нь энэ удаагийн парламентын онцлог. 2012 оны сонгуулиар мөрдөгдөж байсан Сонгуулийн тухай хуулиар жагсаалын гишүүдтэй болж чадсан. Энэ бас нэг онцлог нь. Тэгэхээр жагсаалтын гишүүдтэй, 126 төлөөлөлтэй, 5 намын оролцоотой парламент гэдэг нь нийгмийн тодорхой хэсгүүдийг шингээж чадсан. Парламент өөрөө ард түмний төлөөлөл байх ёстой. Нөгөө талаас УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуульд энэ өөрчлөлтүүд хийгдсэн. Гэхдээ төгс болж чадаагүй. Гэхдээ дэвшилттэй зүйлүүд байгаа. Сул талууд байна. Үүнээс харахад УИХ-ын чуулган, хүний тоо болон дэгийн тухай зохицуулалтаараа, иргэдийн сонгож гаргаж ирсэн их хурлын гишүүд санал, санаачилгаа бүрэн гүйцэд илэрхийлэх үү, үгүй юү гэдэг жаахан учир дутагдалтай харагдаж байгаа. Улс төрийн шийдвэр нь яаж гарсан бэ? Нэгдүгээрт, хууль, эрх зүйн асуудлаасаа гадна энэ парламент бүрдсэний дараа 126 гишүүний 118 буюу МАН, АН, ХҮН-ын бүдүүн бүлэг үнэмлэхүй олонх бий болсон. Тэгэхээр 118 гишүүний бүрдэл бий болж, энэ дээр засаглал явж байна гэдэг парламентын нэг сул тал болчхоод байна.
–Сул тал болчхоод байна. Нэг талдаа. Нөгөө талдаа хамтраад асуудлыг шийдэж байна. Улс төрийн хэл ам, хэрүүл тэмцлээс болоод олон зүйлийг алдаж ирлээ. Нэг нэгэндээ дэгээ тавьж унагадаг. Энэ нь нэг талдаа бид бүхний алдаа. Гэхдээ яг таны хэлсэн 118 гишүүнтэй том бүлэг нэг талдаа байна. Нөгөө талдаа хамтарсан ЗГ байсан чинь эсэргүүцэл рүү оны өмнөөс орж ирж байна. Төсвөөс эхлээд, жагсаал. Сая Ч.Лодойсамбуу огцруулах асуудлыг яриад эхэллээ. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна. Та гарын үсэг зурах юм уу?
-Нэгдүгээрт, Ч.Лодойсамбуугийн албан бичгийг цаасаар нь авч судлаагүй байна. Одоо ЗГ гэж яригдахаа больсон. Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал яригддаг болсон. Ерөнхий сайд огцрох, эс огцрох тухай асуудалд бид улс төрийн шийдвэрээ хамгийн зөв, оновчтой илэрхийлж ажиллах хэрэгтэй. Их хурлын гишүүн Ерөнхий сайдыг огцруулах, хариуцлага тооцох, тооцохгүй гэдгээ илэрхийлэх нь парламентын засаглалтай улс оронд хэвийн зүйл. Тийм болохоор энэ асуудалд сэтгэл хөдлөлөөр хандах шаардлагагүй. Гарын үсэг зурах, зурахгүй тухай асуудалд Ч.Лодойсамбуу гишүүнтэй тааралдахаар ярьж таарна. Хаврын чуулган эхэлтэл сарын хугацаа байна. Энэ хооронд ЗГ тэр үндэслэлүүдэд ямар алхам хийх вэ? Засах ёстой зүйл байвал яаж засах вэ гэдэг тухай яригдах ёстой байх.
Гэхдээ тодорхой хэдэн зүйл байсан. Хүний эрх, ардчилал, хүний хувийн өмчтэй холбоотой асуудал хөндөгдөж байна гэх мэтчилэн.
–Ингээд харахад таны хувьд хамтарсан Засгийн газар ажлаа хийж чадаж байна уу? Чадахгүй байна уу? Сөрөг хүчний төлөөлөл учраас таны үгийг сонсох гээд байна л даа.
-Засгийн газар байгуулагдаад хагас жил өнгөрлөө. Энэ хугацаанд ЗГ ямар гэрээнд үндэслэж, юуг зорьж байгуулагдсан бэ гэдэгт дүгнэлт хийх ёстой. 3 намын хамтарсан “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэдэг гэрээний нэг хувийг нааш нь өгөөч ээ гэдэг зүйлийг чуулган дээр ч хэлсэн. Бусад цаг үед ч хэлсэн. Одоогоор бидэнд тэр гэрээг өгөөгүй байгаа. Нууцлаад байна. Монгол Улсын Засгийн газар гэж байгаа болохоос биш, гурван этгээдийн нууцын бичиг баримтад үндэслэсэн Засгийн газар байх ёсгүй гэдэг өнцгөөр олон удаа хэлсэн. Одоохондоо ирүүлээгүй байгаа. Хоёрдугаарт, бид хагас жилийн хугацаанд улс орны 2025 оны төсөв баталж байна. Дээрээс нь улс орондоо хийе, бүтээе гээд зорьж байгаа эдийн засаг, иргэдийн амьдралд өөрчлөлт оруулж чадах тэр зүйлээ хийж чадах юм уу, үгүй юү гэдгийг тодорхой хугацаанд харах нь ИЗНН-ын хувьд зүйтэй гэдэг асуудлаар хандсан. Энэ өнгөрсөн хагас жилийг дүгнэх, эрдэмтэн судлаачид болон гарсан шийдвэр болгоныг дүгнэх чиглэл рүү ажиллаж байна. Нийтдээ дөрвөн удаа төсвийн асуудлаар УИХ хуралдсан байна. Энэ асуудлууд дээр бид байр сууриа тогтмол илэрхийлж байсан.
–Ер нь бол дүгнэлт гараагүй юм байна. Тийм үү. Хэзээ гарах вэ?
-Хаврын чуулган эхлэхээс өмнө гаргана. Чуулган эхлэхэд бид ЗГ энэ хугацаанд хэрхэн ажилласан байна вэ гэдэг дүнгээ тавина.
–Танайх энэ намрын чуулганы үеэр сөрөг хүчний үүргээ хангалттай гүйцэтгэж чадсан уу. Ер нь өөрсдөдөө ямар дүн тавьж байна?
-Дүн тавих эсэх нь бидний асуудал биш байх. Бид бол хэвийн хэмжээнд ажилласан гэж дүгнэж байгаа.
–Хувь сэтгүүлчийн өнцгөөс харахад, ИЗНН өнгөрсөн 7 сард Засгийн газар байгуулагдсаны дараа “Гурван нам хоорондоо нийлээд Засгийн газар болчихлоо. Бид сөрөг хүчин болно” гэсэн. Тэр сөрөг хүчнийхээ ажлыг хангалттай хийхгүй байгаа юм шиг санагдаад байна. Та дахиад нэг дүгнэлт хийгээд, бодоод үзвэл яасан юм?
-Тэгж харагдсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид 7 сард тангараг өргөсний дараа сөрөг хүчин байх, байхгүйгээ шийдээгүй. 6-р сарын 28-ны өдөр сонгууль дуусаад, 29-ний өдөр хэвлэлийн хурал хийхдээ ИЗНН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэнэ гэдгээ тодорхой хэлсэн. Нэг ёсондоо засагт хамтрах ямар нэг сонирхол байхгүй гэдгээ бүрэн дүүрэн илэрхийлсэн. Тийм болохоор гурван нам нийлээд, 118-ын бүдүүн бүлгээ байгуулчихсаны дараа “Бид хоцорчихлоо. Тэгэхээр сөрөг хүчин болъё” гэдэг байдлаар асуудалд хандаагүй. “Салхи гарахад, хамхуул хийснэ” гэдэг шиг тухайн цаг үеийн асуудалд улс төрийн оноо авах гэж тоглолт хийдэг улс төрийн хүчин байх нь манай намын хувьд зохимжгүй зүйл гэдэг дээр дотооддоо ярьж, шийдвэрээ гаргасан. Нэгдүгээрт, тодорхой хугацаа өгье. 126-118 кноп. 118 кнопыг их хурал дээр бүрдүүлчихсэн энэ гурван нам юу хийж чадах юм бэ гэж? Гэхдээ энэ 118 бүдүүн бүлгээ байгуулж, Засгийн газрыг бүрдүүлсэн нь өөрөө хэд хэдэн сул талтай. Нэгдүгээрт, олон ургальч үзэл санаа нь байхгүй болсон. Хоёрдугаарт, засагт хамтарч байгаа намууддаа эрх мэдэл өгч байгаа. Эрх мэдлээ өгөхөөр нөгөөдүүл нь эрх мэдлээ яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээрээ хөрөнгө санхүү, боловсон хүчин, төрийн албыг данхайлгах, төсвийн үрэлгэн байдал үүсгэх, дээрээс нь бүтэх бүтэхгүй нь үл мэдэгдэх төсөл, хөтөлбөрүүдийг зохиомжлох нь эдний сул тал болж байгаа. Энэ ажлууд нь бид нарын олон удаагийн алдсан ТЭЗҮ гэдэг сайхан цаас үйлддэг, хэрэгтэй зүйл болоогүй, ийм зүйлүүд байх вий гэдэгт бид ажиллаж байна. Тэгэхээр яам, тамгын газар, Засгийн газар, харьяалал бүхий байгууллага, маш том засгийн институт ажиллаж байна. Тэгэхээр тэр институтүүдыг, хэдэн мянган хүний хийгээд гаргаж ирж байгаа бүтээгдэхүүнийг, төсөв, төлөвлөгөөг эд нар их хурал дээр оруулж ирээд, кнопоороо шийдвэрээ гаргаад явж байгаа. Үүн дээр ажиллахад сөрөг хүчний хувьд бидэнд сул тал ялгаагүй байгаа. Юу вэ гэхээр хүн хүч, хөрөнгө санхүү. Жишээ нь хэчнээн хүн цалинжиж ажилладаг юм гэх мэтээр энэ дээр ажиллахад цаг хугацааны алдагдал үүсэх нөхцөл байдал бий болж байгаа. Энийг нуугаад байх хэрэггүй. Нээлттэй хэлдэг байх хэрэгтэй гэж би үздэг. Тэгэхээр “Бидний дүгнэлт хараахан гараагүй байна” гэж хэлдэг маань бас ийм учир шалтгаантай. Өөр шалтгаан бий. Тэгээд сөрөг хүчин өөрийн чинь хэлдгээр зөвхөн сөрөөд байя гэвэл амархан юм алга. Ерөөсөө тэр бол хамгийн хялбар арга зам. Бид сөрөг хүчний ажлыг яаж хийвэл хамгийн зөв, улс оронд хэрэгтэй юм бэ? Ер нь улстөрчид юм уу, парламентад гишүүд, Засгийн газрынхны хамгийн эцсийн үр дүн юугаар тавигдах ёстой юм бэ? Ерөөсөө 3,5 сая хүн Монголын газар нутагтаа сайхан амьдрах, жаргалтай, эрх чөлөөтэй байх тухай л асуудал. Иргэдээ аз жаргалгүй, хүсэл сонирхолгүй, мөрөөдөлгүй, зорилгогүй болгох тийм эрхийг нь хөндсөн байх юм бол энэ Засгийн газар, энэ парламент ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр үүн дээр үндэслэн, нэлээн ул суурьтай, даацтай судалгаа хийнэ. Жишээ нь: Өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсаас гадагшаа нэг тэрбум долларын урсгал бий болчихлоо. Юунд гараад байгаа юм. Аялал жуулчлалдаа гараад байгаа юм уу. Гадаадад очиж эмчлүүлээд байна уу? Юуг засах ёстой юм гэх мэтээр бодох ёстой, хийх ёстой зүйл их олон байна.
Яах вэ, тодорхой хувийг нь аялал жуулчлалд зарцуулсан байна гэсэн. Сүүлийн үед эмчилгээтэй холбоотой зүйл ч гэсэн байна гэсэн. Гэхдээ ер нь хүн аялж, зугаалаад санхүүгийн хувьд боломжтой болоод явж байвал тэр хүмүүсийн буруу биш л дээ.
–Буруу юм шиг зүйл сүүлийн үед яригдаад байна. Хоёрт, таны хэлдэг валютын нөөц багассан шалтгаан нь валют өнгөрсөн жил ч гэсэн урсах ёстой, гарах ёстой зүйл рүүгээ гараад явсан. Буцаад оруулж ирэх бодлого нь алдагдсан учраас өнөөдөр төлбөрийн тэнцэл хэцүү болчихсон. Одоо хавар бүтээн байгуулалт эхлэхэд, дахиад импорт бүр нэмэгдээд, төлбөрийн тэнцэл чинь хэцүү болно. Ингээд ханш өсөөд байгаа.
-Тийм. Гарах урсгал дотооддоо шингэдэг байх дээр ажиллах ёстой. Дотоодоосоо гараад, орж ирдэг орлого нь нэмэгдэх ёстой. Тэгэхээр үүний тулд бид ямар өөрчлөлт хийх ёстой юм. Засгийн газар жишээ нь төрийн өмчийн компаниудын зохицуулалтыг хийнэ гээд хууль өргөн бариад явж байна. Жишээлбэл: Засгийн газар иргэдтэйгээ өрсөлдөж, ашиг олдог байж болохгүй. Энэ бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бидний оруулсан санал. Манай мөрийн хөтөлбөрөөс зарим зүйл нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт шингэсэн. Шингээхийн төлөө ажилласан. Хэдийгээр бид засаглаагүй боловч энэ бол улс орны төлөөх ажил учраас тэрэнд энэ биднийх гэж авч үлдэх юм уу, энэ танайх гэж түлхэж хаях тухай ойлголт огт байхгүй.
Парламентын өөрчлөлтийн дараа бид бүхний өмнө нь хардаг байсан улс төр, өмнө нь хардаг байсан парламентын үйл явцаас арай өөр нөхцөл байдалтай явж байна. Жагсаалтаар орж ирсэн хүмүүс тойрог гэдэг зүйл ярихгүй байна. Залуучуудын төлөөлөл, бараг 80 хувь нь шинэ гишүүд ороод ирчихсэн учраас энд ямар нэг хуучных шиг эрх ашгийн зөрчил харьцангуй бага байна. Сая хоёр гурван том төслүүд дээр хандаж байгаа хандлага, асуудал дээр хуучны популизм багасаж байгаа дүр зураг байна.
–Ингээд харахаар төсөв орж ирсэн. Танай парламент өнгөрсөн хугацаанд нэг тодотгол хэлэлцсэн. Үргэлжлүүлээд төсөв хэлэлцээд баталсан чинь хориг тавиад, дахиад төсөв оруулж ирээд хэлэлцээд, 12 сарын эхээр арай гэж баталлаа. Ингээд төсвийг та юу гэж харж байна вэ? Их хурал дээр алдаа нь байсан уу? Эсвэл Засгийн газар үнэхээр муу төсөл өргөн барив уу. Хэнд нь алдаа байв?
-Их хурлын онцгой бүрэн эрх гээд байгаа шүү дээ, төсөв хэлэлцэж батлах. Дөрвөн үе шаттай батлах тухай асуудлууд нь их хурлын бүрэн эрх. Засгийн газар нь “Бид оруулаад ирлээ. Яаж шийдэх нь та нарын хэрэг” гээд түлхчихдэг. Уг нь “Бид энийг оруулж ирлээ. Энийг нь хасаж болохгүй юм аа. Үүнийг хасвал ийм муу үр дагавартай. Энийг хасаж болно” гэх хэрэгтэй. Хуулийн төслөө хамгаалах тал дээр Засгийн газар сул дорой ажилласан. Төсвийг УИХ авч давхиад, бүтэн өөрчлөлт хийгээд авахыг нь аваад, нэмэхийг нь нэмчихвэл амьдралгүй төсөв болно. Улс оронд маш муу нөлөөтэй. Тэгэхээр төсөв оруулж ирдэг нь Засгийн газар байхаар хуулийн зохицуулалт байж байна гэдэг чинь энэ Засгийн газар хийх ёстой ажлаа хийж байна гэсэн үг. Тэр утгаар нь аваад үзвэл төсөв дээр дахин эргэлт хийгээд, буцаагаад, дахиад шинээр баталж байна гэдэг бол Засгийн газар өөрөө төсвийн төсөл дээрээ муу ажилласан гэж шууд дүгнэгдэж байна. Тийм учраас их хурал эхлээд Засгийн газрын төсвийг буцаах, буцаахгүйгээ шийдэх ёстой байсан. Тэгэхээр төсөв дээр тогтвортой байдал, аудит ямар дүгнэлт гаргасан, үүн дээр дүгнэлт хийгээд, хэлэлцэх үү, үгүй юү гэдэгт анхаарал хандуулж чадаагүй. Хоёрдугаарт, их хурлын гишүүдийн 80 хувь нь шинээр сонгогдсон. Төсөв хэлэлцэх явцад, дэгийн дагуу хийх ёстой ажлуудаа хийгээгүй байж байгаад, бүх зүйл өнгөрсний дараа дундаас нь юм сугалж гаргаж ирэхээр энэ нь өөрөө популизмын хэлбэр болж байна. Энэ бол зөв байж чадаагүй ажил.
–Т.Энхтүвшин, Ж.Баярмаа тэргүүтэй, Б.Түвшин гишүүн бас байсан. Өөр хэн байлаа даа, 4, 5 гишүүн байсан. Тэр хүмүүсийг та популизм хийсэн гэж үзэж байна уу?
-Үгүй ээ. Төсвийн зарлагуудыг хасъя гэдэг саналыг нь буруутгаад байх шаардлага байхгүй. Их хурлын гишүүн ямар ч санал гаргасан болно. Санал гаргасны төлөө хэн нэгнийг буруутгаж болохгүй. Харин тэрийгээ нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг дээр гаргаад, хасах ёстой. Хуулийн дагуу бол тэр үедээ хасаад, асуудлаа шийдээд явах ёстой. Гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэг дээр зарчмын зөрүүтэй санал юм уу, өөрчлөлт оруулахыг угаасаа төсвийн хуулийг хэрхэн хэлэлцэх вэ гэдэг хууль дээрээ байж байгаа. Тэр талаасаа нэг бол мэдэхгүйгээр, нэг бол популизмын гэдэг ийм л хоёр шалтгаан үлдэж байгаа.
–Одоо их хурлын гишүүн хэчнээн шинэ байлаа ч гэсэн төсөв бол намрын чуулган дээр орж ирдэг хамгийн гол асуудлуудын нэг. Тэгэхээр дэгийнхээ 4 шаттай хуулийг мэдэхгүй байна ч гэж байхгүй л дээ. Хэрвээ мэдэхгүй бол дэндүү хариуцлагагүй байна л гэсэн үг.
-Мэдэхгүйдээ л их хурал хүртэл дагуулж тогтоол баталсан. Үүн дээр алдаа гарсан. Жишээ нь: Батлагдсан төсөв 1 сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. 1 сарын 1-нээс хэрэгжих төсөв дээр тодотгол хийнэ гэдэг тогтоол батална гэдэг чинь өөрөө дахиад л алдаа.
Хэрэгжээгүй төсөв дээр тодотгол хийе гээд байгаа шүү дээ.
-Тийм. Тэр чинь дахиад л алдаа болж байгаа юм. Ерөнхийлөгчийн тавьсан хориг дээр ерөөсөө гол үндэслэлээ болгосон. 4 үндэслэл тавьснаас.
–Их хурлын гишүүн бол ард түмний төлөөлөл, ард түмний өмнөөс дуугарах ёстой. Хоёрт, Засгийн газар өөрөө алдаатай төсөв оруулаад ирсэн. Дээрээс нь улс төрийн манлайлалгүй байсан учраас төсвөө авч гарах асуудал дээрээ учир дутагдалтай байсан. Та ч мэдэж байна. Бид бүгдээрээ мэдэж байсан. Тодотгол хийнэ гэдэг тогтоолыг төсөв батлахтайгаа зэрэг алх цохиод баталж байгаа энэ парламент, Засгийн газар 118 болчихсон бүлэгтэй холбоотой энэ асуудлыг ИЗНН яриад тухайн үед нь асуудал хөндсөн үү?
-Хөндсөн. Чуулган дээр хөндсөн.
–Ерөнхийлөгчийн хориг тавьсан агуулгыг зөвтгөж байгаа, энэ удаад. Гэтэл энэ хоригийн цаана улс төр байсан уу. Эсвэл засъя гэдэг зүйл байсан уу. Та тогоон дотор нь байгаа хүний хувьд юу гэж харж байна?
-Хоригийг хүлээж авах үеийн чуулганы хуралдаан дээр би нэг үг хэлсэн. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгээрт, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Ерөнхийлөгчийн хориг үүгээр дамжиж, дараагийн улс төр явдаг шүү! Та бүхэн үнэхээр төсвийг сайжруулах гэж байна уу? Нэг бол улс төрийн асуудал босгож ирж байна уу гэдгээ сайн анхаараарай” гэж хэлсэн. Төсөв алдагдалгүй батлагдах нь сайн, муу гээд эдийн засагч нар хоёр янзаар маргалдаж байдаг. Ер нь их, бага хэмжээний алдагдалтай байх ёстой. Тэр нь хоёр хувь байна уу, хэдэн хувь байна, тэр нь эдийн засгийг тэлэхэд хэрэгтэй гэдэг үүднээс ярьсан. Төсөвт анх удаа бүтэн хэмжээнд нь Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээж авсан. Ийм жишээ өмнөх парламентын 30 жилийн түүхэнд байхгүй. Нийтдээ Ерөнхийлөгч 6 удаа төсөв дээр хэсэгчилсэн хориг тавиад,1 удаа бүтэн тавьсан. Тэрийг нь хүлээж авч байгаагүй. Хоёр удаагийн хэсэгчилсэн хоригийг нь хүлээж авсан. Тэгэхээр энд дахиад шинэ соёл нэвтэрч байна. Шинэ жишээ болж үлдэж байна.
–Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах их хурлын тухай хуулийн заалт байгаа шүү дээ. 4.1… гээд. Төсөв батлах бүрэн эрх нь УИХ-ынх. Харин төсвөө зохиож төлөвлөх нь Засгийн газрынх. Ингээд төсөвтэй холбоотой хориг орж ирнэ. Магадгүй энэ Ерөнхийлөгч байна уу? Дараагийн Ерөнхийлөгч байна уу? Цаашдаа гарч ирэх ямар нэг Ерөнхийлөгч хориг тавиад, Ардчилсан нам 42 байгаа яг 4/1 байна. Сөрөг хүчинтэйгээ ч юм уу, сөрөг хүчний намаасаа гарч ирсэн Ерөнхийлөгчийг өөрийнхөө намтайгаа тоглоод улс төр уяад яваад байх вий дээ. Нэг ёсондоо томилгоо дээр асуудал оруулаад яваад байх вий дээ. Энэ өнцгөөс нь та бодож үзсэн үү?
-Харин тийм. Тийм болохоор бид хориг дээр яаж анхаарах ёстой юм бэ. Ерөнхийлөгчийн хориг, цэцийн дүгнэлтээр улс төр өрнөдөг. Томилгоо байна уу? Засгийн газар өөрчлөгдөх байна уу? Энэ бүх зүйл явдаг. Үүнийгээ улс төр хийдэг арга механизм битгий болгоорой. Тэрийгээ сайн харсан уу гэдэг зүйлийг анхааруулж, чуулган дээр өөрийн байр суурийг илэрхийлсэн. Ер нь Засгийн газар оруулаад ирсэн төсөвт Ерөнхийлөгч бүтнээр нь хориг тавиад, тэрийг нь их хурал хүлээгээд авчхаар, дараа нь яаж хэлэлцэх вэ гэдэг хуулийн дэг, зүйл заалт нь байгаагүй. Тэгээд шинээр баталсан. Дэгийн байнгын хорооны хурлаар “За, энэ төсвийг яах юм” гээд, сүүлд нь Засгийн газар татаж аваад өргөн барих юм уу гээд баахан хуулийн гацаанд ороод, Үндсэн хууль зөрчсөн асуудал болж хувирах гээд… Үүнтэй холбоотой УИХ-ын дарга чинь ер нь Ерөнхийлөгчийн тавьсан хориг дотор “Их хурал Үндсэн хууль зөрчлөө” гээд хоёр удаа давтагдсан байдаг. Тэр нь өөрөө их хурлын даргаа огцруулах ч байдаг юм уу, яах ёстой юм. Энэ тал руугаа явах тийм хэлбэлзэл тодорхой хэмжээнд үүссэн. Цааш цаашдаа бид хориг тавигдсан тохиолдолд их хурал хүлээгээд авчихвал Засгийн газар нэн яаралтай дараагийн засварыг нь хийгээд, буцаагаад оруулж ирдэг тэр дэг эмх цэгцийг хангаж, гүйцээж өгөх ёстой юм байна лээ. Урд нь болоогүй процесс дээр анх удаа асуудал гарахад яаж шийдэх вэ гэдэг хуулийн гаргалгаагүй болох нөхцөл рүү орж байсан.
–Танай парламентын төсөвтэй холбоотой асуудал дуусахаар яг араас нь шил залгаад Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч байхтай зэрэгцээд, Засгийн газраас нэг хуулийн төсөл өргөн барьсан л даа. Тэр хуулийн төсөл нь бид бүхний хамгийн их хүсэж байсан Улс төрийн намын тухай хууль. Энэ хууль энэ оны нэгдүгээр сараас хэрэгжээд эхэлсэн байх ёстой. Дахиад хойшлуулчхаж байна л даа. Энэ дээр танай нам яагаад хойшлуулахыг дэмжсэн юм бэ?
-Хууль бол 2025 оны 1-р сарын 1-нээс бүрэн хэрэгжиж эхлэх ёстой байсан. 2024 оны 1-р сарын 1-нээс хууль бол хэрэгжээд эхэлчихсэн. 7 дугаар сарын 1-нээс гээд. Шинэ хуульд намууд өөрсдийн дүрмээ зохицуулах, нийцүүлэх, хуулийн дагуу нийцсэн дүрмээ батлуулаад, тэрийгээ дээд шүүхэд бүртгүүлэх ажлыг нь нэг жилээр хойш нь сунгасан. Түүнээс хуульд ямар ч өөрчлөлт ороогүй. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс бүх улс төрийн нам дээд шүүхэд бүртгэлээ шинэ хуульдаа нийцүүлээд хийлгэсэн байх хугацааг хойш нь татсан. Тэгэхээр зарим нам 2025 оны 12-р сарын 31-нийг хүлээхгүйгээр одоо ч гэсэн үйл ажиллагаануудаа хийгээд, дүрмийн өөрчлөлтөө өгөөд явж байгаа. Зарим нам тэгэхгүй байна. Саяны тохиолдолд бодит байдал дээр улс төрийн 7-8 намаас “Энэ бүртгэлийн хугацаагаа хойшлуулаач ээ” гэдэг санал ирсэн.
Тэр саналуудыг нь миний хувьд хүлээгээд л авсан. Том жижиг, сайн муу, зөв буруугаар яригддаг намууд байгаа боловч нэгэнт санаачлагчдынх нь хуульд заасан хэмжээ, хэлбэр, хийцээрээ байгуулагдсан намууд учраас тэд нарт нэг удаа боломж гаргах нь зүйтэй гэж л ойлгосон. Газрын тухай хууль байна. 0.07 га газраа өмчилж аваагүй иргэдийг хохь нь гэж орхидоггүй шүү дээ. 10 гаруй жил хугацааг нь хойш нь тавиад, сунгаад л яваад байсан. Түүнтэй л адилхан асуудал. Тэгэхдээ улс төрийн намууд хариуцлагатай байх ёстой гэдэг дээр би санал нэг байна. Нөгөө талдаа хүмүүс бас нэг өнцөг яриад байна. Наадах чинь тийм биш ээ. Энэ намууд бүртгүүлж чадна аа. Амархан гэх зэргээр. “Ер нь хуульд бүртгүүлэх ажлаа хийе гэхээр Ардын нам, Ардчилсан намууд чинь том их хурлуудаа хийнэ. Ардчилсан нам Лу.Гантөмөрийгөө огцруулчихна. Тэгэхээр Засгийн газар бутраад тарчих гээд байна аа. Тэрийг хамгаалж байгаа юм” гэдэг юмыг нэг хэсэг нь яриад байна. Энэ бас нэг үндэслэл мөн үү гэвэл мөн. Яагаад гэхээр сонсогдож болох үндэслэл байгаад байгаа байхгүй юу.
–Таны яг дэмжсэн үндэслэл нь аль нь юм. Намууд хурлаа хийгээд Ардчилсан нам дээр асуудал үүсээд, Лу.Гантөмөр даргатай холбоотой асуудал яригдаад, магадгүй цаашаа Засгийн газар байх уу, байхгүй юу. Хамтрал нь тарах уу, тарахгүй юу гэдэг эхний юм. Хоёр дахь нь тэр намуудын хүсэлт. Таны яг үндэслэл аль нь юм бэ?
-Хоёулаа логик ярья. Жишээлбэл: Манай нам бол Ардчилсан нам засгаас гарах үйлдэл хийгдэх, Ардчилсан намын дотоод улс төр нь тийм болох тэрийг бол хүсэхгүй байна.
–Яагаад?
-Бид сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байя. Эд нар хамтарснаараа хамтарч байя аа гэдэг энэ талын улс төрийг нь харах юм бол тэр бид нарын үндэслэл биш болчхож байгаа байхгүй юу. Нөгөө намууд санал тавьсан гэдэг нь үндэслэл болж байгаа юм, миний хувьд.
–Хуулийг биелүүлэх ёстой биз дээ. Нам байна гэдэг чинь хэдэн хүмүүсээ цуглуулаад, хурлаа хийгээд, ажлын хэсгээ гаргаад, дүрмийн өөрчлөлтөө хийгээд, сонгуулийн тайлан тооцоог өгөөд явах ёстой юм биш үү. Хэрвээ тэгж чадахгүй бол нам байж яах юм. Тарах хэрэгтэй юм биш үү. Энэ чинь сонгуулийн дараа шууд өгсөн зүйл биш шүү дээ. Энэ хууль батлагдаад хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Ийм байдлаар бид бүхэн, улс төрийн намууд, ялангуяа нэг намыг төлөөлөөд парламентад ороод ирсэн та асуудалд ингэж хандахаар яах юм.
-Саяны 2024 оныг жаахан ойлгож үзэх хэрэгтэй. Бүтэн сонгуулийн цикл өрнөсөн. УИХ-ын сонгууль зургаадугаар сарын 28-нд болсон. 10-р сард нь аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль улс даяар болсон. Энэ хоёр сонгуулийн циклийг давна гэдэг үнэхээр сонгуульд оролцоод, иргэдийн төлөөлөл болоод ажиллая гэж бүх зүйлээ зориулаад ажилласан намуудад бол том ачаалал өгч байгаа. Манай нам УИХ-ын сонгуульд оролцсон. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцсон. Олон аймаг, дүүрэг, нийслэлд 45 хүн нэр дэвшээд, Улаанбаатар хотод 200 орчим хүн дүүргийн иргэдийн хуралтайгаа нийлээд нэр дэвшсэн. Тэгэхээр энэ хэмжээнд ажилласны хувьд бусад намуудыг өөртэйгөө зүйрлэж бодохгүй байгаа боловч зовлон, жаргалыг нь ойлгож байна. Би тэр талаас нь илүү харах гэж хичээсэн. Улс төрийн намууд гээд явж байгаа учраас бусад улс төрийн намуудад боломж олгох хэрэгтэй. Иргэний зориг, ногоон нам нэгэнт парламентад орсон. Тодорхой хэмжээгээр өөрсдийн дүрэм, журам, хуульд нийцсэн ажлаа хийчихсэн юм чинь гээд бусдыг үл тоогоод хаячхаж болохгүй юм гэж дүгнэсэн. Тэр үүднээсээ хуулийн бүртгэлийн хугацааг нэг жилээр хойш нь сунгах нь зүйтэй гэж үзсэн. Бүртгэлийн хугацаа сунаж байгаа болохоос биш нөгөө хуульд ямар ч өөрчлөлт ороогүй. Манай намын үйл ажиллагаа шинэ хуулийн дагуу явж байгаа.
–Танай нам дүрмийн өөрчлөлтөө дээд шүүхэд өгч амжсан юм уу?
-2023 оны 12-р сарын 9-ний Үндэсний хорооны хурлаараа бид дүрмээ өөрчлөөд, дээд шүүхэд өгчихсөн. Сая 2024 оны 11-р сарын 20-нд хуралдаад, 12-р сард дээд шүүхэд дүрмийн өөрчлөлтөө өгсөн. Нэг ёсондоо хугацаанаасаа өмнө.
–Харин та хэд өгчхөөд нөгөө намуудаа бодоод л бид өгсөн ч гэсэн нөгөө намууд болохгүй байна гэж бодоод л болчихож байгаа юм уу?
-Өөрөө нэг зүйлийг ойлгож хараасай гэж хүсэж байна. 2024 оны 2-р сарын 5-ны өдөр би Ардын нам, Ардчилсан намаас бусад 35 нам нэгдье, эвсье, хамтаръя, яавал бид жинхэнэ бодит утгаараа улс төрийн хувьсгал хийе гэдэг санал, санаачилга гаргаж, бүгдээс нь гуйсан. Тэр маань юуг хэлээд байна гэхээр одоо бид голын нэг эрэг дээр гарч байгаа бол өөрсдийн байх ёстой байраа олох хэрэгтэй юм байна гэдэг үүднээс энэ чиглэл рүү ажиллаж байгаа. Өнөөдөр ч гэсэн тэр чиглэлээр ажиллаж байна. Бусад намтайгаа хамтрах, эвсэх, нэгдэх, өшөө илүү олуулаа болох. Энэ чиглэл рүү бүтэн нэг жил ажиллаж байгаа хүний хувьд би тэд нарыг “Хэрэггүй ээ. Бидэнд хамаагүй” гэж хаях нь ёс суртахууны хувьд зөв зүйл биш. Монголын улс төрд нэгдэж нийлдэг гарц, гаргалгаа бий болоосой гэж хүсэж байна.
–Хуулийн эсрэг нэгдэж нийлж болохгүй л дээ. Логикийн хувьд гээд ярилаа. ИЗНН хоёр том сонгуульд орлоо. Танайх орон нутгийн сонгуульд зүгээр ерөнхийд нь нэр дэвшүүлэх биш, мандатуудыг дүүргэх байдалтай нэр дэвшүүлсэн байсан. Энэ бол ач холбогдол өгч намын аппарат бүхэлдээ ажилласны нэг шинж. УИХ-ын сонгуульд бас оролцсон. Танайх дүрмийн өөрчлөлтөө хийгээд өгч байхад, зарим сонгуульд ороогүй, зарим тойрогт нэр дэвшүүлээгүй бусад нам ч гэсэн хурлаа хийгээд өгчих боломж байсан л даа. Энэ бол та бүхний тавьж байгаа гоё тайлбар байх юм. Ер нь Засгийн газрын талд, Л.Оюун-Эрдэнийн талд, Лу.Гантөмөр даргын талд та гарч ирээд дуугарчих шиг болсон доо. 3, 4 намын дарга нартай
хууль тогтоогчид хуулийг гацаа болгох чиглэл рүү ажилламааргүй байгаа юм. Мэдээж хуулийг хүн болгон дагаж мөрдөх ёстой. Гэхдээ хуулийг хэн тогтоож байгаа юм.
–Тэгээд дабл стандарт үүсгэж болох юм уу? Би иргэн. Хууль мөрдөх үүрэгтэй.
–Их хурал дээр байгаа намын гишүүд ч юм уу, та 0.07 га газраа авсан уу?
-Би 0.07 га газраа аваагүй.
–Ер нь авах эрх байгаа танд
-Ер нь байгаа байх. Хөөцөлдөж үзээгүй. Гэхдээ тэр чинь иргэнтэй холбоотой асуудал.
–Зарим хүмүүс хөөцөлдөөд 0.07 га газраа авчихсан байхад хугацаандаа аваагүй өөрт чинь дабл стандарт гаргаж өгөөд, Засгийн газар, их хурлаар ороод, их хурал хэдэн удаа хууль хойшлуулж өгсөн. Энэ дабл стандарт мөн үү?
-Энэ бол иргэнтэй холбоотой. Одоо тэр хойшлуулж байгаа асуудлыг та иргэдтэй жишээд байна шүү дээ. Бид бүхэн юуг өөрчлөх гэж улс төрийн намуудын хуулийн шинэчлэлийг хийсэн юм. Та ер нь юуг өөрчлөхийн тулд хийсэн гэж бодож байна. Хэдэн оноос хойш бид шинэчилж чадахгүй явсан юм.
-Хууль өөрчлөгдөж чадахгүй маш удаан явсан. Дээрээс нь одоо байгаа улс төрийн намын тухай хууль тийм төгс болж чадаагүй. Энэ хуулийг дахиад сайжруулах ёстой. Урьд нь парламентад байсан МАН, АН, ХҮН-ын санаачилгаар хийгдсэн хууль.
–Та хэд чинь дэмжиж байна гээд гарын үсэг зураад байсан биз дээ?
Дэмжиж байна гэж гарын үсэг зураагүй. Бид, миний бичиг байхгүй.
–ИЗНН-ын бичиг байсан.
-Би дэмжээгүй. Миний өмнөөс тамгагүй цаасан дээр хүн гарын үсэг зурсан байна гэдэг мэдэгдлийг би тухайн үед нь хийж байсан.
–Танай нам ийм замбараагүй байж болох юм уу?
-Үгүй ээ үгүй. Манай нам биш. Манай намаас зураагүй. Өөр намын хүн зурсан байсан.
–Тэгээд тэр хүнийг шүүхэд өгсөн юм уу? Наадах чинь аймаар том асуудал юм биш үү. Асуудлыг нь эрж хайгаад олбол яадаг юм.
-Хариуг нь өгсөн. Тамга, тэмдэг хуурамчаар ашиглаагүй. Хоёрдугаарт, техникийн алдаа болгосон төдий гээд орхичихсон.
–Улс төрийн намын тухай хууль дутагдалтай гэж та хэлж байна. Мэдээж байгаа байх. Хууль болгон л сайжирч байгаа. Бид хамгийн багадаа 10 жил энийг өөрчилж чадаагүй. Их хурал дээр олон хүн энийг өөрчлөхийг хүсдэггүй. Яагаад гэвэл улс төрийн намын гишүүд, улс төрийн намыг ийм байдлаар нь байлгахыг хүсээд байсан. Энэ зүйлийг Ерөнхийлөгч манлайлаад, улс төрийн намууд нэгдээд, Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг, таныг их хурлын гишүүн болгоод оруулаад ирсэн хуулийн өөрчлөлт байна шүү дээ. Үүнтэй нэгтгээд сая хийж авсан. Үүнээс хойшлуулчхаар нөгөө урамшууллын асуудал яах юм. Намуудын хариуцлагын асуудал яах юм. Нам байгаа бол нам шиг ажиллах ёстой юм биш үү?
-Хувь хүн компанийн нам байж болохгүй. Энэ байр суурин дээр би бат зогсдог. Би хугацаат цэргийн алба хааж байгаа хүн байхгүй юу. Тэгэхээр нам хариуцлага үүрдэг субъект болох ёстой. Тэр дээр санал нэг байна. Улс төрийн нам хэнд хэрэгтэй юм. Улс төрийн нам Монголд л хэрэгтэй байх ёстой. Яг өнөөдөр МАН, АН хонины хашаа л болчихсон. Дотор нь бие биетэйгээ зэрэгцээд сууж чадахааргүй хүмүүс хамт байгаад байдаг. Тэгснээ гараад тусдаа нам байгуулж чаддаггүй. Үзэл санаа үнэт зүйл нь алга болсон. Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх ажил хаашаа явах ёстой вэ гэхээр Улс төрийн намуудыг бүгдийг нь нэг удаа татан буулгах чиглэл рүү явбал тэс өөр шинэчлэл авчирч чадна гэж хараад байгаа юм. Улс төрийн намын санхүүжилт хуулийн зүйл, заалтууд хэрэгжих юм уу, яах юм гээд асууж байна. Хэрэгжээд эхэлчихсэн. 4, 5 сард СЕХ ажлаа хийхээр 9 намд санхүүжилт нь очих юм байна лээ. 2024 оны долоодугаар сарын нэгнээс хууль хэрэгжээд явж байгаа.
-Улс төрийн намууд бүгдээрээ аймаг, орон нутагт салбартай бил үү?
-Салбар байхгүй.
–Танайх салбартай юм уу?
Байгаа. Хаа очиж 25 жилийн түүхээ тэмдэглэх гэж байна. Бүх аймаг, суманд салбартай. Улс төрийн намын тухай шинэ хуулиар засаг захиргааны бүх нэгжээс оролцох шаардлага тавигдсан. Аль нэг аймаг, суманд салбаргүй нам тэрийгээ яаж зохицуулах юм. Амжих уу! Тийм бодит бэрхшээлийг хэн нь ч тооцоогүй. Салбаргүй нам чинь энд байгаа салбар гишүүнчлэлийнхээ хүрээнд асуудлаа шийдээд, дүрмийнхээ хувьд зохицуулалтаа хийсэн байгаа байлгүй. Улс төрийн намуудыг салбартай, бүтэцтэй байхыг шаардаад эхэлж байна.
Та сайн мэднэ. Цүнхэнд байдаг нам байдаг биз дээ.
2028 онд тийм намууд байхгүй болж байгаа гэж бодож байна.
–Үүнийг шийдэхийн тулд хууль байсан. Энэ хуулийг хойшлуулчихсан учраас танаас асуугаад байгаа юм. Сөрөг хүчний төлөөллийн хувьд, УИХ-ын гишүүн хүний хувьд дахиад нэг шинэ цикл эхэлж байна. Б.Батбаатар гэдэг хүн намын эрх ашиг олон нийтийн эрх ашгийг төлөөлж яваад байна уу? Амин хувийн эрх ашгийг бодож яваад байна уу? Өнгөрсөн сонгууль, улс төрийн намын тухай хуульд тодорхой байр сууриа илэрхийлэхгүй хойшоо суугаад байна.
-Хувийн эрх ашиг нэгдүгээрт алга. Ямар нэг буруу шунал алга. Нэг хүн олон зүйл хийж чадна гэдэгт би эргэлздэг. Амьдраад буцах хооронд хуруу дарам тодорхой хэдэн зүйлийг хийсэн байх ёстой гэж хардаг. Тэр зорилгын төлөө явж байгаа. Тэр нь өөрөө улс эх орондоо үлдэх ёстой. Үлдэцтэй зүйл хийх тухай асуудал.
–Та Ардчилсан намын хүн байсан шүү дээ. Яаж яваад ИЗНН-тай холбогдсон бэ?
-2016 онд ИЗНН-аас нэр дэвшиж, УИХ-ын сонгуульд өрсөлдсөн. 2020 онд ИЗНН-аас “Та бидний эвсэл”-тэй нэгдэж, бас нэр дэвшсэн. 8 жил ИЗНН дотор явсан. Тэгэхээр гэв гэнэт ИЗНН-д ороод нэр дэвшсэн зүйл байхгүй.
–Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуулт асууя. Их хуралд суудалтай нам Ерөнхийлөгчид хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй. Ер нь хэр бэлтгэж байна. Ямар бодолтой байна.
-Одоогийн байдлаар дотооддоо ярилцаж байгаа. Албан ёсны хурлын шийдвэр гараагүй. ИЗНН-ын гишүүд бидний ярьж байгаагаар 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд гарцаагүй оролцох ёстой гэдэг улс төрийн байр сууринд 100 хувийн саналтай байна. Мэдээж хуулийн дагуу тодорхой дэвшүүлэх ёстой үед нь албан ёсны шийдвэр гарна. Тэр үед одоогийн байр суурь өөрчлөгдөхгүй гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна.
–Тэгвэл ингээд асуугаад үзье. Дангаараа оролцох уу? Эсвэл аль нэг намтай эвсээд орох уу?
-Маргааш 2027 оны сонгуулийн өмнөх өдөр болж байна гэж бодоход би маргаашийн хурал дээр ИЗНН дангаараа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдэг санал оруулна гэж бодож байна. Дэмжигдэх байх гэдэгт 100 хувь итгэлтэй байна.
–Танд нэр дэвших бодол байна уу?
-Нэр дэвшье гэдэг саналаа илэрхийлж, ярилцаж байгаа хүмүүс байна. Санал өгч эхэлж байна, надад.
–Та бүхэн энэ хамтрал дээр давхар оролцоод байна уу, үгүй юү? Шуурхай штаб дээр та хэд оччихсон. Танай намын хуучин дарга Улаан-Үд хотод Элчин сайдаар томилогдсон байсан.
-2023 онд Улаан-Үд хотод томилогдож очсон. Өмнө нь Элчин сайд хийж байсан хүн. Энэ утгаараа бүртгэл юмандаа байдаг байх. 2023 онд бүртгэл нь дуусаад, эргээд татагдахад, консул нь ажлыг нь хүлээж аваад үлдэж буй ийм л асуудал байгаа. Түүнээс манай талын хамтрал байхгүй. Хоёрдугаарт, Ерөнхий сайдын ахалсан Улаанбаатар шуурхай штабт парламентад суудалтай 5 намын дарга байгаа. Улаанбаатар Монголын асуудал болчихлоо. Энэ бол улстөржих сэдэв огт биш болсон. Үүн дээр “Парламент, ард түмний төлөөлөл гэдэг утгаараа улс төрийн дэмжлэг өгөөч ээ” гэж 58,000 саналыг Улаанбаатарын сонгогчид өгсөн. Үлдсэн 20 мянган саналыг орон нутгийн иргэд манай намд өгсөн. Тэгэхээр улаанбаатарчуудын дэмжлэгийг “Бид сөрөг хүчин юм чинь, эд Улаанбаатар аа сайжруул” гэж үлдэх нь бид нарын хувьд буруу. Энэ үүднээс оролцож, мэдээлэл авч, шаардлагатай зүйл дээр хамтарч ажиллаж байгаа. Утаа, агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулъя гэж байгаа.
Г.Лхагвадорж
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!