Хятадын Хубэй мужийн нийслэл Ухань хотод үхрийн хөлдөөсөн махны сорьцоос коронавирусний халдвар илэрчээ. Тодруулбал, Бразиль улсаас импортолсон 1000 гаруй хайрцаг 27 тонн бүтээгдэхүүн Хятадын зүүн нутгийн Циндао хотын гаальд наймдугаар сарын 7-нд ирж, Уханьд наймдугаар сарын 17-нд авчирсан бөгөөд зах зээлд нийлүүлээгүй агуулахад хадгалагдаж байжээ.
Тус бүтээгдэхүүний дээжээс халдвар илэрсэн тул Ухань хотын эрх баригчид махыг битүүмжилж, холбогдох ажилтнуудыг тусгаарлан шинжилгээ авч, тухайн газрыг халдваргүйжүүлсэн байна. Одоогоор нийт 200 сорьц, махны агуулахад ажилладаг 112 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Хятадад анх долдугаар сард хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнээс covid-19 илэрч байсан ба үүнээс хойш янз бүрийн улс орноос импортлосон, хөлдөөсөн бүтээгдэхүүнээс халдвар илэрсэн 30 орчим тохиолдол бүртгэгджээ.