Ө.Шижир: С.Баярын ЗГ стратегийн нүүрсний ордыг “Энержи Ресурс“-д эзэмшүүлсэн, Ч.Сайханбилэгийн ЗГ 2015 онд “Энержи Ресурс“-д нөхөн төлбөр болгож 60.3 сая ам.доллар олгосон талаар асуулга тавилаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 49 секунд

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно”, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 5.1, 5.4, 5.5, Үндэсний баялгийн сангийн 11.1.2-т тус тус заасан ашигт малтмалын орд газруудын үйл ажиллагаанаас ард түмэнд үр өгөөжийг хүртээх асуудал, төр нийтийн өмчийн асуудлуудын талаар УИХ-ын гишүүн Ө.Шижир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьсан байна.

УИХ-ын гишүүн Ө.Шижир "Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдаж, монголчууд байгалийн баялгаа Үндсэн хуулийнхаа дагуу хөгжингүй орнуудын жишгээр ухаалаг зарцуулах, өгөөжийг нь шударга хүртэх эрхзүйн орчин тавигдсан. Энэ бол олон жил ард түмэнд хүлээлт үүсгэсэн, авлигын системийн эсрэг тэмцлийн ялалт, том амжилт байлаа.

2007 онд УИХ-ын 27 дугаар тогтоол гарч 16 ордыг стратегийн ордод хамруулах, 39 ордыг хамруулах ажлыг хийж гүйцэтгэх талаар тэр үеийн Засгийн газарт даалгасан байдаг.

Гэтэл энэ тогтоол хэрэгжих байтугай эсрэгээрээ стратегийн ордуудаа алдаж дууссан. 2008 онд С.Баярын Засгийн газар Ухаа худаг стратегийн ордыг "Энержи Ресурс" компанид шилжүүлсэн, 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгой ордыг гадаадын компанид 100 жилээр шилжүүлэхийг завдсан байдаг.

Энэ мэтээр 16 стратегийн ордын 9 нь төрийн эзэмшилд ороогүй. Энэ бүхэн Үндэсний баялгийн санд төвлөрч, нийт монголчууд өгөөжийг нь хүртэх учиртай байгалийн баялаг. Тиймээс миний бие УИХ-ын гишүүний хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дараах асуулгыг тавилаа.

-УИХ 2007 онд 16 ордыг стратегийн ордод хамруулсан атал талаас илүүг нь яагаад төр эзэмшээгүй талаар,

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд стратегийн ордуудын 34 ба түүнээс дээш хувийг төрийн мэдэлд авах ажлын явцын талаар,

-УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэргүйгээр 2015 онд "Энержи Ресурс" компани гадаадын аж ахуйн нэгжтэй байгуулж, үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүсгэсэн “Харилцан ойлголцлын санамж бичиг”, “Ганцмод-Гашуунсухайт боомтын төмөр замын төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн талаар,

-Дээрх баримт бичгийн үр дүнд 13.97 тэрбум юанийн алдагдлыг дурдаж, цаашид энэ алдагдлыг нэхэхгүй болсныг гадаадын аж ахуйн нэгж дурдсан байна. Энэ нь улсын эрх ашгийг хангах чиглэлгүйгээр "Энержи Ресурс" компанийн байгуулсан хэлэлцээр нь хөрш хоёр улсын найрсаг харилцаанд сэв суулгах хүртэл эрсдэл үүсгэж болох байсан бөгөөд энэ хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлсэн албан тушаалтнуудаас тодруулга авах талаар,

- С.Баярын Засгийн газар 2008 онд яагаад нөхөн төлбөр гэдэг үндэслэлээр мөнгөн хөрөнгө биш стратегийн нүүрсний ордыг Энержи Ресурс компанид эзэмшүүлсэн талаар

-Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 онд Энержи Ресурс компанид нөхөн төлбөр болгож, 2012 оны ам.долларын ханшаар 60.3 сая ам.доллар олгосон талаар тус тус асуулга тавилаа" гэв.

Улаанбаатар - Франкфурт - Улаанбаатар чиглэлд 4+1 хаврын урамшууллыг зарлалаа
Улаанбаатар - Франкфурт - Улаанбаатар чиглэлд 4+1 хаврын урамшууллыг зарлалаа
 
О.Батнайрамдал Ухаа худаг уурхайтай холбоотой асуудлаар сонсгол хийе гэсэн ч  С.Баяр түүнийг “Хуулиа уншаагүй дээр улс төрөө яаж хийх учраа олохгүй яваа“ гэв
О.Батнайрамдал Ухаа худаг уурхайтай холбоотой асуудлаар сонсгол хийе гэсэн ч С.Баяр түүнийг “Хуулиа уншаагүй дээр улс төрөө яаж хийх учраа олохгүй яваа“ гэв
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!