Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд Ерөнхий сайд, намын даргаасаа бус ард түмнээс мандат авч сонгогдсон гэдгээ санах хэрэгтэй

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
37 минут 3 секунд

УИХ-ын намрын чуулган хаалтаа хийснээс арав хүрэхгүй хоногийн дараагаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хөндөж эхлэв. Хүний эрх, эрх чөлөө алдагдсан, засаглалын хямрал бий болсон зэрэг хэд хэдэн үндэслэлийг гаргаж тавьсан түүний эл санаачилга нийгэмд багагүй хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас энэхүү үйл явцын эргэн тойронд гарч ирж буй асуултуудад хариулт авлаа.

-Ерөнхий сайдыг огцруулах талаарх асуудалд олон нийт чих тавин анхаарал хандуулж байна. Огцруулах шалтгаан болсон хэд хэдэн үндэслэлүүдтэй бид танилцсан. Гэхдээ та энэ үйл явцынхаа үндсэн зорилгыг юу гэж харж байгаа вэ?

-Ерөнхий сайдыг огцруулах.

-Гол зорилго нь тэр гэж үү?

-Тийм ээ. Гол зорилго нь л тэр шүү дээ. Энэ нь зүгээр л нэг хүнийг холдуулах гээд байгаа хэрэг биш. Ерөнхий сайд ардчилалд төвөг удаж байна. Дарангуйллыг тэлж байна, тэлж бүх үйлдлээрээ. Би үүнийг 2021 оноос хойш хэлсээр ирсэн. Авлигатай тэмцэнэ гээд байгаа. Тэмцээгүй шүү дээ. Авлига үүсэх нөхцөл буюу төрийн эрх мэдэл, төрийн бүтцийг улам томруулсан. Төрд "овоолдог" мөнгийг улам нэмсэн. Ингэж авлигатай тэмцдэггүй. Одоо шүүх буруутай гэж их хэлэх болж. Энэ чинь "Би өөрийн шүүхтэй болмоор байна. Шүүх миний хүссэнээр шийдвэр гаргадаг болмоор байна" гэж хэлж байгаа юм. Ю.Цэдэнбал гуайгаас хойших хамгийн эрх мэдэлтэй Ерөнхий сайд бол Л.Оюун-Эрдэнэ. Гэтэл өнөөдөр надад бүрэн эрхийг нь өгөөдхөөч гээд байна. Энэ нь бүх үйлдлээрээ харагдаж байгаа. Энэ бол дарангуйлагч мөн. ОУ-ын улс төр, нийгмийн үзэж туулсан зовлон жаргал, амжилт ололтоос судалсан хэн ч хэлнэ. Дарангуйлагч нар ингэж төрдөг. Төрчихсөн байна. Одоо авч буй арга хэмжээг л харья л даа. Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүд УИХ-ынхаа шийдвэрээс давж байна. Товчхондоо, УИХ Засгийн газрын "хуулийн тасаг" болчихсон. Энэ парламент бие даасан бус байна. Монголд парламентын засаглал биш тоталитар, авторитар дэглэм үйлчилж байна. Монгол Улсыг нэг хүн л удирдаж байна, одоо. Тэгсэн хэр нь нөгөө хүн нь "Надад эрх мэдэл дутаад байна. Том бүлэглэлүүдийг би дийлэхгүй байна" гэж хэлсээр. Гэтэл том бүлэглэлүүдтэйгээ тэмцээгүй. Харин ч нэг том бүлэглэлтэй нь хамтарчихсан явж байгаа. Үүнийг улс төр сонирхдог бүгд л хэлж байгаа шүү дээ. Нөгөөтээгүүр гадагш тархи сайн угааж байна. Хүмүүсийг санааг эргүүлж чадаж байна. Харин ийм зүйл удаан явдаггүй юм гэдгийг цаг хугацаа харуулж байна. Одоо боломжгүй болсон гэдгийг өөрсдөө ч харж, мэдэрч байгаа биз.

-Зорилго гэж асууж байгаагийн шалтгаан нь, таныг Ерөнхий сайдыг огцруулах талаар яриад ирэхээр Ч.Лодойсамбуу улсын эрх ашгаас илүүтэй компанийн эрх ашгийг төлөөлж, дуугарч байна гэж хардах хүмүүс цөөнгүй байна шүү дээ?

-Анх олон нийтийн өмнө гарч эхэлсэн цагаасаа хойш би хэн нэгний хүн байж, элэгдэж ирсэн. Намайг нэвтрүүлэг хийж эхэлсэн цагаас хойш долоо хоног бүр тэрний, энэний хүн гэдэг л байсан. Цаг хугацаа бүхнийг харуулна гэдэг. Одоо харуулж байгаа. Хамгийн их холбогддог байсан хүнтэйгээ зарчим зөрж байна шүү дээ. Л.Гантөмөр сайд бид хоёрыг үй зайгүй гээд элдвээр л хэлдэг байсан шүү дээ. Гэтэл зарчим зөрж байгаа бол зөрөх л зүйл. Эрх чөлөөгөө мэдэрдэг хүмүүст би үүнийг бараг зуун удаа ярьсан. Эрх чөлөөгөө ойлгодог хүн бол үүнийг маш сайн мэднэ. Хүн хүний үгээр явдаггүй. Өөрийгөө үнэлдэг хүн бусдын үгээр явдаггүй. Хэчнээн ойр дотнын байсан ч гэсэн өөрийнх нь итгэл үнэмшлээс салсан газарт зам салдаг. Ер нь үзэл бодол нийлсэн хүмүүстэйгээ л нийлээд явна. Салахдаа хүрвэл ямар ч хамтрал салдаг. Ураг төрөл хүртэл. Ийм л байна. Тэгэхээр тухайн хүн эрх чөлөөтэй байхын тулд өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, ертөнцийг үзэх үзэлтэй, улс төрийн үзэл баримтлалтай байх ёстой. Тэр замаараа л явж байгаа. Хамт явж байгаа хүмүүстээ бол хамтрагч.

-Компаниудтай холбож байгаа тухайд юу хэлэх вэ. Тухайлбал, MCS, АПУ гэх мэт?

-Компаниудтай, бүлэглэлүүдтэй намайг холбоод байгаа юм. Нэг л энгийн логик байгаа шүү дээ. Тухайлбал, төмөр замын хил холболтын гэрээний өмнө Ерөнхий сайдыг эсэргүүцээд байна гээд байгаа юм. Том төслүүдийг гацаах гээд байна, 34-ийн талд үйлчлээд байна гэх мэт. Одоо би сэтгүүлч биш, УИХ-ын гишүүн. Гишүүн шийдвэр гарч байхад нөлөөлөх эрх бүхий этгээд. УИХ дээр энэ асуудал өнгөрсөн намраас хойш яригдаад явж байхад Ч.Лодойсамбуу эсэргүүцэх биш дэмжиж байсан. Одоо ч дэмжиж байгаа. Хэрэв би тэр хэлээд байгаа компаниудынх нь нөлөөнд байсан бол байнгын хороо, чуулганаар хэлэлцэж байх үед нь эсэргүүцэж байсан хүмүүстэй нь нэгдээд бүлэглэлийн эрх ашгийг хамгаалаад явна биз дээ. Тэгэхгүйгээр бүх шийдвэр гарсны дараа намайг том төслүүдийг гацаах гэж байгаа нь өөрөө маш логик, авцалдаагүй зүйл. Миний ард ямар нэгэн компани байхгүй. Миний ард Ардчилсан нам, намын гишүүд тэр дундаа ардчилалд хайртай, үзэл санаандаа үнэнч гишүүд л миний хамтрагч. Үүний төлөө л би хаа байсан харь орноос гэнэтийн шийдвэр гаргаад л улс төрд орж ирсэн шүү дээ.

-Тэгвэл цаг хугацааны хувьд энэ санаачилга тань хэр оновчтой гэж харж байгаа вэ. Тэр тусмаа энэ долоо хоногт Ганцмод Гашуунсухайт хил холболтын төмөр замын гэрээг эцэслэн Ерөнхий сайдын түвшинд үзэглэх гэж байна шүү дээ. Энэ үйл явцтай зэрэгцүүлж огцруулах асуудлыг хөндөж байгаа учраас таныг улс төр талаас ч нэлээн шүүмжилж байна?

-Тийм ээ. Шүүмжилж байгаа. Тэгж харагдаад байхгүй юу. Дөнгөж сая ярьсан л логик. Эсэргүүцэх байсан бол би аль эрт л эсэргүүцчихэнэ. Хоёрдугаарт, Ерөнхий сайдтай холбоотой асуудлуудыг би өнөөдөр л яриад яваа биш шүү дээ. Гэнэт яриад байгаа биш.Зургаахан сарын өмнө миний ярьсан сэдэв бол энэ л байсан шүү дээ. Дарангуйллын эсрэг байсан. Ер нь би тойрогт нэр дэвшчихээд тойргийнхоо талаар юу ч яриагүй шүү дээ. Уулзалт дээр оччихоод тойргийн талаар юу ч яриагүй. Намайг сонгосон Хан-Уул дүүргийнхэн жагсаалтын гишүүн шиг байх боломжийг надад өгсөн. Би сургууль цэцэрлэг, зам талбай, хүүхдийн тоглоомын талбай шийдье гэж яриагүй. Би эрх чөлөөгөө хамгаалж, дарангуйллыг сөрөн зогсоно гэсэн. Тэрийгээ л хийнэ. Түүнийгээ л хийж байгаа. Хийсээр ч байх болно. Яагаад гэвэл миний холоос ирсэн үндсэн зорилго нь тэр байсан. УИХ-ын гишүүн болж үзэх гээд байгаадаа биш. Үнэхээр нөгөө л дарангуйлагч нам нь, нөгөө л гэр бүлээрээ нийгмийн тархийг угаагаад, базах гээд байсан учраас л би ирсэн. Дарангуйлал мянга тогтсоны дараа ийм дарангуйлал тогтчихжээ гээд хилийн цаанаас юм яриад байхыг би хүсээгүй. Тэгсэн бол би өөрийгөө уучлахгүй байх байсан. Тэгээд би тавдугаар сард ирсэн. Ирэнгүүтээ л нэр дэвшигч болсон шүү дээ. Тэрнээс биш би гэнэт л нэг үйл явдал болонгуут эсхүл манай тэр компанийн эрх ашиг зөрчигдөөд байна гээд гарч ирээгүй. Энэ өөрөө боломжгүй зүйл гээд манай Ерөнхий сайд, түүний гэр бүлийнхэн маш сайн мэдэж байгаа. Намайг чинь янз бүрийн компаниудтай харддаг. Огцруулах бичиг гаргаж байгаатай холбоотойгоор тэр компаниудыг хүртэл дарамталсан. Би тэд нарыг үнэхээр өрөвдөж байгаа.

-"Хүний амиар улстөржиж байна" гээд байгаа хүмүүс л өөрсдөө энэ яриаг УЛСТӨРЖҮҮЛЖ байна-

-Мэдээлэл хийснээс хойш танд ил, далдаар дарамт шахалт ирэв үү?

-Сүүлийн хоёр өдөр утсаа зарим үед нь унтраалаа. Бүгд л залгалаа. Ихэвчлэн тойруу утгаараа дарамтууд л орж ирж байна. "Чи 2028 онд мандатгүй болно, улс төрөөс нэг мөр арчигдана, чамайг бага дээр нь байхгүй болгоно. Чи өөрөө ч мэдээгүй байхад гэмт хэрэгт холбогдоно. Шоронд орно. Улс төрийн карьерыг байхгүй болгоно. Өмнө Ерөнхий сайдыг огцруулна гээд явж байсан хүмүүс юу боллоо" гэх мэт. Нөхөрсгөөр зөвлөж байгаа юм шиг дарамтууд. Хэрэв би үүнийг дарамт гэж хүлээж аваад, айгаад зогсох юм бол би тэдний хэлж буйгаар хөнгөн хөдөлсөн хүн болно. Сэтгэл хөөрлөөр хөдөлсөн хүн. Гэхдээ надад юу ирэх вэ гэдгийг аль хэзээний төсөөлөөд бодчихсон байна шүү дээ. Миний өнөөдрийн нэр нүүр, тэр алдах, хүмүүстэй хардагдаж элдвээр дуудуулах бол 33 дугаар асуудал. Энэ үйлдэл тодорхой үр дүнд хүрээд монголчууд ардчилалтайгаа үлдэж, залуу дарангуйлагчаас салж, Монгол Улс хүнийхээ амийг улс төр гэж боддоггүй болж эхлэх, монголчууд ёс суртахууныхаа доод түвшинд хүрчихсэн байгаагаасаа ангижрах нь л чухал.

-Танд ирж буй энэ "нөхөрсөг зөвлөгөө"-нүүдийн ихэнх нь бизнес, улс төрийн хүрээллээс ирж байх юм уу?

-Аль алинаас нь. Надад зөвлөөд байгаа ч юм шигээр л. "Чи ингээд л дуусна шүү дээ Лодой, наадуул чинь чамайг дуусгана. Зөндөө улс төрчдийг ингэж л дуусгасан шүү дээ" гэх мэтээр. Энэ нь улам л намайг "Дуусгаж үзүүл. Харъя" гэхэд хүргэж байгаа. Би арьсаа хамгаалаад, гоё амьдраад явъя гэсэн бол тэнд л байж байх байсан. Гэтэл сэтгүүлч бид нар чинь энэ нийгэмд өөрөө л нөлөө үзүүлэхгүй бол болдоггүй гэдгийг мэднэ. Бүх л нийгмийн зүтгэлтнүүд үүнийг хэлнэ. Түүний хойноос л явж байгаа. Харин замд нь энэ асуудал байгаа бол одоо яая гэх вэ дээ. Монголчууд үүнийг эртхэн хэн нэгнээр дамжуулаад харж байсан нь дээр.

-Таны энэ санаачилга дээр хөндөгдсөн өөр нэг шүүмжлэлтэй өнцөг бол хүний амь насаар улс төр хийсэн гэх явдал. Утааны сонсголтой залгуулаад нэг гэр бүлийн зургаан иргэн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Цаг хугацааны хувьд ч таныг энэ гэр бүлийн зовлонгоор улстөржлөө гэж харах хүмүүс байна?

-Монгол хүн монгол хүнийхээ амийг зүй бусаар тасрахад харамсахаа больж, түүнийг ярихаар улстөржлөө гэж "БАЙ" болдог цаг үе 2008 оы долоодугаар сарын 1-нээс эхтэй. Өмнөх нийгмийн үед гаднын хараат байсан ч монголчууд хүнийхээ амийг хайрладаг байсан. 2008 оноос хойш монголчуудын ярих бүх сэдэв улс төр болсон. Монголчууд хүнээ, бие биеэ хайрлахаа больсон. Хүн, хүнийхээ амийг хайрлахаа болино гэдэг бол хүний ертөнц өөрөө болохоо байж байгаагийн л нэг хэлбэр. Жишээлбэл, 779 хүн амиа алдсан гэдэг тоог сонсголын ажлын хэсгээс гаргаж ирсэн. Манай төрийн албанаас мэдээлж байгаа нь 163. Ийм хоёр зөрүүтэй тоо гарч ирж байгаа юм бол 779 гэдэг нь ч итгэх нөхцөл алга. Үнэхээр тийм дарах оролдлого байгаа юм бол. Зүгээр л гэртээ дулаацах гэж байгаад амиа алдсан 1000 хүний талаар яриад байгаа байхгүй юу. Халхын голын дайнд 400 хүнээ алдсан. Дайнтай үеэс хоёр дахин их хүнээ гэрт нь үхүүлчхээд тэрийг ярихаар улстөржиж байна гэж байгаа. Улстөржиж байна гээд байгаа хүмүүс өөрсдөө энэ яриаг улстөржүүлж байгаа. Хүний амь гэж бодохгүй байна гэсэн үг.

-Таныг сэтгэл хөөрлөөр хандаад явна ч гэх юм билээ?

-Өнөөдрийн миний хийж буй зүйл сэтгэл хөөрлөөр хийж буй үйлдэл биш. 2020 оноос хойш л ярьж байгаа. Өнөөдөр би өөрөө үүнийгээ ажил хэрэг болгох чадалтай, боломжтой болж байна гэж харж байгаа учраас түүнийгээ ашиглаж эхэлж байгаа юм.

-Ө.Шижир гишүүн дэмжиж, гарын үсэг зурахаа илэрхийлсэн. АН, МАН гэлтгүй гишүүд их холбогдож байгаа-

-Одоогийн нөхцөл байдал хэр байна вэ гэдгээр ярилцлагаа үргэлжлүүлье. Намрын чуулган завсарлачихсан байгаа энэ үед та хэдэн гишүүнтэй холбогдож. Ерөнхий сайдыг огцруулах асуудалд ямархуу байр суурь, хариултыг хэлж байна?

-Цаг үе нь өөрөө ингээд таарчихлаа. УИХ-ын чуулган завсарлачихсан байгаа шүү дээ. Гишүүд хөдөө орон нутаг, тойргуудаараа түүнчлэн гадаадад томилолттой явна. Албан ажлаар ч, хувийн ажлаар ч зорчиж байх шиг байна. Маш олон гишүүд над руу холбогдсон. МАН, АН ялгаагүй. МАН-аас холбогдсон гишүүд голдуу "Дэмжиж байгаа шүү. Гэхдээ чи мэдэж байгаа. Бид нар чинь хэрчүүлээд л дуусна шүү дээ. Жаахан ажиглаж байна" гэсэн. Өнөөдөр манай АН-ын залуу УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн нөгөө талын өнцгөөс нь тайлбарлаад, гарын үсэг зурахаа албан ёсоор илэрхийлсэн. Үзэл баримтлалтай, зоригтой улстөрч хүний үйлдэл бол нөхцөл байдлыг харж байгаад шийдвэр гаргах биш учраас би зурна гэдгээ хэллээ.

-Өнгөрөгч амралтын өдрүүдээр О.Батнайрамдал, Б.Уянга нарын хэд хэдэн гишүүд байр сууриа илэрхийлсэн байсан?

-Ерөнхий сайдын хамгийн ойрын дөрөв, таван гишүүн татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Татгалзах эрхтэй. Тэднийг элдвээр хэлэх шаардлага байхгүй. Хамгийн гол нь, монголын парламентын олонх нь Ерөнхий сайд, намын даргаасаа бус ард түмнээс мандат авч сонгогдсон гэдгээ санах ёстой. Намын дарга нь тэр хүнийг тойрогт дэвшүүлж болно шүү дээ. Тэглээ гээд ялагдсан өчнөөн хүн байгаа шүү дээ. Яагаад ялагдсан юм. Сонгогчид нь тэднийг сонгоогүй. Өчнөөн олон хүн "Миний өмнөөс төр бариарай" гээд итгээд сонгож байгаа шүү дээ. Үүнийг л бүгдээрээ маш сайн ойлгоорой гэж хэлмээр байна. Монгол Улс ардчилсан орон биш болчихсон гэдгийг бүгд мэдэж байгаа. Өмнөө хэдэн том төсөл тавьчихсан. Том төслүүдийг зогсооё гэсэн нэг ширхэг ч хүн байхгүй. Хэрэв зогсооё гэж бодож байсан бол УИХ дээр хэлэлцэж байхад нь л эсэргүүцэх талдаа ажиллах байсан. Тэгээгүй. Л.Оюун-Эрдэнэ байгаад хөгжүүлнэ гэдэг бол зүгээр л нэг эрх мэдлээ сунгах гэсэн цаг.

-Ерөнхий дүр зургаараа харахад, Ерөнхий сайдыг огцруулах энэ үйл явц хэр урагштай байж, амжилт олно гэж харж байна вэ?

-Урагштай байж амжилт олно. Монголын төр парламентын засаглалтай мөн л юм бол амжилтад хүрнэ. Хүрэхгүй бол монголын төр парламентын засаглалтай гэж жүжихээ болих хэрэгтэй. Энэ зарчмын шаардлагын өмнүүр "Том төслүүд явах гэж байхад бүлэглэлийн гар хөл болж байна" гэдэг угаалтад монголчууд орохоо больсон. Угаалгасаар байгаад хэн, яаж угаадгийг нь ч мэддэг болчихсон. Том төслийг эсэргүүцсэн хэн ч байхгүй. Явуулна. Зөвхөн Л.Оюун-Эрдэнэ байж явуулна гэдэг бол тэр хүний л үг. Монголд Л.Оюун-Эрдэнээс илүү ажилсаг, үзэл баримтлалтай, ёс суртахуунтай, хариуцлагатай хүн олдоно. Тэр хүн ажлаа хийгээд л явчихана. Сүүлийн Ерөнхий сайд шигээ авирлаад байх хэрэггүй.

-Амжилтгүй болбол яах уу. Ерөнхий сайдаас хариуцлага нэхэх зорилтоо та яаж үргэлжлүүлэх үү?

-Энэ нь Ч.Лодойсамбуу амжилт олох, олохгүйдээ биш. Миний албан бичгээс давсан асуудал болоод байна шүү дээ. Монголчууд төлөөллөө дамжуулж төрөө барьдаг юм уу, үгүй юу. Тэр парламент нь Засгийн газартаа хариуцлага тооцдог юм уу, үгүй юу гэдгийг л үзье гэж байгаа юм. Зүгээр л хэн нэгнийхээ дээр гарах гээд яваад байгаа зүйл биш. 2021 оноос хойш давтан, давтан хэлсээр л байна. Албан бичигт бичсэн нь зүгээр л товчоор бичсэн үндэслэлүүд нь. 2021 оноос хойш энэ хүний авч хэрэгжүүлсэн ажил гэж байхгүй. Төгрөгийн ханшнаас авхуулаад. Өнөөдөр монголд макро эдийн засгийн бодлого байхгүй гэж юуг хэлээд байгаа юм. Манайд хөгжлийн зураглал байхгүй. Мөнгөтэй л болохын төлөө явдаг улс болчихлоо шүү дээ. Тэр мөнгийг захиран зарцуулах эрхийг нь 30 хувилчихаад сууж байгаа шүү дээ. Ингэж авлигатай тэмцэхгүй.

Хоёрдугаарт, хөгжил гэдэг чинь мөнгөтэй болохыг хэлэхгүй. Тэр мөнгөөрөө юу хийх вэ гэдэг хөгжлийн төлөвлөгөөг хэлнэ. 2008 оноос хойш бид томоохон төслүүдийг хэрэгжүүллээ. Оюутолгойгоор жишээ татъя. Мөнгө оллоо. Түүгээр юу хийсэн юм бэ. Ядахдаа ганц станц барьсан уу. Ядаж ганц зам харилцаагаа сайжруулсан юм уу. Тусгаар тогтнолынхоо төлөө ямар төсөлд зоригтой хөрөнгө оруулалт хийж явсан юм. Хуваагаад л идчихсэн шүү дээ. Том төсөл хэрэгжүүлээд олсон мөнгөө яахаа мэдэхгүй байна гэдэг бол хөгжих төлөвлөгөөгөө ч мэдэхгүй байна гэсэн үг. Мэдэж байсан ч хийхгүй байна гэдэг бол улсаа хөгжүүлэхийг биш өнөөдөр яаж хүмүүст таалагдах вэ гэдэг л үйлдэл. Байгаагаасаа дэвшихийг л хөгжил гээд байгаа шүү дээ. Гэтэл дэвшүүлэх биш унагаах арга хэмжээг явуулсаар ирсэн. Засгийн газар зориудаар ард түмнийхээ цалин, орлогоос 30 хувийг нь хулгайлсан. Нэг гараараа халаасанд нь мөнгө хийгээд, нөгөө гараараа халааснаас нь мөнгө авахдаа нугалж авсан. Энэ хайрцгаасаа гарч чадахгүй байна гэдгийг хоёр жилийн өмнөөс л би Сангийн сайдад ярьж ирсэн. Төсөв баталж байхад хүртэл "Бид энэ тойргоосоо гарахгүй юм уу" гэж хэлсэн. Эд нарын хэнд нь ч тийм бодол байхгүй. Яаж улс төрийн намуудыг хүртэл хамж аваад халаасандаа хийх вэ гэдгээ л боддог. Энэ нь дарангуйлагчаас л гардаг төлөвлөгөө.

-Огцруулах албан бланк дээр тань Ж.Баярмаа гишүүнээс өөр гарын үсэг зурсан хүн бий юу?

-Хоёрдугаар сарын 10-ны байдлаар Ж.Баярмаа гишүүнээс өөр гарын үсгээ зурсан хүн байхгүй байна. Зураагүй байгаа шалтгаан нь бүгд хөдөө, орон нутагт байна. Жагсаалтын хэд маань хэцүү шүү дээ. Гэхдээ Ж.Баярмаа гишүүн маань зурсан. Ө.Шижир гишүүн зурахаа илэрхийлсэн. Тойргийн ганц нэг хүмүүс бий. Нэрийг нь дурдаад яах вэ.

-Би юу гэж О.Батнайрамдал, Э.Болормаа руу залгах юм. Би хэн рүү нь ч ЗАЛГАХГҮЙ-

-Энэ үйл явц МАН-д биш эсрэгээрээ танай намд жаахан "хортой" байж дотоодод зөрчилдөөн үүсгээд эхлэв үү дээ?

-Ямар ч асуудлыг АН-ын асуудал болгож хараад байдаг хүмүүс бол нэг талдаа манай намыг хайрлаж буй хүмүүс. Дахиад бужигначих вий дээ гэдэг ч юм уу. Нөгөө талдаа дотор нь хагаралдаан үүсгэчихье гэдэг хэсэг ч байдаг. Яг үнэндээ, манай намын жирийн гишүүд ардчиллынхаа талд байгаа шүү. Яалт ч үгүй нам учраас удирдлага шийдвэр гаргадаг бүтэц шүү дээ. Бүтцийнхээ гаргасан шийдвэрийг нь дагах ёстой гэдэг нь үүрэг. Үүргээ л хүлээж байгаа болохоос бүгд л дэмжиж байгаа шүү дээ.

-УИХ дахь бүлгийн гишүүдтэйгээ уулзсан уу, хуралдах юм уу?

-Би хурлаа хийе гээд хэлсэн. Ирц бүрдэхгүй юм байна гээд хуралдаж чадаагүй. Ямар ч байсан хуралдаж, ямар нэгэн байдлаар шийдвэр гаргах ёстой гэдэг саналаа хэлсэн. Цаг үе нь яах аргагүй ингэж тараад байна. Гэхдээ зөв болж байна. Гишүүдийг тулгамдуулах хэрэггүй. Бодох хэрэгтэй. Ажиглах хэрэгтэй. Гадуур явж байгаа бол иргэдээ сонсох хэрэгтэй. Иргэдээсээ асуух хэрэгтэй. Ард түмнээ сонсоод ирэг.

-Таныг энэ асуудалд их шатаж байна гэж хараад байна. Үүнийг татгалзсан гишүүдийн бичсэн постын сэтгэгдэл хэсэгт гаргаж буй хариу үйлдэл дээр ч дүгнэх хүмүүс байгаа. Эсхүл гарын үсэг зурахаа амласан гишүүд нь байр сууринаасаа ухраад эхэлсэн учраас асуудалд ингэж шатаад байна уу гэдэг ч өнцөг байна?

-Намайг ямар байдлаар харуулах вэ гэдэг л машин механизм ажиллаж байна шүү дээ. Эхлээд Ц.Элбэгдоржийг өмөөрч байна гэж баахан явууллаа. Ордоггүй ээ, худлаа юм чинь. Дараа нь бүлэглэлийн гар хөл гэлээ. Бас л ордоггүй. Эцсийн дүндээ Ч.Лодойсамбуу их хөнгөмсөг, сэтгэл хөөрлөөр аливаад ханддаг "шатамхай" юм байна гэдгээр харагдуулах гээд байна шүү дээ. Нэг ёсондоо, үнэлэмжийг нь бууруулах гээд байна. Би өөрөө ПР чиглэлээр ажилладаг хүн мэдэлгүй л яах вэ дээ. Гэтэл би гэнэт сэтгэл хөөрлөөр гарч ирээд шатаад байгаа юм биш. Ямар сайндаа би хүмүүс мартчихсан юм байх даа гэж бодоод сошиал дээрээ сонгуулиар хийж байсан сурталчилгаануудаа сэргээж гаргалаа. Ингэж шатдаг юм уу. Би хэзээнээсээ л энэ байр суурийг хэлж эхэлсэн. Одоо шийдвэр гаргах түвшинд ирсэн учраас үйлдлээрээ үзүүлье гэж байгаа юм.

Хоёрдугаарт, хүмүүсийн пост дор яагаад тийм сэтгэгдэл үлдээсэн юм бэ гэдэгт хариулъя. Яагаад гэвэл худлаа мэдээлэл яваад байсан. Хүмүүсийг гуйвуулж ойлгохоор зүйлсийг бичсэн байсан. О.Батнайрамдал "Над руу битгий залга" гэсэн байсан. Би залгаад байсан юм шиг эсвэл залгасан мэтээр ойлгогдохоор биччихсэн. Би юу гэж О.Батнайрамдал руу, Э.Болормаа руу залгах юм. Би хэн рүү нь ч залгахгүй. Би бүх гишүүд рүү залгана гэж хэвлэлийн хурлын үеэр хэлсэн. Гэхдээ бодит байдал дээр Ерөнхий сайдын хамгийн ойрын хүмүүс рүү залгаж, ятгана гэсэн зүйл байх уу. Боломжтой юу.

Би бусдын хараад байгаа шиг "шатамхай бодис" биш. Хүн бүрийн өрөө рүү лайв барьж гүйж ороод, та дэмжих үү гээд явах хүн биш. Тухайн улстөрчид бодох зав зай, нөхцөл байдалд анализ хийх, сонгогчдоосоо асуух зэрэг эрхийг нь өгөх хэрэгтэй шүү дээ. Би өгөөд л байгаа. Би хэний ч өрөө рүү ороогүй. Хэн рүү ч залгаагүй. Харин над руу маш олон гишүүд залгасан. Дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

-Л.Гантөмөр даргын "Хариуцлага тооцно" гэдэг нь тухайн үеийн л сэтгэл хөдлөлөөрөө хэлчихсэн үг л байх. Одоо харамсах маягтай л сууж байгаа болов уу-

-Өнгөрөгч амралтын өдрүүдэд танай намын дарга Л.Гантөмөр шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлсэн. Ж.Баярмаа гишүүн та хоёрыг улс төрийн зөвлөлөөр оруулж хариуцлага тооцох талаар ч ярьсан байна лээ. Хамгийн их дотоод ардчилалтай гэж өөрсдийгөө ярьдаг хэр нь намынх нь гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөөд ирэхээр хариуцлага тооцно гэж байгаа нь хэр зохимжтой зүйл вэ?

-Манай намын гишүүд хангалттай байр сууриа хэлж байна лээ. Ардчилсан нам ардчилалтай нам байх ёстой гэж. Би тэр хүний тухайн үеийн л сэтгэл хөдлөлөөрөө хэлчихсэн үг л гэж бодож байна. Би тэр хүнийг маш сайн мэднэ. Ардчилал, олон ургалч бодол гэж юу вэ гэдгээ маш сайн мэддэг хүн. Гэхдээ "хариуцлага тооцно" гэж хэлсэн нь жинхэнэ сэтгэл хөөрлөөр хандсан үг болчхов уу даа. Тэр хэлсэн үгэндээ харамсах маягтай л сууж байгаа болов уу. Ер нь Л.Гантөмөр гэдэг хүн намын дарга болсон хоёр жилийн хугацаанд маш их ажил хийсэн. Үнэхээр нам дотроос нь ийм байр суурь гарахаар уур нь хүрч, ямар нэг байдлаар сэтгэл нь хөдлөхгүй байхын арга байхгүй. Хоёрдугаарт, ажил хийсэн үү гэвэл хийсэн. Улстөрийн толхилцооноо зогсооё, аль аль нам нь хамаагүй монголд ажил хийе, том төслүүдээ хөдөлгөе гэдэг байдлаар л засагт хамтарсан. Би анх орж байхад нь нэг л зүйлийг хэлж байсан. "Шинэ МАНАН монголд хэрэггүй" гэж. Орох гэж байгаа бол тодорхой гарчиг тавьж гэсэн. 14 мега төсөл гэж хэлсэн. Эндээс надад итгэл төрүүлсэн хоёр төсөл нь сая урагшиллаа. Энэ хоёр төслийг л хийх гэж хамтарсан ЗГ байгуулагдсан. Одоо болоо л гэж байгаа юм. Хийдгээ хийчихлээ шүү дээ. Тэгэхгүй бол энэ хамтралыг Ерөнхий сайд өөрийнхөө эрх мэдлийг тэлэх, мөнхөд засаглах, дарангуйллыг угсрах хэрэгсэл болгож байна. Өөрсдөө маш том вакум орчинд ороод суучихсан.

Бусад 12 мега төсөл бол цаг сунгах л оролдлого. 14 мега төсөл хэрэгжих боломжгүй гэдгийг МАН өөрсдөө ч хэлж байна лээ шүү дээ. МАН дотор энэ мега төслүүдийг ярьж байгаа хүн байгаа юм уу. Байхгүй.

-Нэг талдаа АН хамтарсан засагт ороод улс орны эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлж, ажил хийе урагшлуулъя гэж байна. Гэвч нөгөө талдаа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг намынх нь нөхдөөс гаргаад ирэнгүүт хамтарсан ЗГ дахь сандал суудлаа хамгаалаад хөдлөхгүй, барьцаанд орчхоод байгаа юм биш үү гэж харах хүмүүс байна?

-Энэ төслүүд урагшилснаар эдийн засгийн өсөлт сайжирна, монгол мөнгөтэй улс болно, хөгжинө гэж яриад байгаа юм. Би энэ удаагийн үйлдлээрээ аль нь чухал юм бэ гэдгийг олон нийтэд асуулга болгож тавьж байгаа байхгүй юу. Дарангуйлагч засаглалтай, ийм том бүтэцтэй төртэй улсад эдийн засгийн өсөлт гэдэг бол дарангуйлагч, авлигачдын л мөнгө болдог. Хамгийн нэгдүгээрт, төрийн зохион байгуулалт, удирдагчдын хандлага, ёс суртахуун. Эдгээр нь тогтож байж эдийн засгийн өсөлт нь хөгжил болдог. Тэгэхгүйгээр ийм буруу хүмүүс байгаа цагт мөнгө орж ирлээ ч эд нарын л мөнгө гэсэн үг. Авлигатай тэмцээгүй шүү. Авлига төрийн эрх мэдэл дээр, төрийн овоолсон их мөнгөн дээр л бий болж байгаа.

-Гишүүн болоод хэдхэн сар болж байгаа залуус өөрсдийнхөө толгойгоор улс төрийн нүүдлээ хийгээд эхэлж байгаа нь ах нарт муу зүйл учраас хооронд нь муудалцуулахыг оролдож байгаа байх-

-Таныг хэвлэлийн мэдээ авсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ зарим хэвлэлээр танай намын дарга Л.Гантөмөр Ш.Бямбасүрэн, С.Цэнгүүн нарын гишүүд рүү "Ч.Лодойсамбуугийн албан бичигт гарын үсэг зурж болохгүй" гэх байдлаар утас цохисон гэх мэдээлэл гарсан. Энэ талаар өөрсдөөс нь асууж тодруулсан зүйл бий юу?

-Аваагүй. Авсан бол би итгэхгүй. Одоо залуучуудыг хооронд нь муудалцуулах нь номер нэг асуудал байгаа шүү дээ. Энэ залуучууд чинь өөрсдийнхөө толгойгоор улс төрийн нүүдлээ хийгээд эхэллээ шүү дээ. Энэ чинь ах нарт муу зүйл байхгүй юу. Ялангуяа намд элсээд 6 сар, УИХ-ын гишүүн болоод 7 сар болж байгаа зэрэг залуус ийм улс төр хийнэ гэдэг ах нарт тийм таатай зүйл биш. Гэтэл ах нарын бодол бидний үзэл санаа зөрвөл зам зөрнө. Бид тийм даргын мөрөөдөлтэй залуус биш. Манай үеийнхэн эрх мэдэл мөрөөддөг хүмүүс биш. Эрх олдвол түүндээ тохируулаад хуулийн хүрээнд ардчиллаа хамгаалах эрх чөлөөтэй төрчихсөн. Үүнийгээ алдвал бүхнийг алдана гэдгийг мэддэг, мэдэрдэг учраас л ийм үйлдлүүд хийж байгаа. Энэ залуучуудыг ирийг дарах хүсэл явах гэж байгаа ах нарт таалагдахгүй.

-Үе үеийн Ерөнхий сайдыг огцруулах санаачилгыг "оройлсон" улстөрчдийн карьер хэрхэх нь санаачилга амжилттай болох эсэхээс хамаарсан хэд хэдэн түүх бий. Энэ удаагийн үйл явцаас шалтгаалж таны хувь заяа хаашаа эргэнэ гэж та харж байна?

-Манай эрх баригчид хамгийн муугаар нь эргүүлэхийг л хүсэж байгаа байх. Ойлгомжтой. Ялах эсэх нь улс төрийн шийдвэрээс хамаарна. Уг шалтгаан нь би ардчиллаа бодож, түүний талд байна. Нэвтрүүлгээрээ жишээ авъя. Би 2018 оноос хойш ардчиллын төлөө л бичиж, дуугарч ирсэн. Эрх чөлөө гэдэг бол хариуцлага юм байна гэдгээс өөрчлөлт эхлэх юм байна. Тиймээс иргэдээ хэрсүү болгоё гээд "Улаан бал" нэртэй зорилтот төсөл хэрэгжүүлээд явж байгаа. Түүнийгээ үргэлжлүүлж байгаа. Зөвхөн Ч.Лодойсамбуугийн улс төрийн нүүдэл гэхээс илүүтэй алсын хараа гэж байна шүү дээ. Намайг улс төрд хэсэг баллуурдсан ч бүр мөсөн дуусчихгүй байлгүй дээ.

Бүлэглэлүүд зөвшөөрч, дараагийн Ерөнхий сайдыг тохирсон үед л ЗГ-ыг огцруулах хөдөлгөөн амжилт олдог гэлцдэг. Энэ бол зөвхөн тэдний бодол бөгөөд өнгөрсөн дахь туршлага нь. Энэ ертөнц дээр зүй тогтол, онол хоёроос бусад нь цаг үеэ дагаж өөрчлөгдөж байдаг. Олон нийт нь хэрсүү болж байгаа үед бүлэглэлтэй, бүлэглэлгүй төлөөллөөрөө дамжуулаад Засгийн газарт хариуцлага тооцож чадна. Гишүүдийнх нь гарын үсгийн тоо хүрдэггүй юм бол ард түмнийх нь тоо хүрэх байлгүй дээ.

Ярилцсанд баярлалаа

ШУУД ҮЗЭХ:

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -15 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -15 хэм хүйтэн
 
Улаанбаатар - Франкфурт - Улаанбаатар чиглэлд 4+1 хаврын урамшууллыг зарлалаа
Улаанбаатар - Франкфурт - Улаанбаатар чиглэлд 4+1 хаврын урамшууллыг зарлалаа
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!