УИХ-ын намрын чуулган хаалтаа хийгээд 13 хонож байна. Гишүүд уяа нь адуурсан мэт хөдөө орон нутгийг зорьж хэрүүл, хэлцэл хоёрт дөжирсөн саарал ордон одоо ч "галтай" хэвээр. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн асуудал дээр даарин дээр давс нэмнэ гэгчээр Ц.Мөнхтуяа гишүүний ёс зүйн асуудал хөндөгдөж эхэллээ.
Түүний хувьд өөрийн цахим хуудаснаа "Миний мууг үзэн элдэвлэж яваад зарим нь шоронд зарим нэг нь шороонд булагдсан даа. Хөөрхий" гэж бичсэн нь олны эгдүүцлийг хүргээд байна.
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙН ДҮРЭМД
- УИХ-ын гишүүн биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайл үзүүлэх.
- Бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах, бусдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, доромжлохыг цээрлэнэ.
- Гишүүн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ албан ёсны эх сурвалжийг баримтлах ба олон нийтийг төөрөгдүүлэх, үндэслэлгүй мэдээлэл хийхийг хориглоно гэж заасан.
Ард түмэн төлөөллөө төрд илгээж, Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж, эв нэгдлийг хангах үүрэг хүлээлгэснээс биш тэдэнд гишүүний халдашгүй эрх гэх бамбайн дор элдэв юм бичиж, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэхийг нь зөвшөөрөөгүй л байлтай.
Түүний хувьд гуя дагаж хүзүү гэгчээр жагсаалтын 16-д эрэмбэлэгдэж гишүүн болсон түүхтэй. Тэрбээр 2018 оноос Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоог үүсгэн байгуулж, жагсаал цуглаанд идэвхтэй оролцож ирсэн нь багш нараас оноо авсан гэхэд буруудахгүй.
Японд парламентын гишүүн нь иргэдэд буруу мэдээлэл өгч, доромж үг ашигласны төлөө гэх мэт нэг л удаа алдаа гаргасан бол ёс зүйн хариуцлага хүлээж огцордог жишиг тогтчихсон.Тухайлбал,
- 2019 онд Японы Засгийн газрын сайд Ёшитака Сакурада “Гамшигт нэрвэгдсэн бүс нутгийг сэргээн завсварлахаас илүүтэй тус бүс нутгаас сонгогдсон гишүүдийг дэмжих хэрэгтэй” гэж хэлснийхээ төлөө өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорч байв.
- Түүнчлэн 2021 оны хоёрдугаар сард Японы олимпийн хорооны дарга Ёширо Мори "Эмэгтэйчүүд хэтэрхий их ярьдаг. Тиймээс эмэгтэй зөвлөлийн дарга нартай уулзахад хэтэрхий их цаг шаардагдана" гэж хэлснийхээ төлөө олон нийтийн сэтгэл санааг үймүүлсэндээ уучлал хүсэж, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон юм.
Гэтэл Монголд бүх юм эсрэгээрээ. Гишүүд нь худлаа хэлснийхээ төлөө, хулгай хийснийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй, хариуцлагагүй байдлаар нь жагсаадаг бол Монгол Улс тэргүүлнэ үү гэхээр сүүлдэхгүй.
Тиймээс УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар Ц.Мөнхтуяа гишүүнд хариуцлага тооц эсвэл ажлаа өг Ц.Мөнхтуяа гишүүн ээ.
Сэтгэгдэл (72)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!