Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. ЦЕГ-аас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд үхлийн шалтгаан урьдчилсан байдлаар угаарын хордлого гэж гарсан байдаг.
Уг гэр бүлээс цор ганцаараа үлдсэн хүү О өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Тэрбээр цэргээс чөлөөгөөр ирж, энэ бүх зүйл болсныг мэдсэн гэсэн юм. Мөн өчигдөр орой цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхдээ уг хэргийн хохирогчоор хүү нь бус талийгаач эмэгтэйн дүү О тогтоогдсон болохыг мэдээлсэн. Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Г.Пүрэвдэлгэр тайлбар өгөв. Тэрбээр "Зургаан хүний амь хохирсон хэргийн шалтгаан нь урьдчилсан байдлаар угаарын хийн хордлого гэдэг нь тогтоогдсон. Цагдаагийн байгууллага хүний амь нас хохирсон тохиолдол бүрийн гадны нөлөөтэй, гадны нөлөөгүй эсэхээс үл шалтгаалан мөрдөн шалгадаг. Ямар шалтгааны учир хүний амь нас хохирсон бэ гэдгийг нь тогтоож, хуулийн дагуу шийдвэр гаргадаг. Тэр хууль, журмын дагуу явагдаж байгаа ажиллагаа.
Амь хохирогчдын ар гэрийн хүн болох цэргийн алба хаагчийг хэвлэл, мэдээлэл, олон нийтэд мэдээлэл өгүүлэхгүй гэх ямар ч шалтгаан байхгүй. Нас барсан мэдээллийг цагдаа шалгаж эхлэхэд хүү /цэргийн алба хаагч/ УБ хотод байгаагүй. Ирэх хүртэл нь хүлээгээд мөрдөн шалгах ажиллагааг явуулахгүй байх боломжгүй, өөрөөр хэлбэл шалгалтын ажиллагаа цаг алдалгүй явагдах ёстой. Энэ хүрээнд амь хохирогчдын ойрын садан болох дүүг хэргийн оролцогч /хохирогч/-оор тогтоон хуулийн хүрээнд шалгалтын явц байдлыг тухай бүр нь танилцуулж, болсон асуудлын талаар мэдэх зүйлсийг нь асууж мэдүүлэг авах ажиллагаа явагдсан" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!