Өнөөдөр /2020.11.13/ 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш коронавирусний хоёр шинэ тохиолдол лаборатрорийн шинжилгээгээр батлагджээ.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээлснээр, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан, тээврийн жолоочийн дөрвөн настай хүүхдийн хоёр дахь шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Эдгээр хүмүүс бүгд ХӨСҮТ-д тусгаарлагджээ. Хүүхдийн ойрын хавьтлыг одоо тогтоож байгаа юм.
Мөн аравдугаар сарын 24-нд Франкфурт-Улаанбаатарын тусгай онгоцоор ирсэн иргэний давтан шинжилгээ халдвартай гарчээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусний халдварын 414 тохиолдол бүртгэгджээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү
"Засгийн газрын шийдвэрийн дагуу замын хөдөлгөөний хязгаарлалтыг өнөөдрөөс хэрэгжүүлж, хөл хорио тогтоосон. Өнөө өглөөний 06.00 цагаас эхлэн олон нийтийн сүлжээгээр ташаа мэдээлэл цацагдаж, үл ойлголцох мэдээллүүд их гарлаа. Нэгдүгээрт, цагдаагийн алба хаагчид үүрэг чиглэлийн дагуу үзлэг шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Тээврийн цагдаагийн алба хаагчид шаардлага тавихад, иргэд бухимдаж хүлээж авах тохиолдол гарлаа. Замын хөдөлгөөн хязгаарлалттай ч 13 байгууллагын ажилтнууд хувийн тээврийн хэрэгсэлтэй, ажил эхлэх, тарах цагаар зорчих боломжтой. Иргэд хөл хорионы талаарх мэдээллийг авч, маргаашнаас эхлэн албан бичиг, ажлын үнэмлэхээ биедээ авч явахыг анхааруулж байна. Иргэд хүнсээ цуглуулахаар хэт хол явах хүндрэлийг учруулж байна. Тиймээс иргэд аль болох гэрийн ойролцоох хүнсний зах, дэлгүүрээс хоол хүнсээ цуглуулахыг анхааруулъя" хэмээлээ.