2020 оны сонгуульд өөрийн гол өрсөлдөгч болох Жо Байдений хүүтэй холбоотой компанийг шалгуулахаар өнгөрсөн жил Трамп Украины засгийн газарт дарамт үзүүлсэн нь түүний импичментийн гол асуудал болж байгаа. Импичментийн шүүх хурлын чухал хэсэг болох “Бурисма Холдинг” байгалийн хийн компанийг оросын цэргийн тагнуулууд хакердсан нь тогтоогдлоо.
“11-р сарын эхэнд GRU хэмээн нэрлэгддэг оросын тагнуулын агентлаг “Бурисма Холдинг” компанид фишинг халдлага ашиглан мэдээлэл олж авсан. АНУ-ын төрийн дотоод асуудалд Москва дахин нэг удаа хутгалдаж байна” гэж кибер аюулгүй байдлын компани Area 1 мэдээлжээ.
Тус үйл явдал Трампийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскиг Жо Байдений хүү Хантер Байдентэй холбоотой “Бурисма” компанийг шалгахыг шаардаж, албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг тогтоох конгрессийн импичментийн шүүх хуралтай давхцаж байгаа юм.
2016 онд GRU хэмээх оросын тагнуулын байгууллага АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоныг хакердаж, цахим шууданг нь дэлгэсэн.
Клинтоны кампанит ажлын сүүлийн долоо хоногт тохиолдсон тус үйл явдалд АНУ-ын тагнуулын албаныхан Трампийг Москвагаас тусламж авсан гэж үзээд байв.
Харин Трампийн зүгээс Орос биш, Украин АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон гэж үгүйсгэж байсан. Трамп, түүний хуульч Рудольф Жулиани нар Дэд ерөнхийлөгч Жо Байден “Бурисма” компанид авилгын шалгалт орохоос сэргийлж, хүүгээ хамгаалахын тулд тус үйл ажиллагааг явуулсан гэж үндэслэлгүй мэдэгдээд байв.
“GRU-ийн зүгээс “Бурисма Холдинг”, хэд хэдэн охин компани, хамтрагч байгууллагуудын сервист нэвтэрч чадсан. Тус үйлдлийг зул сарын баярын өмнөх орой илрүүлсэн. Яг ямар мэдээлэл олж авсан болон тус мэдээллээ цацах эсэх нь тодорхойгүй байна” гэж Area 1 компанийн захирал Орен Фалковиц мэдэгджээ.
Фишинг гэдэг нь хакерууд хэрэглэгчийн системд нэвтрэхийн тулд ашигладаг техник. Хохирогч руу эхлээд хамт ажилладаг эсвэл итгэлтэй хүнийх нь нэрээр хуурамч цахим шуудан илгээж, линк дээр дарсан тохиолдолд хортой программаар дамжуулж эсвэл тусгайлан хийгдсэн вэб сайт руу хөтөлж нууц үгийг нь олж авах аргыг хэлдэг байна.
Эх сурвалж: Washington Post