Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуулийг буцаан хэрэглэж, авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг шалгах уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 0 секунд

УИХ өнгөрсөн баасан гарагт Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталснаас гадна Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталсан. Ингэснээр олон нийтийн шүүмжлэл дагуулаад байсан хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалтай холбоотой хэд хэдэн хэргийг сэргээн шалгах боломжтой болж байгаа талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар онцолсон.

Тэрбээр “Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд 2018 онд дөрөв хэрэг, 2019 онд есөн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн 2019 оны аравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргийн улмаас нийт 2.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан” гэдгийг тодотгов.

 Энэхүү хууль батлагдснаар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалтай холбоотой хэд хэдэн хэргийг сэргээн шалгахаар болжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын Засаг дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нар гэр хорооллыг орон сууцжуулах төслийг тендергүйгээр авсан гэх хэрэг, МХЕГ-ын газрын дарга Э.Аззаяа болон оймсондоо боодол мөнгөтэй баригдсан Б.Баярсайхан нарын авлигын хэрэг, Н.Алтанхуягийн хүргэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн албан тушаалаа ашиглан “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хууль бусаар тендер авсан гэх хэрэг, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав “Алтан Дорнод Монгол” компаниас 4 сая ам.долларыг хахуульд авсан гэх хэрэг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нар “Самурай” бондын зарцуулалтад эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн мөнгийг үрэгдүүлсэн гэх хэрэг, “Жаст” компанийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж “Стандарт” банкнаас 109 сая долларын зээл авсан гэх хэргүүдийг сэргээн шалгах боломж бүрдэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон дээрх хэргүүдийг дахин шалгаж, холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэх аж.

Гэхдээ батлагдсан даруйд хуулийг буцаан хэрэглэх, сэжигтэн, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх асуудал хөндөгдөж, хуульчдын дунд маргаан дагуулаад байна. Өөрөөр хэлбэл, Эрх зүйн байдлыг дордуулсан аливаа хууль, тогтоомжийг Үндсэн хууль зөрчсөн гэж үздэг юм. Энэ талаар хуульч Ж.Эрхэмбаатар “Хэрэг нь хэрэгсэхгүй болсон 400 иргэний эрх зүйн байдал дордох ёсгүй. Эрх зүйн байдлыг дордуулсан аливаа хууль, тогтоомжийг Үндсэн хууль зөрчсөн гэж үздэг. Хууль тогтоогчдын зүгээс яг ямар бодлого, томъёолол оруулж ирж байгааг хуульч хүний хувьд ойлгохгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болчихсон байхад шинээр үүссэн нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд эргэж харах, хянах хуультай. Энэ асуудлыг УДШ шийднэ. Энэ тохиолдолд хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байхгүй гэж харж байна. Гэвч хуульд сэргээнэ гэдэг заалт орчихсон” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.