Нэгдүгээр сарын 14-ний ѳдѳр Монгол улсын Ерѳнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Бор-Ѳндѳр суманд ажиллалаа. Түүнтэй хамт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХНХ-ын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүн, аймаг, сумын удирдлагууд Монголросцветмет нэгдлийн уулын баяжуулах үйлдвэрийн ажилчидтай уулзаж, Уулын цех, баяжуулах фабрикийн үйл ажиллагаатай танилцлаа.
Бор-Ѳндѳрийн уулын баяжуулах үйлдвэр 2019 онд түүхэндээ анх удаа татварын дараах ашиг 35 тэрбум тѳгрѳгт хүрсэн сайн мэдээтэй угтлаа. Тус уурхай хоногт 390 тонн хүдэр олборлож байна. Хүчин чадлын хувьд жилд 300.000 тонн хүдэр олборлох хүчин чадалтай байна. Уурхайд 1200 орчим хүн ажилладаг бөгөөд уурхайн ажилчдын дундаж нас 30-35 буюу харьцангуй залуужжээ. Ерөнхий сайд уурхайчидтай уулзаж, засгийн газрын үйл ажиллагаа, бодлого шийдвэр, улсын эдийн засаг, ажлаа товч тайлагнасны дараа тус сумын Соёлын төвд иргэдтэй уулзав. Уулзалтад 600 гаруй хүн оролцож, Ерѳнхий сайдад сум орон нутагт тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг дэвшүүллээ. Тухайлбал, сумын ундны усны аюулгүй байдал, харуул хамгаалалтын асуудал, эрүүл мэндийн тѳвийн ѳргѳтгѳл, онцгой байдлын салбар ангийн барилга, сургуулийн барилгын дээвэр зэрэг сум орон нутагт шаардлагатай, тулгамдсан асуудлаа шийдвэрлэж ѳгѳхийг хүсэж, Засгийн газрын хэрэгжүүлж буй ажил, бодлого шийдвэрт талархаж буйгаа илэрхийлсэн байна.
Ерѳнхий сайд асуудлуудаа аймгаараа дамжуулж, албан ёсоор тавихыг хүсэж, Бор-Ѳндѳр сумыг аж үйлдвэрийн парк хот болоход анхааран ажиллахаа илэрхийллээ. Ѳнѳѳдѳр тэрбээр Дархан, Баянмѳнх суманд ажиллана.
Б.Лхагвацэрэн