Монголбанк 2025 оны төрөөс мөнгөний бодлогыг баримтлах үндсэн чиглэлд хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцыг +-2 нэгж хувийн интервалтай, 6 хувь орчимд барихаар тусгасан. Харин өнөөдөр оны эцэст /2024 оны арванхоёрдугаар сар/ инфляци 9 хувьтай гарч өмнөх сараас нэг хувиар өссөн юм. Сүүлийн зургаан сар инфляци халж эрс чангарч байгаа нь төсвийн зардлын тэлэлт, мега төсөл, цалин тэтгэврийн нэмэгдэл, 1072 хувьцааны ногдол ашиг зэрэг хүчин зүйлээс нөлөөлж байгааг мөн төв банк тодотгож буй. Үүний зэрэгцээ Америк, Хятадын хоорон дахь худалдааны мөргөлдөөн Монголын эдийн засагт дахин том сорилт болж болзошгүй гэх болгоомжлол ч үүсэв. Энэ асуудлаар эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.
АНУ, ХЯТАДЫН ХООРОН ДАХЬ МӨРГӨЛДӨӨН МОНГОЛД ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛӨХГҮЙ Ч НҮҮРСНИЙ ҮНЭ УНАСНААС БОЛЖ УРД ОВООЛГО ҮҮСЭЖ, ӨВӨРМОНГОЛЫН ЧЕНЖҮҮД МОНГОЛООС НҮҮРС АВАХГҮЙ БОЛСОН
- Сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Хятадтай холбоотой тарифын татварын асуудал анхаарал татаж байна. Цаашилбал энэ нь Хятадын Монголоос авах бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж магадгүй гэх болгоомжлол бий?
- Бид оны өмнө конфренст орж байсан юм. Дэлхийн томоохон банк, хөрөнгө оруулалтын менежерүүд цуглаж зөвхөн Хятадын эдийн засагтай холбогдуулан 2025 оны төлөвийг ярилцаж байсан. Судалгаанаас гарч байсан үр дүнгүүдээс, Хятад 5, 10, 15, 20 жилээр бодлогоо төлөвлөдөг учраас хэрэв Доналд Трамп гарвал яах вэ гэдгийг улс төр, эдийн засгийн хувьд тооцоолсон байсан. АНУ руу экспортлогч улсуудыг харвал Хятад 30 гаруй хувийг эзэлж байсан бол 20 хувь болж буурсан. Тиймээс Хятад Европ, Энэтхэг, Зүүн Азийн орнууд руу экспортоо нөхөж нэмэгдүүлж байна. Энэ нь өөрөө Хятад салах арга хэмжээгээ аль хэдийнэ бодсон гэсэн үг. Дональд Трамп Хятадын эдийн засагт том нөлөөлнө гэж бодож байгаа ч Хятадын эдийн засагт имфакт авахгүй. Харин Хятадын гол эрсдэл нь дотоодод үл хөдлөх хөрөнгийн салбарт байгааг хөндөж ярьж байсан.
Одоо Америкийн тарифын бодлого нь магадгүй тодорхой хэмжээний сөрөг нөлөөллүүд үүсгэж болох ч Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлж эргээд Монголын эдийн засагт дарамт учруулах зүйл байхгүй. Бүх зүйл хэвэндээ үргэлжилдгээрээ үргэлжилнэ.
Дээр нь манай улсын гаргаж буй бүтээгдэхүүн Хятадын хувьд тийм ч их хувийг эзлэхгүй болж байна. Угаасаа л импортын нийт 10 хувийг Австрали, ОХУ, Монгол Улс бүрдүүлж байна. Магадгүй олон улсын зах зээлд түүхий эдийн үнэд нөлөөлж болно. Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 50 орчим хувийг хэрэглээ нь Хятадад байдаг.
Гангийн үйлдвэрийн 50 хувь нь Хятадын барилга дээр ашиглагддаг. Хятадын үл хөдлөхийн салбар хямрах нь гангийн хэрэглээ явахгүй. Ганг ширмээр гаргадаг бол түүхий эд нь коксжих нүүрс. Тэгэхээр суурь эдийн засгийн дам нөлөөгөөр нүүрсний үнийн нөлөөлөл одоо 30-40 хувь унасан учраас Өвөр Монгол дахь нүүрсний ченжүүд манай улсаас нүүрс авахгүй байгаа юм.
Яагаад гэвэл, овоолго үүсгэсэн, биднээс нүүрс авахгүй. Цааш нь гангийн үйлдвэрүүдэд нүүрс хольж өгье гэхэд үнэ хямд байгаа учраас тэр. Манайх эндээс нүүрсээ шахах гээд байдаг. Тиймээс Америк, Хятадын худалдааны мөргөлдөөн Монголд хүчтэй нөлөөлөхөөс илүү Хятадын дотоодод үүсэж буй үл хөдлөх хөрөнгийн салбар дээр л бид анхаарал хандуулах ёстой болов уу.
-Хэдхэн хоногийн дараа Хятадын цагаан сар болно. Хоёр улсын гэрээний баяр, амралтын өдрийн хуваарийн дагуу цагаан сараар Хятад улс хилээ гурав хоног, цаашилбал 14 хоног хүртэл хаах тохиолдол байдаг. Нэг талдаа импортын барааны эргэлт зогсоно. Нөгөө талд, нүүрсний экспорт зогсож магадгүй асуудал үүсэж байна. Улмаар орлого буурна, валютын нөөц улам татрах байдал руу орох зэргээр дарамт үүсэх вий. Эдийн засагчийн хувьд та хэрхэн харж байна?
-Жил бүр уламжлалт цагаан сарын баяр Хятадад болдог. Үүний нөлөө нь эдийн засагт өвөл болохоор барилгын ажил зогсдог гэдэг шиг л болсон учраас бизнесийнхэн ч бас зохицсон байх. Наад зах нь, худалдааны бизнесийнхэн бол нөөцөө ахиу авч, үнэ өртгөө шингээсэн болов уу. Энэ онцлогийг эдийн засаг өөрөө сүүлийн 10, 20 жил ойлгож улирлын нөлөө шиг болсон. Энэ үеэр манай суурь борлуулалтууд өсч, буурдаг статистик үзүүлэлтүүд урьдын адил хадгалагдна. Гагцхүү үүнийг хэр өөрсдийнхөө бодлогод уялдуулах вэ гэдгийг мэддэг болсон. Жишээ нь, хувийн хэвшлийнхэн хилийн боомт сар амрахад бараагаа хоёр дахин өндөр үнээр татах байдлаар арга эвээ аль хэдийнэ олсон учраас тийм ч их санаа зовохгүй байгаа. Нүүрсний экспорт ч бас адилхан. Тэгэхээр бид яах вэ гэдгээ “Эрдэнэс Монгол” тооцоолсон л байх. Харин цар тахал шиг анх удаа гарч ирж буй асуудал бол сурпрайз болно. Тийм биш учраас бүтээмж бууруулж, эдийн засгийг уналтад оруулна гэж бодохгүй байна.
НҮҮРСНИЙ ҮНЭ УНАСАН, ВАЛЮТЫН ОРЛОГО ТААРУУ ҮЕД ТӨСӨВ ДАНХАР БАЙГАА НЬ ХАНШ ДЭЭР ИРЖ БУЙ ДАРАМТЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА
- 2025 он бол манай улсын хувьд сорилтын жил болно гэж Төвбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тодорхойлоо. Таны хувьд хэрхэн харж байна?
- Нүүрсээ зарж орлогоо олдог импортын эдийн засагтай манай улсын хувьд хоёр, гурван хүчин зүйлийг сорилт гэж хэлж байгаа байх. Нүүрсний үнэ 30-40 хувь унасан нь эхний сорилт болж байна. Өөрөөр хэлбэл, экспортын биет хэмжээ өндөр байгаа ч үнэ унаж байгаа нь бидэнд ашиггүй байна гэсэн үг. Энэ хэмжээгээр ам.долларын урсгал, орж ирэх боломж багасна. Хоёрт, ийм сорилттой үед төсөв нэлээн данхар байна. Гаднаас орж ирж буй валютын орлогыг хэрэглэж буй эдийн засгийн агент гэж ярьдаг өрх гэх, аж ахуйн нэгж, Засгийн газар гэсэн энэ гурвын тухайд яривал хамгийн том хэрэглэгч нь Засгийн газар. Төсвийн урсгал зардал, цалингийн зардал бүхэлдээ импорт болж болж байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны зардал тендерээр дамжиж зам, барилгын салбар нь импортыг өдөөж байгаа.
Өөрөөр хэлбэл, валютын орлого тааруу хүнд сорилттой байгаа энэ үед төсөв замбараагүй данхар байгаа нь эргээд ханш дээр ирж буй дарамтыг нэмж байна гэсэн үг. Нэг үгээр, валютын ханшийн эрэлтийг нэмэгдүүлнэ.
Улмаар төгрөгийн худалдан авах чадварыг алдахгүй, өгөөжийг өндөр байлгахын тулд Монголбанк бодлогын хүүгээ буулгах боломжгүй. Төгрөгийн өгөөжийг буулгавал хадгаламж эзэмшигч нар ам.доллар болгох эрсдэлтэй. Тэгэхээр ам.долларжилтаас сэргийлж Монголбанк бодлогын хүүг өндөр барьдаг. Бодлогын хүү өндөр байхын цаана зээл гарах боломжийг хязгаарлаж байгаа. Энэ нь хэрэглээг хязгаарлана. Ингээд эдийн засаг дээр үүсэж буй эрэлтийг хумьж байгаа юм. Энэ бол иргэдийн орлогоос гадна зээлээр нэмж авч худалдан авалт хийх боломжийг хязгаарлаж байгаа буюу зээлийн хүү энэ жил буурахгүй нь гэх мессеж иргэд дээр очиж байна гэсэн үг.
ИНФЛЯИЦИ ЭРГЭЭД ХОЁР ОРОНТОЙ ТОО РУУ ОРОХ НЬ ТААГҮЙ ҮЗҮҮЛЭЛТ
- Инфляци оны эцэст 9 хувьд хүрч Төвбанкны зорилтот хязгаараас давлаа. Импортын дарамт инфляцийг өдөөж байна гэх боллоо. Магадгүй хоёр оронтой тоо руу орохыг үгүйсгэхгүй?
- Инфляци хоёр оронтой тоонд орох байх. 2019 оноос хойш инфляци 2 оронтой тоон дээр байсан бол 2024 онд 1 орон луу орж буурсан. Инфпяцыг бидний хэрэглэж буй 300 орчим бараа бүтээгдэхүүний үнийг дунджаар авч, үүнийг дахин дунджилж бидэнд харуулж байгаа юм. Ингээд бодож үзвэл та таны хэрэглэж буй топ-10 бараан дээр жил бүр хоёр оронтой тоо өснө гэдэг бол аймшигтай үзүүлэлт. Жил бүр худалдан авалт 10 хувиар унана гэдэг бол хэцүү.
- Амьжиргаа доошилно л гэсэн үг шүү дээ?
- Тийм бүр хүчтэй доошилно. Дээр нь өмнөх жилүүдийн хоёр оронтой тооны суурь өсөлтөөс дахиад хоёр оронтой тоо гэдэг бол бага дүн ерөөсөө биш. Нийлүүлж бодвол 40-50 хувийн худалдан авах чадварын уналтын тухай ярьж байна шүү дээ тийм биз. Хүн бүрийн хувьд инфляци ялгаатай. Ямар сагсны бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаас хамааралтай. Зарим нь машинтай эсвэл машингүй ч хүн байж болно. Гэхдээ инфляцыг эхний суурь нэмэгдүүлсэн хүчин зүйл бол эрчим хүчний реформтой холбоотой. Нэг нэгж хувийн нөлөөтэй гэх судалгаа гарсан. Хоёрт, төсвийн тэлэлт. Үүний нөлөөгөөр инфляцыг нэмэгдүүлдэг. Дээр хэлсэнчлэн ханшаар импорт дамждаг. Тэгэхээр импортоор дамжин инфляцид нөлөөлж байгаа. Тэгэхээр шууд импортын хамааралтайгаар үнэ өсч байгаа инфляцын 40 хувийг эзэлж байна. Ингээд бодож үзвэл төсөв нэлээн дарамт өгнө. Мэдээж улирлын нөлөөнүүд орж ирнэ. Тухайлбал, гурил хүнсний ногоо зэрэг тухайн улиралд нөөцлөгддөг учраас хавар нөөцийн мах, хүнсний ногоо үнэтэй байдаг. Ийм хүчин зүйлсээс инфляци нөлөөлж байна. Энэ жил инфляци хоёр оронтой тоонд байна. Гэхдээ энэ бол үнэхээр өндөр өсөлт гэдгийг бид ойлгохгүй. Ялангуяа улс төрчид, бодлогын байгууллагууд үүнийг ойлгомоор байгаа байхгүй юу. Инфляци хоёр оронтой тоонд байх нь таатай үзүүлэлт биш.
- Ялангуяа хил хаалттай, нүүрсний экспорт тэг зогссон цар тахлын үед инфляци 2 оронтой тоонд хүрч байсан. 20 хувь хүртэл халсан инфляцыг бууруулахын тулд төвбанк бодлогын хүүг чангаруулж байлаа. Мэдээж сүүлийн хоёр жил Хятадын эдийн засгийн сэргэлтийг дагаад манай улсын эдийн засагт ногоон гэрэл аслаа шүү дээ. Өнгөрсөн жилийн зун гэхэд инфляци нэг оронтой тоонд орж, төв банк ч бодлогын хүүгээ сулруулсан. Гэвч таны хэлснээр инфляци 2 оронтой тоо руу ороход дахиад бодлогын хүүг чангаруулахаас өөр аргагүй бололтой. Эцсийн бүлэгт иргэдийн нуруун дээрх ачаа нэмэгдэж дарамт болж таарч байна?
-Жишээ нь, эрчим хүчний тарифын ихэнх нэмэгдэл нь хувь хүн дээр бага болов ч үйлдвэрлэгч нарт өндөр өсгөсөн. Гэтэл талх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй тог цахилгааны зардал нэмэгдэж байгаа юм. Мэдээж ашиг олох ёстой байгууллага учраас ашигаа бууруулахгүй өртөгөө барихын тулд үнээ л өсгөж байгаа байхгүй юу. Зах зээл дээр хэрэглэгчдэд эрчим хүчний үнэ багаар нэмэгдсэн гэж ойлгогдож байгаа ч үүний цаана үйлдвэрлэгчээр дамжин эцсийн хэрэглэгч дахиад л үнийн өсөлтийг үүрч байгаа байхгүй юу.
- Жил бүр цалин тэтгэврийг инфляцитай уялдуулан нэмэгдүүлэх байдлаар төсвийн зардал тэлж байна. Харин таны хэлсэнчлэн төсвийн тэлэлт инфляцид дарамт болж байна. Үүний зэрэгцээ мега төслүүд болон ноогдол ашиг тарааж байгаа нь инфляци Төвбанкны зорилтот хязгаараас давахад нөлөөлжээ. Ингэхэд Төсвийн тэлэлт мөнгөний бодлоготой уялдахгүй байх шиг?
- Нэгэнт улс төр эдийн засгийн бодлого явдаг боллоо, эдийн засгийн бодлого дээр улс төрийн нөлөө асар их боллоо. Тэгэхээр эдийн засгийн бодлого судалгаатай явах боломж асар бага байна. Сонгуулийн дөрвөн жилийн цикль бодлогод хүчтэй нөлөөлдөг болсон энэ үед бид ямар арга хэмжээ авах вэ гэдгээ бодох ёстой. Угаасаа улс төрчид болохгүй байна, угаасаа төсвийн бодлого болохгүй гэж яриад шийдэгдэх асуудал байхгүй. Өнөөгийн популист улс төрийн эдийн засгийн бодлого хөтөлбөр боловсорч байгаа үед эхний инфляцын 60 орчим хувийг бүрдүүлж буй 4-5 төрлийн нэр бүхий мах, хүнсний ногоо, шатахуун зэргийн ложистикийг шийдэх буюу энэ зах зээлийн дунд болон урт хугацааны ложистик, хууль эрхзүйн орчин, татварын орчин, зах зээлийн хөгжилд илүү анхаарч чадвал ирээдүйн 5-10 жилийн дараах суурь инфляцыг бууруулах юм.
Монголбанк өөрөө нийлүүлэлтийн гаралтай инфляцыг бидний авах арга хэрэгсэл биш гэж орхидог. Эрэлтийн гаралтай хэрэглээний зээлээр өдөөгддөг инфляцыг бодлогын хүүгээрээ барьдаг.
Тиймээс Засгийн газрын хийх ёстой ажил гэдэг. Гэтэл Засгийн газар махны дунд хугацааны хөгжил, ложистикийг яаж шийдэх юм, татварын орчныг яаж шийдэх юм. Хэрэглэгчдэд хэрхэн улирлын нөлөөгүй тогтвортой шинээрээ гарал үүсэл нь тодорхой очих ёстой юм. Хүнсний ногоо яг адилхан. Энэ зах зээлийг цэгцэлсэн цагт суурь инфляци буурах боломжтой. Гэвч үр дүн нь таваас дээш жил харагдах ажил учраас сонгуулийн циклээс болоод орхиж байх шиг. Хэрэв сайнаар болдог бол төсөв мөнгөний бодлогоо уялдуулаасай гэж хүсэж байна. Төв банк нохойн баасыг нь мөнгөний бодлогоор цэвэрлээд төсвийн бодлогын араас яваад байна шүү дээ.
-Магадгүй инфляци 9.1 хувьтай байхад магадгүй хэрэглээний сагсанд багтаагүй хэрэглээ, зарим бараа бүтээгдэхүүнээс шалтгаалж 2 оронтой тоонд хүрсэн байх магадлалтай юу. Импорт өсөхийн хэрээр инфляци халж улмаар үнийн дарамт иргэд дээр ирнэ. Амьжиргаа уруудах нөхцөл үүснэ. Нөгөөтэйгүүр, экспортын орлого импортоо гүйцэхгүй байгаа нөхцөлд бодит амьдрал дээр эдийн засгийн өсөлт мэдрэгдэж байгаа юу?
- Хүн бүрт инфляци ялгаатай. Цагаан хоолтой хүнд махны инфляци хамаагүй л байхгүй юу. Инфляци 9.1 хувь гэдэг нь эдийн засгийн 16 салбарын төлөөлөл болсон үнийг тавьж дунджийн дундаж буюу нэлээн мөлийлгөсөн үнэ л байхгүй юу. Бид ямар нэгэн зүйлийг хэмжих гэж оролдож байгаа хэлбэр шүү дээ. Энэ бол стандартаас нэг их зөрөхгүй.
Инфляци дунджаар 2 оронтой тоонд байна гэдэг татвартай л адил гэсэн үг. Танаас мөнгө аваагүй ч худалдан авалт хийхэд л авсан байна гэсэн үг. Тухайлбал, би өмнө нь 100 мянган төгрөгөөр 2 тор бараа авдаг байсан бол 100 мянгаар нэг тор хагас бараа л авна.
Бараа, бүтээгдэхүүн худалдан авах үед инфляцын нөлөө нь хүмүүст мэдрэгдэнэ гэсэн л үг. Тиймээс инфляциас давсан цалингийн өсөлт бий болгох шаардлага үүсэж байна. Инфляциас дээгүүр өгөөжтэй хөрөнгө оруулалтууд хийхээс өөр аргагүй болж байгаа юм. Хэдий инфляцитай үед зээл авбал ашигтай байдаг ч өнөөдөр хүн бүр зээлтэй байна. Инфляцитай үед зээлийн хүү өндөр хэвээр байх тул хүү буурахгүй. Энэ жил зээл авлаа гээд ирэх жил бага хүүтэй авна гэсэн үг биш болж байгаа юм. Иймэрхүү зүйлийг хувь хүн дээр бодож худалдан авах чадварт хүчтэй нөлөөлж байгааг байгааг байнга бодох л ёстой.
- Ялангуяа бага орлоготой иргэдэд инфляцын өсөлт хамгийн том дарамт болж байна уу?
-Тийм. Угаасаа орлого бага байгаа болохоор ойлгомжтой доо. Үнэ өссөнөөс болж өмнө нь авдаг байсан зүйлээ авч чадахгүйд л хүрч байгаа шүү дээ. Тийм учраас л макро эдийн засгийн тогтвортой бодлого өөрөө сүүлийн 10-20 жил хамгийн их дутагдаж байгаа зүйл юм. Бид төсвийн алдагдал, улс төрийн шинжтэй асуудлуудад илүү фокуслаад байдаг.
Гэтэл Монгол хүн Монголд амьдрахад зүгээр л тайван ажлаа хийж бүтээмж гаргаж, гэр бүлтэйгээ сайхан амьдрахад орчин байна уу гэх асуудал. Утаа нь дүүрч. Цалин жил бүр өсч худалдан авалт сайжрах ёстой.
Үл хөдлөх, хөдлөх хөрөнгүүд авлаа гэхэд тэд үнээ алдахгүй байх ёстой. Дээр нь орлого, карьер өсөхийн хэрээр хэрэглээний сагс чанаржих ёстой. Ингээд бодвол, жилдээ гадаад руу аялдаг, зуслангийн байшинтай, машинтай хөрөнгө нь үнээ алдаагүй, санхүүгийн хөрөнгө оруулалт хийсэн ийм л Монгол айлыг бид бүтээх гээд л явж байна. Гэвч одоогийн нөхцөлд сүүлийн 10-20 жилийн макро эдийн засаг улс төрийн тогтворгүй бодлогоос болж инфляци 2 оронтой тоонд, валютын ханш сүүлийн 10 жилд 3 дахин унасан ийм үелд энд хичээсэн ч хөрөнгө өсөхгүй, цалин орлого нэмэгдсэн ч инфляцид идэгдэнэ, үл хөдлөх хөрөнгө авсан ч хөрвөх чадваргүй, эргэж борлогдохгүй, үнэ нь өсөхгүй ханшаар худалдан авах чадвараа алдсан.
Тэгэхээр Монголд амьдрах итгэл найдвар мөхөөгөөд л байгаа юм. Үүний гол асуудал нь, ханш, үнийн өсөлт хоёр сонгодог утгаараа байгаа байхгүй юу.
Тиймээс макро эдийн засгийн бодлого болон мөчлөг сөрсөн бодлого байх ёстой, түүхий эдийн үнэ өндөр байгаа дээр ахиухан орлого нөөцөлж, үнэ унасан үед түүнийгээ хэрэглэж төгрөгийн ханшаа ам.долларын эсрэг тогтвортой барьдаг, инфляци нь нэг оронтой тоонд жил бүр тогтвортой байвал иргэд нь сайхан амьдарч амьжиргаа нь дээшилнэ. Хэрэв та санаж байгаа бол 2010-2012 онд эдийн засаг 17 хувиар өсч байсан. Тухайн үед хүн бүр цалин орлого нь нэмэгдсэн мөнгөтэй, бүгд л бизнес хийх тухай ярьдаг, ажилгүйдэл буурсан маш гоё үе байсан.
Монголд амьдрахад орлого өсч, үл хөдлөх хөрөнгөтэй болох итгэл найдвартай, эдийн засаг сэргэсэн ийм л үеийг бид яриад байгаа байхгүй юу. Үүний тулд том, том зүйл ярихаас илүүтэй улс төрийн бүх бодлого явах ёстой. Улс төр, макро эдийн засаг том бодлогоор явагдаж байгаа учраас хүссэн шиг байж чадахгүй л байна.
- Ер нь эдийн засаг улс төрийн шийдвэрээс хамааралтай болоод удлаа?
-Тийм. Аливаа зүйлийн динамик гэж байна шүү дээ. 50 жилд нэг удаа дайн болдог, 5 жилд нэг удаа хямрал болдог, 100 жилд нэг удаа тахал болдог, 4 жилд нэг удаа сонгууль болдог, түүхийн эдийн мөчлөг 5 жилд нэг удаа, 4 улиралд хоёр удаа бизнес зогсдог, зэрэг маш олон эдийн засгийн мөчлөгүүд дунд амьдарч байгаа байхгүй юу. Энэ мөчлөгүүдэд тохируулж эдийн засгаа удирдах ёстой байтал сонгуулийн 4 жилээр бүх зүйлийг цикль болгохын дээр нь улирлын нөлөө орж ирэхээр Монгол Улс хэзээ хөгжих нь тодорхойгүй болж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!