Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаараа Төрийн ёслол үйлдэх тухай, Хурлын хороо, дэд хороод байгуулах тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах, балансаас балансад шилжүүлэх тухай, ээлжит бус анхдугаар хуралдааныг товлох зэрэг найман асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх тухай асуудлыг хэлэлцэн, холбогдох арга хэмжээ зохион байгуулах тогтоол баталсан байна. Богдхан уулын тэнгэрийг ирэх Даваа гаригт тайхаар тогтов.
Мөн тус хуралдаанаас Баянзүрх дүүргийн 167 дугаар цэцэрлэгийг өргөтгөх шийдвэр гаргасан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн ЗДТГ болон Цагдаагийн хэлтсийн хэсгийн ашиглах боломжгүй, хуучин барилгыг тус цэцэрлэгийн балансад шилжүүлсэн байна. Дээрх хоёр барилгыг өмнө нь нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгө, хуулийн этгээдийн жагсаалтад оруулсан билээ. Тэргүүлэгчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа эл хоёр барилгыг жагсаалтаас хасч, 167 дугаар цэцэрлэгийн балансад шилжүүлснээр өргөтгөл барих газрын асуудал ийнхүү шийдэгдэв.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Чингэлтэй дүүргийн XXVII хороо болон Налайх дүүргийн VII хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэх шийдвэр гаргасан юм. Нийтдээ нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий дээрх хоёр барилгыг Турк улсын буцалтгүй тусламжаар барьсан бөгөөд улсын комиссын шийдвэрээр ашиглалтад оруулсныг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба танилцуулав.