УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Боловсролын сайд П.Наранбаярын мэдээллийг сонслоо. Тэрбээр, судалгааны их сургуулиудыг бий болгох талаар хийж хэрэгжүүлж буй ажлаа эхний ээлжинд танилцуулсан юм.
Боловсролын яамнаас мэдээлснээр "Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийг тодорхойлох аргачлал, жагсаалтыг таван жил тутам шинэчлэн боловсруулж батлуулахаар хуульчлагдсан бөгөөд 2024 оны А/120 тоот тушаалаар ажлыг хэсгийг баталж, 2025 оны эхний улиралд батлуулахаар ажиллаж байна. Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр хөтөлбөрүүдийн элсэлтийг нэмэгдүүлж, суралцагчдад тэтгэлэг олгох, тэргүүлэх мэргэжлүүдээр төгсөгчдийг ажилд авч буй компаниудад татварын хөнгөлөлт зэрэг урамшуулал олгох бодлогыг дэмжинэ. Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр суралцагчид Засгийн газрын тэтгэлэг нийтдээ 6,9 тэрбум төгрөг, зарим эрэлттэй мэргэжлээр суралцагчдад 6,2 тэрбум, сургалтын төлбөрийн зээл 4,3 тэрбум төгрөгийн тэтгэлгийг тус тус олгоод байна. Дээд боловсролын сургалтын байгууллагын төгсөлтийн журамд төгсөлтийн баримт diploma supplement-ийг олон улсын жишгийн дагуу сургалтын хөтөлбөрийн суралцахуйн үр дүн, үнэлгээ, мэргэшлийн шаталсан бүтэц, уялдаа зэрэг мэдээллээс гадна төгсөгчийн сургалтын хугацаандаа эрдэм шинжилгээ, судалгаа, нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн үйл ажиллагаа, ололт амжилтыг нарийвчлан тусган олгож эхэлсэн. Төрийн өмчийн их сургуулиуд хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрүүдийн төгсөлтийн дараах мөшгөх судалгааг жил бүр хийж байна. Цаашид төгсөгчдийн мөшгөх судалгааг бүрэн цахим хэлбэрт шилжүүлнэ. Дээд боловсролын сургалтын байгууллагад насан туршийн боловсрол олгох тогтолцоог төрөөс дэмжин ажиллана" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!