УИХ-ын чуулганы хуралдаанаар Н.Энхболд нарын таван гишүүн өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Уг тогтоолын төслийг хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: "МАН-ынхан минь ээ, энэ хуулийн төслийг татаж авах хэрэгтэй. Ядаж бид Их хурлаасаа эхлээд ийм одон медаль өгдөг байдлыг зогсоох хэрэгтэй" гэв.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: "Би энэ 30 жилийн ойн медаль дээр эргэлзэж байна. Монгол Улс социализмын үеийн одон медальтайгаа үлдсэн хоёрхон улсын нэг. Нөгөө нь хойт солонгос. Монголын төрийн шагналын үнэ цэнэ ард түмний дунд унасан. Төрийн одон медаль бол намын одон медаль болсон. Энэ эмх замбараагүй байдлаасаа салах цаг болсон. Энгэрээрээ дүүрэн одон медальтай ард түмэн дэлхийд хоёрхон байна. Шагнал бол шударга ёсны хэмжүүр. 30, 40 хүрээгүй байж Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт зүүдэг залуучууд байна. Зарим нь тэрийгээ зүүхээс ичдэг үе бий болчихоод байна. Гэтэл залуу насаа бүтээн байгуулалтад зориулсан ахмадууд энгэр хоосон сууж байна. 70-аас дээш настай ахмадууддаа нэг мөсөн Алтан гадасыг нь өгөөд цаашдаа одонгийн тогтолцооноос салъя" гэлээ.