Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тодруулга: Зургаан аймгийн дундаас доош таргатай малыг худалдан авч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 10 секунд

Өвөрхангай аймгийн Богд суманд өнгөрсөн сарын 27-ны өдөр их хэмжээгээр хонь, ямаа худалдан авна гэсэн зар тарж, малчид сумын төв дээр малаа цуглуулсан боловч мал худалдан авах нь тодорхойгүй. Богд суманд өвс ургаагүй, зуншлага тааруу болсон учраас малчид малаа буцааж авч явах аргагүйдээд байна гэсэн иргэний гомдол 11-11 төвд ирсэн байна.

Тус гомдолд “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар зудын эрсдэлтэй байгаа аймгуудын хүндрэлтэй байгаа сумдын дундаас доош тарга хүчтэй хонь, ямааг тодорхой үнээр худалдан авч, малчдыг хохирол багатай өвөл хаврыг даван туулах нөхцөл боломжийг бүрдүүлэх, малчдад сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор Төгрөг, Богд, Гучин-Ус, Баруунбаян-Улаан, Сант, Арвайхээр зэрэг сумдын малчид, мал бүхий иргэд хамрагдана. Аймгийн Засаг даргын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн газар, аймгийн Мал эмнэлгийн газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Өвөрхангай аймаг дахь салбар, Хөдөө аж ахуйн бирж, дээрх сумдын Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллага хамтран ажиллана.Эдгээр байгууллагуудын хүлээх үүргүүдийг тодорхой заагаад чиглэл өгч бэлтгэл хангах үүрэг өгсөн. Энэхүү ажилтай зэрэгцээд “Эрүүл монгол мах Эко” компани гэрээ байгуулаад ямаа авахаар тохиролцсон боловч үнэ тохирохгүй шалтгаанаар баахан мал цуглуулчхаад аваагүй байна” гэсэн хариуг Богд сумын Засаг даргын орлогч Насантогтох, ХАА-н тасгийн мэргэжилтэн Сугар нар өгчээ.

Э.Сугар: Ерөнхийлөгчийн санаачилгаар хэдэн мал авах нь тодорхойгүй байна

Энэ талаар ХАА-н тасгийн мэргэжилтэн Э.Сугартай холбогдож тодрууллаа.

-Танай суманд мал их хэмжээгээр авна гэсэн зар тарсны дагуу малчид малаа цуглуулсан гэсэн гомдлын дагуу ярьж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Аравдугаар сарын 27-ны өдөр “Эрүүл монгол мах эко” компани мал авна гэсэн зар тараасан. Манай суманд утасны сүлжээ сайтай учраас сумын малчид тэр дор нь мэдээлэл авч малаа сумын төв рүү авч ирсэн. Тэр компани уг нь 1000 мал авна гэсэн юм билээ. Тэгсэн чинь бараг 7000 гаруй мал цуглаад байсан. Тиймээс компанийн удирдлагууд хэлэлцээд дахиж 1000 мал нэмж авахаар болсон. Нийтдээ 2000 мал авна гэсэн үг л дээ. Газар дээр нь жинг нь үзээд, мөнгийг нь өгч байгаа болохоор малчид ингэж хошуурсан хэрэг.

Манай суманд зуншлага болоогүй. Малын хамар хатгах өвсгүй. Энэ өвөл өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа.

-Танай сум дээр Ерөнхийлөгчийн санаачилгаар онд орохгүй малнуудыг худалдан авч байгаа гэсэн. Энэ ажил юу болж байна вэ?

-Энэ сарын нэгний өдөр буюу бүтэн сайн өдөр 60 мал л нядалгаанд орсон. Өнөөдөр /уржигдар/ 600 гаруй мал нядалгаанд оруулсан байна.

-Ер нь хэдэн мал авна гэсэн бэ?

-Яг тэд эд гэсэн тоо нь гараагүй.

-Дундаас доош таргатай мал авна гэсэн. Ямар шалгуураар авч байгаа вэ?

-15 кг-аас доош малыг авч байгаа. Малын эмч нар газар дээр нь ажиллаад, үзлэг хийж, гарал үүслийн бичиг үйлдэх, өвчтэй малыг газар дээр нь устгалд оруулах зэрэг арга хэмжээ авч байна. Мөн эхлээд малчдаас авсан малынхаа үнийн багахан хэсгийг өгч байгаа. Гэрээ хийгээд дараа нь үлдсэн хэсгийг малчдын данс руу хийнэ гэсэн.

-Өвчтэй мал гарч байна уу?

-Одоогоор гараагүй. Манай аймагт малын өвчин гарах нь харьцангуй бага.

-Өөр сумдын малчид малаа авч ирж өгч болох уу?

-Яг журам нь нарийн сайн болоогүй. Зарим зүйл одоогоор тодорхойгүй байна. Малчид бол онд орохгүй малаа худалдан борлуулах л хүсэлтэй байна.

-Танай аймагт малын мах хэдтэй байна вэ?

-Гайгүй сайхан мах бол үнэтэй байгаа. 20 кг-тай гулууз байлаа гэхэд кг нь 5000 төгрөгөөр борлуулагдаж байгаа. Аймгийн төв дээр хэд хэдэн махны үйлдвэр бий. Тэнд ч гэсэн боломжийн үнээр мах худалдан авч байна гэсэн.

ЕТГ: Энэ ажлыг Ерөнхийлөгч санаачлаагүй, иргэдийн хүсэлтэд үндэслэсэн

Дээрх санаачилгын талаар ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Энэ ажлыг Ерөнхийлөгч санаачилсан гэж хэлж болохгүй. Ерөнхийлөгч 21 аймгаар тойрч, иргэдтэй уулзалт хийсэн. Энэ үед зуншлага тааруу байгаа аймгийн иргэд Ерөнхийлөгчид санал тавьж байсан. Онд орохгүй малыг худалдан авах ч юм уу, төрөөс арга хэмжээ аваач ээ гэсэн. Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу энэ ажлыг зохион байгуулж байгаа. Энэ талаар албан мэдээ гарсан” гэв. Мөн тарга багатай их хэмжээний малын махаар юу хийх, хааш нь худалдан борлуулах талаар тодруулахад “Энэ ажилд ХХААХҮЯ хамтран оролцож байгаа. Тэднийхээс асуу” гэв.

ЕТГ-ын Хэвлэлийн албанаас гаргасан мэдээнд “...Холбогдох судалгаагаар 2020-2021 онд ган болсны улмаас өвөлжилт гамшгийн хэмжээнд хүрэх магадлалтай Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгууд, мөн Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудын 75 сумын 80 мянга гаруй малчны амьжиргаа, 7-10 сая мал эрсдэлд орох тооцоо гарсан байна. Үүсэж болзошгүй эрсдлийг хараад суух биш, урьдчилан тооцож, хохирол багатай даван туулах менежментийг цаг алдалгүй хийж, төр, хувийн хэвшил хамтран холбогдох шийдвэрийг богино хугацаанд гаргаж ажиллах нь хамгийн зөв шийдэл гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна” хэмээн дурьджээ.

Энэхүү ажлын хүрээнд хонь, ямааны 40000 тонн мах авах шийдвэрийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс гаргасан байна. Харин цуглуулсан махаа урд хөрш рүү экспортлох юм байна.

Б.Сонор

Вьетнамд “Молаве” шуурганы улмаас 39 хүн амиа алджээ
Вьетнамд “Молаве” шуурганы улмаас 39 хүн амиа алджээ
 
УУЛЧДЫН ХОЛБОО: Амиа алдсан хоёр уулчин маань Дэлхийн дээвэрт хөтөчгүй гарсан анхны Монгол уулчид боллоо
УУЛЧДЫН ХОЛБОО: Амиа алдсан хоёр уулчин маань Дэлхийн дээвэрт хөтөчгүй гарсан анхны Монгол уулчид боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.