“Горгаз“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Цэрэнноров: Анх удаа Засгийн газар, нийслэлийн түвшинд газ руу шилжих шийдлийг ярьж байгаа нь маш том ололт

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
30 минут 5 секунд

Агаарын бохирдолтой тэмцэх ойрын хугацааны шийдлээ хот газ руу шилжих хэмээн "тодорхойлов". Ингэхдээ Хотын дарга Х.Нямбаатар цагаан сараас өмнө 20 мянган айлыг LNG газ руу шилжүүлэх гэрээг үзэглэнэ хэмээн мэдэгдсэн. Тэгвэл газ руу шилжих боломж, төлөвлөлт, аюулгүй байдал түүнийг тойрсон асуудал чиглэлд "Горгаз" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Цэрэнноровтой ярилцлаа.

-Нийслэлийн удирдлагын багаас сайжруулсан түлшний дараагийн шилжилтийн төлөвлөгөөг гаргаж, эхний ээлжинд 20 мянган айлыг LNG газ руу шилжүүлэх шийдлээ танилцууллаа. Газ руу шилжинэ гэхээр олон нийтэд төдийлөн итгэл төрөхгүй байгаа болов уу. Мэргэжлийн хүний үүднээс энэ шийдлийг юу гэж харж байгаа вэ?

-Агаарын бохирдлын асуудлыг 20 гаруй жил ярилаа. Харин өнөөдрийн нөхцөлд дэлхийн улс орнуудад хэрэгжүүлсэн сайн туршлага бол Хотын даргын яриад байгаа хийн түлшинд шилжүүлэх шийдэл юм. Үүнийг өмнө ярьдаг байсан ч өнөөдөр "үнэнд гүйцэгдэж" гэдэг шиг шийдэл болгож гарган тавьж байна. Иймээс энэ асуудлыг манай мэргэжлийн байгууллагууд, тэр дундаа хийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, ААН байгууллагууд бүгд л дэмжиж байгаа. Харин Хотын даргын ярьж буй хийн түлш рүү шилжүүлэх асуудалд техникийн шийдэл, арга зам нь ямар байгааг бид сайн хэлж мэдэхгүй юм. Бидний зах зээлд нийлүүлдэг пропан, бутан буюу шингэрүүлсэн хийн тал дээр бидэнд тодорхой шийдэл байгаа. Энэ шийдлүүдээ бид сүүлийн 3-4 жилийн турш хэрэгжүүлээд утааг бууруулах чиглэлээр манай газын компаниуд тодорхой үр дүнг ч гаргаж чадсан.

Тухайлбал, манай компанийн хувьд цар тахлын үеэс авхуулаад нүүрсээр ажилладаг, төвлөрсөн дулаан хангамжаас хол газруудын нүүрсэн зуухыг хийн халаалтын зуухаар солих ажлыг зохион байгуулсан. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд 30-40 газрыг энэхүү хийн зууханд шилжүүлээд байна. Бид хийг нь нийлүүлээд ашиглалт, аюулгүй ажиллагааг нь хангаад явж байгаа. Дараа нь бид өнгөрөгч 12 дугаар сард Орхон аймагт 1.4 мВт хүчин чадал бүхий хийн халаалтын зуухыг угсарч суурилуулаад улсын комисст хүлээлгэн өглөө. Ингэснээр тус аймаг нь анх удаа хөдөө орон нутгуудаас хийн түлшийг бие даасан халаалтын эх үүсвэрээр 6-7 объектыг халаагаад эхэлчихсэн. Бид ийнхүү хэсэгчилсэн байдлаар газны бие даасан эх үүсвэрээр халаалтыг шийдэх боломж байна гэж харсан. Улаанбаатар хотод ийм байдлаар халаалтаа шийдсэн айл өрхүүд ч байгаа.

-Тэгэхээр тухайн шийдлийн техникийн арга замаас үл шалтгаалаад хэрэгжих БОЛОМЖ нь байгаа гэж харж байна уу?

-Тийм ээ. Боломж нь байгаа. Бүрэн хэрэгжих боломжтой. Хотын дарга яриандаа LNG газ руу 20 мянган айлыг шилжүүлнэ гэж дурдсан. Энэ өөрөө технологийн шийдэлтэй. Та бүхэн бас бодоорой. Бид энэ бизнесийг хийгээд 20-25 жил болж байна. Энэ хугацаанд бид LNG газтай холбоотой шийдлийг судалж үзэж байсан. Боломж олдсон дээр хэлэхэд, манайхан шингэрүүлсэн хий, LNG, байгалийн хий зэрэгт зөв ойлголттой байх хэрэгтэй. Ялгаа заагийг нь ойлгох хэрэгтэй.

-Газ гэхээр бидэнд нарийн ойлголт байдаггүй шүү дээ. Тэгвэл энэ шийдэл дээр яригдаад байгаа LNG газны талаар та тайлбарлаж өгөөч?

-LNG гэдэг нь газыг тээвэрлэж, хадгалах нэг хэлбэрийг нь хэлээд байгаа юм. Liquefied natural gas гэж байгаа юм. Энэ нь шингэрүүлсэн байгалийн хий. Байгалийн хий нь байгаль дээр орд хэлбэрээр байж байдаг. Мөн нефть боловсруулах явцад гарч ирдэг. Гурван янзын байдлаар байгалийн хий маань гарч ирдэг. Гэхдээ байгалийн хийг тээвэрлэх гэдэг асуудал нь өөрөө ихээхэн техникийн шийдлийг шаарддаг. Яагаад гэвэл LNG гэдэг нь байгалийн хийгээ -180 градус хүртэл хөргөөд түүнийг шингэн төлөвт шилжүүлээд тээвэрлэх боломжтой байдаг. Энэ нь байгалийн хийг бид ОХУ-аас тусгай хөргөлтийн систем бүхий машинаар авч ирээд түүнийгээ хөргөлтийн саванд шингэн хэлбэрээр нь хадгалаад дараагаар нь төлөвлөсөн газраа хадгалах саваа байгуулж хий хэлбэрт шилжүүлнэ. Түүнээсээ газын хийн шугамнуудаа гудамжууд руу оруулж, үргэлжлээд айлуудад бойлуур тавьж айл өрхүүд нь хэрэглэх зарчмыг Хотын дарга ярьж байгаа болов уу гэж бодож байгаа. Яагаад гэвэл одоогоор надад энэ шийдлийг хэрэгжүүлэхдээ ямар арга зам ашиглах талаар холбогдох мэдээлэл алга байна. Гэхдээ дэлхий даяар энэ шийдлийг ийм байдлаар л хэрэгжүүлсэн байдаг. Та бүхэн мэдэж байгаа. Лондон хот маш олон хүн амь эрсэдсэний дараа энэ шийдэл рүү орсон байдаг. Тэгэхээр энэ газ руу шилжих шийдэл өөрөө бүрэн боломжтой. Мэдээж асар их хэмжээний хөрөнгө оруулалт, аюулгүй ажиллагаа, сургалт, хүн, хүчний нөөц хэрэгтэй болно.

-Эх үүсвэр тал дээр эргэлзээгээ бид өөрчлөх хэрэгтэй. Бидэнд нөөц боломж их байгаа-

-LNG газыг хаана хаанаас импортолж авах боломжтой вэ. Одоо бол ОХУ л яригдаад байгаа?

-Ер нь ОХУ болон БНХАУ-аас авах боломжтой. LNG нийлүүлдэг гуравдагч улсуудаас авах боломж бий. Хамгийн ойр гэвэл ОХУ-аас авах боломж байна. LNG-г дэлхийд хамгийн өргөнөөр тээвэрлэж байгаа тээвэрлэлтийн арга нь далайн тээвэр байдаг. Ийнхүү шингэн хэлбэрээр танкераар авч ирж, эх газарт буулган шингэнээр нь хадгалж байгаад гаргадаг учраас өөрөө хямд өртөгтэй болж ирдэг. Харин бид одоогийн нөхцөлд ОХУ-аас авахдаа зайлшгүй төмөр замаар авч ирнэ. Магадгүй вагон, тээвэр логистикийн асуудал, цаашилбал шаардлагатай аюулгүй ажиллагааг хангасан хадгалах савууд хэрэгтэй болно. Бусдаар тээвэрлэлт тал дээр болохгүй гээд байх зүйлгүй. Үнэ ханшийн хувьд хэр зэрэг өөрчлөлт орохыг мэдэхгүй юм. Хотын дарга хэлэхдээ нүүрсэнд өгдөг татаасаа бууруулаад газ руугаа үе шаттайгаар шилжүүлэх асуудлыг ярьсан. Үүнтэй холбоотой Агаарын чанарын тухай хууль гэж бий. Эл хуульд үүнтэй холбоотойгоор хэрэгжүүлэх журмыг боловсруулах талаар хэлж байсан. Журам боловсруулагдсанаар хэрэглэгчдэд очих хийн үнэ буурах боломжтой гэж харж байгаа.

-Энэ шийдэл яригдаж эхлэхтэй зэрэгцэн олон болгоомжлолууд хөвөрч байна л даа. Тухайлбал, бид шатахуун, цахилгаан эрчим хүчний хувьд өнгөрсөн хугацаанд ОХУ-аас шууд хамааралтай явж ирсэн. Магадгүй газ руу шилжилт хийж, ОХУ-аас импортолж авахын хэрээр цаашдын хэрэглээндээ бид дахиад нэг зүйлээрээ "хараат" байдалд шилжвэл хэрхэх вэ гэдэг асуудал байна?

-Юм ярихад зайлшгүй л нөгөө талаас нь ярина л даа. Одоогийн нөхцөлд Монгол Улс бензин шатахуунаа ОХУ-аас л авч байгаа. Хараат байна гээд бензин шатахуун авахаа больчихдоггүй биз дээ. Бид хэрэглэсээр л байгаа. Үүнтэй адилаар газ нь өөрөө байгалийн хий гэдэг утгаараа газрын тосны бүтээгдэхүүний нэг төрөл л гэж явдаг. Газрын тосны бүтээгдэхүүн нь органик болон органик бусаар газар дээр болон бусад хэлбэрээр олборлон гаргаж авсан түлш, шатахуун, шингэрүүлсэн нүүрстөрөгчийн хийнүүдийг хэлнэ гээд Газрын тосны тухай хуульдаа заачихсан байгаа. Өөрөөр хэлбэл, дизель авч байгаагаас л ялгаагүй. Энэ өнцгөөс нь хараад хийвэл хүндэрнэ. Гэхдээ Монгол Улс 21 талбайг сонгон шалгаруулаад бүтээгдэхүүн авах энэ шат руу явж байгаа. Газрын түүхий тос боловсруулах дээр хоёр газар ажил явж байгаа. Нүүрсний давхаргын метан хий олборлох дээр 2-3 туршилтын олборлолтоо хийгээд байгалийн хийгээ олборлочихсон явж байгаа. Улмаар цахилгаан гаргах гэдэг асуудлыг ч яриад явж байгаа. Тэгэхээр бидэнд ирээдүй байна уу гэвэл байна. Өмнөговьд нүүрсний метан хийг олборлож байгаа шүү дээ. Түүнийг шингэн хэлбэрээр нь тээвэрлэж авч ирэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, бидэнд эх үүсвэр байгаа. Монгол Улс чинь баялаг шүү дээ. Нөгөө талд бидний оруулж ирж байгаа пропан, бутаныг Монгол Улс дотоодын эх үүсвэрээр хангах боломж бий. 2-3 жилийн дараа Дорноговийн нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орно. Тэнд бараг 60 мянган тонн шингэрүүлсэн хий үйлдвэрлэнэ. Манай улсын хэрэглээ 40 орчим мянган тонн байдаг. Түүнийг давсан хэрэглээг манай нефть боловсруулах үйлдвэр үйлдвэрлэнэ. Тэгэхээр бид шингэрүүлсэн хийгээр нөөцөө бүрдүүлээд үүнд түшиглээд байгалийн хий цаашилбал дараа дараагийн хийн төрлүүдийг үйлдвэрлээд явах бүрэн боломж нь байна гэж харж байгаа. Эх үүсвэр тал дээр эргэлзээгээ бид өөрчлөх хэрэгтэй. Бидэнд нөөц боломж нь байгаа.

-Хотын дарга энэхүү шийдлээ танилцуулах үеэрээ нефьтийн дайвар бүтээгдэхүүн нафтагийн С5, С6, С6 загварын газны шугамд холбох, дундын станцтай болох асуудлыг ч хөндөөд амжсан. Үйлдвэрийн тал дээр?

-Наадах чинь их сонин асуудал. Би чинь өөрөө Дорноговийн нефть боловсруулах үйлдвэрийн анхны захирлаар ажиллаж байсан салбарынх нь мэргэжлийн хүн шүү дээ. Нафта гэдэг бол анхан шатны бензин байхгүй юу. Түүнээс С5, С6, С7-г гаргаад явна гэдэг бол жаахан хүндрэлтэй. Боломжгүй биш боломжтой. Гэхдээ СН15 гэх бодисын талаар яриад байгаа юм. Түүнийг нафтагаас боловсруулж гаргана гэвэл хүндрэлтэй. Иймээс бүрэн боломжтой эсэхийг нь би хэлж мэдэхгүй юм. Мэдээж технологи юмнуудыг нь Хотын дарга мэдэж байгаа байлгүй. Хятадын энэ чиглэлийн компаниудтай хамтраад ТЭЗҮ-г нь боловсруулчихсан гэж байгаа учраас би коммент хэлэхэд хэцүү юм.

-Манайхан газ гэхээр л айгаад байдаг. Гэтэл газ бол дэлхий нийтээрээ хэрэглэж байгаа, хэрэглэхэд хялбар, үр дүнтэй, цаг хугацааг хэмнэсэн бүтээгдэхүүн шүү-

-Төлөвлөлт маш чухал. Гэхдээ энэ шийдлийг ярихаар манай гэр хорооллын дэд бүтэц тал дээр асуудал үүсэхгүй юу?

-Асуудал байхгүй. Монголын нөхцөлд өнөөдөр түгээмэл хэрэглэж байгаа нь LBG буюу пропан бутан хийн холимог. Монголоор шингэрүүлсэн хий гэж нэрлэж явдаг. Ер нь LNG, LBG -н хувьд аль аль нь боломжтой. Тодорхой хэмжээнд газрын далд хэсэгт саваа байршуулж, шугам хоолойгоо гаргаад айлууд руу оруулаад явах бүрэн боломж бий. Шугам нь ил ч, далд ч явж болно. Байгалийн хийн давуу тал нь хүйтэнд шингэрдэггүй хий хэлбэрээ хадгалж байдаг учраас айлууд руу шугамаа оруулаад явах бүрэн боломжтой. LBG-н хувьд бас боломжтой хэдий ч техник болоод хийн өөрийн найрлага шингэн төлөвт шилждэг учраас шийдэл нь богино зайд хийгдэнэ. Миний харж байгаа өнцөг бол, үндсэн байгалийн хийн магистрал шугамуудаа том том гудамжууд руугаа тавиад тэндээсээ салбарлуулаад явуулах. Харин түүнээс цааш хүрч чадахгүй хэсгүүд рүүгээ LBG -гээ оруулаад явчихвал их зөв төлөвлөлт болно.

Манай компанийн хувьд ч энэ тал дээр хэд хэдэн шийдлүүдийг гаргаж ирсэн байгаа. Тухайлбал,

Монголд утаа бууруулах чиглэлээр маш олон төсөл хөтөлбөрүүдийг бид хэрэгжүүлж ирлээ. Гэтэл бид утааг бууруулах чиглэл рүү л анхаараад байгаа. Харин тэр сайжруулсан түлшийг хэрэглэснээрээ хүмүүсийн амьдралын хэв маягт өөрчлөлт орох уу, амьдралд нь ямар нэгэн үнэ цэн бий болох уу гэдгийг бодолцохгүй байна. Тэгвэл газ хэрэглэж дулаанаа бий болгож байгаа хүмүүсийнхээ нийгмийн асуудлыг нь шийдсэн төсөл хэрэгжих ёстой юм байна гэж бодсон.

Өмнө хэлсэнчлэн манайх Орхон аймагт 1.4 мВт-ын бие даасан эх үүсвэрийг бариад 6,7 объектыг халаахад дулааны шугамаар ойролцоогоор 2.4 км зайнд эргэж байгаа юм. Энэ зарчмаар гудамжууд руу, айл болгон руу хийн дулааны шугамыг нь оруулчихъя гэж байгаа юм. Тэгвэл энэ хүмүүсийн газар нь үнэ цэнтэй болно. Өөрөөр хэлбэл, чиний хашаанд дулааны шугам ороод ирвэл газар чинь үнэ цэнтэй болно биз дээ. Миний хашаа дэд бүтэцтэй болчихлоо, байшингаа гоё болгоё, орон сууцнаас дутхааргүй нөхцлийг бий болгоё гэж зорино биз дээ. Газрын чинь үнэлгээ 10 сая байсан бол 30 сая болно. Чамд зуух хэрэггүй. Чиний амьдралын хэв маягт наад зах нь өөрчлөлт гарч байгаа биз. Аюулгүй ажиллагааны хувьд ч асуудал байхгүй. Тэгвэл яагаад ийм байдлаар шийдэж болохгүй гэж. Арван гудамжны дунд нэг бие даасан газын эх үүсвэр л тавьчихад л болчих асуудал. ААН-үүд, мэргэжлийн байгууллагууд нь дулааны узель, газын хангамжийн системийг нь барьчихья. Хот олон нийтийн төлөө санаагаа зовоогоод сайжруулсан түлшдээ л гэхэд жилд хэдэн зуун тэрбумаар нь өгөөд байгаа юм бол гудамж бүрийн дундуур нэг дулааны шугам бариад айл болгон руу шугам оруулчихаач. Ингээд төр хувийн хэвшил хамтдаа шийдлээ хэрэгжүүлдэг бол айлуудад илүү үнэ цэн бий болно. Энэ ажлыг хийе гэсэн бодол байгаа. Шийдлүүдээ танилцуулаад явж байгаа. Төсөв тооцоонуудыг нь ч гаргаад ирчихсэн. Нөгөө үнс, утаа, тээвэрлэлт гэдэг зүйл байхгүй л болно.

-Энэ шийдэл дээр тань хэр их хэмжээний төсөв шаардагдахаар байгаа юм бэ?

-Өртгийн тооцооллыг нь хийгээд үзэж л байна. Бидний тооцоогоор ойролцоогоор арван гудамж, 200 айлыг гэртээ байрны айл мэт амьдрахад нь дулааны асуудлыг нь шийдэхэд 2 тэрбум төгрөгт багтана гэж тооцоолж байгаа. Энэ гэхдээ урьдчилсан тооцоо л доо. Яахав бид турших л хэрэгтэй байна.

-Буцаад LNG газ руу шилжихтэй холбоотой асуудал руугаа оръё. Өмнө хэлсэнчлэн манайханд энэ шийдэл дээр нэг л итгэл төрж өгөхгүй байгаагийн нэг шалтгаан нь эрсдэл, аюулгүй байдал. Яг үнэндээ сайжруулсан шахмал түлшээ ч түлж сурахгүй байна гэж хэл амд өртөж байсан манайхан газ хэрэглэнэ гэхээр эргэлзээ дагуулж л байна?

-Зөв, зөв. Ямар ч түлш эрсдэлтэй. Гэхдээ аюулгүй ажиллагаатай холбоотой ташаа ойлголт иргэдийн дунд яваад байдаг. Газан тоног төхөөрөмж маань бол технологи, техникийн шийдлийн хувьд асар хурдтай хөгжчихсөн зүйл. Ашиглагдаж буй тоног төхөөрөмж нь дандаа эрсдэлээс хамгаалсан байдаг. Хамгийн энгийн жишээ. Та бүхэн газан плитка хэрэглэж л байсан байх. Плиткаа асаая гэхэд согтуу хүн, хүүхэд асааж чаддаггүй. Яагаад гээч. Газан плитка буруу тал руугаа эргүүлж асдаг горимтой байдаг. Ямар ч хүн рефлексээрээ зөв тал руугаа эргүүлдэг.

Хоёрдугаарт, сүүлийн үеийн бүх газан плитканууд дэвэрлээ, асгарлаа гэхэд өөрөө газ нь унтарчихсан бол автоматаар системээ хаачихдаг. Мөн газ тавигдах айлуудад соронзон хаалтууд тавигддаг. Энэ нь ямар нэгэн байдлаар газ алдагдлаа гэж бодоход мэдрэгчүүд байгаа гэсэн үг. Сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа айлуудад өгч байгаа угаар мэдрэгч шиг биш. Газ мэдрэгч гээд газар доор 30 см-ын өндөрт тавигддаг. Тухайн мэдрэгч нар нь газ алдагдсаныг мэдэрсэн тохиолдолд шууд автоматаар системээ хаадаг. Ер нь газ чиглэл дэх бүх зүйл тоноглогдчихсон байдаг учраас газын аваар осол маш цөөхөн гардаг. Гарсан ганц нэг тохиолдлууд нь далайцтай явдаг учраас хүмүүс газаас айгаад байдаг.

Монгол Улсад болоод дэлхийд гарч байгаа бүх аваар, осол галын 85 хувь нь цахилгаанаас болдог шүү. Гэтэл бид ойлгохдоо "Газ л аюултай" гэж хараад байдаг.

Мэдээж гэр хороололд боломжтой айл ч байгаа. Боломжгүй айл ч байгаа. Олон хүүхдүүдтэй ч айл өрх бий. Энэ тохиолдолд бид аюулгүй ажиллагаа 100 хувь гэж хэлж чадахгүй л дээ. Гэхдээ газ чиглэлд тавьж буй тоног төхөөрөмж, техникийн шийдэл маань аль болох аюулгүй ажиллагааг хангасан байдаг учраас ард иргэд маань зөв ойлголттой байх хэрэгтэй.

Газ тээвэрлэж явсан машинтай холбоотой асуудал бол зам тээврийн л осол шүү дээ. Газ гэдэг бол дэлхий нийтээрээ хэрэглэж байгаа, хэрэглэхэд хялбар, үр дүнтэй, цаг хугацааг хэмнэсэн бүтээгдэхүүн.

-Айл өрхийг LNG газ руу шилжүүлэхээс өмнө гэрийн дотор тоноглолыг нь хийсэн байх ёстой гэдэг зүйлийг ярьсан. Тоноглол гэдэгт юу багтаж байгаа юм бол?

-Технологийн шийдэл тал дээр мэдээлэл аваагүй учраас ямар тоноглол вэ гэдгийг шууд хэлэхэд хэцүү. Гэхдээ мэргэжлийн хүний хувьд бусад улс орны туршлагаас харахад, айл өрхүүдэд бойлуур тавигдсан байдаг юм билээ. Айл өрхийг халаах ёстой нэг төхөөрөмж байх ёстой шүү дээ. Түүнийг нь бойлуур гэж нэрлэж болох юм. Халаалтын төхөөрөмж ч гэдэг. Тэр төхөөрөмж нь усан халаалтынх байх юм уу аль эсвэл халуун, хүйтэн агаараар үлээх юм уу гэдэг төхөөрөмжөө суулгана гэсэн үг. Хоёрдугаарт, газан плитка нь. Байгалийн хийн шугам танай байшин руу ороод ирлээ гэхэд нэг нь халуунаар үлээх бойлуур руугаа очно. Нөгөө нь газан плитка руугаа очно л гэсэн үг. Эдгээрийг суурилуулах ажлыг л ярьсан болов уу гэж би бодож байна.

-Ер нь хотын удирдлагуудаас энэ шийдлийн хүрээнд танай салбарынхантай уулзаж, санал зөвлөлдсөн зүйл байдаг юм уу?

-Хотын даргатай нэг удаа хүсэлт тавиад уулзсан. "Нэлээн ажилтай байна. Дараа тухтай уулзъя. Бид техникийн шийдэл юмнуудаа олчихсон. Үүнийг хийж чадах компаниудтайгаа уулзалтаа хийгээд явж байгаа. Тодорхой болсны дараагаар та бүгдтэй уулзъя" гэж хэлсэн. Тэр хугацааг нь бид хүлээж байгаа.

-Салбар яамдууд ч энэ шийдэлд хамтарч ажиллах хэрэгтэй. Дан ганц хот ганцаараа энэ шийдлээ бариад гүйвэл ахиад л бие биедээ гацаа үүсгэнэ-

-Газ руу шилжүүлэх шийдлийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр үзэглэнэ гэсэн. Та ч хувийн хэвшлийн төлөөлөл. Гэхдээ энэ мэт шийдэлд төр, хувийн хэвшлийн түншлэл ямархуу байдлаар явах ёстой юм бэ. Ер нь төр оролцсон зүйл "балагтай" болж дуусдаг жишээ багагүй бий шүү дээ?

-Үнэн л дээ. Юуг нь нуух вэ. Засаг төр нь байнга тогтворгүй байдгаас л энэ асуудал үүсэж байгаа шүү дээ. Нэг ажил яриад явж байтал дахиад өөр хүмүүс томилогдоод гараад ирдэг. Ийм байдлаас шалтгаалж төр, хувийн хэвшлийн эхлүүлж байсан ажлын нэр хүндийг унагадаг. Энэ Засгийн газрын үед ийм зүйл битгий байгаасай гэж бодож байна. Дотроо тогтвор суурьшилтай байж чадвал төр, хувийн хэвшлийн ажлын тогтвортой байдал бүрдэнэ. Нөгөө талдаа төр, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллахад үүрэг оролцоогоо зөв хуваарилах нь зөв. Алийг нь төр хийж чадах вэ, алийг нь чадахгүй вэ гэдгээ тодорхой хэлж чаддаг байх ёстой. Төр хувийн хэвшлийн хийж чадах зүйл рүү орж ирээд орооцолдоод байвал энэ ажил урагшлахад хэцүү. Үүнд онцгой анхаарах хэрэгтэй. Төр, хувийн хэвшлийн тухай хууль нь өөрөө Концессын хуульд үндэслэгдэж хийгдсэн юм болов уу гэж хардаг.

-Тэгвэл энэ шийдлийн хүрээнд авч үзэхэд, төрийн байгууллагуудын анхаарах асуудал нь юу байна гэж харж байгаа вэ?

-Миний өнцгөөс харж байхад, хот өөрөө энэ шийдлээ дэвшүүлээд явж байх шиг байна. Гэхдээ энэ асуудалд Барилга хот байгуулалтын яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ч зайлшгүй оролцоотой. Учир нь, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам өөрөө энэ шингэрүүлсэн хий, газ оруулж ирэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг өгдөг. Нөгөө яриад байгаа нафта, криспог оруулж ирэх асуудлыг Оросын талтай өндөр дээд түвшинд гэрээ хэлцлийг нь хийдэг. Газрын тосны агентлаг ч гэж бий. Улмаар Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам яах аргагүй орж ирнэ. Эрчим хүчний тухай хууль дээрээ хийн буюу газны сүлжээг тус яам хариуцна гээд заачихсан байдаг. Монголын өөрийн газрын тос, байгалийн хийг тодорхойлсон тодорхойлолтууд өөр хоорондоо зөрчилдөж байдаг. Хотын функц энэ асуудалд хэрхэхийг мэдэхгүй юм. Хот өөрөө нэг нэгж байгуулаад түүгээрээ дамжуулж энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай болно. Гэхдээ яалт ч үгүй Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яамнаас зөвшөөрлүүдээ аваад явна.

Мөн үүн дээр өөр нэг асуудал байгаа нь Монгол Улс 2004 оноос хойш хийтэй холбоотой эрх зүйн бичиг баримтууд, норм дүрмүүдээ өөрчлөөгүй. Анхны аюулгүй ажиллагааны дүрмийг 1999 онд түр байдлаар батлуулж байсан. Түүний дараагаар 2001 онд хийн аюулгүй ажиллагааны дүрэм, 2004 онд хийн хангамжийн барилгын норм дүрмийг баталсан. Эдгээрийг боловсруулахад миний бие өөрөө гар бие оролцож байсан. Гэтэл өнөөдөр бидний ярьж байгаа гэр хорооллыг байгалийн хийн шугамтай болгох асуудлыг ярьж байхад тэдгээр норм, дүрмүүд маань зөрчигдөж байгаа. Тэгэхээр бид энэ чиглэл дэх төрийн захиргааны төв байгууллага нь өөрөө Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам шүү дээ. Бид эдгээр норм, дүрмүүдээ өөрчлөх хэрэгтэй байна.

Өнөөдөр Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгууд хийн хангамжийн шугам, хоолойгүй баригдаж байгаа. Тэгвэл Барилга хот байгуулалтын яам нь зураг төслөө бариад орж ирж буй барилгын компаниудыг хийн хоолойн шугамаа төлөвлөчихсөн орж ирдэг байх дүрмийг нь баталж өгөх хэрэгтэй. Эрчим хүчний яам нь байгалийн хийн шугам явах үндсэн трассууд нь хаагуур байх гэдэг төлөвлөлтийг гаргадаг байх. Энэ мэтчилэн яамдууд уялдаа холбоогоо хангах хэрэгтэй. Дан ганц хот ганцаараа энэ шийдлийг бариад гүйнэ гэдэг бол ахиад л бие биедээ гацааг үүсгэнэ. Тэрний оронд цуглаж суугаад асуудлаа яриад, хувийн хэвшлүүдээ ч оролцуулаад явбал ядахдаа бид эхний ээлжинд 20 мянган айлаа газ руу шилжүүлэх ажил урагшлах гээд байгаа юм. Үүнд хамтарч ажиллах хэрэгтэй. Энэ норм, дүрмээ өөрчлөхөөс өөр гаргалгаа бидэнд байхгүй.

-Тэгэхээр гэрээ үзэглэхтэй зэрэгцээд энэ чиглэл дэх норм, стандартаа ч өөрчлөх шаардлага тулгарна гэсэн үг үү?

-Тийм ээ. Энэ ажил зэрэгцэж явах ёстой.

-Хотын дарга цагаан сараас өмнө гэрээгээ үзэглэнэ гэчихсэн. Эхний ээлжийн 20 мянган айлаа дараа өвөл гэхэд газ руу шилжүүлнэ гэж төлөвлөж байгаа бололтой. Цаг хугацааны хувьд 6-7 сарын дотор норм дүрмээ өөрчлөөд, төлөвлөлтөө хийгээд, дэд бүтцээ шийдээд айл өрхөө газ руу шилжүүлж чадна гэж үү?

-Би Хотын даргатай санал нэг байгаа. Би гэрээгээ байгуулах хэрэгтэй. Алхмаа хийчих ёстой. Алхмаа хийсний үндсэн дээр ийм ажил явах хэрэгтэй байна гэхэд холбогдох бодлогын бичиг баримт хариуцсан газрууд нь ажлаа хийгээд явах ёстой. Тэгж л шамдуулах ёстой. Ингэж байж л эхний ээлжинд өөрчлөх ёстой зарим норм, стандартаа хэлээд сайдын тушаал, бодлогын баримт бичгээрээ өөрчлөөд явах боломж бүрдэнэ. Дараа нь бид нэгдсэн байдлаар шинэчлээд явах боломжтой. Багаар ажиллах ёстой. Зөв удирдлага чиглүүлэг хэрэгтэй байна. Энэ мэтээр салбар яамдууд нь өөр өөрт ногдох ажлуудаа хурдтайгаар хийгээд явчихвал хэрэгжих боломжтой шийдэл. Хүмүүст итгэл байхгүй байж магадгүй. Гэхдээ та бүхэн өөдрөгөөр харах хэрэгтэй. Анх удаа Засгийн газар, нийслэлийн түвшинд газыг хэрэглэх шийдлийг нэгэн дуугаар ярьж байгаа нь маш том ололт.

Ярилцсанд баярлалаа

Т.Мөнхсайхан: ЕБС-ийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлт багассан
Т.Мөнхсайхан: ЕБС-ийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлт багассан
 
Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!