Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяатай ярилцлаа.
----------------------------
-Таныг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилогдсон цагаас хойш банкийг ямар менежментээр авч явах вэ гэдгийг олон нийт сонирхож байгаа байх. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк нэр хүндийн эрсдэлд орсон бол гадаад зах зээлд ямархуу нэр хүндтэй байна. Бодлогын хувьд хэрхэн уялдуулах вэ?
- Санхүүгийн байгууллагын хувьд харилцагчдынхаа нийт иргэдийн итгэл дээр тогтдог. Хэзээ итгэдэг вэ гэвэл байгууллага өөрөө зөв засаглалтай, дүрэм журмаа мөрддөг байхад л харилцагчид итгэдэг. Хэрэв Хөгжлийн банк өөрийн удирдлага, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаагаа олон улсын банк санхүүгийн байгууллагад тавьдаг стандартад нийцүүлэхэд бүх хүн эргээд итгэнэ.
Хэдий манай банкны нэр хүнд өнөөдөр унасан ч сэргэх боломж байгаа. Сэргэх ажиллагааг эхлүүлсэн. Та бүхэн эргэлзэх хэрэггүй. Жилийн дараа Хөгжлийн банкны үйл ажиллагаа цоо шинэ, маш өөр болсон байхыг хараарай.
- Хөгжлийн банк чанаргүй зээл, хууль шүүх, өр барагдуулах асуудлаас болоод өнгөрсөн гурван жил Эксим банкны тухай орхигдлоо. Энэ чиглэлд хэрхэн анхаарч байна?
- Ер нь арилжааны банкууд маш олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ихэнх Хөгжлийн банк дотоодын эдийн засгаа санхүүгийн аль ажил үйлчилгээ хэрэгцээ байна вэ, тэр орон зайд л үйл ажиллагаагаа явуулдаг. Өнөөдөр Монгол Улсын хувьд Хөгжлийн банкны хэрэгцээ, шаардлага хаана байна вэ гэхээр эдийн засгийн эмзэг байдал, макро эдийн засгийн тогтворгүй, үнэ ханшаас хамаарсан зах зээлтэй энэ эдийн засгийг төрөлжсөн зөв бүтэцтэй эрүүл, тогтвортой ажиллагаатай эдийн засаг болгоход гол үүргээ гүйцэтгэх ёстой гэж би хувьдаа харж байгаа. Өөрөөр хэлбэл, олон аж ахуйн нэгж, иргэд маш олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргаж арилжаалж чаддаг, тэнд өрсөлдөж чаддаг болох нь манай тогтвортой байдлын үндэс нь. Хөгжлийн банк ийм экспортлогчдыг бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх үеэс нь эхэлж, худалдаалж гадаад зах зээлд гаргах бүх процетурт нь манай банк санхүүгийн ажил үйлчилгээг өгье. Үүнийгээ бид Эксим банкны үүргийг гүйцэтгэгч буюу экспортыг дэмжигч банк болно гэж томъёолоод байгаа юм.
ӨНГӨРСӨНДӨӨ ДАХИН ОЧИЖ ЧИНИЙ, МИНИЙ БУРУУ ГЭЖ ЯРИВАЛ БИДНИЙ ЗОРИГЛОЖ ХАМТАРСНЫ ХЭРЭГ ГАРАХГҮЙ
- 2012-2016 он хүртэл Ардчилсан нам эрх барих үед Хөгжлийн банкны бодлогыг тодорхойлж байсан. Гэвч дараа нь 2017 оноос МАН эрх барих үеэс Хөгжлийн банкны өр төлбөр, ханшийн зөрүүнээс үүссэн алдсан боломжийн талаар сөхөж байлаа. Харин өнөөдөр таны ярианд Хөгжлийн банк үр ашиггүй олон төсөл хөтөлбөрийг өнгөрсөн хугацаанд санхүүжүүлснийг дурдлаа. Анзаарахад, Хөгжлийн банкны алдаа дутагдлыг улс төрийн намууд нэг, нэгэн лүүгээ чихдэг зөрчил одоо ч хэвээрээ байгаа юм биш үү?
- Өнөөдөр Монгол Улсын хөгжил маш олон жилээр хоцорч, хөгжилд хүргэх ач холбогдолтой төмөр зам, тээвэр, логистикийн асуудлууд эрчим хүчний хангалтууд аж үйлдвэржилтийн бодлогууд зэрэг бүх зүйл хэрэгжиж чадахгүй олон жил болсон.
Улс төржиж, намууд чиний, миний буруу гэж суугаад байвал улс л хохирно. Одоо нэгэнт үүнийгээ ойлгож улсынхаа хөгжлийг түүчээлэх гол төслүүдээ хамтарсан Засаг байгуулж хэрэгжүүлж үзэх улс төрийн шийдэл гарсан. Энэ цаг үед өнгөрсөн дээрээ дахин очиж чиний, миний буруу гэж яриад суугаад байвал бидний зориглож хамтарсны хэрэг гарахгүй.
Тиймээс Хөгжлийн банк улсын хөгжлийг дэмжих институтийн хувьд аль төсөл дээр ямар санхүүжилтийн боломжийг босгож санхүүжүүлж чадах хэмжээгээрээ оролцох нь өнөөдрийн хувьд манай Хөгжлийн банкны үүрэг гэж бид бодож байна. Тийм учраас 2017 оноос өмнөх оны, 2017 оноос хойшхи оны гэж би ялгаж харьцмааргүй байна. Ямартай ч энэ банканд үүссэн нөхцөл байдлаа нийгмээрээ бүгдээрээ хараад шүүгээд засахыг нь засч, янзлахыг нь янзалъя гэж байгаа шүү дээ. Тийм болохоор Хөгжлийн банканд байгууллага, институтээ хурдан сэргээж эдийн засгийн санхүүгийн чадавхыг сайжруулж эрүүлжээд хөрөнгө босгож том төслүүдийг санхүүжүүлэх ажилдаа орохоор зүтгэж байна. Энэ бол бидний урдаа тавьсан зорилт.
- Улс төр, бизнесийн фракцуудын хэт оролцоо, үрэлгэн зан банканд ямар хүндрэл учруулдгийг өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк харууллаа. Ер нь улс төрөөс 100 хувь хараат бус байхад бэрх гэдгийг банкны үе үеийн удирдлага ярьдаг. Таны хувьд мөн адил төрөөс Хөгжлийн банканд чиглэл өгч болох ч зээл олгох, дотоод бүтцэд оролцох ёсгүй гэсэн байр суурийг илэрхийллээ. Ер нь хараат бус байх боломж байна уу?
- Хараат байх тухайд хоёр талаас нь ойлгох хэрэгтэй. Хөгжлийн банк УИХ, Засгийн газраас гаргаж буй бодлогын шийдвэр, зорилтыг хангаж ажиллах тал дээр хамтарч нэг зүг рүү хардаг байх ёстой. Харин хамтарч хэрэгжүүлэх төслийг хэрэгжүүлэхдээ санхүүгийн шийдвэрээ бие даан гаргаж байх ёстой. Энэ бол хоёр тусдаа асуудал.
Улс төрийн нөлөөлөл бол шийдвэр гаргаж буй хүмүүс банканд гаргах санхүүгийн шийдвэрт нөлөөлж судалгаа шинжилгээгээр санхүүгийн ашигтай гэдэг нь нотлогдоогүй байгаа төслийг нөлөөлөх замаар дарамтлах олгуулах байдлыг улс төрийн нөлөөлөл гэнэ. Ийм явдал цаашид гарахгүй байх хууль эрхзүйн хамгаалалтыг нь хийхийн төлөө, үүнийг гаргахгүй байх хамт олон байгууллагын соёл, үйл ажиллагаа эрсдэлийн систем тогтолцоог нь бүрдүүлэхийн төлөө би ажлаа эхлүүлж байна.
- Одоогоос гурван жилийн өмнө Хөгжлийн банк байх уу, үгүй юу дээрээ яригдаж байлаа. Өнөөдрийг хүртэл хэдий чанаргүй зээл мөнгөн дүнгээрээ буурсан ч эзлэх хувь нь бараг өөрчлөгдөөгүй, 55-57 орчим хувьтай байгааг нуусангүй. Гэтэл Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай яригдаж байна. Энэ төсөл хөтөлбөр дотор олон жил царцсан төсөл хөтөлбөр ч цөөнгүй байгаа шүү дээ. Эдийн засгийн үр ашиг талаасаа ямар шалгуураар санхүүжүүлэх вэ?
- Гурван жилийн өмнөхтэй харьцуулахад банкны нийт активт эзэлж буй чанаргүй зээлийн хэмжээ буурахгүй байгаа нь үнэн. Гэхдээ нийт эргэж төлөгдсөн зээл нь их. 33 зээлдэгчийн 1.8 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдсөн. Үүний дотор сайн зээл нь ч төлөгдсөн, муу зээлүүдээс ч төлөгдсөн.
Одоо сайн зээлүүд нь төлөгдөөд оронд нь дахин шинэ зээлүүд гарахгүй, нийт мөнгөн дүн нь агшиж байгаа учраас чанаргүй зээлийн эзлэх хувь хэмжээ буурахгүй байна.
Бид цаашид активаа чанаржуулахын тулд шинэ сайн төслүүд олж санхүүжүүлэх хэрэгтэй гэдгийг энэ тоо илэрхийлж байгаа юм. 14 мега төслийн хувьд одоогоор судалгааны явцад байна. “Эрдэнэс Монгол” компаниудад хөгжүүлсэн ТЭЗҮ-тэй төслүүд бий. Эдийн засагт нэн шаардлагатай аль төслийг нь ямар бүтцээр хөгжүүлэхэд Хөгжлийн банк хэрхэн оролцох вэ гэх судалгааны ажлуудыг бид энэ оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн төслүүдээ авч ерөнхий судалгаануудаа хийж байна.
“Эрдэнэс Монгол” компанитай хамтран 2-3 төсөл хэрэгжүүлэх боломж харагдаж байна. Төслийн талаар нарийвчлан судалгаа гарсны дараа тодорхой мэдээллүүд өгнө.
- Та яриандаа эдийн засгийн үр ашиг болон санхүүгийн үр ашиг хоёр тусдаа ойлголт гэдгийг дурдсан. Хэдий санхүүгийн үр ашиг багатай ч эдийн засгийн хувьд үр ашигтай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэдгээ илэрхийллээ. Жишээ нь, ямар төсөл вэ?
- Монгол Улсын Хөгжлийн банк нь эдийн засгийн үр ашигтай төслүүдийг л санхүүжүүлж улсын эдийн засгийг дэмжих үндсэн үүрэгтэй байгууллага. Төслүүдийн эдийн засгийн үр ашиг нь үнэхээр амьдралын чанарыг сайжруулах, ядуурлыг бууруулах зэрэг нийгэмд хуримтлагдсан олон асуудлыг шийдэхэд эерэг нөлөө үзүүлж байгаа бол эдийн засгийн үр ашигтай төсөл болно. Мэдээж эдийн засгийн үр ашигтай төсөл мөн үү, үгүй юу гэдгийг үнэлдэг маш олон үнэлгээ үзүүлэлтүүд байдаг. Үүнийг харамсалтай нь, өнөөдөр аль ч байгууллага тодорхойлж, тогтоогоогүй. Хөгжлийн банкны шинэ хуулиар эдийн засгийн үр ашгийнх нь үзүүлэлтүүдийг Засгийн газар өөрөө тогтоож өгдөг байхаар оруулж байгаа. Ингэхдээ үр ашгийг нь тодорхой үзүүлэлтүүдээр дүгнэнэ. Дээр нь хувийн сектортой хамтран хэрэгжүүлэх буюу экспортлогчдыг дэмжиж буй төслүүд нь эдийн засгийн үр ашгаас гадна санхүүгийн үр ашигтай байх ёстой. Энэ төсөл өөрөө мөнгөн урсгалаар буюу үйл ажиллагааны орлогоор зээлүүдийн эргэн төлөлтийг төлж чадах уу, үгүй юу гэдгийг судална. Тиймээс төслийг хоёр талаас нь судална гэсэн үг.
- Ярилцлагын төгсгөлд асуухад, Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөд үүсдэг гол асуудал ханшийн зөрүү. Энэ асуудалд хэрхэн анхаарч байна. Ялангуяа, ханшийн зөрүүнээс үүдэн банканд төвлөрөх ёстой байсан хөрөнгө, алдсан боломжийн өртөг нэлээн яригддаг шүү дээ?
-Хөгжлийн банкны хууль эрхзүйн орчныг өөрчилж буй энэ үед нэг өөрчлөлт оруулах гэж байгаа нь гадаад эх үүсвэрийн ханшийн зөрүүний алдагдал дээр Хөгжлийн банк юм уу, Хөгжлийн банкны зээлдэгч нэлээн дарамт авдаг. Үүнийг хэрхэн өртөг багатайгаар зохицуулах вэ гэдгийг Монголбанктай хамтран хэрэгжүүлэх ёстой ажил. Тиймээс хуульдаа Төвбанк Хөгжлийн банкны гадаад эх үүсвэрийн ханшийг өртөг зардал багатайгаар зохицуулах журмыг хамтарч батална гэсэн оруулсан.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!