ТРОЛЛЕЙБУСНЫ ЖОЛООЧ Л.Түмэн: Энэ сайхан унаа минь сүүлийн гараандаа гараад, дахиж барихгүй гэж бодохоор гунигтай мэдрэмж авсан

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
8 минут 24 секунд

Одоогоос 37 жилийн өмнө буюу 1987 онд ЗХУ-ын тусламжтайгаар Монгол Улсад троллейбусны шугам татаж, дэд бүтцийг бий болгосон. Тэр цагаас хойш нийслэл Улаанбаатар хотод троллейбусны үйлчилгээг үзүүлсээр ирсэн билээ. Харин Монгол инженерүүдийн ур ухаанаар бий болсон “JEA-800” маркын троллейбус 10 жилийн турш ард түмэндээ үйлчилсээр өнгөрсөн 12-р сарын 31-ний өдөр ОТГОН ГАРААНДАА гарснаар гавьяаны амралтад гарчээ.

Иймд бид отгон гараагаа хийгээд буй троллейбусны жолооч нарын нэг Л.Түмэнтэй ярилцахаар “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын баазыг зорьсон юм. Биднийг очих үед Л.Түмэн өглөөний ээлжинд яваад ажлаасаа буусан байлаа. Тэрбээр одоогоор автобус жолоодож байгаа аж.

-Троллейбус бол ард түмэнд ээлтэй, хамгийн хямд тээврийн хэрэгсэл-

-Юун түрүүнд манай үзэгч, уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-“Зорчигч тээвэр хоёр”-ын нэгдүгээр хэсгийн жолооч Л.Түмэн байна. Би байгууллагадаа ажиллаад 15 жил болж буйн сүүлийн 10 жилд нь троллейбус жолоодсон. Троллейбус бол ард түмэнд ээлтэй, хамгийн хямд тээврийн хэрэгсэл байсан л даа.

Троллейбус жолоодож байсан бол автобус барьж болно. Харин автобус жолоодож байсан бол троллейбус барьж болдоггүй. Яагаад гэвэл мэргэшсэн байдлаараа заавал тусгай сургалтад хамрагдаж байж троллейбус жолооддог.

Ер нь автобус жолоодохоос илүү анхаарал шаардана. Автобус жолоодоход зөвхөн урд замаа хоёр тольтойгоо харж л явна. Харин троллейбус жолоодохдоо дээд замаа хамт харах шаардлага үүсдэг. Өөрөөр хэлбэл сум секцон, эргэлтүүд дээрх тохойнууд дээр зөөлөн орохгүй бол хурдан давхиад орвол штанг мултрах эрсдэлтэй. Гэхдээ манай троллейбусны жолооч нар дандаа чадварлаг, мундаг жолооч нар бий. Даан ч сая 12-р сарын 31-нд отгон гараагаа хийгээд зогсчихлоо доо.

-Отгон гараандаа гарахад ямар сэтгэгдэл төрөв. Гунигтай байв уу?

-Баярлахаасаа илүү гунигтай мэдрэмж авч байгаа юм чинь. Яагаад гэхээр энэ сайхан унаандаа дахиж явахгүй гэж бодохоор ямар ч хүнд сайхан санагдахгүй байх. Энэ чинь ерөөсөө л жолооч бидний хоёр дахь гэр байхгүй юу. Багадаа л өдрийн найман цагийг өнгөрөөдөг болохоор яах аргагүй л хоёр дахь гэр. Ингээд салаад явахаар юундаа баярлах билээ дээ.

-Троллейбусны жолоочийн нэг өдөр хэрхэн эхэлдэг бол?

-Гэрээсээ гарахаас л өдрийн ажил эхэлнэ дээ. 04.30 цагт босоод А буюу ажилчдын унаандаа сууж, 05.20 гэхэд бааз дээрээ ирнэ. Штангаа тавиад, паарнуудаа халааж, эх авах эцсийн цэг дээрээ очиж ард иргэдэдээ үйлчлэх бэлтгэлээ хангаад, ажлаа эхлүүлдэг.

Орой ээлжийн жолооч буухдаа цэвэрлэгээгээ хийгээд бэлдчихсэн байдаг.

-Нэг тэргэн дээр эр, эм эсвэл хоёр эрэгтэй жолооч байсан ч ах дүү, эхнэр нөхөр шиг дотно болчихдог-

-Хоёр ээлжийн жолооч нар хэр сэтгэл нийлж ажилладаг вэ. Ажил болсон хойно сайндаж муудах үе гардаг л байх?

-Олон жил хамт ажилласан болохоор гайгүй дээ. Нэг тэргэн дээр эр, эм эсвэл хоёр эрэгтэй жолооч байсан ч хамаагүй ах дүү, эхнэр нөхөр шиг дотно болчихсон байдаг. Нэгнийхээ ар гэрт юу болж байна, ямар асуудал тохиолдов гээд мэддэг болчихдог.

-Би эхнэрээ уруу татаад жолооч болгочихсон-

-Гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?

-Ам бүр зургуулаа. Гурван хүү, нэг охинтой. Манай эхнэр бас троллейбусны жолоочоор 2-3 жил ажиллаад, сая тэрэг нь тэтгэвэртээ суулаа. Би эхнэрээ уруу татаад жолооч болгочихсон. Одоогоор бид хоёр өөр өөр тэрэгнүүд дээр л явж байна.

Эхнэр маань янз янзын л юм хийсэн дээ. Олон хүүхэдтэй болохоор ихэнхдээ хүүхдээ хараад гэртээ байсан. Өмнө нь “Цахилгаан тээвэр” компани гэж байхад бид хамт ажиллаж байгаад, сүүлд жолооч болсон. Мундаг жолооч эмэгтэй бий. Жижиг тэргийг бол надаас өмнө барьж сурсан шүү дээ.

-Хүүхдүүд маань миний барьж байсан троллейбусыг ТАЁО гээд нэрлэчихсэн-

-Танай удамд жолооч хүн бий юу. Жолооч болоход юу нөлөөлөв?

-Манай ах л бий дээ. Намайг анх уруу татсан хүн бол манай ах. Хамгийн анх жаахан байхдаа хөдөө ахындаа трактор барьж үзэж л жолооч болсон доо. Одоо харин дунд хоёр хүү маань аавынхаа ажлыг их ярьдаг. Хамгийн сүүлд баярын өмнө ээжтэйгээ гадуур юм бэлдээд явж байхад нь би Хархорин захын тэнд явж таарсан юм билээ. Би өөрөө анзаараагүй л дээ. Гэртээ харьсан чинь “Аав аа, таныг харсан. Таны троллейбусыг харсан” гээд ярьсан.

Хүүхдүүд минь хөөрхөн шүү дээ. Цэнхэр өнгөтэй болохоор миний барьж байсан троллейбусыг ТАЁО гээд нэрлэчихсэн. Аавынхаа ажил мэргэжилд хүүхдүүд маань маш их дуртай, хайртай.

-Өнгөрсөн урт хугацаанд дурсамжтай явдал багагүй тохиолдсон болов уу. Сэтгэлд хамгийн тод байгаагаас нь дурдаач?

-Энд тэнд түгжрээд зогсож байхад эмээ нар, эгч нар “Яаж байна, ам нь цангаж байна уу” гэх мэтчилэн асууж, чихэр атгаад өгөх тохиолдлууд бий. Ер нь настай хүмүүс их анхаарал, халамж тавьдаг.

Хамгийн тод дурсамж гэвэл, штанг мултарчихаад аль болох түгжрэл үүсгэхгүйн тулд гялс холбочихоод явах гэтэл хөдөлдөггүй. Гайхаад толиндоо хартал штангтайгаа байдаг. Гүйж буугаад хартал нэг талын штангаа дээд талынх нь троссонд тавьчихсан тохиолдол бий. Тэр үед ажиллаад удаагүй, ШИНЭКОВ байж дээ. Арынхаа жолооч нарт үхтэлээ хөөгддөг байлаа шүү дээ. Аминдаа л яваад байхад араас ороод ирдэг байсан.

-Өмнө нь цонхны цан хусаад, нэгнээсээ буудлаа асуудаг байлаа шүү дээ-

-Автобус, троллейбусны засвар үйлчилгээ хэрхэн хийгддэг вэ. Энэ асуултыг олон нийт ч багагүй асуудаг шүү дээ?

-Троллейбус тэтгэвэртээ сууснаас хойш автобус барьж байгаа. Автобуснууд сард нэг удаа ТҮ буюу техник үйлчилгээнд орж, шаардлагатай ажлуудаа хийлгэдэг. Тос, масло солиулахаас эхлээд бүхий л үйлчилгээг хийнэ гэсэн үг. Ер нь хүмүүс автобусыг ямар газар яаж засварладгийг мэдэхгүй л дээ. Одоо ихэнх автобуснууд шинэчлэгдсэн. Шинэ юм цаанаа л өөр шүү дээ. Ард түмэн ч ам сайтай байгаа. Буудал зарлагчаас эхлээд шинэ зүйлс зөндөө нэвтэрсэн. Өмнө нь цонхны цан хусаад л хаана явж буйгаа хардаг, нэгнээсээ буудлаа асуудаг байсныг та бид мэдэж байгаа.

Түгжрээд л автобус бага зэрэг уддаг болохоос бусдаар бол иргэдээ нэг цэгээс нөгөө цэг хүртэл нь тээвэрлэсээр л явна даа.

-Ярилцсанд баярлалаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар нар Туулын хурдны замын огтлолцох цэгт ажиллана
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар нар Туулын хурдны замын огтлолцох цэгт ажиллана
 
МАРГААШ: Улаанбаатарт -14 хэм хүйтэн, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт -14 хэм хүйтэн, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (17)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!