Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Ган-Од: Би нөхөн сонгуульд оролцоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
19 минут 37 секунд

-БИ ӨӨРИЙГӨӨ СУРТАЛЧЛАХЫН ТУЛД МӨНГӨ ТӨЛӨХ ЯМАР Ч ШААРДЛАГАГҮЙ-

Ганбууштай ярилцлаа. Тэрбээр урьдчилж тохирсон цагаасаа жаахан хоцорсоор манай редакцад орж ирсэн ч мake up хийдэг хүнээ хүлээсээр жаахан хоцорчихлоо хэмээн учирласан юм. “Гэрээсээ алхаад ирлээ. Хан-Уулаас гүүр даваад л алхчихдаг” хэмээн ярьсан тэрбээр энэ жил 66 настай.

““Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл” УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороон дээр уначихлаа. СХД-т гарсан Учрал гишүүн энэ талаар ярьсаар байж сонгогдсон. Гэтэл хамт сонгогдож гарч ирсэн Анужин байнгын хороон дээр эсэргүүцлээ. Сумъяабазар гишүүн хотын дарга болоод цэвэрхэн бултаад явчихсан. Тэгэхээр энэ бол цэвэр улс төр байсан гэдэг нь харагдаж байна” хэмээн өгүүлсэн түүнтэй олон асуудлын талаар ярилцсанаа хүргэж байна.

-Та их сургуульд элссэн гэсэн. Сурахад нас оройтдоггүй гэдгийг баталж байна. Ямар чиглэлээр номын дуу сонсож байна вэ?

-“Улаанбаатар эрдэм” их сургуульд эрх зүйн чиглэлээр сурч байгаа. Эрх зүйн ангид голдуу цагдаа хүчний байгууллагынхан сурдаг юм байна. Би хамгийн ахмад настай нь. 34 настай залуу “Ангидаа хамгийн хөгшин нь байсан чинь ашгүй та ороод ирлээ” гэж байсан. Хичээлдээ яваад эхэлсэн чинь бүх хичээл нь сонирхолтой, өдөр тутамд тохиолддог зүйлс дээр жишээ аваад тайлбарлаад өгөхөөр ойлгомжтой байгаа.

-Танай тойрог дээр нөхөн сонгууль явахаар болчихлоо. Та оролцох уу?

-Оролцоно. Ирэх жилийн зургадугаар сард нөхөн сонгууль явагдах тухай сонссон. Бас гурав, дөрвөн гишүүнийг эгүүлэн татахаар болсон юм байна лээ. Баянхонгорын Адъяасүрэн, хоёр улсын иргэншилтэй гишүүн, дээр нь хоёр хүний нэр яригдаж байгаа гэсэн. Би бодоод байгаа юм. Хотын даргаар мужик эрхэм сонгогдлоо.

-Та Сумъяабазар аваргыг мужик гэж боддог юм уу?

-Мужик ш дээ. Яах вэ, нэгдүгээрт энэ хүн хотод их юм хийх байх гэж бодож байгаа ч хоёрдугаарт, орон нутгийн сонгуульд өрсөлдөөгүй хүн яагаад хотын дарга болж байгаа юм бэ. Тэгвэл орон нутгийн сонгууль байх ямар хэрэг байгаа юм. УИХ-ын гишүүд л сайд нар, нийслэл, дүүрэг, аймаг, сумдынхаа Засаг дарга нараа сонгочих л доо. Заавал сонгууль хийж мөнгө төгрөг үрээд байх шаардлагагүй биз дээ. Сумъяабазарын хувьд намынхаа нэрээр багаараа сонгогдсон учраас би юу ярих вэ. Тийм биз дээ.

-Таны хувьд ер нь яагаад 65 насандаа л гэнэт УИХ-д нэр дэвшихээр шийдсэн юм бэ?

-Надад УИХ-д нэр дэвших ямар ч санаа байгаагүй. Тэгсэн чинь Нара, Чингис хаан, Өүлэн эх, өөр хэн ч билээ хүмүүс дээр миний нэрийг нэмээд бие дааж нэр дэвшинэ гээд яриад байсан. Тэгэхээр нь би бие дааж нэр дэвшихгүй ээ, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас нэр дэвшинэ гэж шийдсэн. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам маань байгуулагдаад 14 жил болж байна. Сонгогдсон хүн байхгүй ч дөрвөн удаагийн УИХ-ын сонгуульд оролцож байгаа. Би энэ намтай таван жилийн өмнөөс л холбогдсон байсан. Тэгээд ч нэр нь таалагддаг учраас намын дарга Төмөрсүх дээр очоод санал тавьсан. Угаасаа, олны танил хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэж зарлал тавьсан байсан учраас дуртай зөвшөөрсөн. Анх намын Удирдах зөвлөлийн гишүүд намайг эсэргүүцсэн асуудал гарсан. Гэсэн ч би УИХ-ын сонгуулиар нам дотроосоо хамгийн их санал авсан учраас хүмүүсийн санаа бодол эерэг болсон. Миний хувьд анхны сонгууль байлаа. Олны танил учраас надад давуу талууд байсан. Хүмүүс олны танил болох гэж нэг минут нь 100 мянган төгрөгөөр ярилцлага өгч байхад надад тэгж мөнгө төлөх шаардлага гараагүй.

-Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас сонгуулийн үеэр танаас өөр олон удаа хэвлэлээр гарсан хүн байхгүй байх аа?

-Байхгүй ээ. Би намын даргатайгаа хоёр, гурван удаа ярилцлагад орсон. Манай намын дарга хамгийн гол нь аягүй сайн ярьдаг. Намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар мэдлэг сайтай. Би чинь бас зарим асуудал дээр ярихдаа тааруу. Дарга дангаараа ярилцлагад орох гэхээр нөгөө телевизүүд нь мөнгө нэхээд. 14 жил болсон ч хүчирхэгжээгүй болохоор хөрөнгө мөнгөний тал дээр асуудал үүсдэг.

-Та орон нутгийн сонгуульд оролцоно гэж хэлж байсан ч больчихсон. Ямар асуудал гарсан бэ?

-Манай нам оролцоогүй. Би бие дааж нэр дэвших гэж гүйсэн. Үндэсний аудитын газраас миний мөрийн хөтөлбөрийг тэнцүүлсэн. Бие даагч нараас цөөхөн хүний мөрийн хөтөлбөр тэнцсэн. Тэр тоонд минийх багтсан би маш их баярласан. Хоёрдугаарт, заавал оршин сууж байгаа дүүрэгтээ нэр дэвшинэ гэхээр тойрог маань солигдох болчихсон. Би Хан-Уул дүүрэгт харьяалалтай. Нийслэл, дүүрэг хоёртоо зэрэг нэр дэвшихээр бүртгүүлсэн байсан. Орон нутгийн сонгуулиар нийслэлд 500, дүүрэгт 201 хүний гарын үсэг цуглуулдаг юм байна. Энэ сонгуулиар бие даагч нар ямар хэцүү зүйлийг үзэж, туулдаг юм бэ гэдгийг л мэдэрлээ. Яг материалаа бүрдүүлээд өгөх гэж байтал манай намын нэг залуу “Та бие дааж нэр дэвших ямар шаардлагатай юм бэ. Хүмүүс Дүлзэн, Хоролмаа гээд ярьдаг. Таны нэр хүнд нам унана. Эхнээсээ л бие даагаагүй бол дэмий” гэж хэлсэн. Тэгээд л бие дааж дэвшихээ больсон. Материал хүлээж авсан хүмүүс намайг шөнийн 12 цаг хүртэл хүлээсэн гэдгээ хэлж байсан. Дараа нь бодоод байсан чинь би больсон нь зөв байсан. Сумъяабазарын хэлснээр нүх болгон руу гүйж ордог оготно биш учраас больсон. 2024 онд УИХ-ын сонгуульд өрсөлдөнө гэж бодож байгаа. Түүнээс өмнө мэдлэгээ тэлэх гээд эрх зүйн чиглэлээр суралцаж байна. Өнгөрсөн сонгуулиар би хүн бүхэн эрх зүйн мэдлэгтэй байх нь чухал юм байна гэдгийг ойлгосон.

Иргэдтэй уулзалт хийх гээд хороо руу хандахаар өөр нам цаг авсан гээд дургүй. Тэгэхээр нь хаанаасаа хаалгач нь гээд нийгмийн ажилтан ч юм уу, зохион байгуулагч руу нь ярина. Маргааш иргэдтэй уулзъя аа, хоёр гурван хүнтэй л уулзана гээд хэлчхээд маргааш өглөө нь дахиад ярихаар “Ганбууш эгч ээ, танд микрофон байгаа юу” гэдэг. Микрофоноор яах вэ, хоёр, гуравхан хүнтэй уулзахад гэсэн чинь “Тантай 200, 300 хүн уулзъя гэнэ ээ” гэж байгаа юм. Тэгэхээр би өөрийгөө сурталчлахын тулд мөнгө төлөх ямар ч шаардлагагүй. Харин гол нь тэр олон хүмүүст чөлөөтэй яриа хийдэг болохын тулд эрх зүйн мэдлэг, ярих чадвараа дээшлүүлэх шаардлагатай болсон. Би коммент зэргийг бичихдээ гайгүй.

-Орон нутгийн сонгуульд таны мөрийн хөтөлбөр тэнцсэн гэлээ. Мөрийн хөтөлбөрийн тань гол агуулга юу байсан бэ?

-Улаанбаатар хотыг бүрэн камержуулах шаардлагатай байна. Тэгвэл гэмт хэргийн гаралт буурна. Заавал яагаад хотын төв л камертай байх ёстой юм бэ. Энэ ажлыг хийснээр замын түгжрэл эерэгээр шийдэгдэнэ гэж үзээд мөрийн хөтөлбөртөө тусгасан. Нийслэлд камерын асуудал хариуцсан дарга нар олон л байдаг юм байна лээ. Тэд нар яг юу хийдэг юм бэ. Зүгээр суугаад цалин аваад байдаг юм уу.

Одоо ирэх оны төсвийг хэлэлцүүлж байгаа. Булган, Хэнтий аймагт хамгийн их төсөв тавигдсан. Тэр ч бүү хэл Булган Улаанбаатарын хооронд 60 мянган төгрөгөөр нисдэг такси явж байна. УИХ-ын сонгуулиар дүүжин тээвэр гээд яриад байсан. Урьдчилгаа болгож хоёр ч компани руу мөнгө шилжүүлсэн баримт бий. Гэтэл дүүжин тээвэр нь хаана байна. Би сая аз жаргалтай Улаанбаатар дундуураа метрогоор яваад ирлээ ш дээ.

-Таны яриад байгаа зүйлс үнэн гэж үү. Та иймэрхүү мэдээллийг хаанаас олж авдаг юм бэ. Ер нь фэйсбүүк дээр бичиж байгаа комментүүдийг чинь харахад их мэдээлэлтэй юм шиг санагддаг...

-Мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Мэдээлэлтэй байх хэрэгтэй. Ер нь мэдээлэл авдаг олон суваг бий. Хүмүүстэй уулзана. Надаар хэлүүлдэг хүн ч байна. Өөрсдөө хэлж чадахгүй болохоороо л надад хүнд битгий хэлээрэй гээд хэлж байгаа юм л даа. Намайг бичсэн байхад хэн ч яаж ч чадахгүй ш дээ.

-“Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл”-ийг НББХ-н дээр унагачихлаа. Таны хувьд өндөр настнуудын төлөөлөл шүү дээ. Энэ хуулийг төслийг ахмадууд бас батлагдчихаасай гэж харж байсан байх. Үүн дээр та байр сууриа хэлэхгүй юу?

-Манай улс ахмадуудаа хөгширлөө, одоо танаар яадаг юм гэж байгаа юм шиг хаячихдаг. Тэтгэврийн хэд нь хаанаа ч хүрэхгүй. 350 мянгаар хүн сарын турш яаж амьдрах юм бэ. СХД-ээс сонгогдсон гурван гишүүний нэг нь энэ хуулийг санаачилж, сонгуулиар амаа чилтэл ярьсан. Гэтэл нэг нь эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж, нэг нь хотын дарга болчихлоо. Тэгэхээр энэ хууль бол цэвэр улс төр байлаа л гэж харж байна. Гэхдээ би Анужинг гайхаж л байна. Өнгөрсөн зун сонгуулийн сурталчилгаагаар тэтгэврийн шинэчлэл хийнэ гэж амаа цангатал ярьж, Баянхошууны ард иргэдийн саналыг авчхаад яагаад эсэргүүцэх болов. Өөр гишүүд эсэргүүцээд болиулсан бол би юу ч ярихгүй. Би Анужинг сонгуулийн үеэр юу ярьж байсныг мэдээд байгаа учраас одоо ингээд яриад сууж байна.

-Анужин гишүүн УИХ-ын сонгуулийн үеэр таныг цагдаад өгчихсөн. Энэ асуудал хэрхэн намжсан юм бэ?

-Надаас уучлалт гуйсан л даа. Эхлээд намайг цагдаад өгчихсөн. Цагдаа намайг дуудахаар нь би гүйгээд оччихсон. Гэтэл нэр дэвшиж чинь хамгаалалтад байдаг, албан бичиг ирсэн тохиолдолд л цагдаа дээр очих ёстой байсан юм байна лээ. Нөгөө л эрх зүйн мэдлэггүйн гай болчихсон. Би Анужинг шүүмжлэх гээд шүүмжлээд, албаар тэрсэлдээд байгаа юм биш. Хүн мэдэхгүй бол дуугүй байж сурах хэрэгтэй. Мэдэхгүй мөртлөө чаг чаг гээд худлаа үнэн юм яриад байх муухай харагддаг.

-Та байргүй байгаа. Түрээсийн орон сууцанд орох хүсэлтээ өгсөн гэж байсан. Дараалал чинь ойртож байгаа юу?

-Ер нь, би л гэхэд улсад олон жил хөдөлмөрлөсөн. Үүнийхээ хариуд байргүй л явж байна. Түрээсийн орон сууцанд бүртгүүлсэн ч 190 гаруй мянган хүний дараа байгаа. Надад “Та бол 20 жилийн дараа л байранд орох юм байна” гэсэн хариу өгсөн. 80 гарчхаад байранд амьдрах шаардлага байна уу, гүү юу.

Хотын даргын мэдэлд 20 байр байдаг. Сумъяабазар дарга тэрийгээ яаж хуваарилахыг харж л байна. УИХ-ын сонгуульд нэг тойргоос өрсөлдсөн гээд намайг харж үзэх ч юм билүү.

-Хувийн асуулт асууя. Таны туулж өнгөрүүлсэн 66 жилийн аль үе нь хамгийн дурсамжтай үе байсан бэ?

-Бүх үе л дурсамжтай. Олны анхаарлын төвд өнгөрүүлсэн амьдралдаа хэзээ ч харамсаж байгаагүй. 1975 оноос өнөөдрийг хүртэл хэвлэл мэдээллийн анхаарлыг татаад явна гэдэг багагүй хугацаа.

-Анх 1975 онд олны анхааралд орж эхэлсэн гэж үү. Тэгэхэд та хэдэн настай байсан гэсэн үг үү?

-18 настай 10-аа төгсөөд хоёр жил болж байсан гэхээр 20 л гарч байсан. Анх цагдаагийн байгууллагаас “Хэв журам” гэсэн сэтгүүл гарч байсан. “Францын элчинтэй явалддаг” гэсэн утгатай. Социализмын үе учраас гадаад хүнтэй хамт явж байгаад баригдвал тагнуул нэр зүүдэг байлаа. Улаанбаатар хот тэгэхэд 500 гаруйхан хүнтэй. Бүх зүйл гарын алган дээр тавьсан юм шиг ил байсан үе. Ер нь, би залуудаа Бүх ард түмний урлагийн үзлэг зэрэгт оролцоод, аальгүйтдэг байсан учраас хүмүүс анддаггүй байлаа. Дараа нь “Халуун хөнжил” сэтгүүлд гараад л ёстой “дэлбэрэлт” үүссэн. Тэр үед гэрээсээ гарсан. Гангалаад явахаар хүмүүс хэн авч өгсөн гээд л асууна. Аав, ээж хоёр салсан байсан учраас аав авч өгсөн, ээж авч өгсөн гээд л худлаа яриад явдаг байсан.

Анх намайг хоёрдугаар сувгаар л ойлгодог байсан. Сүүлийн жилүүдэд маш эерэгээр хардаг болсон нь мэдрэгддэг. Энэ хүн амьдралынхаа төлөө тэмцээд яваад байна шүү гэдгийг ойлгодог болжээ. Энэ бол сэтгүүлчдийн маань л гавьяа.

-Та УИХ-д нэр дэвшихээсээ өмнө “шоуны амьдрал”-аар амьдарч байсан. Улс төр таны хувьд уйтгартай биш үү?

-Намайг өмнө нь далд ертөнцийн хатан хаан гэж нэрлэдэг байлаа шүү дээ. Улс төр бол миний өөрийнхөө төлөө тэмцэж буй тэмцэл. Тухайн улсын хүн амын 8-10 хувь нь бэлгийн цөөнх байдаг гэсэн тооцоо бий. Манай улсад л гэхэд 257 мянган хүн байгаа. Би тэд нарын дуу хоолой болох ёстой. Өнөөдөр төрийн байгууллагуудад бэлгийн цөөнх хүмүүс бий. Гэхдээ тэд нар салганаад, би бэлгийн цөөнх гэдгээ ил хэлж, өөртэйгөө ижил хүмүүсийн эрхийн төлөө ажиллаж чадахгүй байна. Өөрсдийнхөө санааг ч хэлж чадахгүй, хэлбэл нэр холбогдчих вий гэсэн айдастай байгаа. Тиймээс би дээгүүр доогуур чаг чаг гэж гүйж байхаар нэг том л хөдлөе гэж бодохгүй юу.

Оюун-Эрдэнэ гишүүн яриад байна. Жуулчид татна гээд л. Миний бодлоор ижил хүйстнүүдийг гэр бүл болохыг зөвшөөрсөн хууль баталчихвал дэлхийн том улсуудыг яриад яах вэ, Азидаа анхдагч болно. Хөрш зэргэлдээ орнуудаас гэр бүлээ батлуулах жуулчдын тоо тасрахгүй. Хуримаа хийнэ, тэд нарыг хэдэн хүн дагаж ирэх билээ. Монголчууд бол хоорондоо гэрлээд амьтан хүнийг ангайлгаад байхгүй ш дээ. Тэдний хүүхэд тэр бандитай суусан гэх ярианаас айх байхгүй юу. Тиймээс жуулчдад зориулсан ийм хуулийн зохицуулалт хэрэгтэй байгаа юм.

Бас жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гээд яриад байгаа. Үгүй ээ. Том үйлдвэрүүдийг сэргээх хэрэгтэй. Үндэсний хэмжээний томоохон үйлдвэрүүдээ байгуулаад ажилгүй хүнийг торгодог, хариуцлага тооцдог болчих л доо. Тэгвэл энэ их архидалт, хүүхдийн хүчирхийлэл, гэр бүл салалт, гэмт хэргийн тоо буураад ирнэ. Ажилгүй хүн архи ууна. Нөгөө чанаргүй архи уусан хүн чинь ухаан мэдрэлээ алдаад гэмт хэрэг хийнэ. Ийм л юм болоод байгаа. Чанаргүй архи маш их хэмжээгээр худалдаалагдаж байна. Тэрийг уусан хүн архинд донтох эмгэгтэй болж байгаа байхгүй юу. Энийг ч гэсэн цэгцлэх шаардлагатай.

-Та УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ хэр хэмжээний мөнгө зарцуулсан бэ?

-Хэдэн ч төгрөг зарцуулаагүй. Найзууд ээлжлээд унаагаараа үйлчлээд өгсөн. Таньдаг хүн нэрийн хуудас, тараах материал хэвлээд өгчихсөн. Аудитын газраас нарийвчилж асуудаг юм байна лээ. Хэн унаагаар үйлчилсэн бэ гээд. Тэгэхээр нь манай нөхөр гээд хэлчихсэн.

-Ямар нөхөр...

-Яагаа вэ, чи сэтгүүлч байж яахаараа мэддэггүй юм. Монгол даяараа л мэдэж байхад. Миний хагалгааны бүх зардлыг даасан хүн байгаа ш дээ. Нөхөр гэх нь ч хаашаа юм. Найз залуу. Одоо нутаг руугаа явчихсан. Өөр юм ярьмааргүй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан: Б.ЦЭДЭВСҮРЭН

Чехэд халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо их байна
Чехэд халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо их байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.