Өнөөдөр /2020.11.02/ Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:
"Сүүлийн гурван хоногт нийт 2363 хүнд шинжилгээ хийхэд есөн хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Тухайлбал,
- Аравдугаар сарын 28-нд Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 27 настай эмэгтэй
- Аравдугаар сарын 22-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирж тусгаарлагдсан 21-58 насны гурван хүн
Мөн тус боомтоор орж ирсэн ачаа тээврийн таван жолоочийн шинжилгээнд халдвар илэрсэн байна.
Иймд Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 349 боллоо. Үүнээс 313 нь эдгэрсэн бол ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 36 хүн байна. Одоогийн байдлаар 28 хүний биеийн байдал хөнгөн байгаа бол найман хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өчигдрийн байдлаар халдварын нийт тохиолдол 346 байсан бол гурван хүнээс нэмж халдвар илэрснээр ийнхүү халдварын тохиолдол 349 боллоо. 2020 оны аравдугаар сарын 1-ний өдөр ирсэн 26 энхийг сахиулагчаас коронавирусийн халдвар илрээгүй байна. Иймд хүн бүр амны хаалт зүүх, гарын ариун цэвэр сахих, онцын шаардлагагүй бол олон нийтийн газар цуглахгүй байх, зай барих зэрэг зөвлөмжийг дагаж мөрдөх нь чухал юм.
Сүүлийн өдрүүдэд Монгол улс дотооддоо халдвар алдлаа гэх ташаа мэдээлэл иргэдийн дунд тархаж байгаа нь харамсалтай. Бид маш их хичээж ажиллаж байгаа тул саар мууг ярилгүй сайн сайхныг нь олж хараасай гэж хүсэж байна. Түүнчлэн Баян-Өлгийн боомтоор хоёр орос жолоочийн шинжилгээ эерэг гарсныг ОХУ-ын длипломат шугамаар ярилцаад буцаасан. Тухайн иргэд баруун хязгаараар дамжин монголын гүн рүү ороогүй гэдгийг дахин хэлье” хэмээлээ.
Зургийн тайлбар: Нийт 31,581 хүнд шинжилгээ хийсэн бол одоо байгаа тусгаарлагдсан хүний тоо 3180 байна.
Зургийн тайлбар: :Дэлхий даяар коронавирусийн халдварын батлагдсан тоо 45,942,902 байна. Халдварын тохиолдлын тоогоор АНУ, Энэтхэг, Бразил, ОХУ, Франц улсууд тэргүүлжээ.