Малд татвар ногдуулахаа больсонтой зэрэгцээд таван хошуу сүргийн тоо толгой гэрлийн хурдаар өсөж, хамар хатгах бэлчээрийн даац хэрээс хэтэрсэн. 70.9 сая хэмээн бидний цээжээ дэлддэг мал сүргийн тоо эргээд экологийн тэнцвэрт заналхийлж байна.
Малын хөлийн татвар бол манай нийгэмд шинэ, содон зүйл огт биш. 20-оод жилийн өмнөөс эхэлсэн танил хураамж. Мал сүргийг хонин толгойд шилжүүлж, татвар авдаг байсан түүх бий. Тухайлбал, нэг адууг таван хоньтой дүйцүүлж, татвар авдаг байсныг малчид хэлдэг. Ингэхдээ татварын хувь хэмжээг бүсчилж, ялгаатай тогтоодог байсан аж. Тодруулбал, алс хязгаар нутгуудад нэг хониноос 50 төгрөгийн хураамж авдаг байжээ.
70.9 сая малаас бэлчээр ашигласны төлбөрт толгой тус бүрээс нь 1000-2000 төгрөг авлаа гэхэд жилд 70-141 тэрбум төгрөг төвлөрөх юм.