ДМАЭМБ-тай хамтран “Хүн болон мал, амьтанд хэрэглэдэг бичил биетний эсрэг эмийн хяналт, бичил биетний тэсвэржилтийн мэдээлэл харилцааны стратегийн төсөл боловсруулах” семинар энэ өдрүүдэд зохион байгуулж байна.
Уулзалт семинарт ДМАЭМБ-ын Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газрын Нэг эрүүл мэнд төслийн зохицуулагч Кинзан Дукпа, төлөөлөгчид, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Боловсролын яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Боловсролын ерөнхий газар, НҮБ-ын ХХААБ, ДЭМБ, Мал эмнэлгийн хүрээлэн, УМЭАЦТЛ, МЭЭСБУЛ, ХӨСҮТ болон төр, хувийн хэвшилийн төлөөллүүд оролцож байна.
Өнөө үед дэлхий дахинд чимээгүй тахал хэмээн нэрлэгдэж буй бичил биетний тэсвэржилт нь хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй маш том асуудал юм.
Монгол улс энэхүү аюулаас сэргийлэхийн тулд Эрүүл мэндийн сайд, ХХААХҮ-ийн сайдын хамтарсан тушаалаар “Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө 2022-2025” хэрэгжүүлж ажиллаж байна.
Мал эмнэлгийн салбар, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн дагуу мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахаас гадна нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүрэг хүлээсэн байдаг.
Мал, амьтанд хэрэглэх эмийн бүртгэл, хяналт, зохицуулалт, хүнсний бүтээгдэхүүн дэх эмийн үлдцийн хяналт, бичил биетний тэсвэржилтийг тандах,сэргийлэх үйл ажиллагааг хуульд заасан чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэн ажилладаг.
Мөн Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 36-р тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох, пестицид, малын эм, хүнд металлын үлдэгдэл, хоруу чанар өндөртэй нянгийн бохирдлыг хянах, хяналтын төлөвлөгөөг батлах” тухай заалт орсон байдаг.
Энэхүү семинарыг зохион байгуулснаар салбар хооронд бичил биетний эсрэг эмийн хэрэглээний мэдээлэл солилцоо сайжрах, Монгол улсад бичил биетний тэсвэржилтийн мэдээлэл харилцааны стратегийн төсөл болон зөвлөмж гарах болно.