Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Батдорж: Ирэх жил дэлхийн ур чадварын тэмцээнд долоон хүүхэд явуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 43 секунд

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ), Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), Мэргэжлийн холбоодтой хамтран “Монгол ур чадвар -2020” ур чадварын тэмцээнийг зохион байгуулж байна. Монгол ур чадвар  тэмцээний ялагч 2021 онд БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулах Дэлхийн ур чадварын 46 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох юм. Иймд бид тус тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд ХНХЯ-ны харьяа Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн дарга Ц.Батдоржтой уулзаж ярилцлаа.

Зургийн тайлбар: ХНХЯ-ны харьяа Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн дарга Ц.Батдорж. Улаанбаатар хот. 2020.10.27. Гэрэл зургийг Б.Амарбаясгалан

-НАРИЙН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРТАЙ ХҮМҮҮС ОЛОН БАЙХ ТУСАМ УЛС ОРОН ХӨГЖДӨГ-

-“Монгол ур чадвар -2020” ур чадварын тэмцээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь мэргэжил ажилтны асуудал буюу мэргэжлийн боловсролын салбарыг хариуцдаг. Мэргэжлийн боловсрол гэдэг нь хуучин техникумд бэлтгэгддэг байсан дунд мэргэжлийн ур чадвартай, ажлыг гардан гүйцэтгэдэг, нарийн ур чадвар шаардсан мэргэжилтнүүдийг бэлтгэдэг салбар юм. Энэхүү салбар маань 1990 оноос хойш 2010 он хүртэл уналтын байдалд байсан. Харин 2010 оноос хойш олон улсын төсөл хөтөлбөр, засгийн газрын үйл ажиллагааны дэмжлэгтэйгээр сэргэж эхэлсэн. Улс орны хөгжлийн суурь нь мэргэжлийн ажилтнаас шалтгаалдаг тул мэргэжлийн боловсролын салбарыг сэргээх, хөгжүүлэх шаардлагатай болдог. Нарийн мэргэжлийн ур чадвартай хүмүүс олон байх тусам улс орон хөгждөг.

Монгол улсын хувьд 2013 оноос эхлэн Дэлхийн ур чадварын байгууллагад элссэн. 2013, 2015 онд Бразил, 2017 онд Араб, 2019 Орос зэрэг орнуудад тус тус дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож байсан. Ирэх жил буюу 2021 онд Хятадын Шанхай хотод зохион байгуулагдах тэмцээнд долоон мэргэжлийн ангилалаар нийт шалгарсан долоон хүүхдээ явуулж дэлхийн хэмжээнд өрсөлдүүлэх гэж байна.

-Одоо шалгаруулалт ямар үе шатандаа явж байгаа вэ? Хэдэн хүүхэд шалгаран өрсөлдөж байна вэ?

-Нийт тэмцээнд оролцох долоон төрлийн мэргэжил сонгож авсан бөгөөд сургуулиудын хооронд зохион байгуулсан тэмцээнээр 21 хүүхэд шалгаруулсан. Энэ хүүхдүүдээ тодорхой хугацаанд бэлдээд, ирэх оны гуравдугаар сарын сүүлээр 3-р шатны сонгон шалгаруулалт буюу тэмцээнд явуулах хүүхдүүдээ сонгон шалгаруулах байгаа. Эцсийн байдлаар шалгарсан хүүхдүүд 2021 оны есдүгээр сард Шанхайд болох тэмцээнд очиж оролцох юм.

Зургийн тайлбар: "Монгол ур чадвар-2020" CNC Токарь, Гагнуурын мэргэжлийн ур чадварын үнэлгээ. Улаанбаатар хот. 2020.10.27. Гэрэл зургийг Б.Амарбаясгалан

- ЯГ Л СПОРТЫН ТЭМЦЭЭН ШИГ ЗАРДАЛ, ХУГАЦАА ШААРДДАГ

-Тэмцээний сүүлчийн шат хэзээ зохиогдох вэ? Оролцогдын бэлтгэлийг хэрхэн хангаж байна вэ?

-Одоогийн байдлаар шалгарсан хүүхдүүд маань дөрөвдүгээр сар хүртэл хамтын бэлтгэл хийнэ. Сургууль төвүүд дээр болон мэргэжлийн багш нартай хамтран бэлтгэл сургуулилт хийх байгаа. Гуравдугаар сард явуулах тэмцээнээр шалгарч гарсан хүүхдүүдийг ирэх жилийн есдүгээр сар хүртэл сэтгэл санаа, бие бялдар, ур чадварын гэх мэт олон талаар бэлтгэх юм. Үүнд маш нарийн зохион байгуулалттай баг ажиллаж байна.

-Дэлхийн ур чадварын тэмцээн хэр өрсөлдөөнтэй болдог вэ?

-Манай улс өмнөх дэлхийн ур чадварын тэмцээнүүдэд оролцох бүртээ амжилтаа ахиулсаар байгаа юм. Иймд Шанхайд болох тэмцээнд тодорхой хэмжээгээр амжилтаа ахиулж, медаль авах хүртэл бэлдэнэ гэсэн зорилготой ажиллаж байна. Мэдээж дэлхийн ур чадварын тэмцээнээр олон тооны хөрөнгө чинээтэй улс хүч хаяж бэлддэг учир өрсөлдөөнтэй болж өнгөрдөг. Засгийн газар болон яамнаас энэхүү бэлтгэлд маань анхаарч тусладаг боловч улсаас бодлоготойгоор дэмжихгүй бол амжилт гаргахад хэцүү. Яг л спортын тэмцээн шиг зардал, хугацаа шаарддаг.

-Зардлуудаа өөрсдөө гаргаж шийддэг гэсэн үг үү?

-Зардлуудаа төсөл хөтөлбөр болон компани аж ахуйгаар шийддэг. Мэдээж улсаас юу ч өгдөггүй биш. Тухайн тэмцээнд оролцох үед тодорхой хэмжээний зардлуудыг гаргаж өгдөг. Цаашдаа компани аж ахуй, улсаас дэмжээд өгвөл илүү сайн үр дүн гарах боломжтой гэж харж байна.

Зургийн тайлбар: ХНХЯ-ны харьяа Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн дарга Ц.Батдорж "Монгол ур чадвар-2020" тэмцээний зохион байгуулалтын тухай ярьж буй байдал.Улаанбаатар хот. 2020.10.27. Гэрэл зургийг Б.Амарбаясгалан

-ШААРДАГДАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, МАТЕРИАЛ ЗЭРГЭЭС ХАМААРАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ГАЗАР НЬ ЯЛГААТАЙ БАЙСАН -

-“Монгол ур чадвар -2020” тэмцээн хэдэн төрлийн мэргэжлээр хаана зохион байгуулагдаж байгаа вэ?

Энэ жилийн ур чадварын тэмцээн Улаанбаатар хотод таван мэргэжлээр, Өмнөговь аймагт хоёр мэргэжлээр тус тус зохион байгуулагдлаа. Өмнөговь аймагт гагнуур, токарийн мэргэжлээр зохион байгуулагдсан бол Улаанбаатар хотод тогооч, мужаан, сантехник, цахилгаан, барилгын өрөг-угсралт гэсэн таван мэргэжлээр зохион байгуулагдлаа. Тухайн тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах тоног төхөөрөмж, материал зэргээс хамааран зохион байгуулах газар нь ялгаатай байсан. Тэмцээнийг зөвхөн ХНХЯ дангаараа зохион байгуулаагүй. Үүнийг мэргэжлийн боловсрол түншлэлийн төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан.

Мэргэжлийн ур чадварыг зохион байгуулахад тухайн салбар бүрийн холбогдох төрийн бус байгууллагууд хамтарч байна. Жишээ нь  барилгын мэргэжлүүдийг барилгачлын нэгдсэн холбоо, мужааны мэргэжилд мужааны холбоо гэх мэт мэргэжлийн холбоодтой хамтарсан. Мэргэжлийн холбоодтой хамтарч зохион байгуулах эрхийг нь олгосноор шалгаруулалт илүү үр дүнтэй зохиогддог. Тухайн мэргэжлийн хүмүүс даалгавар, орчин нөхцөл, үнэлгээний ажилтнуудаа бэлддэг.

- Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцохын давуу тал?

Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцсоноор өөрийн чадварын түвшинг олж мэдэж, хөгжүүлэх, Монгол улсынхаа нэрийг дэлхийд гаргах боломжтой үр өгөөжтэй үйл ажиллагаа болдог.

Зургийн тайлбар: Сантехник 2-р шат, "Монгол ур чадвар-2016". Улаанбаатар хот. 2020.10.27. Гэрэл зургийг Б.Амарбаясгалан

-ӨМНӨ ЖИЛ ГАГНУУРЫН МЭРГЭЖИЛ ДЭЭР 35 ХҮН ОРОЛЦСОН БОЛ ЭНЭ ЖИЛ 10 ГАРУЙ ХҮН ОРОЛЦЛОО-

-Шүүгчийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс ажиллаж байгаа вэ?

Шүүгч гэхээс илүүтэй үнэлгээний ажилтан гэж нэрлэж байгаа юм. Мэргэжлийн холбооноос тухайн мэргэжлийнхээ өндөр ур чадвартай хүмүүсийн томилон манайд үнэлгээний ажилтны сургалтад хамрагдан сертификаттай болдог байгаа. Ийнхүү ур чадвар болон үнэлгээний аргачлалд суралцсан хүмүүсийг сонгон шалгаруулдаг. Ер нь их нарийн процесс юм.

-Энэ жилийн тэмцээн өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог вэ?

Мэдээж цар тахлын үеэр зохион байгуулагдсан учраас оролцох оролцогчдын тоо бага, ур чадварын түвшин ялгаатай гэх мэт цаг үеэс хамаарсан асуудлууд тулгамдсан. Түүнээс бусдаар онцгойрох өөрчлөлт байгаагүй. Цаашдаа энэхүү тэмцээнд оролцогчид улам өсч, өргөн цар хүрээтэй явагдах байх гэж найдаж байна. Өмнө жил гагнуурын мэргэжил дээр 35 хүн оролцсон бол энэ жил 10 гаруй хүн оролцлоо. Үүний хүчин зүйлд цар тахлын улмаас цахимаар хичээллэсэн байдал, хүндрэлтэй үеийг даван туулсан сургуулиуд төлбөрөө нэмсэн зэрэг байдлууд нөлөөлж байна.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

С.Хонгорзул

Гэрэл зургийг: Б.Амарбаясгалан

Киргизийн экс Ерөнхийлөгч өлсгөлөн зарлажээ
Киргизийн экс Ерөнхийлөгч өлсгөлөн зарлажээ
 
2018 онд Их тэнгэрийн амнаас алдагдсан 21 уран зургийн хэргийг Ц.Элбэгдоржийн яллагдагчаар татагдсан хэргүүдтэй цуг сэргээн шалгана
2018 онд Их тэнгэрийн амнаас алдагдсан 21 уран зургийн хэргийг Ц.Элбэгдоржийн яллагдагчаар татагдсан хэргүүдтэй цуг сэргээн шалгана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.