59 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улс дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн Бүрэн Эрхт улс болж байсан түүхэн үйл явдал тохиож байжээ. Тухайн үед БНМАУ-ын Гадаад явдлын яамны орлогч сайд Дондогийн Цэвэгмид агсан НҮБ-ын индэр дээрээс Бүгд Найрамдах Монгол Ард Улс хэмээн зарлан тунхагласан байна.
Хожим нь Монгол Улс НҮБ-д элссэн ач холбогдлыг ГХЯ-ны сайд асан Ц.Гомбосүрэн
Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш гол тэмцсэн асуудал бол тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх байлаа. Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх гэж 25 жил болсон. ЗХУ 1921 онд Ардын засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн. 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Улсыг тунхагласан.
Харин 1924 оны 5 дугаар сард байгуулсан Орос, Хятадын харилцааны зарчмын тухай гэрээнд Монгол бол Хятадын салшгүй хэсэг гэж бичсэн байдаг. Энэ гэрээ 1946 он хүртэл хүчин төгөлдөр байлаа. Тэгэхээр ЗХУ, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь олон улсын эрх зүйн үүднээс үзэхэд тодорхой биш байсан юм. Харин Дэлхийн II дайны дараа 1945 онд дэлхий дахины байдал өөр болсон. Монгол Улс НҮБ-д элсэж тусгаар тогтнолоо дэлхийн хэмжээнд баталгаажуулна гэдэг үнэхээр чухал үйл явдал байсан хэмээн дүгнэж хэлсэн юм.
Түүхийн баримтыг сөхвөл, 1961 оны хуралдаанд Монголын улсыг төлөөлж Гадаад Явдлын Яамны орлогч сайд Д.Цэвэгмид тэргүүтэй Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн, Б.Ванчиндорж зэрэг хүмүүс АНУ явсан байна. НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 16 дугаар чуулганы 1043 дахь бүгд хурлаар гаргасан 1630 дахь тогтоолд: 1961 оны 10 дугаар сарын 25-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг шийдсэн Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжийг хүлээн авч, мөн БНМАУ-ын гишүүнээр элсэхийг хүссэн өргөдлийг харгалзан үзсэний үндсэн дээр БНМАУ-ыг НҮБ-ын гишүүн болохыг зөвшөөрөв гэжээ.