Хамтарсан Засгийн газраас хоёр дахь удаагаа өргөн барьж алдагдалгүй батлуулсан 2025 оны дуулиант төсвийн асуудлаар УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.
"ЗГ ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ГОЛ ТОХИРУУЛГЫН ЗААЛТЫГ ХАСУУЛЖ, ЗАРДЛАА ДУРААРАА ТЭЛСЭН БАЙСАН"
-Анхны 126 гишүүнтэй парламент бүтэн дөрвөн сарын хугацаанд төсөв хэлэлцэж, нэг жилийнхээ төсвийг хоёр удаа өргөн барилаа. Ерөнхийлөгч эхний батлагдсан төсөвт бүхэлд нь хориг тавьсан нь бас л анхны тохиолдол байв. Эцэст нь алдагдалгүй төсөв баталлаа. Юун түрүүнд төсөв хэлэлцэх асуудал хаанаас эхэлж, юунаас болж сунжирав гэдгээс яриагаа эхэлье?
- Хамгийн анх ЗГ бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийхдээ 2024 оны төсөвт тодотгол оруулсан. Тодотгол хэлэлцэх асуудал бүтэн сар үргэлжилж, миний хувьд төсвийнхөө тогтвортой байдлыг хамгаалж авч үлдэх асуудалтай нүүр тулсан. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд төсвөөр УИХ-д хурц маргаан өрнөж, бүлэг болон Байнгын хорооны хуралдаанд мэтгэлцээн хүртэл өрнөсөн байдаг. Эдгээрийн суурь шалтгаан нь 2024 оны наймдугаар сард ЗГ-аас УИХ-д өргөн мэдүүлсэн энэ оны төсвийн тодотголоос эхтэй юм.
2024 оны төсвийн тодотголд зарчмын байр сууринаас хандсан гол асуудал маань төсвийн тогтвортой байдлыг хангах, олон нийтийн оролцоог хангах, төсвийн сахилга батыг үгүй хийх гэсэн заалтуудыг ЗГ-аас оруулж ирсэн байсныг эсэргүүцсэн явдал. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.3 дахь заалт буюу төсвийн дараа оны зарлагын хэмжээг хязгааргүй өсгөхгүй байх тохируулгыг хийдэг амин сүнс болсон заалтыг авч хаях гэсэн санаархлыг ЗГ хийсэн. Товчхондоо уул, уурхайн бус орлогын хувь хэмжээг тооцож дараа оныхоо төсвийн зардлыг төлөвлөх ёстой гэсэн тохируулгын заалтыг ЗГ авч хаяад, эсрэгээрээ уул уурхайн салбараас олсон гэнэтийн өндөр орлогод тохируулж төсвийн зарлагаа нэмэгдүүлж оруулж ирсэн асуудал маргааны эхлэл цэг байсан гэсэн үг.
Төсөв тогтвортой байснаар хэт тэлэлтээс хамгаалж, төсөв мөнгөний бодлогын уялдааг хангаж байна гэсэн үг. Хамгийн чухал нь эдийн засгийнхаа тогтвортой байдлыг хамгаална. Ялангуяа манай улс шиг хэт нэг салбараас хамааралтай буюу уул уурхайгаас хамаарчихсан улс зардлаа дураараа өсгөж болдоггүй юм гэсэн л заалт байсан юм. Энэ заалтыг хэрэгжүүлж ажилласан бол бид дараа жилийнхээ төсвийн зардлыг 10-15 хувиар л нэмэгдүүлж тооцох боломжтой байсан. 2024 оны төсөв 27 их наяд төгрөг гэж байсан бол уул уурхайн бус орлогын дундажаар тооцож өсгөхөд 10 орчим хувиар зарлагын хэмжээ өсөх байсан.
Төсөв тодотгох үеэр ЗГ зарлагаа хэмжээ, хязгааргүйгээр тооцож оруулж ирсэн асуудлыг би удаа дараа чуулганы хуралдаанаар ярьсан шүү дээ. Та бүхэн санаж байгаа бол гишүүдийг "кноп"-доо битгий хүрээрэй гэж хүртэл уриалж, Сангийн сайд Б.Жавхлантай мэтгэлцсэн. Тэр үед гишүүдийн дийлэнх нь саналаа өгч дэмжээд ямар ч байсан гол хуулийн заалтаа аваад үлдчихлээ гэж хувь хүний хувьд баярлаж байсан. Харамсалтай нь МАН-ын бүлгээс завсарлаг авч гурван хоногийн турш хуралдаад цөөхөн санал дутаж, олонхоороо дэмжсэн гэдгээр Сангийн яамнаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн амин сүнс болсон 6.1.3 дахь заалтыг хасах санал дэмжигдсэн юм.
Энэ заалтыг хассанаас болоод 2024 онд төсвийн зарлага 27 их наяд төгрөг болж, 2025 оны төсвийн зарлага 35.6 их наяд болсон буюу энэ хооронд төсвийн нийт зарлага 8 их наяд төгрөгөөр огцом нэмэгдсэн. Хэрэв бид ЗГ-аас оруулж ирсэн хуулийн заалтыг хасах саналыг дэмжихгүйгээр унагаасан бол төсвийн зарлага 3 их наяд төгрөгөөр л нэмэгдэх байсан атал тэр орон зайг хуулийн цоорхой гаргаж байгаад 8 их наяд төгрөг болгож нэмэгдүүлчхэж байгаа юм. Тиймээс бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийнхаа энэ чухал заалтыг буцааж сэргээх ёстой. Энэ асуудлаар 2025 оны төсөв хэлэлцэх үеэр миний бие Сангийн сайд болон яамныхантай ярилцаад хасагдсан заалтыг ирэх ондоо багтааж эргэж оруулах тухай ярилцсан. Нэг талдаа чухал зөвшөлцөлд хүрч чадсан гэж бодож байна.
"ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ УИХ, ЗГ-ЫГ ХАЗААРЛАСАН ЗӨВ ДОХИО БОЛСОН"
-УИХ ЗГ-ын өндөр зарлагатай оруулж ирсэн төсвийг хүлээж аваад баталчихсан. УИХ, ЗГ аль аль нь Үндсэн хуулиа зөрчсөн, хууль дээдлэх зарчмаа бариагүй гэж үзэхээр шүү дээ. Төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьснаар асуудлыг мухарлаж чадсан. Та Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг юу гэж дүгнэсэн бэ?
-Ерөнхийлөгч хориг тавихдаа, УИХ-ын гишүүдийн тавьсан саналууд, олон нийтээс ирүүлж байгаа санал шүүмжлэлд үнэлэлт, дүгнэлт хийж тодорхой хэмжээнд УИХ болон ЗГ-ыг хазаарласан зөв дохио өгсөн гэж харсан. Ингэж байж бид сая 8 их наяд төгрөгийн тэлэлттэй байсан төсвийг 2.4 их наяд төгрөгөөр бууруулж чадсан. Ингээд анх удаа бид Ерөнхийлөгчийн хоригийн дагуу алдагдалгүй төсөв баталж чадлаа. Үндсэндээ төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл "тэг" буюу алдагдалгүй болгосон нь нэг талдаа төсвийн сахилга бат, эдийн засгийн тогтвортой байдал талаасаа сайн тохируулга болж чадсан гэж хэлж болно.
Төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах ёстой газар бол УИХ. Тэгэхээр нэг талдаа бид, мөнгөний бодлогоо сулруул, банкны зээлийн хүүг бууруул, ААН-ээ дэмж гэж Монголбанкыг шахдаг мөртөө нөгөө талдаа 50-аас илүү хувиар нөлөөлдөг хүчин зүйл бол төсвийн бодлого. Тиймээс энэ хүнд цаг үед хамгийн зөөлөн газардуулгыг УИХ төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангаснаар хийнэ. Энэ үүргээ УИХ 2025 онд батлагдсан төсөвт биелүүлж чадсан гэж харж байна.
-Төсвийн зарлагыг 2.4 их наяд төгрөгөөр бууруулснаар ямар эрсдэлийн нөлөөллийг бууруулж чадсан гэж үзэх вэ?
- Ямартай ч инфляц наандаж 1.5 хувиар өсөх байсныг 1 хувиар бууруулах орон зайг гаргалаа. Мөн төлбөрийн тэнцэл, мөнгөний ханшид нөлөөлөх нөлөөллийг бууруулж чадлаа. Гадаад валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар байгаа бол түүнд мөн сөргөөр нөлөөлөх нөлөөллийг ч бууруулж өглөө.
Хэрэв анх оруулж ирсэн 8 их наяд төгрөгийн өсөлттэй төсвөө баталчихсан байсан бол магадгүй манай гадаад валютын нөөц 3-5 сарын дотор байх ёстой хэмжээнээс хамгийн доод түвшинд очих байсан.
Тиймээс Монгол Улсын төсвийн тогтвортой байдлыг хангах түүхэн шийдвэрийг энэ удаагийн парламент гаргаж чадсан гэж бодож байна.
"ЗГ ТЭВЧИЖ БОЛОХ УРСГАЛ ЗАРДЛААСАА ТАНАХ ЁСТОЙ БАЙСАН Ч ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛААСАА МӨН ХАССАН"
-Эхний төсөвт Ерөнхийлөгч хориг тавихаас өмнө та тэргүүтэй хэсэг гишүүд 2025 оны төсвийн зарлагыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулах санаачилга гаргаж, ЗГ-т шаардлага хүргүүлж байсан шүү дээ. Батлагдсан дүнгээрээ 2.4 их наяд төгрөгийн хасалт хийгдсэн. Ямар тооцооллоор 3.6 их наядыг хасах боломжтой гэж үзэж байв?
- Нэгдүгээрт, 2024 оны есдүгээр сард төсөв өргөн баригдсан. 2025 оны төсвөөс өмнө 2024 оны төсвийн тодотголоор урсгал зардал 3.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байсан. Нийт төсвийн зарлагын 70 гаруй хувийг урсгал зардал бүрдүүлдэг. Ингээд 2024 оны төсвийн зардлага 27.4 их наяд төгрөг байсны 21.2 их наяд төгрөг нь урсгал зардал. Гэтэл 2025 оны төсөв 35.6 их наяд төгрөг буюу 8 их наяд төгрөгийн өсөлттэй орж ирэхэд нөгөө 21.2 их наяд төгрөг байсан урсгал зардал 26 их наяд төгрөг болсон. Үндсэндээ 5.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Жилийн дотор зардал 5.8 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг бол хэт эрүүл бус үзэгдэл.
Наймдугаар сарын 27-нд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн гол тохируулга болох 6.1.3 дахь заалтыг хуулиас авч хаяад есдүгээр сарын 01-нд төсөв өргөн баригдах хоёрын хооронд буюу гуравхан хоногийн хугацаанд зарлагыг 3.6 их наяд төгрөгөөр нэмчхэж байгаа юм. Өөрөөр хэлбэл хуулийн цоорхой бий болгоод, түүний төлөөс нь 3.6 их наяд төгрөг болсон гэсэн үг л дээ.
Тиймээс бидний тавьсан зарчмын гол шаардлага бол наймдугаар сарын 27-нд бид нараар батлуулсан 2024 оны төсвийн тодотголынхоо хэмжээнд зарлагаа ядаж барь гэсэн л шаардлага байв. Уг нь 2024 он сонгуультай жил байсан. Сонгуультай жилийн төсөв угаасаа хөөсрөлттэй, хэн нэгэн намынхаа эрх ашгийг бодоод эсрэг дуугарч чаддаггүй, төсвийн санхилга бат сул байдаг онцлогтой. Гэхдээ бид жилийн өмнөх төсөв рүү биш, тодотголоор хийсэн зарлагадаа ядаж дөхүүлээч гэсэн зарчмын шаардлагыг тавьсан юм.
Өөр нэг шалтгаан нь төсвийн зарлага 3.5 их наяд төгрөгөөр нэмэгдэхэд инфляцад нөлөөлөх нөлөөлөл нь 1.5 хувь байдаг. 3.6 их наяд төгрөгөөр төсвийн зарлагыг нэмэгдүүлэхэд инфляцад нөлөөлөх нөлөөлөл буюу бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт 1.5 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарч ирж байгаа юм. Инфляц буюу бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт өөрөө "чимээгүй хулгайч". Бидний олсон орлого, цалингаас чимээгүй л авч байдаг зүйл. Тиймээс бид бүхэн үүнийг хязгаарлаж байж цаашдаа эдийн засгийн эрүүл өсөлтийг бий болгох боломжтой.
Бидний хувьд ЗГ-ыг тэвчиж болох зардлууд болох тавилга, тоног төхөөрөмж, гадаад, дотоод томилолт, их засварын зардлуудаасаа бууруулж, урсгал зардлаа тана гэсэн шаардлагыг тавьж ажилласан. Үүний дүнд урсгал зардлаас 800 тэрбум төгрөгийг хасаад хөрөнгө оруулалтын зардал, гадаад зээл ашиглалтаас нийт 1.4 орчим их наяд төгрөгийг хассан юм билээ. Гэтэл бидний шаардаж байсан үндсэн зүйл нь урсгал зардлаас хасах явдал байсан. Цаашдаа бид урсгал зардалд маш том бодлогын реформыг хийх ёстой гэж үзээд УИХ-аас гаргасан тогтоолд ЗГ төсвийн төлөвлөлтөө хийхдээ төсвийн сахилга батыг баримталж, хуульд нийцүүлж, зөв эрэмбэ дараатайгаар төслөө боловсруулах ёстой гэсэн тодорхой чиглэл, заалтуудыг тусгаж өгсөн байгаа.
"ТАВДУГААР САРААС ЭХЛЭН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ БОЛОВРУУЛАХДАА ОЛОН НИЙТИЙН САНАЛЫГ АВАХ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗГ-ААС ШААРДАЖ, ШАХАЖ АЖИЛЛАНА"
-ЗГ хоёр дахь төсвийн төслөө алдагдалгүй болгож оруулахдаа яамдын төсөвт жигд 10 хувийн таналт хийж, дараа нь хэд хэдэн чухал салбаруудаа эрэмбэлж чадаагүйгээс хүүхдийн хоолны зардал 31 тэрбум төгрөгөөр буурч, Хавдар-2 эмнэлгийн барилгын төсөв суугдаагүй зэрэг асуудлууд үүссэн. Сүүлд төсөв батлах явцад чухал зардлуудаа эргэж оруулах шиг боллоо?
- Засгийн газар хоёр дахь төслөө долоо хоногийн дотор боловсруулахдаа таналт хийсэн салбаруудаа аль нь чухал вэ гэдгээ эрэмбэлж тооцоолж чадаагүй байсан. Механик хасалтуудыг хийхдээ эрүүл мэнд, боловсролын салбарын зайлшгүй байх ёстой зардалд хүртэл таналт хийсэн. Үүний нэг жишээ нь хавдрын эмнэлгийн барилгыг эхлүүлэх санхүүжилт байлаа. Зөвхөн одоо байгаа эмнэлгийн эх засварын зардал хоёр он дамнуулж хийхээр 5 тэрбум төгрөг тавьсан байсан.Мөн хүүхдийн үдийн хоолны мөнгөнөөс 31.4 тэрбум төгрөг хассан байсныг буцааж тавиулсан.
Цаашлаад сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй холбоотой асуудлууд бий. Улаанбаатар хотод 20 орчим сургууль 3 ээлжээр хичээллэж байна. Барилга, сандал ширээнээс авахуулаад хэрэгцээтэй чухал зардлуудыг хассан байсан Бид ядаж байр түрээслээд ч хамаагүй гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын ачааллыг бууруулах ёстой гээд урсгал зардлыг 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж буй.
Мөн ирэх дөрвөн жилд Хавдар-2 эмнэлгийг барина гээд ирэх оны төсөвт ТЭЗҮ зардалд 8 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан ч эмнэлэг баригдаж дуусах хүртэлх хугацаанд хавдраар өвдсөн иргэд яах вэ гэдэг асуудалтай тулгарч байгаа юм. Тиймээс ямар нэгэн байдлаар лизингээр ч хамаагүй орны хүртээмжийг нэмэгдүүлж, шаардлагатай тоног, төхөөрөмжийн зардлыг нь суулгая гээд хавдрын эмнэлэгтэй холбоотой зардалд нийт 38 тэрбум төгрөгийг тавьсан.
2023 онд батлуулсан төсвийн шинэчлэлийн хуулиудын дагуу төсвийн сахилга бат нэгдүгээрт байх, дараа нь төсвийн хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд олон нийтийн оролцоо чухал гэдэг асуудлыг ярьж байгаа. Ямартайч 10 сард өргөн барьдаг байсан төсвийн төсөл есдүгээр сарын нэгэнд болсон. Есдүгээр сарын нэгнээс төсөв өргөн баригдахаас өмнө тавдугаар сараас эхлээд улс, орон даяар төсвийн хэлэлцүүлгүүдийг хийх шаардлагатай байгаа юм. Засгийн газар энэ жил шинэ дэгээ барьж ажиллаж чадаагүй.
Харин ирэх хавар тавдугаар сараас эхлээд нэхэх ёстой зүйл маань ирэх оны төсвийн төслөө боловсруулахдаа заавал олон нийтийн саналыг авах. Эрх ашгийн эрэмбийн хүрээнд эхэнд юу байх ёстой вэ гэдгээ тодорхойлж байж сая төсвөө өргөн барьж хэлэлцүүлэх дэгийг шаардаж ажиллана. Үндсэндээ хамгийн сайн хяналт бол олон нийтийн хяналт байдаг.
-Ирэх оны төсөвт тодотгол хийгдэхээр үү?
-Бараг тодотгохгүй болов уу гэж бодож байна. Алдагдалгүй байлгах гэж шахаж, шаардаж байж сая нэг баталлаа шүү дээ.
"ИРЭХ ОНД КОКСОЖСОН НҮҮРСНИЙ ҮНЭ БУУРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА"
-Сангийн яамыг та "өөдрөг төсөөллийн яам болчхож" гэж хэлж байсан. Өөрөөр хэлбэл эхний төсөлд орлогыг 33.8 их наяд төгрөг гэж үзээд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэнэ гэсэн байсан. Тонн тутмын үнэ 128 ам.доллар байхаар тооцоолсон. Үүнийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хүртэл хэт өөдрөг төсөөлөлтэй байна гэж дүгнэсэн байдаг. Нүүрсний экспортын төсөөллийг та юу хэр бодит тооцоолол гэж харж байна?
- Төсвийн орлого бүрдүүлэлтийн 70 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос олох орлого бүрдүүлж байна. Энэ нь өөрөө гэнэт савладаг онцлогтой салбар л даа. Ханш яаж ч унаж мэднэ. Ялангуяа геополитикийн хувьд эмзэг байгаа энэ үед баталгаа гаргах ямар ч боломжгүй. Ийм учраас л орлогоо хамгийн багаар тооцож, түүнийг дагаж зарлагаа тооцоолох хэрэгтэй. Шинжээчдийн хэлж байгаагаар ирэх онд коксожсон нүүрсний үнэ буурахаар байгаа. Тэгэхээр төсвийн төсөлд тусгасан нүүрсний тонн тутмын үнэ 128 ам.долларт хүрнэ гэдэг тооцоолол биелэхэд хүндрэлтэй л дээ.
Нэг талдаа бид урд хөршийн нүүрсний зах зээлд нэлээд том тоглогч болчихсон. БНХАУ-ын нүүрсний экспортын 40-50 орчим хувийг манайх нийлүүлж байна. Гэвч эдийн засаг, валютын ханш, үнийн савалгаа өөдрөг төсөөллөөр байдаггүй гэдгийг тогтмол санах хэрэгтэй. Цаашдаа бид уул уурхайгаас хэт хамааралтай байгаа эдийн засагт хамгаалалт хийхгүй бол хүчтэй газардах том эрсдэл бий болчихсон шүү гэдгийг санах нь зүйтэй. Үр дагавар нь ААН, иргэдэд хамгийн хүндээр тусдаг.
Үүнээс улбаалаад цаашид татварын бодлогоо хэрхэн өөрчлөх вэ гэдэг асуудал яригдана. Төсвийн орлого бүрдүүлэлтийн бодлого нэг талдаа алдаатай байна гэдгээ хүлээн зөвшөөрч бодлогын шинэчлэлийг хийх шаардлага тулгарч байгаа юм. Нөгөө талдаа шууд үйл ажиллагаанаас хамаарсан, нэг талын татварын тогтолцоонооос илүү суурь шинэчлэлийг хийхгүй бол өнөөдрийн төсвийн орлого бүрдүүлэлт, татварын бодлого эрүүл бус тогтолцоо руу орчихсон яваа гэдгээ анхаарах хэрэгтэй.
Миний хувьд татварын реформыг хийх ёстой гэж боддог. Энэ чиглэлээр хуулийн төсөл санаачлаад боловсруулж байгаа. Цаашдаа бид татвараар буюу төсвөөр эдийн засгаа өсгөх үү эсвэл хувийн хэвшлээр өсгөх үү гэдэг сонголтын өмнө тулна. Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулахын тулд төсвийг тодорхой хэмжээнд хумих шаардлагатай байгаа. Үүний хажуугаар төсвийн орлого бүрдүүлэлт талыг давхар анхаарч ажиллах шаардлагатай байна. Өнөөдөр татварын орлого бүрдүүлэлтийн 80-90 хувийг хувийн ААН-үүд бүрдүүлж өгч байгаа. Дийлэнхийг ГАТ, ААНОАТ, НӨАТ-аас бүрдүүлж байгаа юм.
Хэдий хэмжээгээр татвар, төсөв тэлэх тусам тэр хэмжээгээр ААН-үүдийн орлого буурч, хөгжих боломж хумигдана л гэсэн үг.
Тиймээс бид шууд татварын системээс шууд бус татварын тогтолцоо руу шилжих ёстой гэж үзэж байна.
-ЗГ нэг талаараа дотоодын ААН-ээ дэмжинэ, татварын орчныг сайржуулна, экспортыг нэмэгдүүлнэ гэж ярьж байгаа ч нөгөө талаараа импортыг дэмжиж, татваргүй ижилт төрлийн бараа оруулж ирэх алхамыг хийх гэж байна. ЕАЭЗХ-той хийх худалдааны хэлэлцээрийг тойрсон олон асуудал яригдаж эхлээд байна шүү дээ. Үүнийг та дэмжиж байгаа юу, эсвэл эсрэг байр суурьтай байна юу?
-Ерөөсөө л улс орны эдийн засаг, хүнсний аюулгүй байдалтай шууд хамааралтай асуудал. ЗГ-ын түвшинд яригдаж байгаа ЕАЭЗХ-той хийх чөлөөт худалдааны гэрээ, хэлэлцээрийн асуудал УИХ-аар орж ирж яригдах байх. Эдийн засгийн байнгын хорооноос авахуулаад манай АБГББХ ч гэсэн энэ асуудлыг хэлэлцэх байх. Гол асуудал нь манайх дотооддоо үйлдвэрлэж чаддаггүй, түлш, шатахуун, тос, тослох материал гэх мэт нэн чухал зүйлсийг хуадлдааны хэлэлцээрийн шугамаар татвараас чөлөөлж оруулж ирж болох ч дотоодын ААН-үүдийн үйлдвэрлэж байгаа ижил төсвтэй бараа бүтээгдэхүүнийг татваргүй оруулж ирэх асуудал хэрхэвч байж болохгүй гэсэн байр суурийг хувь гишүүний хувьд илэрхийлнэ.
Төсвийн хуулийг дагалдуулж оруулж ирсэн хуулийн төсөлд томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлж авах, ААНОАТ-ыг үйл ажиллагаа эхэлснээс нь хойш дөрвөн жилийн хугацаанд 90 хувиар хөнгөлч, чөлөөлөх асуудал тавигдсан. Тэр бүү хэл "Атрын-4" аян хэрэгжих учраас газар тариалангын салбарт нэн хэрэгтэй тарактор, камбайныг үл маргах шугамаар оруулах асуудал тусгагдсан.
"САНГИЙН ЯАМНААС ШИЛЖИН ХЭРЭГЖИХ ТӨСЛҮҮДИЙН ЗАРДЛЫГ БАГЦАЛЖ ОРУУЛЖ ИРДЭГ. ӨРТӨГИЙН ӨСӨЛТӨД МАГАДЛАЛ ХИЙЛГЭХ ШААРДЛАГАТАЙ"
- Төсвийн хулгай орж байгаа нэг орон зай нь шилжин хэрэгжих төсөл, арга хэмжээний зардлууд байна шүү дээ. Тухайлбал, саяхан Хөвсгөл аймгийн сумдад хэрэгжиж буй бяслагийн үйлдвэр барих төсөл 2021 оноос хойш 3 үе шаттай яваа мөртлөө 9.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байсан төсөл өнөөдөр 16 тэрбум төгрөг болтлоо өссөн байх жишээтэй. Ийм төсвийн цоорхой хэр их гарч байна гэж үзэх вэ?
-Энэ бол цэвэр зардлын өсөлттэй холбоотой. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ихэнх төсөл, арга хэмжээнд жил бүр өртөгийн өсөлт гарч ирдэг. Сангийн яамнаас үүнийг оруулж ирэхдээ үнийн өсөлтөөс шалтгаалж байгаа учраас өртөгийг магадлах зайлшгүй шаардлагатай учраас өртөг, зардлыг тавиагүй гэж оруулж ирдэг. Зарим зүйлсэд магадлах шаардлага үүсэж байгаа. Хуучин бид Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгээд төсөвт өртгийг баталгаажуулчихсан зүйлд төсөвт өртгийг нь шийддэг байсан бол одоо Сангийн яамнаас БХТ-өөр магадлал хийлгэсэн зүйлд итгэхэд хүндрэлтэй байна гэдэг зүйл ярьж байгаа. Энэ нь засаглалын тогтолцоо өөрөө сул болчихсон гэдгийг харуулж байгаа юм. Нэг төрийн захиргааны төв байгууллага нь нөгөө төрийн байгууллагадаа итгэхгүй байна гэдэг асуудал байж болохгүй шүү дээ. Тиймээс энэ гажуудлыг бид зөв болгох ёстой.
Хоёрдугаарт, УИХ-аас ЗГ-т өгсөн үүрэг чиглэл бүхий тогтоолд тусгаснаар барилга байгууламжийн төсөвт өртөг өсөж байгаа асуудалд эхний улиралдаа багтаагаад аудитын дүгнэлт гаргуулдаг байх, мадагдаж шалгах ёстой байгууллагуудаар нь шалгуулаад ирэх оны нэгдүгээр улиралд багтаж УИХ-аар оруулж ирэх зохицуулалтыг тусгасан.
Өөр нэг асуудал нь өнөөдрийн байдлаар 120 орчим зээлийн төслүүд хэлэлцээрийн шатанд байна. 10.2 их наяд төгрөгийн зээлийг авах орон зай сул байна гэдэг асуудлыг ЗГ ярьж байгаа. Гэтэл эрх ашгийн эрэмбээрээ огт хэрэггүй зүйлс ч бий.
-Тухайлбал, ямар төслүүдийг гадаадын зээлээр санхүүжүүлж хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзэж байна вэ?
-Жишээ нь, нэг хэсэг шүүмжлэл дагуулаад байсан малчдын малын хашаа, хороог барих гадны зээлийн төсөл зэрэг онцын ач холбогдолгүй төслүүд байгаа. Угтаа зээл тусламжууд үр ашигтай байх, бодит төслүүдийг санхүүжүүлдэг байх, хамгийн түрүүнд эдийн засагт үр өгөөжтэй байх шаардлагаа бодож төлөвлөх ёстой. Энэ чиглэлээр олон жил дамначихсан, төсөл нь царцаад явахааргүй болчихсон төслүүдийг хасаж төсвийн төлөвлөлтөө хийх үүрэг даалгаврыг УИХ-аас ЗГ-т өгсөн байгаа.
Дараа нь бид төрийн өмчийн компаниудын өр авлагын асуудлыг цэгцлэх ёстой. Хоорондоо өр, авлагаа солилцдог асуудал 2.3 их наяд төгрөгт хүрчихсэн байна. Төрийн өмчит компаниуд нэгэндээ санхүүгийн дэмжлэг үзүүлдэг, шагнаж урамшуулдаг асуудлыг үндсэндээ болиулж байгаа. Тэгээд ирэх ондоо багтаагаад ЗГ-ын тусгай сан, төрийн өмчит компаниудын ажлын биелэлтэд үнэлэлт дүгнэлт хийж, аудит оруулаад татан буулгахыг нь буулгах ажил ирэх жилүүдэд хийгдэнэ.Тухайлбал, Засгийн газрын тусгай сангууд төсөвт онцгой дарамт үүсгэж байгаа.
Төрийн өмчит компаниуд эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлж байна. Товчхондоо төр өөрөө эдийн засгийн хамгийн том тоглогч болчихсон. Хамгийн том ажлын байр бий болгогч, орлого бүрдүүлэгч болж болохгүй шүү дээ. Тиймээс төрийн зарим ААН-ийг татан буулгаж, заримыг нь хувьчлах хэрэгтэй. Үүний дүнд төр өөрөө цомхон бөгөөд чадварлаг болох юм.
Төсвийн хэлэлцүүлгийн үеэр орон тоогоо нэмэгдүүлнэ гэж орж ирсэн байгууллагын орон тоог 2 дахин бууруулсан. Хувийн хэвшлээр хийлгэх боломжтой ажлыг төр өөрөө хийгээд, ажлын чиг үүргийн давхардлыг бий болгодог байдлыг халах алхмыг хийж ирэх оны хоёрдугаар улиралд багтааж асуудлаа УИХ-д оруулж ирэх чиглэлийг тогтоолд тусгасан.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг авч үзэхэд яамдын чиг үүрэгтэй давхцсан зөвлөлүүд, хороо, комиссууд их байна. Эдгээрийг татан буулгах чиглэлийг ч УИХ-аас ЗГ-т өгсөн. Дээр нь төсвийн зардлыг шууд нэмэгдүүлж байгаа зүйл нь татаас, урамшууллууд юм. Энэ жилийн төсөвт 950 тэрбум төгрөг татааст явж байгаа. Дийлэнх нь хуулиар олгогдсон чиг үүргээрээ ХАА-н салбарт бий. Төвсийн зардлыг өсгөж байгаа өөр нэг зүйл нь халамжийн зардлууд. Халамж очих ёстой эзэндээ очдоггүй. Авах шаардлагагүй хүмүүс авч байна. Эдгээрийг нэг мөр шалгалт оруулж шаардлагатай зардлуудыг танах нь зөв.
Эдгээр яригдсан асуудлууд бүгд ЗГ-аас ирэх жилийн 1, 2 дугаар улиралд УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх асуудлууд байгаад байгаа юм.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!