СЗХ-ноос "Үндэсний хувьчлалын сан"-гийн нэгж эрхийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцжээ. Улмаар нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжааг энэ сарын 23-наас эхлүүлэх зөвшөөрлийг олгожээ.
Нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжааг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК дахь хөрөнгө оруулагчдын дансанд сангийн нэгж эрхийг байршуулан холбогдох мэдээллийг солилцсоны дараа хоёрдогч арилжааг энэ сарын 26-нд буюу өнөөдөр эхлүүллээ. Иймээс хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлийн арилжаанаас үлдсэн мөнгийг үнэт цаасны компаниараа дамжуулан буцаан авах эрх өнөөдрөөс үүсч буй талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ.
"Үндэсний хувьчлалын сан” нь манай улсын хөрөнгийн зах зээлд арилжаа явуулж буй анхны, хамтын хөрөнгө оруулалтын сан юм. Энэхүү сан Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 19.7 -д заасны дагуу СЗХ-ноос үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авсны үндсэнд хөрөнгө удирдлагын үйл ажиллагаагаа эхлүүлэх аж.