Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл эхэлж, Ардын намын Н.Алтанхуягийн ЗАМЫГ ХААХ хүсэлдээ “тэчьяадаж“ байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 44 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

Хууль, шүүхийн байгууллагын талаар багагүй л муу зүйлс сонсогддог. Бүр ял захиалж, захиалуулдаг гээд төрийн өндөр албан тушаалтан нь хүртэл чуулганы хариуцлагатай индэр дээрээс ярьж байсан түүхтэй. 2021 онд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нэг удаа “Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч хүн ирж хэнд, ямар ял өгөх заавраа авдаг” ухааны юм яриад төр түмнийг бужигнуулж л байв. Түүний хэлсэн зүүн жигүүрийн гурван давхарт нь Ерөнхийлөгчийн институт ажиллаж, амьдардаг. Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэг их сөөнгө хоолойгоороо “Шүүхэд өгнө” гэж хэлээд бүх зүйл мартагдах шахсан түүхтэй.

Ингээд харахаар шүүх байгууллага, шүүгчдийн хараат бус байдалд баруун хашааны Балдан байтугай Хууль зүйн сайд нь хүртэл итгэдэггүй гэсэн хачин жигтэй баримт, логик бидэнд үүсэж буй юм.

Тэгвэл яг энэ өдрүүдэд ийм хэмжээний хардлагыг дахин нэмэгдүүлж, улс төрийн хүрээнд асуудал дагуулж болохуйц шүүхийн шийдвэрийг бид сонслоо. УИХ төсөв батлахаар бантагнаж байх зуур “Хөгжлийн банкны хэрэг” гэх тодотголтой багагүй хүмүүсийн асуудлыг Дээд шүүх хэлэлцэв. Сонирхолтой нь үүнд хэд хэдэн УИХ-ын гишүүнийг хамааруулж шүүсэн юм. Гол хардлага, улс төрийн хүрээнд нисэх болсон “бор шувуу” нь энд л байгаа юм.

Тодруулбал, анхан болон давах шатнаас хэрэг нь хэрэгсэхгүй болоод цагаадсан хэд хэдэн улстөрчдийн нөхцөл байдлыг хүндрүүлэх шийдвэрийг Дээд шүүх гаргав. Үүний нэг нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг. Түүнд холбогдсон хэргийг хоёр шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдсэнийг прокурорын эсэргүүцлийн дагуу Дээд шүүх хэлэлцээд өмнөх хоёр шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзээд анхан шат руу дахиад явуулчхав. Н.Алтанхуягаас гадна Н.Батбаяр, ХҮН намаас УИХ-д суугаа Б.Найдалаа нарын хэрэг шүүх рүү буцав. Өөр нэг үйл явдал болсон нь түүхэндээ анх удаа Дээд шүүхээр УИХ-ын гишүүний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн явдал юм. Энэ хүн бол УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар. Хөгжлийн банкны захирал, албан тушаалтнуудаас бараг ганцаараа гэм буруугүй гэх ангилалд шилжиж, үүссэн хэрэг нь хүчингүй болж буй юм.

Энэ бүх үйл явдлыг улс төрийн хүрээнийхэн 2027 оны сонгуультай холбож үзэж байна. Орон нутгийн сонгуулийн дараа намууд шууд Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж эхэлсэн. Ялангуяа Ардын нам одоогийн Ерөнхийлөгчийгөө дахиулах тухай нэг бодож үзээд боломжгүйгээ ойлгосон уу, түр саналаа татсан уу мэдэхгүй. Ямар ч байсан Цэц хүртэл явчихсан байсан шийдлээ царцаачихсан.

2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд аль нам, хэн ялах нь ойрын арван жилийн улс төрийн гол тулах цэг. Ерөнхийлөгчийн институтийг дагадаг хуулийн байгууллага, Цэц, Дээд шүүхийн томилгоо өнөөдрийн Монголын улс төрийн тоглоомын гол “хөзөр”-үүд билээ.

Тиймээс 2027 оны сонгуульд өөрийгөө ил, далдаар сойж байсан, Ардын намд хамгийн хүчтэй өрсөлдөгч болох ёстой Н.Алтанхуягийг замаасаа холдуулах нь хэнд ашигтай вэ. Мэдээж МАН-д ашигтай. Мөн түүний оронд Ерөнхийлөгчид дэвшээд үзчих гэсэн бусад хүмүүст л сайнаар тусах байх. Өнөөдөр АН-ыг дотор нь дахиад асуудалд оруулж, намын хуулийн хэрэгжилтийг хойшлуулж Лу.Гантөмөрийг хүчээр барьж байгаа цаад зорилго нь ч гэсэн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнийг АН-аас дэвшүүлдэг шиг хувь заяаг зурах гэсэн хүсэл байхыг үгүйсгэхгүй. Ардчилсан намынхан бол “Эрдэнэ 0.2” гэдэг төслийг дахиж хэрэгжүүлэхгүй гэж бараг бүгд л толгой сэгсэрсээр өрөөндөө сууж байгаа. Гэхдээ эрх мэдэл, эрх мэдлийг хянах хүчин зүйл хаана байгаа вэ гэдгээ тооцохгүй бол Лу.Гантөмөрийг хүчээр шахсаар байгаад дэвшүүлж ч чадах боломж МАН-д амьдрал дээр бий.

Тиймээс АН-ыг өрсөлдөөнөөс гаргахын тулд Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай хүмүүсийг замаасаа зайлуулах ёстой. Эхний хүн нь Н.Алтанхуяг. Сонгуулийн тухай хуулиараа ч авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж, шийтгэгдсэн хүнийг нэр дэвшүүлэхгүй гэх зүйл яригдаж байгаа. Нөгөөтэйгүүр гурван шатны шүүхийн процесс яаж ч бодсон 1-2 жилийн замыг "туулах" нь ойлгомжтой. Учир нь түүнд анх "Хөгжлийн банкны" гэх тодотголтой асуудлаар хэрэг үүсгэж, шүүх дээр үргэлжилж хэрэгсэхгүй болгох хооронд хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн байдаг.

Тэгвэл замаасаа зайлуулах дараагийн өрсөлдөгч нь хэн байх вэ. Нөгөө талд нь сая төсөв батлах үеэр ХҮН нам руу, эрчим хүчний реформыг, Т.Доржхандыг хамгийн их шүүмжилж харагдсан. Өөрөөр хэлбэл, ХҮН намаас хэн нэр дэвших вэ. Нас хүрсэн гэдгээрээ Т.Доржхандад шахалт ирэх үү. Эвсэл, ИЗНН хэнийг нэр дэвшүүлэх вэ. МАН-ын атганд орчихгүй амьд орших арга байгаа юу. ИЗНН лав эрх баригчдын цагаан хоолой болсноо сая намын хуулийн асуудал дээр чангаар зарлаж, нэг удаагийн “гондоом” нь болох хүсэлтэйгээ харуулсан. Мэдээж хэрэглэж дуусаад л хаяна.

Өөрөөр хэлбэл, улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн маш хүчтэйгээр явагдаж байна. Ардын нам дахиад сонгууль биш сонгууль зохион байгуулахаар чичирч эхэллээ. Яг энэ цаг үед АН илүү нэгдэж, нягт болж чадсан нөхцөлд тэдний ч, Монголын ч улс төрд гэрэл гэгээ үзэгдэх нигууртай.

Г.Лхагвадорж

У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабт ажиллаж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн дүгнэлтийн талаар хэлэлцэж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабт ажиллаж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн дүгнэлтийн талаар хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.