Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд аймгийн нутаг дэвсгэрт 450-500 орчим ирвэс байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 18 секунд

“Ирвэсний эх нутаг-2020” фестиваль энэ сарын 24-ний өдөр Ховд аймагт боллоо. Тус үйл ажиллагаа нь “Ирвэстэй найзалсан найман жил” уриан дор өрнөсөн юм. Үүнд Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгийн байгаль орчны салбар байгууллага, баруун бүсийн ирвэстэй нутгийн эко клубийн сурагчдын төлөөлөл 150 гаруй хүн оролцжээ.

Өнгөрсөн хугацаанд ирвэс хамгаалах зорилгоор хийсэн ажлаа нэгтгэн дүгнэж, түүний идэш тэжээл болох амьтад,  өнөөгийн нөхцөл байдлын талаар нээлттэй ярилцлаа. Мөн нэн ховор амьтны амьдрах орчныг хамгаалахад цаашид юу хийх шаардлагатай тухай хэлэлцэж байна.  

Дэлхийд 5000 гаруй ирвэс байдгаас 1000 гаруй нь Монголд бий. Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар байгаль хамгаалагч, нутгийн иргэдийн оролцоотойгоор Ховд аймгийн өндөр уулын бүс нутаг болох Алтан хөхий, Мөнххайрхан уул, Баатарын нуруунд автомат камер байршуулж, 450-500 орчим ирвэс нутагшиж байгааг тогтоосон аж.

Ховд аймгийн Манхан, Чандмань сумын ерөнхий боловсролын сургуулийн эко клубийн сурагчид хамтран "Жаргалант хайрхан уул"-нд хавханд орж, хөл нь тасарсан ирвэсийг хамгаалах зорилгоор зуны амралтын хугацаанд “Хавхгүй ууланд хамаг амьтан жаргалтай” аян өрнүүлж, нутгийн малчдаас 260 гаруй хавх цуглуулсан нь баруун бүсийн бусад аймаг, улсын хэмжээнд жишиг санаачлага болж, одоо ч амжилттай өрнөсөөр байна.

Энэхүү ажлын талаар Манхан сумын "Бөхөн" эко клубийн багш Ш.Отгонбаяр хэлэхдээ: Манай эко клуб 2001 онд 20 орчим гишүүнтэй байгуулагдсан. Баруун бүсийн хамгийн анхны эко клуб гэдгээрээ онцлогтой. Одоогоор 5-12 дугаар ангийн сурагчдын төлөөлөл 60 гаруй гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Ийнхүү 20 орчим жилийн түүхтэй “Бөхөн” эко клубийг удирдан ажиллаж, сурагчдын шинэ санаачилгыг дэмжиж байгаадаа талархалтай байна. Учир нь манай клубийн үйл ажиллагаа ирвэсийг хамгаалах ажилтай салшгүй холбоотой. Бид 2015 оноос эхлэн “Хавхгүй ууланд хамаг амьтан жаргалтай” аян өрнүүлсэн. Энэ аяныг эхлүүлсэн түүх гэвэл, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран ажиллаж ирсэн. Тэд нэгэн удаа хавханд орсон ирвэсний бичлэгийг сурагчдад үзүүлсэн юм. Ер нь хавханд орсон ямар ч амьтан их зовдог учраас клубийн гишүүд ярилцаж байгаад хөдөөний айлуудад хэр их хавх байдаг талаар судалгаа хийсэн. Ийнхүү зэрлэг ан амьтанд хөнөөлтэй хавхыг хэрэглээнээс гаргах талаар бид ажиллаж эхэлсэн.

Ховд аймгийн хэмжээнд өдгөө 850 гаруй хавх цуглуулж, хураан авсан гэж аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас мэдээллээ.

 

БНСУ-д томуугийн вакцинжуулалтыг үргэлжлүүлнэ
БНСУ-д томуугийн вакцинжуулалтыг үргэлжлүүлнэ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.