Дэлхийн банкны санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, авто замын аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор “Улаанбаатар хотын тогтвортой авто зам тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хоёр байршилд авто замын их засварын ажлыг гүйцэтгэхээр болсон. Тодруулбал Өнөр хорооллын гудамжны 2.8 км авто зам, Баянхошууны гудамж (Үйлдвэрчний эвлэлийн гудамж)-ын 5.6 км авто замын их засварын ажлыг гүйцэтгэнэ.
Авто замын их засварын ажил 2025 оны 04 дүгээр сараас 2026 оны 07 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд гүйцэтгэгчээр “Максрөүд” ХХК, “Арж Капитал” ХХК, зураг төслийг MCPC gr консалтинг боловсруулаад байна.
Авто замын их засварын ажилтай холбогдуулан Захиалагч байгууллага болох Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, авто замын гүйцэтгэгч байгууллага, зураг төслийг боловсруулсан байгууллагын төлөөлөл Сонгинохайрхан дүүргийн холбогдох газар хэлтсийн удирдлагууд болон хороон засаг дарга нарт танилцуулга, мэдээлэл хүргэлээ.
Иж бүрэн зам засварын ажлыг гүйцэтгэснээр уулзвар, гарцын нэвтрэх хөдөлгөөн сайжирч, иргэд явган замаар аюулгүй, чөлөөтэй зорчиж, Москва хорооллын уулзвараас ард аюушийн гудамж, үйлдвэрчний эвлэлийн гудамжны замын хөдөлгөөний ачаалал буурах боломжтой.
Энэ үеэр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “Иж бүрэн гудамж, зам байгуулах ажилтай холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг гүйцэтгэгч, захиалагч байгууллагатай бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байна. Авто зам, дугуйн зам, явган хүний зам, ногоон байгууламж бүхий иж бүрэн гудамж зам засварын ажил дүүргийн олон хороодыг хамарч хийгдэх учраас иргэд олон нийтэд зам засвар, зам хаах байршил, түр замын мэдээллийг тогтмол хүргэх нь чухал” гэв.
Дүүргийн менежер Д.Баярсайхан “Өнөр хорооллын авто зам засварын ажил 6 хороодыг хамарч хийгдэж байгаа. Хогны автомашинууд орон сууцны хорооллоос хогоо ачихдаа заавал явган хүний замаар зорчиж хогоо ачиж байна. Бид иж бүрэн зам засварын ажлыг гүйцэтгэхдээ энэ асуудлыг шийдвэрлэж хогны авто машин, онцгой байдлын автомашинууд чөлөөтэй зорчих боломжтой байдлаар зураг төслийг боловсруулж ажлаа гүйцэтгэх хэрэгтэй ” гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!