
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо, Цагдаагийн газрын дарга, хурандаа Г.Байдраг болон албаны бусад хүмүүс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын явц, гудамж талбайн нөхцөл байдал, иргэд оршин суугчдаас ирүүлж буй гомдол, саналтай холбогдуулан газар дээр нь ажиллалаа.
Архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэгийг гурван сайдын хамтарсан тушаалаар 10.000 хүн тутамд 6 байхаар журамласан аж. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 1100 гаруй борлуулах цэг байгаа бол зөвхөн 1-р хороололд 42 цэг архи борлуулдаг байна.
Мөн 8000 төгрөгийн үнэтэй хуванцар савлагаатай архи бүх дэлгүүрт зарагддаг байна. Явуулын голдуу, хөдөө орон нутгаас ирж, явж буй хүмүүс гудамж, талбай, сүүдрэвч, цэцэрлэг, орц, хонгил, булан тохой бүрт согтуурч, бөөгнөрсөн байдалтай байгааг иргэд гомдоллож байгаа юм.
Цагдаагийн байгууллага, дүүргээс өдөр бүр 50-60 хүнийг шалгаж, хаяг тогтоон холбогдох газрууд руу хүргүүлж буй. Нэмэлтээр хороо бүрт дотоодын цэргийн анги нэгтгэлээс эргүүл хийлгэж байгаа ч хямд үнэтэй архи, явуулын хүн хоёроос үүдсэн гудамжинд архиддаг хүмүүсийг цөөрүүлэхэд хүнд байгааг алба хаагчид учирлаж байна. Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Аюулгүй гудамж 2026 аяныг зарласан бөгөөд энэ хүрээнд эргүүл, хяналтыг нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж. Цаашид бөөгнөрөл ихтэй газруудад нийтийн эргүүл, иргэдийн хяналт гаргаж ажиллахаар судалж байгаа талаар албаны хүмүүс ярив. ИТХ-ын дарга Б.Золбоо хямд үнэтэй архийг хамгийн том гэсэн архины үйлдвэрүүд хийж, зарж байгаа нь харамсалтай. Нийгмийн хариуцлага гэж байдаг бол энэ асуудалд анхаарал хандуулах ёстой гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!