“Бүсчилсэн хөгжил-Толгойт төв” сэдэвт бүсийн хөгжлийн талаарх уулзалт Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр /2024.02.19/ боллоо. Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудалд Засгийн газар анхаарал хандуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цуврал уулзалтуудаа өнөөдрөөс эхлүүлсэн бөгөөд анхны уулзалтаа Таван шар, Толгойт орчмын гэр хорооллын бүсийн төлөвлөлтийг хэрхэн хийх асуудлаар 3, 4, 18, 19, 24, 26, 27, 35, 36, 38, 40, 41 дүгээр хороодын Засаг дарга болон холбогдох төлөөллүүдтэй хийж, санал бодлыг нь сонслоо.
Энэ үеэр уулзалтад оролцож буй Засгийн газрын гишүүд, Нийслэлийн удирдлагууд болон холбогдох төлөөллүүдэд тухайн бүсийн 12 хорооны нийгэм, эдийн засгийн байдал, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмж болон хотын төвөөс алслагдсан хороодыг бүсчилж хөгжүүлсэнээр эдийн засгийн таталцал хэрхэн эерэг байдлаар өөрчлөгдөх талаарх судалгааг танилцуулав. Мөн Таван шар, Толгойт бүсийн тухайд гэр хороолол ихтэй, тэр хэрээр хороо бүрд тулгардаг хүндрэлтэй асуудлуудыг хөндөж, санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын урт, дунд, богино хугацааны бодлогод тусгагдсан “Улаанбаатар хот–Бүсчилсэн хөгжил” үзэл баримтлалын хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүд тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн үзэл санааг тухайн дүүрэг, бүсийн нутаг дэвсгэрийн онцлог, хүн ам, эдийн засгийн нөөц, чадавхад тулгуурлан оновчтой тодорхойлж, саналуудаа нэгтгэж ойрын хугацаанд эргэж танилцуулахыг даалгалаа.