Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Нямдаваа: Хаана л ажил байна, тэнд би байх гэж хичээдэг

Ангилал
Бусад
Огноо
Унших
10 минут 12 секунд

Өдөрт дөрвөн өөр ажил хийдэг тухайгаа сошиал орчинд хуваалцан хүмүүсийн хүндэтгэлийг хүлээж буй А.Нямдаваатай уулзаж ярилцлаа. Хэдийгээр өдөр бүр биш хэдий ч барилгын гадна болон дотор заслын ажил, таксины жолооч, дуудлагын жолооч зэрэг ажлууд эрхлэх залуу аавын дотно яриаг хүргэж байна.

-Сайн байна уу? Та юун түрүүнд өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Амарсайханы Нямдаваа гэдэг. Би 1990 онд төрсөн. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2007 онд Техник технологийн коллежийг барилгын өргөн мэргэжлээр төгссөн. Барилгачин мэргэжилтэй. Эхнэр маань сургуулийн цайны газарт ажилладаг. Том охин маань долоон настай, хоёрдугаар анги. Бага хүү гурван настай, цэцэрлэгт явдаг.

-ЭХЛЭЭД ТУСЛАХ, ДАРАА НЬ ҮНДСЭН АЖИЛТАН, ДАРАА НЬ МАСТЕР...-

-2007 онд төгссөнөөс хойш барилгын чиглэлээрээ ажиллаж байгаа юу?

-Сургуулиа төгсөөд хоёр жил гадна фасадны ажил хийсэн. Тэр ажлаа хийж байгаад барилгын дөрвөн давхраас унаж бэртээд больсон. Түүний дараагаар Эрээн-Улаанбаатарын хооронд том тэрэг барьдаг туслах жолоочийн ажил хийж эхэлсэн. Жил гарангийн хугацаанд энэ ажлаа хийгээд больсон. Нэг хэсэг барилгын салбар хямарсан юм. Тухайн үед өрмийн мастер хийдэг манай төрсөн дүү намайг ажилд уриад “Танан импекс” компанид 2010 оноос эхлэн барилгын туслахаар ажиллаж эхэлсэн. Анх туслахаар ороод, өрмийн ажилтан болоод, шавхалтын ажилтан болон дахин тушаал дэвшээд гедрогеологийн техник хариуцсан мастер болон хоёр жил ажилласан. Тухайн үед геологийн төрлийн үйл ажиллагаа явуулдаг 250 гаруй байгууллага дампуурсан гэдэг. Тэдгээрийн нэг нь манайх болж таараад манай компани бас дампуурсан. Манай компанийн зүгээс ажилчдадаа “Та бүхнийг ажиллуулах боломжгүй боллоо” гэж мэдэгдэж байсан. Дараа нь буцаад л барилгын салбартаа орсон. Энэ удаад пельтачнаар орсон юм. Жил хэрээтэй ажиллахдаа үндсэн ажилтан бус гэрээт ажилчин байсан юм. Гэрээ маань дууссаны дараа 2014 оны 9-р сард дулааны компанид сан техникийн туслахаар орсон. Туслахаасаа сэлесэр болоод 2019 оны 8-р сар хүртэл ажилласан. Тэгтэл компани маань цалингаа өгөхөө болиод гарахаас өөр аргагүйд хүрсэн. Тэр үед миний үндсэн ажилтны цалин сарын 850 мянга байсан юм. Түүнээс хойш хувиараа ажиллаж эхэлсэн. Хаана л ажил байна, тэнд би байх гэж хичээдэг болсон доо.

Зургийн тайлбар:Шавхалтын мастераар ажиллах үе. Оюу Толгой. 2010 он

-ХҮНИЙ АЖЛЫГ АЛДАХГҮЙ, ӨӨРИЙНХӨӨ Ч АЖЛЫГ АЛДАХГҮЙ-

-Ажил хүнийг голдог. Хүн ажлыг голох учиргүй гэдэг дээ. Яг одоогийн байдлаар ямар ажил хийж байна вэ?

-Ах нь гедрогеологийн салбараасаа бүр холдчихсон. Явцын дунд олж авсан мэргэжлүүдтэй болсон. Тэдгээр нь сантехникийн сэлесэр, хийцийн гагнуурчин, плазм огтлогч дээрээс нь миний үндсэн мэргэжил байна. Одоо бол ах нь дулааны чиглэлийн ажлуудыг хийнэ, гагнана. Барилга талдаа гадна фасад, пельта хоёрыг голцуу хийж байгаа.

Өглөө 7:30 гээд гэрээсээ гарна. Эхнэр хүүхдүүдээ хичээл, сургуульд нь хүргэж өгнө. 9 цагаас цуг ажилладаг хоёр дүүгээ аван гадна фасадны ажил руу явна. 9:00 цагаас оройн 17:00 цаг хүртэл фасадны ажлаа хийгээд дараагийн пельтаны ажил дээрээ ирээд шөнийн 00:00 цаг хүртэл ажиллана. Дараа нь халтууранд явна. Замд таарсан хүнээ аваад л явдаг.  Гэхдээ байнга биш л дээ. Эвгүй үе таарвал шүү дээ. Одоо хүйтний улирал эхлэхээр барилгын дотор ажлын хөлс мөнгө нь багасчихдаг юм. Тэр үеэр жижиг сажиг пельтаны ажлууд орж ирвэл хийнэ. Мөн дуудлагын жолооч хийдэг. Бид хэд дөрвүүлээ явдаг юм. Өөрсдөө брошур тараагаад дөрвүүлээ нэг машинтайгаа явдаг. Дуудлага өгсөн машиныхаа араас нөгөө гурав нь машинтайгаа дагаж явдаг. Өөр аргагүй л дээ./инээв/ Гэхдээ хамгийн гол нь гадуур ажил бага байна гэж байгаа юм биш шүү. Олон газар анкет бөглөж үзсэн. Тогтсон ажил хийе гэхээр цалин нь болж өгдөггүй. Харин тохироод орсон ажил бол өөр. Хүний ажлыг алдахгүй, өөрийнхөө ч ажлыг алдахгүй.

-Олон төрлийн ажил хийж үзсэн байна. Эдгээрээс хамгийн хүнд ажил аль нь байв?

- Анх ичдэг л байсан юм. Дулааны шугамд ажилладаг байхдаа траншейнаас гарч ирнэ. Траншейнаас гараад ирэхээр бага насны хүүхдүүд “траншейны хүн байна шүү дээ” гэж хэлдэг ч юмуу. Тиймэрхүү зүйлстэй нүүр тулж л байсан. Эвгүй л байдаг юм билээ. Анх сургууль төгсөж байх үед ичдэг байсан. Одоо бол өөр. Ажил хийгээд амьдраад болоод л байгаа хойно хийгээд явж л байя. Хүнд юм хийж өгөх сайхан шүү дээ. Сэтгэлээсээ хийгээд өгсөн юмаа дараа нь харахад ч гэсэн би үүнийг хийсэн шүү гээд бодох, эсвэл хүнд ярихад сайхан байдаг.

Зургийн тайлбар: "Гадуур барилгын ажил өчнөөн л байна шүү дээ" хэмээн хэлж буй нь. 2020 он. Гэрэл зургийг Б.Амарбаясгалан.

 

-ДОЛОО ХОНОГТОО ХУВААРИЙН ДАГУУ НЭГ АМАРНА. ТЭР ӨДРӨӨРӨӨ ЗААВАЛ ГЭРИЙНХЭНДЭЭ ЦАГ ГАРГАНА-

-Энэ их ажлын хажуугаар гэр бүлдээ цаг зав гаргахад хэцүү байх. Ар гэрийг тань хариуцдаг ханийнхаа талаар?

-Манай эхнэр сайхан хүн бий. Би бол ямартай ч өглөө бүгдийг нь хүргэж өгнө. Эхнэр сургууль дээр ажилладаг гэж хэлсэн шүү дээ. Хоёр хүүхдийн сургууль цэцэрлэг ойрхон болохоор ажлын цаг заваараа очоод авдаг. Эхнэрийн ажил 19:00 цагт тардаг. Тэр хүртэл ажил дээрээ түр байлгаж байгаад тараад өөрсдөө такси бариад харьчихдаг. Намайг хүлээх шаардлагагүй.

Гэхдээ би байнга гэр бүлээсээ хол байдаггүй. Долоо хоногтоо хуваарийн дагуу нэг амарна. Амардаг өдрөөрөө заавал тэдэндээ цаг гаргана. Ойрхон салхинд гарна. Эсвэл ууланд гардаг.

-Шантрах үе бишгүй тохиолддог байх. Юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Хоёр хүүхэд л нүдэнд харагдана шүү дээ. Азгүй ч гэх юмуу, надад тиймүүд нь таардаг ч гэх юмуу. Зарим байгууллагууд зун нь ажиллуулчихаад өвөл нь ажиллуулдаггүй байх жишээ ч байдаг. Тийм болохоор хувиараа ажил хийгээд хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэж явсаар ямар ч байсан жилийн нүүр үзэж байна даа.

Зургийн тайлбар: Эхнэр болон хоёр хүүхдийн хамт. 2020 он. 

-Одоо хоёулаа нийгмийн талаар багахан ярилцъя. Нийгэмд ихээр байгаа ажилгүйдлийн талаар үзэл бодлоо хуваалцаач. Дипломтой хэдий ч ажилгүй залуус олон байна шүү дээ.

-Ажил голдог залуус олон байна. Би хоёр дүүтэйгээ хамт ажилладаг юм. Нэг нь жаахан шантраад байх шиг байдаг юм. Надад тэр нь их мэдрэгддэг. Би өөрөө хүний дор ажиллаж үзсэн хүн. Хүнийг ажил хэр зэрэг хийж байгааг хараад мэддэг. Суръя, мэдье гэсэн хүн андашгүй байдаг. Гадуур барилгын ажил өчнөөн л байна шүү дээ. Өөрсдөөс нь л болдог байх гэж би боддог. Бэлэнчлэх гээд байдаг ч юмуу. Биед амар ажил хийх гээд байх шиг байдаг юм.

-ХҮНИЙ СУУРЬ ХҮМҮҮЖИЛ ИХ ЧУХАЛ-

-Сүүлийн үед хүчирхийллийн талаар итгэмээргүй мэдээллүүд олноор гарах боллоо. Хүчирхийллийн талаар?

-Ямар л олиг байх вэ дээ. Би дөрвөн хүүхэдтэй айлын дунд хүү байгаа юм. Анзаараад байхад хүний суурь хүмүүжил их чухал юм шиг байгаа юм. Жишээ нь манай аав бид хэдийг гар хүрч өсгөөгүй. Би ч мөн адил хүүхдэдээ гар хүрдэггүй. Энэ нь миний суурь хүмүүжилтэй холбоотой байх л гэж би боддог.

Зургийн тайлбар: "Өвлийн цагт зав зайгаараа ханын турник хийж борлуулдаг" гэв.

-Залуус дүү нартаа хандаж хэлэх үг байна уу?

-Ажил гадуур их байна шүү дээ л гэж хэлмээр байна. Голоод яах вэ. Ажил олон байна. Хүн ажлыг голох биш гээд л би явж л байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Амарбаясгалан

www.ubn.mn

Г.Дөлгөөн: Гадаадын банкуудыг орж ирэхэд татгалзахгүй
Г.Дөлгөөн: Гадаадын банкуудыг орж ирэхэд татгалзахгүй
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.