Ардын намын занганд орохгүйн тулд АН аль болох намын хуулийг ашиглаж ЦЭГЦРЭХ ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 5 секунд

Шинээр хэлэлцэх төсвийг дагасан улс төр дөнгөж эхэлж байна. Ойрын хоёр долоо хоног бид багагүй юм үзэж туулах нь ойлгомжтой. Харин өнгөрсөн баасан гарагт төсөв, дэгийн хууль гээд улс төр бужигнаж байхад Засгийн газрын өөр нэг хуулийг УИХ хэлэлцэхийг дэмжлээ. Энэ бол Улс төрийн намын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль юм.

Жижиг намуудыг үгүйрүүлж, сүйрүүлэхгүй байхын тулд Ардын нам нинжин сэтгэл гаргалаа гэх гял цал үгтэй энэ хууль үнэн хэрэгтээ Үндсэн хууль, улс төрийн намын хууль ер нь тэгээд бүхэлдээ хуулийн засаглалд салаавч өгсөн явдал болов. Үнэндээ Засгийн газраа хамгаалж үлдэж буй явдал л юм. Энэ үйлдлийг нь ардчилсан парламент, ардчиллын үзэл санааг сахин хамгаалах ёстой АН-ынхан мунхагаар дагаж, дэмжиж буйг нь хараад гайхаж буй учраас энэ хуулийн хугацааг хойшлуулах агуулгын цаана тэдэнд зориулсан ямар улс төр өрнөж буй талаар өнөөдөр ярилцъя.

Сая орон нутгийн сонгууль дуусаад шууд л Ерөнхийлөгчийн сонгуулийн “хээрийн сургуулилалт” Ардын нам дотор өрнөж эхэлсэн. Энэ хүрээндээ одоогийн Ерөнхийлөгчид дахин нэр дэвших боломж ямар нэгэн байдлаар эрэлхийлж буй. Нийгэм болон улс төр нэг л сэжим алдвал Үндсэн хуульд байгаа ганцхан удаа нэр дэвшинэ гэдэг агуулга хумхын тоос болох аюул тооноор өнгийж байна. Хэрэв ийм байдал үүсвэл манай ардчилалд асуудал жинхэнэ утгаараа үүснэ.

Нөхцөл байдал ийм байхад АН-ынхан зөвхөн өнөөдрийн намын даргынхаа хугацааг уртасгах, одоо засагт байгаа хүмүүс нь өөрсдийнхөө эрх мэдлийг дахиад хэдэн сар ч хамаагүй уртасгах хүсэлдээ автаж намаа байтугай улсаа хорлож байна. Яагаад гэвэл нэгэнт хэвлэл, улс төрийн эсэргүүцэлтэй тулах нь ойлгомжтой болсон учраас 2027 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацааг нь сунгах асуудлыг ярихгүйгээр 2026 оны 1-р сар хүртэл гэдэг агуулгаар хугацааг нь шийдэж УИХ батлахаар тохирч мэдэхээр байгаа юм. Товчхондоо засаг хугацаа дээрээ буулт хийнэ.

Гэвч энэ хугацааг хойшлуулах тусам л АН-д сөрөг нөхцөл байдал үүснэ. МАН-ынхан үүнийг аль эртнээс шийдчихсэн, бэлдчихсэн байна.

Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл АН-ыг ийм маягаар тогтворгүй байлгах нь Ардын намд л ашигтай. “Эхлээд хуваа. Дараа нь засагла” гэгчээр дахиад л АН-ын дотоод зөрчлийг гаднаас нь нэмэх гэж байна. Өөрөөр хэлбэл, хэрвээ Энэ хуулийн хугацааг сунгаад Лу.Гантөмөр тэргүүтэй найман сайдыг Засгийн газартаа тогтвортой ажиллуулж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд оруулчихвал АН хохирно. Лу.Гантөмөрийг эсэргүүцэж буй нам доторх бодит эсэргүүцэл улам бүр томорно. Энэ хэрээр түүний угаасаа байхгүй байгаа легитим шинж ор мөргүй алга болно. Энэ нь нам доторх гомдогсдын тоо, эсэргүүцэгчдийн жагсаалтыг үлэмжээр нэмэгдүүлж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч нь тарамдаж, дотоодод нь талцал бужигнаан үүссэн байдалтайгаар орно гэсэн үг.

Мөн Лу.Гантөмөрийг намын даргаар нь Ардын нам үлдээчихвэл ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд "Эрдэнэ 0.2” гэдэг төслийг ч хэрэгжүүлж мэднэ. Энэ нь хэзээнээсээ тэдний хамгийн сайн хийж ирсэн өрсөлдөгчөө захиалдаг балмад тактик юм. Энэ адал балмад явдлын эзнээр магадгүй Лу.Гантөмөр эсвэл бүр хэний ч дэмжлэгийг авах эсэх нь эргэлзээтэй хүнийг тамга барьсан хүнээр батламжлуулж явуулах аюултай юм.

Тэгвэл Улс төрийн намын хуулийг дагаж мөрдөх хугацааг хойшлуулахгүй байхаар шийдлээ ч гэсэн Ардчилсан намын улс төрд энэ нь бас л хохиролтой болж буй юм. Яагаад гэвэл намын даргын төлөөх өрсөлдөөн шууд утгаараа өрнөнө. Хурал хийх л юм бол Лу.Гантөмөрийн сандал суудал яригдана. Түүний тамгыг авах гэж Х.Баттулга болон О.Цогтгэрэл талынхан хүчтэй үзнэ. Ингээд нам доторх талцал дахиад л үүснэ. Тамгаа “дээрэмдүүлсэн” Лу.Гантөмөр болон засаг дахь албан тушаалаа алдсан нөхдүүд, мөн намын даргын төлөөх ширүүн өрсөлдөөнд орсон талууд бүгд нийлээд намаа авсан шинэ удирдлагууддаа дургүйцэх нь ойлгомжтой. Энэ ажин түжин байдлыг нь Ардын нам ашиглаж дахиад л тамга тэмдгийн хэрүүлийг эхлүүлэх гэж оролдоно. Дээд шүүх дээр бүртгүүлнэ гэдэг үйл явц нь дахиад л Ардын намынхны гар дээр очих эрсдэлтэй.

Өөрөөр хэлбэл, аль ч тохиолдолд Ардын нам энэ удаад АН-ыг дахиад л эвгүй байдалд оруулахаар буланд шахчихлаа. Өөрсдөөр нь өөрсдийг нь багалзуурдуулж эхэллээ. Тиймээс энэ олон муу хувилбаруудаас хамгийн гайгүй хувилбар болох Улс төрийн намын хуулийг оролдохоо болиод нам дотроо асуудлаа шийдэх нь хамгийн зөв.

Ардын намын тоглолтод орж, тэднээр хувь заяагаа шийдүүлж явснаас муу ч, сайн ч дотооддоо хэрэлдэж зодолдоод асуудлаа эртхэн шийдэх нь ирээдүйд хэрэгтэй. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль бол Ардчилсан намын хувьд эргэлтийн цэг. Дараалсан олон ялагдлыг зогсоох том боломж. Цаашлаад улс төрийн сонгуульд салхи эргүүлэх онцгой ач холбогдолтой. Нөгөө талдаа Улс төрийн намын хууль хэрэгжснээр ил тод байдал, санхүүгийн эрүүл саруул үзэгдэл, намын дотоод ардчиллыг сайжруулах гээд олон чухал ач холбогдолтой. Товчхондоо бол өөрсдөө шийдэж чадахгүй хэрэлдээд байгаа асуудлуудаа энэ хуулийн тусламжтайгаар Арчдилсан нам давж гарах боломж бололцоо юм.

Даанч тэд зөвхөн өөрийнхөө даргын суудал, хэдхэн хүний сандал ширээний төлөө намынхаа сэргэн мандалтыг Ардын намд дахиад тушаачихлаа.

Г.Лхагвадорж

2024 оны өвлийн элсэлтийн шалгалт 12 дугаар сарын 5-нд эхэлнэ
2024 оны өвлийн элсэлтийн шалгалт 12 дугаар сарын 5-нд эхэлнэ
 
ГХУСАЗЗАА-ны дарга БНИУ-ын Элчид сайд Жованна Пиккарета тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
ГХУСАЗЗАА-ны дарга БНИУ-ын Элчид сайд Жованна Пиккарета тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!