С.Цэнгүүн: Хүмүүс намыг мөнгө олж, амьдралаа сайжруулах хэрэгсэл мэт хараад байгаа учраас инстуцын түвшинд хөгжих боломж бага байна

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
7 минут 8 секунд

УИХ-ын гишүүн С.Цэнгүүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Улс төрийн намын тухай хуулийн зарим зүйл заалтын хэрэгжилтийг 2027 оны наймдугаар сар хүртэл хойшлуулах асуудал яригдаж байна. Та энэхүү асуудалд ямар байр суурьтай хандаж байна?

-Ер нь Улс төрийн намын тухай хууль нь маш чухал хууль. Шинэчилсэн найруулгад нь маш зөв зүйтэй заалтууд бий. Харин дүрэм болон намын хөтөлбөртэй холбоотойгоор боловсруулах, Дээд шүүхэд өргөн барих хугацааг нь хойшлуулах саналыг улс төрийн намуудаас гаргаад байгаа. Нэг зүйлийг харахаар бид дандаа дүрмийн тухай асуудлыг л яриад байна. Яагаад намын хөтөлбөрийг ярихгүй байгаа юм бэ. Намын хөтөлбөр бол бид яагаад намд элсэв, яагаад энэ намын дэмжигч нь байх ёстой вэ гэдгийг тодорхойлж буй үзэл бодлын баримт бичиг.

Үзэл бодлын баримт бичиг нь тодорхойгүй намд элсээд явах нь хүндрэлтэй. АН-ын тухайд, баруун төвийн үзэлтэй, таван эрх чөлөөгөө тодорхойлоод гаргасан. Тэгэхээр нам гэдэг нь өөрөө маш олон хүний бүрдэл байдаг. Тийм учраас энгийн гишүүд, дэмжигчдээсээ ч саналыг нь сонсох шаардлагатай. Яагаад гэвэл нэг нам хэрнээ өөр үзэл баримтлалтай хүмүүс байхад намын бодлого гэж зүйл байхгүй болдог.

Намын бодлого гэж ярихаар муухай зүйл ярьж байгаа юм шиг ханддаг болж. Тэгэхээр энэ алдаа завхарлыг ч бид засах шаардлагатай.

-Улс төрийн намууд үүрэг, хариуцлагаа хэр ухамсарлаж байгаа гэж дүгнэх вэ. Олон жижиг намууд гарч ирж том намуудын халаасанд ордог гэх яриа ч байдаг?

-Шүүмжлэлтэй хандах нэг зүйл бол хүмүүс намыг мөнгө олох хэрэгсэл гэж хараад байна. Нам дагахаар ажил орлоготой болдог, цол тэмдэг авдаг, амьдрал сайжирдаг гэх байдлаар хандаад байгаа учраас инстуцын түвшинд хөгжих боломж бага байна.

Инстуцын түвшинд хөгжүүлэхийн тулд зайлшгүй улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга заавал байх ёстой.

-Бизнесийн байгууллагууд шинэ жил болохоор “Тэргүүний ажилтан” гэх мэт шагналыг яамнаас олон тоогоор нь гаргуулж авдаг-

-Та сая яриандаа дурдлаа. Чуулганы хуралдаанд дээр ч “Цол тэмдгүүд хавтгайрлаа, олж өгсөн гишүүд сайн хүн болж байна” гэх байдлаар хэлж байсан. Үүнийг тодруулбал?

-Хараад байхад, Төрийн дээд шагналуудаас гадна бизнесийн байгууллагууд хүртэл шинэ жил болохоор “Тэргүүний ажилтан” гэх мэт шагналыг яамнаас олон тоогоор нь гаргуулж авдаг. Энэ нь өөрөө утга учиргүй болж байгаа юм л даа. Яагаад бизнесийн байгууллагууд яамны шагналаар ажилчдаа шагнаад байдаг юм бэ. Бизнесийн байгууллагууд бүтээмжид тулгуурлаж, цалингаа аваад ажлаа хийж буй хүмүүс шүү дээ. Мэдээж, социализмын үедээ хөдөлмөрөө үнэлүүлж чадаагүй ахмадууд гавьяа шагналаа авах нь зүйн хэрэг.

Гэтэл шинэ үеийн залуучууд бид өөр баймаар байна. Бодит байдлаар үнэлээгүй зүйлд бид өөрсдөө манлайлал үзүүлж “Уучлаарай захирал аа, надад энэ хэрэггүй ээ” гээд хэлдэг байж манай нийгэм цэвэршиж эхлэх том эхлэл нь гэж бодож байна. Магадгүй тэр жуух бичиг, одон медалийг авахгүй байснаар бодит өөрчлөлт гарахгүй.

Харин оронд нь илүү сайн ажиллах орчин эсвэл үнэхээр ажилчдаа шагнамаар байвал нийгмийн баталгаанд анхаардаг ч юм уу өөр зүйлсийг хийдэг баймаар байна. Тэгэхгүйгээр хүний нүд хуурсан юм шиг тухайн өдөр нь баярын хөгжим тавьж байгаад өгдөг арга хэмжээ хэрэггүй л гэж бодогдож байна.

-Эрчим хүчний реформын явц маш сайн байгаа-

-Дараагийн асуудал эрчим хүчний реформ. Энэхүү реформ хэр явцтай байна. Зарим хэсэг нь үнэ нэмснээс өөр зүйл алга гэж ярих юм билээ?

-Ажлын явц маш сайн явж байгааг дуулгахад таатай байна. Эрчим хүчний үндэсний хороо хурлуудаа зарлаад, зах зээлийн загвараа тодорхойлох ажил дээр явж байгаа. Хуулийн шинэчилсэн найруулгад ямар үзэл баримтлалтайгаар оруулж ирэх юм бэ гэдгийг тогтож байна. Үндсэндээ, эрчим хүчний салбарынхан өмнөх жилүүдэд гаргаж байсан маш сайн судалгаа, загварууд бидэнд байна.

Тухайн загваруудыг хооронд нь харьцуулж байгаад аль нь Монгол Улсад тохирох гэдэг дээр Эрчим хүчний үндэсний хороо ажиллаж байгаа. Түүнчлэн хууль боловсруулах үндсэн хугацааны тухайд бид аль болох яаравчилж байна. Гэхдээ хууль боловсруулах ажил нь өргөн хүрээг хамрах учраас тодорхой хугацаа шаарддаг.

Эрчим хүчний реформ гэдэг зүйл маань 30 жил хүлээгдсэн учраас шууд долоо хоногийн дотор үр дүн гарахад хүндрэлтэй.

-Шинэ эхэлж буй ажилд саад мундахгүй. Эрчим хүчний реформ явагдахад тулгарч буй саад юу байна. Гацаанд орсон асуудал бий юу?

-Миний харж буйгаар УИХ ажлаа маш хангалттай түвшинд хийлээ. Тэр нь эрчим хүчний салбарыг олон түмний анхааралд оруулсан. Яагаад гэвэл энэ салбарт “УЛААН ДОХИО” ассан учраас бид үүнийг өөрчлөхийн төлөө ажиллаж байна.

Реформ явагдахад саад болж буй зүйл гэвэл эрчим хүчний компаниудын засаглалын асуудал. Тэр засаглалыг сайжруулах эрх нь гүйцэтгэх засаглал буюу Ерөнхий сайд, Эрчим хүчний сайд, ТНБД нарт байна. Тэгэхээр энэ хүмүүс ажлаа хийх ёстой. Хуулийн шинэчлэлийг дэмжиж УИХ-ын 103 гишүүн гарын үсгээ зурж нэгдсэн байгаа. Энэ бол маш том дэмжлэг. Харин одоо Засгийн газар ажлаа хийх шаардлагатай. Тэгэхгүй бол ард иргэд УИХ-ын гишүүд компанийн засаглалыг өөрчлөх мэтээр буруу ойлгоод байна.

-Ярилцсанд баярлалаа.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
 
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!