Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шатаж байсан гэрээс дөрвөн хүүхдийн амийг аварсан Ч.Нямжаргалтай ярилцлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 49 секунд

Зургийн тайлбар: Дөрвөн хүүхдийн амийг галаас аварсан Ч.Нямжаргал.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Алтгана хэмээх газар намаржиж байсан залуу гэр бүлийн гэр шатаж, 1-5 насны дөрвөн хүүхдийн амийг ах дүүс аварчээ.

Хүүхдүүдийг аваад гэрээс гарахад хойноос нь гэрийн тооно унасан гэх. Залуус хэдхэн хором хожимдсон бол гэж бодох төдийд л дотор харанхуйлна.  Хүүхдүүдийн ээж аав Ч.Сүх-Эрдэнэ, Ч.Нямжаргал гэх хоёр залууд талархаад баршгүй хэмээсэн юм. Дөрвөн бяцхан хүүхдийн амийг аварсан Ч.Нямжаргалтай ярицлаа.

-ХҮҮХДҮҮД ЯАСАН БОЛ ГЭХЭЭС ӨӨР ЮМ БОДОХ СӨХӨӨГҮЙ БАЙСАН-

Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Сайн сайн байна уу? Намайг Чойжилсүрэнгийн Нямжаргал гэдэг. 28 настай. Одоогоор Мөрөн суманд ажиллаж, амьдарч байна.

Юуны өмнө дөрвөн хүүхдийн амь аварсанд тань талархаж байгаагаа илэрхийлье. Тэр өдөр юу болсон талаар хуваалцаач?

Баярлалаа. Манай дүү Ч.Сүх-Эрдэнэ надтай хамт байсан. Ах эгч хоёрыгоо гэрт нь хүргэж өгөөд дүүтэйгээ хамт урд айлынх нь дөрвөн хүүхдийг аварсан. Өдөр 12:00 цаг өнгөрч байхад  гал гарсан. Гэрээ битүү гялгар уутаар бүтээсэн учир шатаж байгаа нь мэдэгдээгүй. Хаяанаас нь утаа гарахыг харсан хүүхэд “Урд гэрээс утаа гараад байна” гэж гэрт байсан хүмүүст хэлсэн. Гараад хартал хөх утаа сууунаглаж байв. Гэр шатаж байгааг мэдээд хамт байсан хүмүүстэйгээ хар хурдаараа гүйж очиход дөрвөн хүүхэд байсны  оёр том нь өөрсдөө гэрээсээ гараад ирчихсэн байсан. Харин хоёр бага хүүхдийг нь шүүрч аваад л гарсан. Хаалга нь хаалттай учраас нялх амьтад онгойлгож чадахгүй байсан юм билээ.

Гал руу ороход юу бодогдож байв?

Маш их сандарсан. Хүүхдүүд яасан бол гэхээс өөр юм бодох сөхөөгүй байсан. Гэрээс юу ч үлдээгүй. Бид галыг унтраах гэж үзсэн боловч дийлээгүй. Гэр таван минутын хугацаанд бүрэн шатаж дууссан. Хүүхдүүдийг гэрээс авч гараад эргэж харахад гэрийн тооно нурж унасан.

Хүүхдүүд айж сандарсан байсан уу?

Хоёр том нь их айсан байсан. Харин гэрт байсан хоёр нь учир мэдэхгүй болохоор айхаа мэдээгүй байх.

-ЗАЛУУ ГЭР БҮЛ ОРОХ ОРОНГҮЙ БОЛООД БАЙНА-

Хүүхдүүдийн бие зүгээр үү? Та хоёр гэмтэж бэртээгүй биз дээ?

Хүүхдүүдийн биеийн байдал сайн. Бид хоёр ч гэсэн гэмтэж бэртсэн зүйлгүй. Том хүүхдийн куртканы нурууны ар, ханцуй бага зэрэг түлэгдсэн. Бага охины үс жаахан шатсан байсан. Хүүхдүүд их айж сандарсан,  сэтгэл зүйн хувьд айдастай байна. Одоо гэрээс нь нурам л үлдсэн. Өвлийн хүйтэн хаяанд ирж байхад гэр оронгүй гурван хүүхэдтэй, залуу гэр бүл орох оронгүй болоод байна.

Өмнө нь шатаж байсан зүйл рүү орж байв уу?

Хойд айлаас нь гүйж явахдаа хүүхдүүд нь эсэн мэнд байгаасай л гэж залбирч байлаа. Тэрнээс өмнө нь гал руу орох битгий хэл, гал гарч байхыг ч бараг харж байгаагүй.

Хүүхдүүдийн эцэг эх танд талархлаа илэрхийлсэн үү?

Ээж нь “Хүүхдүүдийн минь амийг аварсанд баярлалаа. Хэрэв та хэд байгаагүй бол яах байсныг таашгүй. Гэр орон яах вэ. Үр хүүхэд минь л эсэн мэнд байвал боллоо” гээд уйлаад ярьсан. Өвлийн хүйтэн болж байгаа энэ үед гэр оронгүй болох ямар олиг байх вэ.

Саахалтын хүүхэд болон дүү тань бас их тус болжээ дээ?

Айлын хүүхэд хэлээгүй байсан бол ёстой балрах байсан. Аймгийн төвөөс хамт очсон дүү минь хүүхдүүдийг аврахад их тусалсан. Жаахан л оройтсон бол бага хоёр хүүхэд нь гэртэйгээ шатах байсан. Хүүхдүүдийн амь эрсдээгүйд бид баяртай байгаа. Амьд байхаас илүү том баяр гэж юу байх билээ.

-ГАЛ РУУ ОРОХ БИТГИЙ ХЭЛ, ГАЛ ГАРЧ БАЙХЫГ Ч БАРАГ ХАРЖ БАЙГААГҮЙ-

Хүүхдүүдийн ээж аав хаана байсан юм бол?

Аав нь нутгийнхаа хүмүүстэй самарт явсан. Харин ээж, эгч хоёр нь хониндоо явсан юм билээ. Гэрийнхээ хойд талын уулыг давсан байсан учраас гал гарч байгааг хараагүй. Малын бэлчээрт явж байсан залуу гал гарч байгааг хараа, хүүхдүүдийн ээжид очиж хэлсэн байгаа юм. Харин ээж нь гэрээ шатаад дууссаны дараа ирсэн.

Одоо тэд хаана амьдарч байгаа вэ?

Намайг аймаг руу буцахад хойд талын айлындаа түр амьдарч байсан. Одоо аав нь ирсэн болохоор арга зам олдох байх аа.

Гадаадад ур чадвар эзэмшсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг болно
Гадаадад ур чадвар эзэмшсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг болно
 
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.