Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2-р заалтын хугацааг 2027 оны 8-р сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулахаар Засгийн газраас өргөн барьсан хуулийг төслийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэж олонхын саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын бүтцийн байгууллага нэгэнт уг хуулийн төслийг хэлэлцээд эхэлчихсэн гэсэн үг юм. Өнөөдөр чуулганаар байнгын хорооны саналыг үндэслэж хэлэлцэх эсэхийг нь шийдэх гэж байна
Энэ бол Үндсэн хууль зөрчиж буй үйлдэл юм. Мөн Хууль тогтоомжийн тухай хууль, УИХ-ын тухай хууль, Засгийн гарын тухай хууль гээд маш олон хуулийн зөрчил рүү Засгийн газар, УИХ хамтдаа явж оров.
НЭГ, Хууль тогтоомжийн хуулийг Засгийн газар, УИХ хэрхэн зөрчиж байгаа вэ
Хууль тогтоомжийн тухай хууль бол хууль санаачлан боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг л тодорхойлдог гол хууль. УИХ-д өргөн барьж байгаа, хэлэлцүүлж байгаа бүх хууль энэ хуулийн шаардлагад нийцсэн байх ёстой.
Гэтэл Засгийн газар УТН-ын хуулийн дагаж мөрдөх журмын хуулийн 2-р зүйлийн хугацааг сунгах хуулийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлэхдээ уг хуулийн 41.10 дахь заалт зөрчсөн талаар бид өчигдөр мэдээлсэн. Өчигдөр хуралдсан байнгын хорооны хурал дээр ХДХЯ-ны ажилтан яг энэ асуудлыг тайлбарлахдаа худлаа тайлбар өгч байна лээ. Хууль тогтоомжийн тухай хуулийн 41-р хэсэг бүхэлдээ УИХ-д хэрхэн хууль өргөн мэдүүлэх вэ гэсэн гарын авлага. Бүр тодруулбал, 41.10-т “ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨЖ ЭХЭЛСЭН ӨДРӨӨС ХОЙШ ТУХАЙН ХУУЛЬ БОЛОН ТҮҮНИЙ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТ, ДЭД ЗААЛТЫН ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦААНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭХГҮЙ” гэж заасныг зөрчиж буй юм. Сая ЗГ-аас өргөн барьсан дагаж мөрдөх журмын тухай хууль бол аль 2024 оны 1 сарын 1-ний өдрөөс хэрэгжээд эхэлчихсэн хууль. Уг хуулийн 5-р зүйлд Улс төрийн намын хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш хэрэгжиж эхэлнэ гээд цагаан дээр хараар бичсэн байгаа.
Үүнээс гадна зүйл, хэсэг, заалт, дэд заалтын дагаж мөрдөх хугацааг өөрчлөх хууль өргөн мэдүүлэхгүй гээд байхад л Засгийн газраас Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2-р ЗҮЙЛИЙН “зургаан сар гэж байсныг нь 2027 оны 8-р сарын 1” гэж оруулж ирж буй юм.
Ингээд ч болоогүй. ЗГХЭГ-ын дарга болон Шадар сайд нар хугацаа сунгаж буй тайлбарлахдаа бусад намуудаас ийм хүсэлт ирүүлээд байгаа учраас бодолцож үзсэн гэдэг зүйлийг хэлж буй. Гэтэл бусад нам гэдэгт нь 9 нам л тийм хүсэлт өгсөн бөгөөд нийт намуудын ердөө 24 хувь нь “хууль зөрчье” гэжээ. Хэрэгжээд эхэлсэн Улс төрийн намын хуулиараа “Нам нь Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй”. Манайд 37 улс төрийн нам байна. Үүний нэг нам нь болох Эрх чөлөөний эвслийн нам уг хуулийн дагуу дүрэм, бүтцээ дээд шүүхэд өгөөд батлуулчихсан байна. Одоо 7 нам дээд шүүхэд бүтэц, дүрмийн өөрчлөлтөө батлуулах гээд хүсэлтээ өгчихсөн байна. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд орсон ХДХЯ-ны ажилтан “Өнөөдрийн байдлаар Дээд шүүхэд хүсэлтээ өгсөн нам байхгүй” гэж бас л худлаа ярьсан. УИХ-д худлаа тайлбар өгөх хуулийн хариуцлагатай гэдгийг дахин сануулъя.
ХОЁР, Засгийн газар хууль зөрчвөл хариуцсан сайд ба танхим нь хамтын хариуцлага хүлээнэ
Нэлээн хэдэн жилийн өмнө 65 суудалтай МАН-ынхан нэг удаа “Шившгийн хөндий”-г нэг их сүрхий хэрүүл уруултай туулж байж билээ. Тэгвэл энэ удаад түүнээс ч дутахгүй “Шившгийн хөндий"-гөөр УИХ болон Засгийн газар хөтлөлцөөд алхаж байна. Эхний ээлжид ЗГ-ын асуудлыг хөндье. Ийм хууль санаачилсан нь Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэг болон Засгийн газрын тухай хуулийн 5-р зүйлийг зөрчсөн. Сая Ерөнхийлөгчийн хориг яг ийм агуулгаар “Хууль дээдлэх гэдэг Үндсэн хуулийн зарчмыг УИХ зөрчлөө” гэж орж ирснийг сануулъя. Дээр нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 41.10-г зөрчсөн. Ингээд Үндсэн хуулийн цэцэд очих болзлоо хангалттай хангаж буй юм. Бултаж зайлах ямар ч аргагүй байхгүй.
Одоо хариуцлагын асуудал яригдана. Засгийн газрыг төлөөлж ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл энэ хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн барьсан. ЗГ-аас өргөн барьж буй ямар ч хуульд хууль зүйн асуудал эрхэлсэн ЗГ-ын гишүүний албан ёсны зөвшөөрлийг авдаг. Энэ агуулгаараа О.Алтангэрэл сайдад яагаад Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчсөн бэ гэдэг хариуцлагын асуудал нэгдүгээрт яригдана. Хоёрдугаарт, төрийн бодлого боловсруулах ажлыг сайд нар чиглэл тус бүрээрээ Ерөнхий сайдын өмнө, харин Засгийн газар үйл ажиллагааныхаа талаар хамтын хариуцлага тус тус хүлээнэ гээд ЗГ-ын тухай хуулийн 24-р зүйлд заачихсан байгаа юм.
Өөрөөр хэлбэл, хууль зүйн асуудал хариуцсан сайдаас гадна ЗГ-ын танхим бүхэлдээ хариуцлага хүлээх хэмжээнд ирж буй юм. Хууль хэрэгжүүлэх үүрэгтэй газар. Хэрвээ ЗГ нь дураараа хуулиа зөрчөөд байвал иргэд ч гэсэн хууль хэрэгжүүлэх ёстой юу гэдэг асуудал сөхөгдөнө. Тиймээс ЗГ-ын энэ асуудал найдвартай Үндсэн хуулийн цэц рүү явах асуудал мөн.
ГУРАВ, УИХ нэгэнт хууль зөрчихсөн. Одоо Д.Амарбаясгалан даргад нэмж хууль зөрчихийг таслан зогсоох цорын ганц зам байна
Засгийн газрын энэ хуулийн алдааг УИХ гол нь хүлээгээд авчихлаа. Хууль тогтоомжийн хуулийн дагуу бүрдүүлбэр хангах асуудлыг нь Тамгын газар нягталж авч чадсангүй. Тэгээд ч зогсохгүй Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагыг хангаагүй хуулийг даргын дэргэд зөвлөл, байнгын хороогоор оруулж хэлэлцүүлээд давхар хууль зөрчөөд эхэллээ. Бүр Ж.Бат-Эрдэнэ даргатай Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хууль зөрчсөн уг хуулийн төслийг хэлэлцээд, чуулганаар хэлэлцүүлэхийг нь дэмжих нь тэр. Хэлэлцэнэ гэдэг нь өөрөө хуулийн зөрчил юм.
Энэ асуудлаараа УИХ мөн адил Үндсэн хуулийн цэц рүү явна. Тэгвэл УИХ дээр хэн хариуцлага хүлээдэг юм бэ. Цэцээс Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гээд дүгнэлт гарчихвал УИХ-ын дарга л хариуцлага хүлээдэг жишигтэй. Өмнө нь яг ийм асуудлаар Ц.Нямдорж даргын суудлаа чөлөөлж байсан. Өөрөөр хэлбэл, Тамгын газрынхны, Засгийн газрын, байнгын хорооны хариуцлагагүй үйлдэл нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан даргад нөлөөлөх хэмжээнд очих гэж байна. Магадгүй бүр очсон байхыг ч үгүйсгэхгүй.
Одоо харин Д.Амарбаясгалан даргад хууль биелүүлэх үүднээс энэ хуулийн төслийг хэлэлцүүлэхгүйгээр хууль санаачлагчид нь буцаах. Өөрийнхөө манлайлан авч явж батлуулсан Улс төрийн намын хуулийн шинэчлэлээ цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэхэд туслах боломж бий. Хэрэв өнөөдөр чуулганаар хэлэлцүүлээд эхний хэлэлцүүлэгт шилжвэл нөхцөл байдал тун өөрөөр эргэнэ.
ДӨРӨВ, Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг баримтлаад Ерөнхийлөгч дахиад хориг тавина
Ерөнхийлөгч ойрд улс төрийн нэлээн идэвх санаачилгатай байгаа. Төсөвт тавьсан хоригийг нь УИХ хүлээж аваад алдагдалгүй төсөв батлахаар эрмэлзэж байна. Тэгвэл ЗГ-аас өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын хуулийн өөрчлөлтийг УИХ батлах л юм бол Ерөнхийлөгчөөс дахиад хориг орж ирнэ. Яагаад гэвэл олон жил баталж чадахгүй явж ирсэн, намуудыг ялзруулж байсан улс төрийн намын хуулийн шинэчлэл бол Ерөнхийлөгчийн манлайлал дор батлуулсан цорын ганц хууль. Энэ хуулийг нь утгагүй болгоод хойшлуулаад, зорилгоос нь алхам ухраах нь хууль санаачлагчийн хувьд хүлээн зөвшөөрч болохгүй зүйл. Нөгөө талдаа сая төсөв дээр гарсан шиг Үндсэн хууль болон бусад хуулийг ил цагаан зөрчсөн хуульд Ерөнхийлөгч хориг тавих нь дамжиггүй.
ТОВЧХОНДОО, УИХ болон Засгийн газар үнэхээр чадамжгүй байна. Энэ чадамжгүй, үлбэгэр байдлын хор уршиг төрд итгэх итгэл, төрийн ажил явах хурд, төрийн бодлогын үндэс суурьд л хамгийн сөргөөр нөлөөлнө.
Г.Лхагвадорж
Сэтгэгдэл (40)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!