Улс төрийн намын хуулийн хэрэгжилтийг хойшлуулах хууль өргөн барьснаараа Засгийн газар ХУУЛЬ ЗӨРЧЛӨӨ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 28 секунд

Ерөнхийлөгчийн хоригоос дутахгүй улс төр энэ долоо хоногт өрнөж байна. Энэ бол Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хойшлуулах явдал юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн үдээс хойш Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авахтай зэрэгцэж, Засгийн газар уг хуулийн төслөө УИХ-д өргөн барьсан байна лээ. Хоригоор наймаалцаж буй ч юм шиг, хоригийг эсэргүүцэж буй ч юм шиг энэ үйлдэл улс төрийн хүрээнд олон зүйлийг шийднэ.

НЭГ, Хуулийн хэрэгжилтийг хойшлуулсан ч, хойшлуулаагүй ч МАН хожчихлоо. Одоо АН-ынхан хуулиа хэрэгжүүлээд ЦЭГЦРЭХ хөдөлгөөн рүүгээ яв

Ерөнхий сайдын зүгээс энэ хуулийн хэрэгжилтийг хойшлуулахаар оруулж буй нь өмнөх нийтлэл дээрээ өгүүлж байсанчлан Засгийн газраа хагалахгүй үлдээх гэсэн санаа. Ардын намын хувьд дараагийн даргын асуудал хараахан яригдах болоогүй. Т.Доржхандын хувьд намынхаа гол цөмийг барьж байгаа болохоор арай ч Их хурлаа хийхдээ хийсчихгүй байх. Яахав, түүнийг Засгаас гар гэж шахах л байх. Гэхдээ одоохондоо ХҮН намынхан түүний зиндаанд ирж тоглох арай болоогүй нь үнэн.

Харин энэ хуулийг хойшлуулж, намынх нь хурлыг хийлгэхгүй байхгүй бол Лу.Гантөмөр намын даргаасаа үсрэх гээд байна. Энэ хуулийн хэрэгжилтийг хойшлуулахгүй л бол АН дахин хага үсрэнэ. Ер нь ч нэг талдаа гарчихсан нь сая даваа гарагт энэ хуулийн хэрэгжилтийг хойшлуулахгүй байхаар УИХ дахь АН-ын бүлэг нь шийдвэрлэснээс харж болно. Эндээс хэд хэдэн улс төрийн өнцөг уншигдаж буй юм. Эхнийх нь бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй “Нэг Монгол”-ынхон намын дарга Лу.Гантөмөрийнхөө эсрэг байгаа бөгөөд Засгийн газраас АН гарах нь зүйтэй гэдэг байр суурь баримталж буй гэдэг явдал. Нөгөөх нь АН дахиад л дотооддоо эрчимжүүлж эхлэх нь. Учир бүлгийн хуралд оролцсон 31 гишүүний 18 нь энэ хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжихгүй гэсэн явдал юм. Гэхдээ дэмжихгүй гэж байгаа өнцгийн цаана ямар ч улс төрийн санаархал байсан ч бай хамаагүй. Баталсан хууль хэрэгжиж байх зарчим. Цаашлаад энэ хууль хэрэгжиж улс төрийн намуудын “тоглоомын дүрэм”, санхүүжилт нь ил болж улс төрийн нам зөв зүг рүүгээ явах юм.

Тиймээс АН хиймлээр нэг цул байх гэж, намаа хуваахгүй байх гэж хичээх нь тэдэнд илүү хортой учраас зовлонтойгоо эртхэн нүүр тулаад дүрмийнхээ дагуу цэгцрээд явах нь зүйтэй. Өнөөдөр хиймлээр нүдээ аниад Лу.Гантөмөрийг үлдээсэн ч нам доторх легитим шинжгүй байдал нь улам бүр дордож, 2027 он гэхэд МАН-ын хувьд “С.Эрдэнэ 0.2” гэдэг төсөл л болж хувирна. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын даалгаврыг янз бүрийн шахалтаар биелүүлэхээс өөр гарцгүй. Үүнийг нь харсан дэмжигчид, намын гишүүд нь нэгэн зэрэг нүүрээ бууруулна. Энэ нь эргээд МАН-д л ашигтай тусна.

Ингэж нам нь эсрэг тэсрэг байр суурьтай байхад Лу.Гантөмөр цаашаа Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл явахад нам дотроосоо ч, гаднаасаа ч хүлээн зөвшөөрөгдөхгүй. Улам бүр эсэргүүцэж зэвүүцнэ. Хэрвээ хуулийг хэрэгжүүлээд магадгүй Лу.Гантөмөр нь унаад “Женко” нь намаа авлаа гэхэд дахиад л нам доторх дэмжлэг нь алдагдаж, нийгэм эсэргүүцнэ. Тиймээс л МАН-ынхан энэ хууль дээр АН-ыг ялчихаад, тэднээр тоглочихоод байгаа хэрэг юм.

Тиймээс АН яг одоо үнэнтэйгээ нүүр тулах хэрэгтэй. Магадгүй нохой хамартаа хүрэхээр усч гэгчээр Лу.Гантөмөр асуудлыг шийдвэрлээд намын даргынхаа суудлыг хадгалаад ч үлдэх боломжтой. Ямар ч байсан хэдхэн хүнд зориулж хуулийн дээр гарч суудаг муу жишгийг тогтоож болохгүй. Энэ хууль хэрэгжиж байж ардчилал бэхжиж, намаар дамждаг авлига хулгайн асуудал бага ч гэсэн цэгцрэх учиртай.

ХОЁР, Ерөнхийлөгчийн санаачилж батлуулсан хамгийн дэвшилтэд хууль руу Засгийн газар, УИХ “ГАР ДҮРЖ” болохгүй

Засгийн газраас энэ хуулийн хэрэгжилтийг 2027 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүртэл хойшуулах санаачилгыг гаргасан. Энэ нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг дуустал хуулийнхаа хэрэгжилтийг хойшлуулна гэсэн. Дээр дурдсанчлан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авахтай зэрэгцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ хуулийн хэрэгжилтийг хойшлуулах санаачилга гаргаж буй нь ямар учиртай вэ. Нэгдүгээрт, эсэргүүцлээ илэрхийлж байх талтай. Яагаад гэвэл ЗГ-ын хамгийн гол бодлогын баримт бичиг болох төсвийг нь Ерөнхийлөгч бүхэлд нь муухай гээд хэлчихээр улс төрийн хувьд Л.Оюун-Эрдэнийн кабинет бүхэлдээ утгагүй, чадамжгүй болчихож буй юм. Манайхан л ширлээд яваад байгаа болохоос биш ичих нүүр, хариуцлага хүлээх чадвартай улсын Ерөнхий сайд байсан бол өөртөө итгэл үзүүлэх асуудлыг хөндөх. Эсвэл бүр парламентыг тараах санаачилгыг ч гарах хэмжээний ёс суртахууны асуудал. Хоёрдугаарт, ярьж тохирсон зүйл байх талтай. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хоригийг ЗГ дэмжиж, УИХ-аар давуулах бөгөөд нөгөө талд нь Засгийн газрын бүтцээ “амьдаар” нь хэсэгхэн хугацаанд ч гэсэн авч үлдэе гэсэн санаа байх боломжтой.

Аль нь ч байсан Ерөнхийлөгчид хожилтой. Гэхдээ өөрийнх нь санаачилж батлуулсан хуулийг нь хэрэгжүүлэхгүй “нулимах” нь У.Хүрэлсүхийн легитим чанарт л хортой тусна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар түүнийг бодлогыг сөрсөн гэх дүр зураг хожим хойно түүхэнд үлдэнэ. Өөрөөр хэлбэл, наана ямар ч ойлголцолтой байсан хамаагүй. Хожим хойно батлуулсан хуулиа ч хэрэгжүүлж чадаагүй Ерөнхийлөгч гэх нэр зүүнэ.

ГУРАВ, Засгийн газар Хууль тогтоомжийн тухай хуулиа зөрчиж байна

Засгийн газар Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулах хууль өргөн барьж байгаа нь Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчиж байгаа юм. Тодруулбал, уг хуулийг 41.10-т "Хуулийг дагаж мөрдөж эхэлсэн өдрөөс хойш тухайн хууль болон түүний зүйл, хэсэг, заалт, дэд заалтын дагаж мөрдөх хугацаанд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэхгүй" гэж заасан билээ. Өөрөөр хэлбэл, хууль хэрэгжүүлэх ёстой Засгийн газар нь хуулиа уландаа гишгэж байна гэсэн үг юм. Магадгүй хүч түрээд энэ хэвээрээ батлагдвал бат арааны Ерөнхийлөгчийн хоригтой нүүр тулна. Хуулиа хурдан татаж авахгүй бол Цэцэд гомдол гаргаж, Засгийн газар өөрөө чадамжгүй болох ч аюултай билээ.

ДӨРӨВ, Жижиг намууд хурлаа хийж чадахгүй байна гэдэг бол шалтаг. Хуулиараа намууд хуулийг дагаж мөрдөх ёстой болохоос биш өөрсдөдөө тааруулж засуулдаг эрх зүй Монголд байхгүй

Засгийн газрын зүгээс, сайд нарын зүгээс өгч буй жижиг намууд хурлаа хийж чадахгүй байна гэдэг хүсэлт өгсөн нь гэдэг нь худлаа. Магадгүй халаасанд нь байгаа ганц нэг “Цүнхний намууд” л тэдний хүслийг биелүүлж бичиг цаас шидэлж буй байх. Улсын дээд шүүхийн сайтыг ороод харахад одоогийн байдлаар зургаан нам дүрмээ шинэчилж батлуулахаар хүсэлтээ өгсөн байна. Өөрөөр хэлбэл, хойшлуулж магадгүй гэдэг улс төрийн шум, хуулийн төсөл өргөн барьсан явдал нь намуудыг дүрмийн шинэчлэлийн ажлаасаа хойшоо суух муу жишгийг тогтоох аюултай. Тиймээс Засгийн газар энэ хүн итгэхийн аргагүй худал тайлбараа боль.

Ер нь тэгээд хойшлуулах хүсэлт өгсөн байлаа ч гэсэн Улс төрийн намын тухай хуулиараа намууд хуулийг сахих үүрэгтэй гэдгийг Засгийн газарт болон бусад намуудад сануулъя.

Г.Лхагвадорж

ВИДЕО: МУГЖ С.Болд-Эрдэнэ, залуу дуучин Jason буюу Б.Баяржавхлан нар “Хавтаст хэрэг-2” киноны дууг хамтран ДУУЛЖЭЭ
ВИДЕО: МУГЖ С.Болд-Эрдэнэ, залуу дуучин Jason буюу Б.Баяржавхлан нар “Хавтаст хэрэг-2” киноны дууг хамтран ДУУЛЖЭЭ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!