СУРВАЛЖИЛГА: Тэргэнцэрт суусан ч гэсэн бусдын адил амьдрал үргэлжилнэ. Танилцана, хайрлаж дурлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 54 секунд

Өрөөн дэх нам гүм байдлыг эвдэн "Эмч нарын хэлснээр зургаан сарын дараа хөл дээрээ босчихно гэх итгэлээр тэр хүртэл тэссэн. Зургаан сар өнгөрөхөд хөл хөдлөхгүй, өмнөхөөсөө юу ч дээрдэхгүй байсан. Тэр үед "Би ер нь дахиж алхаж чадахгүй юм биш үү" гэсэн сонин мэдрэмж төрсөн. Тэгээд л гашуун ч гэсэн үнэн байдалтайгаа нүүр тулсан" гэж ярих түүнийг Б.Ганбаатар гэдэг. “Амьдрал олон өнгөтэй. Та харин ямар өнгө олж харахаас л бүх зүйл шалтгаална. Би хар, бараан өнгө дундаас ганц цагаан цэг олж харсан нь амьд үлдсэн шалтгаан минь байсан” гэж тэр зөвлөв.

Цэл залуухан 24-хөн насандаа авто осолд орж, дахиж алхаж чадахгүй болсон ч тэрбээр гуниг гутралд автан, архи дарс ууж, амьдралаа алдсангүй.

Б.Ганбаатар 2000 онд Багшийн их сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр төгсжээ. Улмаар хоёр жилийн дараа буюу осолд өртөж, нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан байна. Эмнэлэгт байх хугацаанд хөгшин настай аав, ээж хоёр нь түүнийг асарч тэднийгээ харах бүрт дотор нь өмөрч, эцэг, эхээ ингэж зовоож байхаар нэг мөсөн явчих минь яав даа гэж боддог байсан гэдгээ ч нуусангүй.

Тэрбээр "Ослын дараа хөлөө хөдөлгөж чадахгүй, босоод алхаж чадахгүй гэдэгтэйгээ эвлэрэх гэж их удсан. Удахгүй босоод алхах юм шиг л санагддаг байлаа. 2000-аад онд гэр бүлд нь бараг "Удахгүй босно" гээд худлаа ярьчихдаг байсан үе л дээ. Намайг зургаан сар хөдөлгөөнгүй хэвтвэл хөл дээрээ босно гэж эмч хэлэхээр нь би бүр яг зургаан сар дээшээ хараад ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Уг нь хамгийн түрүүнд сэргээн засах дасгал хөдөлгөөнийг хийлгүүлэх ёстой байсан юм билээ. Тэр үед нөхөн сэргээх эмчилгээ хийгээгүйгээс болж олон хүн хохирсон байх. Тэдний нэг нь би" гэв.

Бие дааж амьдрахаар хотыг зорив

Б.Ганбаатар Дарханых. Эмнэлгээс гараад эцэг эхтэйгээ нэг хэсэг хамт амьдарч байгаад тэдэндээ ачаа болохыг хүсээгүй учраас 2004 оноос Улаанбаатарт ганцаараа байшин түрээсэлж амьдрах болжээ. Тэрбээр банкны зээлээр машин авч, халтууранд явж эхэлсэн байна. Өдөр бүр банкандаа 10 мянган төгрөг тушаана. Тухайн үед тэргэнцэртэй хүмүүс тэр бүр гар ажиллагаатай машин унадаггүй. Бас гэрээсээ ч гардаггүй, нийгмээс өөрсдийгөө тусгаарладаг байсан үе гэнэ.

Тэрбээр аз нь таарвал гэртээ хононо. Үгүй бол машиндаа хонох хүндхэн сонголттой нүүр тулна. Учир нь халтууранд шөнөжин яваад гудамдаа ирэхээр тэргэнцэр буулгаж өгөх хүн тэр бүр олдохгүй. Дуудсан ч айгаад алга болно. Дөхөөд ирвэл учир байдлаа хэлэхсэн. Тэргэнцэр буулгаж өгөх хүн таарахгүй бол машиндаа унтдаг байжээ.

2000 оны эхээр Төв аймагт "Тахилт" гэх нэртэй нуруу нугасны гэмтэлтэй хүмүүсийн сувилал байжээ. Тэнд хүмүүс 14 хонодог. Б.Ганбаатар тус сувилалд очоод анх удаа өөртэйгээ адилхан тэргэнцэртэй олон хүнийг харсан байна. Тэд нэгнээ өрөвдөж, доош нь хийж харьцахгүйгээр ижил түвшинд харьцаж байсан нь түүний сэтгэлзүйг хүчирхэг болгож, үнэнтэй дасан зохицож эвлэрэхэд нь маш ихээр тусалсан гэдгийг онцлов.

Б.Ганбаатарүмүүс өрөвдөж, эвийлэх тусам миний өөртөө итгэх унадаг. Би өрх гэр толгойлж яваа эхнэрийнхээ нөхөр, хоёр хүүгийн аав. Бид аз жаргалтай сайхан амьдарч байна. Гэтэл хүмүүс намайг өрөвдөөд байхаар "Нээрээ би яана аа, би өрөвдмөөр хөгжлийн бэрхшээлтэй хүн шүү дээ. Энэ хүнээс дутуу" гэсэн мэдрэмж авдаг. Тиймээс тухайн хүний үнэт зүйл рүү нь халдахгүйгээр жирийн хүнтэй харьцдаг шиг ижил түвшинд харьцах юм бол тэр хүнд сайхан санагддаг" гэлээ.

Тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед Ерөнхийлөгчийн тамгын газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан референтээр ажиллаж байсан түүхтэй. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд дундаас тэргэнцэртэй хүн анх удаа төрийн ордонд ажилд орсон анхны тохиолдол юм. Б.Ганбаатар үүгээрээ ч бахархаж явдаг аж.

Насны ханьтайгаа "Тахилтад" танилцсан нь

Дээр дурдсанчлан Б.Ганбаатар "Тахилт" гэх нэртэй сэргээн засах эмчилгээний төвд явж эхлээд 2007 онд эхнэртэйгээ танилцсан байна. Тэд ханилаад 17-н жил болсон бөгөөд тэднийг танилцсанаас хойш зургаан жилийн дараа буюу 2013 онд том хүү нь мэндэлжээ. Бага хүү нь хоёр настай. Түүний эхнэрийг Б.Чулуундолгор гэдэг. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгуулагад ажилладаг.

Б.Чулуундолгор Төрийн ордонд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үндэсний чуулганд илтгэл тавих байсан ч өмнөх шөнө нь том хүүгээ төрүүлжээ. Чуулганы үеэр түүнийг төрж, хүүтэй болсон гэдгийг индэр дээрээс цугласан олонд дуулгахад 800 хүн алга ташиж, халуун баярыг хүргэсэн сайхан дурсамж тэдэнд бий.

Хавь ойрынхон нь том хүүг нь "Чуулган хүү" хэмээн өхөөрдөн ярьцгаадаг гэнэ лээ.

Б.Ганбаатар "Эхнэр төрөх гээл өвдөлт өгөхөд би эхнэрээ аваад гарч чаддаггүй. Манай байрныхан бид хоёрыг мэддэг. Нэгнээс нь тусламж гуйтал байрныхан бүгдээрээ шахуу манайд ороод ирчихсэн эхнэрийг хувцаслаад машинд өргөж суулгаад эмнэлэг рүү 2-3 залуу дагаад орсон. Эмч бүр "Аль нь нөхөр нь юм бэ" гэж асууж байсан удаатай.

Б.Чулуундолгор "Жуковт 80 гаруй айлтай жижигхэн таван давхар байранд бид хоёр нэг хэсэг амьдарсан. Манай байрныхан бүгдээрээ их элгэмсүү. Намайг төрөх гээд өвдөлт өгөхөд бүгд л сэтгэл гаргаж, гүйцгээсэн. Тэр дурсамж л санаанаас ер гардаггүй юм. Ер нь бид хоёр дээр хүмүүсийн сайхан сэтгэл бороо мэт асгардаг даа. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй болсон ч гэсэн бусад хүмүүсийн адил амьдрал үргэлжилнэ. Танилцана, хайрлаж дурлана" гээд инээмсэглэв.

Тэрбээр үргэлжлүүлэн "Ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэд хатуу ч гэсэн үнэнтэйгээ хурдан нүүр тулаад дараагийнхаа арга замыг олох юм бол цаг хугацааг хэмнэнэ гэдгийг өөрийнхөө амьдрал дээрээс ойлгосон" гэв.

Түүний хувьд өсвөр насандаа ахуйн осолд орж гэмтчихээд 10 жилийн турш хөл дээрээ босно гэсэн бодлоор бүхий л сайн эмнэлэг, бариа заслаар явжээ. "Хөл дээрээ боссоны дараа л их сургуульд орно, ажил хийнэ гэж боддог байсан ч эргээд бодоход тэр цаг хугацаа дэндүү хайран санагддаг юм байна лээ" гэв.

Б.Чулуундолгор ярианы төгсгөлд "Хүмүүсийн харах өнцгөөс бүх зүйл хамаардаг. Хүмүүс надаас "Эхнэр нөхөр хоёр, хоёулаа тэргэнцэртэй яаж амьдралыг авч явдаг вэ, хүүхдүүддээ яаж хоол хийж өгдөг вэ" гэх зэрэг сонин асуулт асуудаг. Гэхдээ энэ ямар ч асуудалгүй. Би гал тогоогоо өөртөө тохиромжтойгоор тохижуулчихсан. Тэгээд л болоо. Тэгэхээр тэр хүний харах өнцөг миний амьдралыг харах өнцөг л өөр байгаад байна гэсэн үг" гэв.

Тэдний хэлсэнчлэн бидний хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ханддаг хандлага маань эрүүл бус гэхэд хилсдэхгүй. Тэднийг тэргэнцэртэй юм байж хүйтэн өвлөөр юунд гудамжаар явах, гэртээ хэвтэж байхгүй дээ, дүлий амьтан яах гэж гэрээс гарч байдаг юм, машин сигналдахыг ч сонсохгүй дайруулчихна гэж ярьцгаана. Үнэндээ тэд яг л бидэнтэй адил нийгмийн амьдралд орох эрхтэй бас хүсэлтэй. Харин түүнийг нь бид дандаа үгүйсгэж ханддаг хандлагаараа тэднийг жинхэнээс нь хөгжлийн бэрхшээлтэй болгож байдаг.

Тэдний бэрхшээл бие махбодийн дутууд байдаггүй. Бидний, тэдний гэр бүлийнхний, манай нийгмийн сэтгэлийн бэрхшээл тэднийг хөгжлийн бэрхшээлтэй болгож байдаг юм шүү.

МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!