Монгол охид оюуны олимпын аварга болсон тухай мэдээлэл хэдхэн хоногийн өмнө цахим орчинд шуугиан тарьж, Монгол хүн бүр ихэр охидоор бахархаж, омогшсон. Тиймээс бид оюуны спортын оргилд хүрч, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан Н.Энхшүр, Н.Мөнхшүр нартай онлайнаар холбогдож ярилцлаа. Тэд Бээжингийн их сургуулийг өнгөрсөн онд төгсөж, одоо мастерийн зэрэг хамгаалахаар суралцаж буй юм.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------
-Дөрвөн жилд ганцхан удаа болдог оюуны спортын хамгийн том тэмцээн болох “Оюуны Олимп”-д амжилттай оролцож Олимпын Аварга болсон. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Н.Энхшүр: Оюуны спортын хамгийн том тэмцээнд амжилттай оролцсондоо маш их баяртай байгаа. Тамирчин хүн бүрийн зорилго бол Олимпод ур чадвараа сорьж, Олимпын Аварга болох. Тийм учраас сэтгэл өндөр байгаа.
-Н.Мөнхшүр: Тиймээ. Дөрвөн жилд ганцхан удаа болдог ой тогтоолтын хамгийн том тэмцээн болох Оюуны олимпдоо амжилттай сайн оролцсондоо баяртай байна. Оюуны спортоор хичээллэж эхлээд хамгийн их оролцохыг хүсэн хүлээж байсан тэмцээн маань байлаа. Уг тэмцээн 2020 онд зохион байгуулагдах ёстой байсан ч цар тахалын улмаас хойшлогдож ихээхэн хүлээлт үүсгээд байсан юм.
-Тэмцээнийхээ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгвөл. Монголчууд оюуны олимпийн аваргатай боллоо гээд хэдэн өдөр л шуугиж, бахдах шиг боллоо?
-Н.Энхшүр, Н.Мөнхшүр: "Memoriad 2024" World Mental Sports Olympics буюу оюуны олимпод Монгол, Америк, Герман, Солонгос, Япон, Энэтхэг, Их Британи, Австрали зэрэг дэлхийн 35 орны 180 тамирчин ой тогтоолт, цээж бодолтын 12 төрлөөр 3 өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулсан. Бидний хувьд ой тогтоолтын 6 төрөлд өрсөлдөж 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, 1 олимпын рекордыг шинэчлэн тогтоосон амжилттай оролцлоо.
-ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООС ХҮРТЭХ БОЛОМЖТОЙ БҮХ АМЖИЛТЫГ ГАРГАСАН Ч БҮРЭН НӨӨЦ БОЛОЛЦОО, ЧАДВАРАА ХАРААХАН ХАРУУЛААГҮЙ БАЙНА-
-Улсын Аварга, Ази тивийн аварга, Дэлхийн Аварга, Геннисийн рекордууд гээд олон дээд амжилтын эзэд байсан. Сая олимпын аварга болчихлоо. Энэ оргил цэг нь мөн үү. Эсвэл цаашаа үргэлжлэх үү?
-Н.Мөнхшүр: Бид 2016 оноос эхлэн ой тогтоолтын спортоор хичээллэж эхэлснээс хойш нийт улсын болон олон улсын ой тогтоолтын 16 тэмцээнд оролцож, 12-д нь ялалт байгуулсан. Мөн багц хөзөр цээжлэх төрөл, хоёртын тоолол, тооны марафон, зураг цээжлэх зэрэг оюуны спортын төрлүүдэд нийт 12 удаа дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож ой тогтоолтын спортоос хүртэх боломжтой бүх амжилтыг гаргасандаа баяртай байгаа. Хэдий спортын оргил цэг нь мөн ч гэлээ миний хувьд өөрийн бүрэн нөөц бололцоо, чадвараа хараахан харуулаагүй байгаа гэж бодож байгаа. Учир нь тэмцээн болгон дээр 60-70 хувийн гүйцэтгэлтэй хийдэг. Бэлтгэл дээрх үзүүлэлтээ тэмцээн дээр бүрэн дүүрэн гаргадаг болохыг хүсэж байна.
-Н.Энхшүр: Бид оюуны спортод гайхалтай амжилтуудыг бүтээж чадсандаа баяртай байдаг. Гэхдээ өөрийнхөө жинхэнэ ур чадварыг тэмцээн дээр хараахан харуулж чадаагүй л байна. Учир нь бэлтгэл болон тэмцээн дээрх үзүүлэлтүүд өөр байдаг учраас энэ сул талаа өөрчилж өөрийн чадвараа бүрэн гаргадаг болохыг хүсдэг.
-Одоо аль сургуульд ямар мэргэжлээр сурч байгаа вэ?
-Н.Энхшүр, Н.Мөнхшүр: Бид одоо БНХАУ-ын Бээжингийн их сургуульд Олон улсын харилцаа, Төрийн бодлого, менежмэнт гэсэн мэргэжлээр мастерийн зэрэг хамгаалахаар тус тус суралцаж байна. Баклавараа энэ сургуульдаа сурч төгссөн хэдий ч цар тахлаас шалтгаалан 3.5 жил нь гэртээ онлайнаар сурсан учраас төгсөөд үргэлжлүүлэн мастерт суралцахаар шийдсэн, ирэх онд сургуулиа төгсөнө.
- СУРСАН ЗҮЙЛЭЭРЭЭ ЭХ ОРОНДОО ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ НЬ БИДНИЙ ЗОРИЛГО-
-Хэзээнээс Монголдоо суурин байхаар төлөвлөж байна. Эсвэл үргэлжлүүлээд гадаадад ажиллаж, амьдрахаар төлөвлөж байна уу?
-Н.Энхшүр: Сургуулиа төгсөөд гадагшаа мэргэжлээрээ туршлага хуримтлуулах хүсэлтэй байгаа. Хэзээ суурин болохоо хэлж мэдэхгүй байгаа ч сурсан зүйлээрээ эх орондоо хувь нэмрээ оруулах нь бидний зорилго.
-Н.Мөнхшүр: Сурч мэдэх туршлагажих зүйлс их байгаа учраас төлөвлөсөн зүйл их байгаа.
-Хичээлийнхээ хажуугаар тэмцээнд бэлдэх, оролцох боломж хэр их гарч байна. Ачаалал ихтэй байна уу?
-Н.Мөнхшүр: Оюутан болохтой зэрэгцээд оюуны спортоор хичээллэж эхэлсэн учраас маш ачаалалтай байсаар ирсэн. Хичээл ном, спортоо тэнцвэртэй байлгахын тулд цагаа зөв зохицуулж чаддаг учраас завгүй байдалдаа аль хэдийн дассан гэж хэлж болно.
-Н.Энхшүр: Ихэвчлэн олон улсын болон Дэлхийн аварга зэрэг томоохон чансаатай тэмцээнүүдэд оролцдог. Бусад багийн тамирчид эх орондоо багштайгаа хамт бэлдэж байхад бид хоёр гадаадад сурч байгаа учраас бэлтгэлээ өөрсдөө зохицуулж хичээлийнхээ зав зайгаар бэлдэж ирсэн. Магадгүй энэ нь бие даах чадварыг хөгжүүлсэн гэж боддог.
-Оюун ухааны спортын тамирчин байх нь сурах процесст сайнаар нөлөөлдөг үү. Цээжилж, тогтоох, бусдаас хурдан ойлгох гэх мэт давуу тал бий юу?
-Н.Энхшүр: Оюуны спорт нь анхаарал төвлөрөлтийг дээд зэргээр шаарддаг учраас энэ нь хичээл сургууль, сурлагын бүтээмжид их нөлөөлдөг гэж боддог.
-Н.Мөнхшүр: Баруун, зүүн тархийг тэнцвэртэй хөгжүүлэхээс гадна харааны болон сонсголын ой тогтоолтын чадварыг зэрэг хөгжүүлдэг учраас аливаа мэдээллийг тогтооход маш хялбар болдог.
-2024 он улирч, шинэ онтой золгоход цөөхөн хоног үлдсэн байна. 2024 оны амжилт бүтээлээ дүгнээд хэлбэл?
-Н.Энхшүр, Н.Мөнхшүр: 2024 ондоо зорьж байсан “Олимпын аварга” болох зорилгоо биелүүлж шинэ онтой золгох гэж байгаадаа баяртай байна.
-ДЭЛХИЙН ОЮУНЫ СПОРТЫН ТАМИРЧДЫН МӨРӨӨДӨЛ БОЛСОН "SUPER BRAIN" ШОУНД ОРОЛЦОХ УРИЛГА МОНГОЛ ОХИДОД ИРНЭ ГЭЖ ЗҮҮДЭЛЖ Ч БАЙГААГҮЙ-
-“Тархины хаан” гэгддэг Хятадын шилдэг тамирчидтай өрсөлдөж,"The Brain" шоуны ялагч болсон. Ихэр охид Хятадын шилдгүүдтэй өрсөлдөнө гэх мэдээлэл цацагдах төдийд монголчууд нийтээрээ огшиж, тэмцээний дүнг чих тавин хүлээж байсан нь саяхан юм шиг санагдаж байна. Тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач. Хэр чанга өрсөлдөгчид байв. Ямар даалгавар гүйцэтгэсэн гээд?
-Н.Энхшүр: 2016 онд анх удаа "Super Brain" шоуг үзэгчийн хувиар үзэж, дэлхийн оюуны спортын шилдгүүдийг хараад хүний уураг тархи ямар гайхалтайг биширч байсан. Тухайн үед хэрвээ боломж байдаг бол энэ шилдгүүд шиг энэ тайзан дээр гараад Монгол хүний оюуны гайхамшгийг харуулах юм сан гэж бодож билээ. Тэр цагаас хойш хэдхэн жилийн дараа оюуны спортын гараагаа эхлүүлсэн. Гайхалтай энэ нэвтрүүлгээс олон улсын багийн гишүүн тэр тундаа Монгол улсаа төлөөлөн оролцох урилга ирнэ гэж зүүдэлж ч байсангүй. Даалгаврын хувьд хүний гарын алганы хээ цээжилж, түүнийгээ 200 хүний алганы хээнээс олох даалгавар байсан юм. Бидний хувьд өмнө нь өрсөлдөж байгаагүй цоо шинэ сорилт байсан ч 100 хувь нэг ч алдаа гаргалгүй гүйцэтгэж чадсандаа баяртай байгаа.
-Н.Мөнхшүр: Энэ шоу нэвтрүүлэг бол дэлхийн оюуны спортын тамирчдын дунд маш нэр хүндтэй, хүнд даалгавартай, өрсөлдөөн ихтэй, хамгийн их үзэгчтэй гэдгээрээ алдартай нэвтрүүлэг. Тив дэлхийн оюуны спортын мастеруудыг Хятад улс өөрийн сор болсон шилдэг мастеруудтайгаа санаанд оромгүй даалгавруудаар өрсөлдүүлж хүн төрөлхтөний тархины гайхамшгийг харуулдаг. Бид энэ нэвтрүүлгээс анх урилга аваад эхэндээ маш их баярласан ч, дараа нь ямар даалгавар ирэх бол гэдэгт жаахан түгшиж байсан. Өрсөлдөгчдийн хувьд, "Super Brain” шоунд 3 удаа оролцож, 3 удаа ялалт байгуулсан “Тархины хаан” буюу “Brain King” хочтой Cheng Zhi Qiang, 2022 оны Бүх Хятадын ой тогтоолтын АВАРГА, “Хийсвэр зураг” төрлийн Дэлхийн рекорд эзэмшигч Xu Yangran нар байсан. Тэмцээн эхлэхийн өмнөх өдөр л ямар тамирчидтай өрсөлдөхөө мэдсэн. Энэ хоёр тамирчины хувьд зураг дүрс цээжлэх төрөлд онцгой чадвартай, нэг тамирчин нь тухайн нэвтрүүлэгт 3 удаа түрүүлчихсэн туршлагатай байсан учраас бидний хувьд хүчтэй өрсөлдөгчид байсан.
-Хүний нутагт гэрээсээ хол, удаан хугацаагаар байхад хэр байна вэ. Хоёулаа байгаа болохоор гайгүй байгаа юу?
-Н.Энхшүр: Хоёулаа хамт байгаа ч гэсэн эх орноо, гэрийнхэнээ их санадаг болохоор амралт эхлэхээр гэрлүүгээ яардаг.
-Н.Мөнхшүр: Газарзүйн хувьд хамгийн ойрхон хөрш улсдаа суралцаж байгаа учраас хүссэн үедээ гэртээ хариад байж болдог болохоор гайгүй байдаг.
-Ой тогтоолтоос гадна өөр чиглэлээр өөрсдийгөө хөгжүүлэхэд хэр анхаарч байна. Хэл сурах гэх мэт бусад чиглэлд?
-Н.Энхшүр: Миний хувьд мэргэжилтэйгээ холбогдолтой нийгэм рүүгээ чиглэсэн зүйлс дээр өөрийгөө хөгжүүлэхэд анхаарч байна.
-Н.Мөнхшүр: Цаашдын карьер болох эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, өөр салбарт хөгжихийг хүсч байгаа.
-Та 2 ой тогтоолтын спортод байж болох бараг бүх шагналыг авсан байх. Ихэр охид геннисийн амжилтыг эвдлээ. Түрүүллээ, шинэ амжилт тогтоолоо гээд л амжилтын буухиа алсардаггүй. Та 2-ын хувьд энэ бүх амжилтаас хамгийн үнэ цэнэтэй, хамгийн хайртай нь аль нь вэ. Яагаад?
-Н.Энхшүр: Миний хувьд оролцож байсан бүхий л тэмцээн уралдаан маань надад урам зориг, туршлагыг өгсөн учраас бүгд их нандин дурсамжтай байдаг. Гэхдээ нэгийг нь сонго гэвэл 2017 оны 26 дахь удаагийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнийг сонгоно. Учир нь тухайн үед оюуны спортоор хичээллэж эхлээд ердөө жил болж байсан. Бид хоёр хоёулаа Дэлхийн рекорд эвдэж, Генниссийн номонд бүртгэгдээд зогсохгүй ихэр маань оюуны спорт үүсч хөгжөөд 26 жилийн түүхэнд хамгийн анхны эмэгтэй, мөн хамгийн залуу Дэлхийн Аварга болсон юм.
-Н.Мөнхшүр: Миний хувьд ч ялгаагүй. Тухайн үед хоёулаа Геннисийн амжилтыг эзэмшихээр болсон гэдгээ сонсох хамгийн сайхан байсан. Миний хувьд тухайн тэмцээн дээр шүтэж биширч явдаг дэлхийн чансааны эхний топ 10 тамирчинтай мөр зэрэгцэн өрсөлдөх боломжтой болсон нь анхны удаагийнх байсан учраас нэр төрийн хэрэг байсан. Дэлхийн шилдэг тамирчдыг ардаа орхиод аваргын төлөөх өрсөлдөөнд ихэртэйгээ хамт, дэлхийн 3 удаагийн аварга АНУ-ын тамирчинтай ширүүн өрсөлдөнө гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Мундаг тамирчдаас хэрхэн биеэ авч явж байгаа, сэтгэлзүйгээ удирдаж байгаа, сандарлаа дарж байгаа зэргээс суралцсан нь маш үнэ цэнэтэй санагддаг.
-ОЙ ТОГТООЛТЫН СПОРТЫН ЕРТӨНЦӨД МОНГОЛ УЛСЫН БАГ ТАМИРЧДЫН АМЖИЛТЫГ АЛЬ ХЭДИЙН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН-
-Та 2 Монгол Улс оюуны спортоор дэлхийд хаахан яваа гэж боддог вэ. Манай оюуны спортынхон бусад орны тамирчдаас юугаараа илүү гэж боддог вэ?
-Н.Энхшүр,Н.Мөнхшүр: Ой тогтоолтын спортын ертөнцөд Монгол улсын баг тамирчдын амжилтыг аль хэдийн хүлээн зөвшөөрсөн гэж хэлж болно. Орсон тэмцээн болгондоо ганзага дүүрэн ирдэг. Гэхдээ дэлхийн шилдэгүүд болох АНУ, Итали, Хойд Солонгос, Хятад зэрэг улсын тамирчид хүчтэй өрсөлдөгчид хэвээр байгаа цагт амжилтаа алдахгүйн тулд улам хичээх ёстой гэж бодож байна.
-Яг одоо юунд төвлөрч байна. Ямар нэгэн тэмцээнд бэлдэж байгаа юу?
-Н.Энхшүр, Н.Мөнхшүр: Яг одоо бид магистрын дипломныхоо урьдчилсан хамгаалалтдаа орохоор бэлдэж байна.
-Ирээдүйн зорилгоо хэрхэн тодорхойлсон бол. Тамирчны карьертаа илүү анхаарах уу эсвэл мэргэжлээрээ ажиллахыг илүүд үзэх болов уу?
-Н.Энхшүр ,Н.Мөнхшүр: Бидний хувьд цаашид өөр салбарт суралцаж хөгжиж дэвшихийг хүсч байгаа. Ажил мэргэжлийнхээ карьерт илүү анхаарах байх. Гэхдээ энэ нь тамирчин байхаа бүр болино гэсэн үг биш, чансаа өндөртэй тэмцээнүүддээ оролцож амжилтаа ахиулсаар байх болно.
-Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!