МУИС-ийн эрдэмтэн багш, судлаачид УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргалаа. Уг уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын 2020 оны намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байна.
Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь зөвхөн ШУА төдийгүй Монголын нийт шинжлэх ухааны байгууллагууд, судалгааны их сургуулийн эрх ашгийг шууд хөндөж байгаа учраас үндэсний тэргүүлэх их сургууль МУИС-ийн эрдмийн хамт олны дуу хоолойг та бүхэнд хүргэхийг зорилоо.
Шинжлэх ухааны хараат бус бие даасан байдал, мерит зарчим, шударга өрсөлдөөн, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх, инновац, шинэ технологийг нэвтрүүлэх, хуулийн өмнө тэгш байх нь Монголын шинжлэх ухаан, дээд боловсролын хөгжлийн гарц хэмээн МУИС-ийн эрдэмтэн багш, судлаачид үздэг билээ.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хууль болон УИХ-д өргөн барьсан тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь нэг байгууллагад зориулагдсаны зэрэгцээ шинжлэх ухааны тогтолцоонд монопольчлол, үндэслэлгүй давуу байдлыг бий болгоход чиглэжээ. Мөн шинжлэх ухааны чөлөөт өрсөлдөөн, бие даасан, хараат бус байдал, академик эрх чөлөөг боомилсон, байгууллагын дотоод дүрэм, журам, хэргэм зэргийг хуульчилж шинжлэх ухааны бусад оролцогчид болон нийгэмд тулган хүлээлгэх оролдлого гэж бид үзэж байна.
Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулийн 3 заалт, 6 хуулийн 13 заалт, бодлогын 3 баримт бичгийн 6 заалт, нийтээр даган мөрдөх 2 дүрэм, журмын 5 заалттай зөрчилдөж байгаа юм. Үүнээс үзэхэд дурдсан хууль, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь олон нийт, оролцогч талуудын саналыг тусгаагүй, зөрчилтэй, үндэслэл муутай дутуу боловсруулагдсан ажээ.
Иймд МУИС-ийн эрдмийн хамт олон УИХ-ын эрхэм гишүүдэд уриалах нь:
● Хүчин төгөлдөр үйлчилж буй ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хууль болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг “Шинжлэх ухаан, технологийн тухай”, “Дээд боловсролын тухай” хуулиуд, судалгааны их сургуулийн талаарх бодлогын үзэл санаа, зүйл заалттай уялдуулан шинээр найруулах, эс бөгөөс хүчингүй болгох.
● Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролыг хөгжүүлэх бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгохдоо а. Мерит зарчимд үндэслэсэн шударга өрсөлдөөнийг дэмжих, б. Өндөр түвшний үр дүн, өгөөжтэй, практик шийдэлд баримжаалсан, нийгмийн өмнө тулгарсан асуудлыг шийдвэрлэх инноваци, шинэ технологийг амжилттай бүтээж, хэрэглээнд нэвтрүүлж буй байдлыг шалгуур үзүүлэлт болгох, в. Нэг байгууллагад үндэслэлгүй давуу байдал олгохоос татгалзах, хуулийн өмнө тэгш байх зарчмыг иш үндэс болгох, г. Шинжлэх ухааны бие даасан, хараат бус байдлыг эрхэмлэх зэрэг зарчим дээр суурилах ёстой билээ.
Дурдсан хууль тогтоомж, хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээ, санал зөвлөмжийн дэлгэрэнгүйг Та бүхэнд хүргүүлэх болно” хэмээжээ.