Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр, Т.Доржханд гурав ЗАСГАА ХАМГААЛАХЫН тулд хууль хэрэгжих хугацааг хойшлуулж намын их хурлуудаасаа ЗУГТАХ гэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
11 минут 7 секунд
UBN.MN

Засгийн газрын өнгөрсөн гурав дахь өдрийн хурлаар жинхэнэ улс төрийн ньюанстай асуудлыг шийдвэрлэжээ. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилтийг 2028 он хүртэл хойшлуулах санаачилгыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гаргаж, тун удахгүй 2-р зүйлд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг Засгийн газраас өргөн барихаар алх цохьжээ.

Уг нь сая 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Улс төрийн намын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиар намууд 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс өмнө намын дүрмээ батлуулж, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Маш товчхондоо бол улс төрийн намууд их хурлаа ирэх оноос өмнө хийсэн байх шаардлагатай байлаа.

Тэгвэл энэ хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг ирэх он биш, бүр 2028 он хүртэл хойшлуулж Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр, Т.Доржханд нар хамтарсан Засгийн газрынхаа насыг хүчээр сунгахаар тохирлоо.

НЭГ, Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ намын их хурлаа хуралдуулах нь дотоод зөрчлөө нэмэгдүүлэх аюултай...

Гол асуудал. Яагаад гэнэт журмын тухай хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг сунгах болов. Энэ хуулийг энгийн ухамсраар хэрэгжүүлээд явах нь хэнд ямар хортой нөлөө үзүүлэх эрсдэлтэй вэ. Бас хэн хохирч үлдэх гээд байгаа вэ гэдийг эргэцүүлж бодох нь зөв. Мэдээж эхний том нөлөө бол одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ буюу Ардын намын дарга юм. Намын дүрмээ шинэчилнэ гэдэг бол намын их хурлаа хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Ардын нам их хурлаа ээлжит бусаар зохион байгуулж дүрэм, зохион байгуулалтаа ярих болно. Мэдээж их хурлын үеэр хэлэлцэгддэг гол зүйл бол намын даргын тайлан байх ёстой. Тайлан тавихгүйгээр хүчлээд шууд дүрэм ярилаа ч гэсэн заалны уур амьсгал эргэж, намын даргын асуудлыг ярих улс төр хийгдэх эрсдэлтэй. Хэдийгээр босоо удирдлагатай нам ч гэсэн нэг хий гаргахаар шийдсэн бол Ардын нам шиг жинтэй хөдөлдөг гэдгээрээ алдартай нам. Сая болж өнгөрсөн төсвийн тодотгол, мөн төсвийн үеэр болсон үйл явдлыг харахад УИХ-ын гишүүд нь тэр бүр намын даргынхаа үгэнд хонь шиг орохгүй байгаа нь хангалттай ажиглагдсан. Өөрөөр хэлбэл, легитим шинж нь буурч эхлээд байна. Тодотгол нь бараг л унаж дууссан. Сая төсвийн хууль нь ч онигоо болж дууслаа. Гол нь өөрийнх нь оруулж ирсэн хүмүүс өөрийнх нь эсрэг “босч” байна гэдэг бол хамгийн аюултай үзэгдэл мөн. Дээр нь сүүлийн үеийн улс төрийн халалт, гэрээ хэлэлцээрийн асуудал ч гал дээр тос нэмнэ. Засагт хамтарсан асуудалд дээр намаар нь дүүрэн хоосон үлдсэн гомдогсод сууж байгаа. Нам дээрээ нөлөөгөө тогтоох ажиллагаагаа бүрэн эхлүүлсэн Ерөнхийлөгчийн институт энэ бүгдийг гараа хумхиад хараад суухгүй. Хэрвээ их хурлаа хуралдуулчихвал Л.Оюун-Эрдэнэд толгойны өвчин л нэмэгдэх байх. Тиймээс Ерөнхий сайд, МАН-ын дарга хуулийн хэрэгжилтийг хойшлуулах шийдлийг дэмжиж буй юм. Хатуухан хэлэхэд МАН саяын УИХ-ын сонгуулиар олонх болсон ч гэсэн яг намын зүгээсээ парламентын суудлаа хорогдуулж, хуучин байсан амжилтаа бууруулчихаад байгаа шүү.

ХОЁР, Ардчилсан намын хурлаа хийх л юм бол Лу.Гантөмөр УИХ-ын "гудамж"-д гарна

Одоо жинхэнэ асуудал эхэлнэ. Улс төрийн намын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахыг дөрвөн мөчөө өргөөд дэмжиж байгаа эхний хүн бол АН-ын дарга Лу.Гантөмөр. Намын гишүүдээ цуглуулж хурлаа хуралдуулж, дүрмээ өөрчилөх нь байтугай намаа генсекээ томилж, жинхэлж чадахгүй Ардын намын даргын өрөөнд нуугдаж яваа хүн. Магадгүй засгаас гарах хүртлээ аль болох намынхантай бага таарах нь түүнд өлзийтэй биз. Хэрвээ их хурлаа хийх л юм бол Лу.Гантөмөрт өчиггүй хариуцлага тооцож орхино. Нэгдүгээрт, УИХ-ын сонгуулиар олонх болж, намаа ялалтад хүргэж чадаагүй. Хоёрдугаарт, ард түмэн хүчтэй сөрөг хүчин байх сонголтыг тулгахад МАН-ын засагт гүйж орж, сандал ширээ хөөцөлдсөн гэх дараагийн асуудал. Гуравдугаарт, орон нутгийн сонгуулиар 160 мянган гишүүд дэмжигчдээ хөсөр хаяж, МАН-ын даргыг аялдан дагаж Ардчилсан намынхаа төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй гэх бас нэг том асуудлыг гишүүд нь сөхнө.

Өөрөөр хэлбэл, энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг л өөрчлөхгүй бол Лу.Гантөмөрийн намын даргынх нь улс төр 2024 оноор дуусах нигууртай.

ГУРАВ, Намын хурлаа хийвэл орон нутгийн сонгуульд "үсгүй хусуулсан" ХҮН намынхан "Засагт хамтарснаас болж шал арчлаа" гэж Т.Доржхандад бурууг тохох гэж зүтгэнэ

Ардчилсан намын даргатай яг адилхан нөхцөл байдал ХҮН намын дарга Т.Доржхандыг хүлээж байгаа. Сая гэхэд л Засгийн газраас өргөн барьсан төсвийн хуулийг эцсийн мөчит ХҮН намын УИХ дахь гишүүд эсэргүүцэж мэдээлэл хийчихсэн. Энэ дунд МАН-ын Засгийн газарт алба хашиж буй ХҮН намын дарга Т.Доржханд, П.Наранбаяр сайд хоёр л харагдаагүй. Бусад нь бараг бүгдээрээ нөгөө хоёрынхоо гар бие оролцсон төсвийг нь даваан дээр нь өшиглөчиж байна лээ. Энэ бол ХҮН дотор зөрчил байгаагийн илрэл. Ялангуяа саяын орон нутгийн сонгуулийн үр дүн ХҮН намын гишүүдэд маш хүчтэй цохилт болсон байх учиртай. Гуравхан сарын өмнө байсан дэмжлэг хөөс шиг замхарч орхисон. Нийслэлд гурван суудалтай байсан ХҮН нам засагт хамтарсныхаа төлбөрт “үсгүй хусуулж” түмний шившиг болсон. Мэдээж энэ үр дүнгийн гол буруутан нь Засгийн газарт хамтарсан явдал гэж хүний, өөрийнгүй л дүгнэж байгаа.

Тиймээс хэрвээ ХҮН нам хуулийн дагуу намын хурлаа хийвэл Т.Доржхандыг намын даргаас огцруулдаггүй юм аа гэхэд нэлээн эвгүй байдалд оруулна. Гэхдээ л намаар нь дүүрэн сандал ширээнээс мултарч үлдсэн гомдогсод. Сонгуульд ороод шороотой хутгалдсан гомдогсод. Хамрынхаа өмнүүр таслуулсан жагсаалтын гомдогсод бүгд ханцуйндаа “хутгатай” сууж байх эрсдэлтэй.

ДӨРӨВ, Хуулийн хугацааг хойшлуулахгүй л бол Л.Оюун-Эрдэнийн толгойлсон хамтарсан Засгийн газар ЗАДРАХ ЭРСДЭЛТЭЙ...

Энэ бүх эрх ашиг хамгийн сүүлд Засгийн газрын хувь заяа дээр очно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хууль хэрэгжүүлэх хугацааг хойшлуулахыг дэмжиж буй дараагийн нэг шалтаг бол Засгийн газраа огцруулахгүй, хамтарсан хоёр намаа танхимаасаа алдахгүй байх явдал. Хэрвээ намын хурлууд яваад АН, ХҮН намын дарга нар өөрчлөгдчихвөл шинэ дарга нар нь Засгийн газарт хамтрахыг дэмжих үү гэдэг эргэлзээтэй. АН бол нэгэнт Лу.Гантөмөрийг сольж байгаа бол түүнд бүх бурууг үүрүүлчихээд засгаас бүр мөсөн гараад 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж эхэлнэ. ХҮН нам нь намын даргаа сольдоггүй юм аа гэхэд багагүй ажин түжинтэй болчихно. Ингээд харахад Ардчилсан намгүй Засгийн газар яг өнөөдрийн парламентын тоо дээр тийм ч удаан тэсэхгүй. Тэслээ ч гэсэн ёстой АМАРГҮЙ, бөгөөд утгагүй улстөржилттэй нүүр тулна. Ерөнхийлөгч үүнийг нь нэмж сайтар хөгжөөнө. Ингээд Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь улс өнөөдөр биш ч маргаашнаас нь л ганхаж, улс төрийн хэцүүхэн уур амьсгал руу орох юм. Тиймээс Засгийн газраа хамгаалж үлдэхийн тулд АН-ын дарга Лу.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарыг улс төрийн амьтай голтой байлгах нь Л.Оюун-Эрдэнэд ашигтай.

ТАВ, Намуудын их хурлыг хуралдуулах хугацааг хойшлуулахыг СЕХ эсэргүүцнэ гэдэг бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүнийг дэмжихгүй байна гэсэн ИЛ "МЕССЕЖ"

Хамгийн сонирхолтой хэсэг нь энэ. Яагаад гэвэл Засгийн газрын зүгээс хуулийн хэрэгжих хугацааг 2028 он хүртэл сунгах санал гаргаж Сонгуулийн Ерөнхий хорооноос санал авсан байгаа юм. Ингэхэд СЕХ “Хугацаа сунгахыг дэмжихгүй” гэсэн хариу ирүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, П.Дэлгэрнаран даргатай Сонгуулийн Ерөнхий хороо эсрэг санал өгнө гэдэг бол Ерөнхийлөгчийн институт Засгийн газрын энэ саналыг дэмжихгүй байна гэсэн үг юм. П.Дэлгэрнаран дарга бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн найз гэх албан бус тодотголтой нэгэн. Мэдээж Ерөнхийлөгчид олонх болсон намд засгийн бүх эрх мэдэл очихгүй байх нь чухал байдаг. Хүч нэг талд, нэг хүнд овоорохгүй байхад Ерөнхийлөгч тэнд нь жинхэнэ утгаараа улс төр хийж, өөрийн бодлогоо хэрэгжүүлж улс төрийн хожил авдаг түүхтэй. Үе үеийн Ерөнхийлөгчид л энэ дүрмийг ашиглаж “тоглож” ирсэн байдаг.

Тиймээс ирэх өдрүүдийн бидний хамгийн сайн ажиглаж, шахаж шаардах зүйл бол Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хугацааг хойшлуулахгүйгээр улс төрийн үйл явцыг хуйвалдааны онлоос холдуулах явдал мөн.

Г.Лхагвадорж

Улаанбаатарт -6 хэм хүйтэн
Улаанбаатарт -6 хэм хүйтэн
 
“Батлагдсан хуулийг болохгүй гэх эрх О.Алтангэрэлд байхгүй. Би ч гэсэн 1-2 өдрийн настай ПОПУЛИЗМ хийж чадна“
“Батлагдсан хуулийг болохгүй гэх эрх О.Алтангэрэлд байхгүй. Би ч гэсэн 1-2 өдрийн настай ПОПУЛИЗМ хийж чадна“
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!