Фэйсбүүк хуудсандаа та Царцаа ногоон гэж бичээд хайвал ангилсан хог хаягдлыг дуудлагаар очоод авдаг үйлчилгээний пэйж таныг угтана. Энэ бол сүүлийн 3 жилийн хугацаанд иргэдийг хог хаягдлаа багасгах, ангилан ялгахад уриалж, идэвхжүүлж байгаа үйлчилгээ юм. “Царцаа ногоон”-ы Ц.Амударья, Д.Саруул нартай хийсэн бяцхан ярилцлагыг хүргэе.
-Ангилан ялгасан хог хаягдлыг өөрсдийн машинаар очиж авдаг, цаг заваа зарцуулдаг. Гэхдээ бүгд сайн дурын ажил юм байна тийм үү?
-Одоо бидний хийж байгаа ажил бол цэвэр сайн дурын үндсэн дээр хийгддэг ажил. Гэтэл төрөөс хог хаягдалд зарцуулдаг төсвийн мөнгөний дийлэнх хувийг зөвхөн тээвэрлэлт буюу машинаар хог ачиж хаяхад зарцуулдаг. Тэр төсвөөрөө хог авахдаа анхнаасаа ангилж авдаг болчихвол энэ маш том хөшүүрэг болж, үйл ажиллагаа зүгширнэ гэж бид боддог.
Тийм учраас төрөөс бид нарт дэмжлэг үзүүлээд, сургалт семинар авах бол аваад, хамтарч ажиллаасай гэж хүсч байна. Тэгэх юм бол маш олон хүн энэ талаар мэдээлэл авч, үйл ажиллагаандаа тусгах боломж бүрдэнэ.
-Царцаа ногоон үйлчилгээ ямар дараалалтай явагддаг вэ?
-Бид хоёр бүтэн цагаар ажил хийдэг л дээ. Тэгээд амралтын өдрүүдэд айл өрхүүдээс ангилсан дахиврыг очиж аваад дахин боловсруулах 4-5 үйлдвэрт хүргэдэг. Тэр үйлдвэрүүд нь хаягдлыг боловсруулаад эргээд бидэнд хэрэгцээтэй тийм бүтээгдэхүүн болгодог юм.
-Дуудлага хэр их ирдэг вэ, амралтын өдрийн ачаалал ямар байна вэ?
2018 онд энэ үйлчилгээг нээснээс хойш дуудлага өгдөг айл өрх, тогтмол үйлчлүүлдэг иргэд маш олон болсон л доо. Тэр хэрээрээ их дуудлагатай болчихоор тэр бүр хүрч, очиж амжихгүй үе гардаг. Бид хоёр өөрсдөө хаягдлаа очиж аваад, зөөгөөд, машиндаа ачаад л явдаг.
-Үүнийг үзээд иргэд маань хогоо ангилъя гэж шийдээд та бүхэнд яаж захиалга өгч, холбоо барья гэвэл ямар замаар холбогдох вэ?
-Царцаа ногоон гэдэг нэртэй пэйж хуудас маань хүн бүрт нээлттэй. Ер нь, ихэнх дуудлагаа тэр хуудсаараа авдаг л даа. Тэнд яаж мессеж бичиж, бидэнд хандах тухай заавар бий. Зааврын дагуу дуудлага өгсөн хүмүүсээ бүртгээд амралтын өдрүүдээр очиж авдаг юм.
-Хог хаягдлын тухай хууль манай улсад байдаг. Ангилан боловсруулах ажлыг энэ хуульд хэрхэн тусгасан байдаг бол. Хэрэгжилтийг нь та юу гэж үнэлэх вэ?
-Манай улс 2017 онд Хог хаягдлын тухай хууль баталсан. Энэ хууль тийм ч муу биш л дээ. Аваад үзэхэд олон асуудлыг зохицуулахаар заасан байдаг. Гэвч хэрэгжих шатан дээрээ маш дутагдалтай байдаг юм. Энэ нь юунаас болж байна вэ гэхээр төрийн нэгдсэн бодлого байхгүй, хог хаягдлыг ангилах талаар мэдээлэл сурталчилгаа багатай, хүн амын хувьд улс даяараа ангилах арга зам, төрлүүдийг мэддэг болгохгүй байгаа учраас хүмүүс заавал ангилахгүй байгаа юм.
-Иргэдэд хандаж нэг уриалга хэлэхгүй юу?
-Энэ үйлсэд хүн болгон ухамсарлаж хогоо ангилж, хаягдлаа багасгахаас гадна төрийн бодлого зайлшгүй чухал, дэмжлэг маш их хэрэгтэй байгаа шүү. Ингэж байж бид хойч үедээ хог биш байгалиа үлдээж чадна аа.
Ярилцлагыг бэлтгэсэн О.Эмүжин