Нефтийн хамгийн жижиг зах зээлүүдийн нэгийн улмаас “Трафигура” нэг тэрбум гаруй ам.доллар алджээ

Ангилал
Дэлхий дахинд Эдийн засаг
Огноо
Унших
16 минут 25 секунд

Шатахууны хангамжийн жижиг хэдий ч ашигтай нэгэн бизнес зээлийн эрсдэлийн асар том сүлжээг нуун дарагдуулсан байжээ.

"Трафигура" групп бол түүхий эдийн арилжааны аварга компани билээ. Тус групп Францын бүх хэрэгцээг гурав нугалж хангах хэмжээний газрын тосыг өдөр бүр арилжаалж байдаг. Дэлхий даяар хамрах хүрээ нь АНУ-ын түүхий нефтийн экспортын дэд бүтцээс эхлээд Африк, Ази, Латин Америкийн 20 гаруй улс дахь шатахуун түгээх станцууд хүртэл үргэлжилнэ.

Гэвч энэхүү эзэнт гүрний алслагдсан буланд, Женев, Сингапурын удирдах албан тушаалтнуудын нүднээс далд нэгэн томоохон хямрал үүсээд нэлээд удаж байна.

Тус компани Монгол Улсад 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээж буйгаа энэ долоо хоногт мэдэгдсэн бөгөөд зарим ажилтан нь залилангийн хэрэгт холбогджээ. Тодруулбал, холбогдох албан тушаалтнууд хугацаа нь хэтэрсэн асар их хэмжээний өрийг нуун дарагдуулж, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, төлбөрийн залилан үйлдсэний улмаас зээлийн эрсдэл нь сүүлийн хэдэн жилд хяналтаас гарсан гэж "Трафигура" групп тайлбарласан юм.

"Трафигура" төдийгүй хөндлөнгийн хүмүүст ч энэ мэдээлэл үнэхээр гэнэтийн цохилт болов. Хамгийн цочирдмоор зүйл бол Монголын нефтийн зах зээлийн хэмжээтэй харьцуулахад алдагдлын хэмжээ нь байлаа. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албаны мэдээллээр, Монголоос илүү газрын тосны хэрэглээтэй 100 гаруй улс байдгийн дотор Люксембург, Балба улсууд багтдаг аж. Өдөрт 35,000 баррель газрын тос хэрэглэдэг нь жилд ойролцоогоор 1 тэрбум ам.долларын өртөгтэй. Харин "Трафигура"-гийн хувьд Монгол Улс арилжааны нийт газрын тосных нь 0.3 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг байна.

Энэхүү сурвалжилгын хүрээнд бид "Трафигура" болон Монгол дахь үйл ажиллагааных нь талаар шууд мэдээлэлтэй найман хүнтэй ярилцсан ба өөрсдийнх нь хүсэлтээр нэрийг нь нууцлав. Энэ долоо хоногт "Трафигура"-гийн Гүйцэтгэх захирал Жереми Уэйр энэхүү нөхцөл байдалд "сэтгэл маш дундуур" байгаа ч энэ зөвхөн Монгол дахь салбарт гарсан хэрэг гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлж, компанийн дотоод хяналт шалгалт үргэлжилж байгаа хэмээн мэдэгдсэн.

"Bloomberg"-ийн өмнө нь мэдээлсэн асуудал энэ долоо хоногийн мэдэгдлээр ийнхүү батлагдаж, өнгөрсөн жил мөн никелийн томоохон луйврын хохирогч болсон "Трафигура" групп дахин нэгэн том шарх амсаад байна.

Уг дуулиан нь компанийн дотоод хяналтыг анхаарлын төвд тавьсан ба нөхцөл байдлыг бүрэн илчлэхийн тулд яагаад бараг нэг жил зарцуулсан бэ гэх асуулт сонирхол татаж байна. Хөндлөнгийн хүмүүсийн хувьд энэ удаагийн явдал түүхий эдийн арилжааны бизнесүүдийн маргаантай нэр хүндийг улам бататгав. Үүнээс хэдхэн сарын өмнө тус салбарын зарим томоохон хүчин АНУ-д авлига, хээл хахуулийн хэргээр гэм буруугаа хүлээсэн ба тэдний дунд "Трафигура" ч байсан.

Тус компанийн гол зээлдүүлэгчдийн зарим болон бусад банкны есөн банкир Монгол дахь алдагдлын хэмжээнд үнэхээр гайхширч буйгаа хэлж, "Трафигура" дахин ийм хэрэг гарахаас хэрхэн сэргийлэхийг мэдэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн юм. Гэсэн хэдий ч уг алдагдал нь тус компанийн мөнгө зээлэх чадварт нөлөөлөхгүй гэж тэдний зарим нь онцолсон.

Түүхий эдийн арилжааны банкир асан, зөвлөх Жан-Франсуа Ламберт "Одоо тэд алдаанаасаа хэр хурдан бөгөөд үр дүнтэй суралцаж, засаж залруулах арга хэмжээг хэрэгжүүлэх вэ гэдэг хамгийн чухал асуулт. Зөвхөн боловсон хүчнийг солих, халах, нөхөн сэргээх урт үйл явцыг эхлүүлэх замаар биш, харин компанийн удирдлага, дотоод үйл явц, хяналтыг бэхжүүлэх хэрэгтэй" гэсэн юм.

Ашигтай сиймхий

Ихэнхдээ ОХУ-аас төмөр замаар, заримдаа Хятадаас бензин, дизель түлш импортолж, хэрэгцээгээ гаднаас бүрэн хангадаг Монгол Улсын зах зээлийн сиймхийд "Трафигура" групп олон жилийн турш ашигтай байр суурь эзлээд байсан.

Тус компани нь Монголын газрын тосны бүтээгдэхүүний гуравны нэг орчмыг нийлүүлж байсан бөгөөд ялангуяа дизель түлшний арилжааны томоохон хэсгийг атгаад байжээ. "Роснефть" болон "Gunvor" групп тэдний гол өрсөлдөгчид байв. Монгол дахь үйл ажиллагааны хүрээнд жилд хэдэн зуун сая ам.доллар эргэлдэж, ашиг нь ихэвчлэн хэдэн арван саяар үнэлэгдэж байсан гэж энэ талаар мэдлэгтэй хүмүүс хэлжээ.

Сахлын хутга шиг нимгэн ашгийн хэмжээ нь нэг ба түүнээс бага хувьтай байдаг түүхий эдийн арилжааны ертөнцөд энэ бол жижиг хэдий ч үр шимтэй бизнес байлаа.

"Трафигура"-гийн ажилчид Улаанбаатарын бизнесийн төв дүүргийн захад байрлах "Landmark" гэх барилгад ажилладаг байсан ба уул уурхайн аварга "Рио Тинто" группийн шинээр барьсан цэцэрлэгт хүрээлэн цонхоор нь харагдана. Харин хажууханд нь Зөвлөлтийн үеийн Баянгол зочид буудал байрладаг.

"Трафигура"-гийн Монгол дахь газрын тосны гол арилжаалагч нь тус компанид 2012 оноос хойш ажилласан Эрдэнэсүрэнгийн Жононбаяр байв. Э.Жононбаяр нь Улаанбаатарын нягт харилцаа холбоотой бизнесийн ертөнцөд мэргэжлийн хатуу ширүүн арга барилаасаа гадна найз нөхөд, ойр дотнынхондоо зориулж зохион байгуулдаг үдэшлэгүүдээрээ танигдсан нэгэн.

Далайд гарцгүй Монголын зах зээл аливаа хямралд өртөмтгий бөгөөд 2023 оны сүүлээр тус улс шатахууны хомсдолд орсон билээ. Иргэд шатахуун, дизель түлш авахын тулд яаран оочирлож, харин Засгийн газар нь улсынхаа газрын тосны нөөцийн төлөв байдлыг шүүмжилж эхлэв.
Энэхүү хямрал нь тус улс дахь "Трафигура"-гийн санхүүгийн цоорхойг олж илрүүлэхэд нөлөөлсөн гэж зарим эх сурвалж үзэж байна. Гэвч тус групп тухайн үеийн никелийн луйврын хэргийн улмаас өөрсдөө ч хямралд ороод байв. Ийнхүү тэд хамгийн том зээлийн эрсдэлүүдээ илүү нарийвчлан авч үзэхэд нэг жижиг зах зээл тодрон гарч ирсэн байна.

Зээлээр авсан түлш

Монголд газрын тос зарна гэдэг ярвигтай. "Трафигура" гэх мэт олон улсын компаниуд импортын лицензгүй тул дотоодын зах зээлд шууд нийлүүлэх боломжгүй, харин дотоодын дистрибьютерүүдтэй хамтрах ажилладаг. "Трафигура"-гийн хувьд гол түнш нь "Лекс Ойл" ХХК гэх компани байв.

Тус монгол компани "Трафигура"-гийн нефтийн бүтээгдэхүүнийг хүлээн авч, шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгчдэд зардаг байна. Хамгийн гол нь "Трафигура" газрын тосоо зээлээр нийлүүлж, "Лекс Ойл" гааль болон тээврийн татварыг суутгасны дараа яваандаа төлөхөөр тохиролцсон байжээ.

Үүний дээрээс, бөөний худалдаачин нь өөрөө үйлчлүүлэгчдэдээ зээлээр наймаалж байсан ба эрсдэлээс хамгаалах зорилготой ирээдүйн гэрээ, яриа тохиролцоо нь улам төвөгтэй байдлыг үүсгэсэн байна. Үүний үр дүнд, "Лекс Ойл" болон Монгол дахь худалдан авагчдын сүлжээ нь өдөр ирэх тусам улам эрсдэлтэй байдалд орж байв.

Үүнээс үүдэлтэй хохирлын хэмжээ аль хэдийн олон зуун сая ам.долларт хүрээд байсныг "Трафигура"-гийн Сингапур, Женев дэх санхүүгийн мэргэжилтнүүд огт мэдээгүй гэж нэг эх сурвалж хэлжээ.

"Bloomberg"-ээс "Лекс Ойл" ХХК-ийн оффис руу залгахад бидний асуултад хариулах хүн байхгүй гэж мэдэгдсэн бөгөөд цахим шуудангаар тайлбар өгөх хүсэлтэд ч хариу өгөөгүй юм.

Уг асуудал эцэст нь өнгөрсөн оны сүүлээр л ил болсон. “Трафигура”-гийн зүгээс ажилтнууд нь “хугацаа хэтэрсэн авлагыг санаатайгаар нуун дарагдуулсныг” олж тогтоосон гэж мэдэгдсэн боловч тэдний буруутай үйлдэл зөвхөн үүгээр дуусаагүй. Тус компанийн мэдээлснээр, нэр бүхий албан тушаалтнууд нь мөн гааль, ачаа тээвэр зэрэг хураамжийн төлбөр тооцооны дүнг өөрчилж, бичиг баримтыг хуурамчаар үйлджээ. Энэхүү үйл ажиллагаа ойролцоогоор таван жилийн турш үргэлжилсэн гэж тэд үзэж байна.

"Трафигура" мэдэгдэлдээ ямар ч ажилтны нэрийг дурдаагүй ба зүгээр л "зохих сахилгын арга хэмжээг авч байгаа" гэсэн юм. Ажлаас нь түдгэлзүүлсэн ажилтнуудын дунд Э.Жононбаяр ч байгаа гэж нэг эх сурвалж хэлсэн билээ.

Харин Э.Жононбаярын төлөөлөгч түүнийг "Трафигура" компанийн ажилтан хэвээр байгаа бөгөөд нууцлалын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Найман сар

Асуудал нэгэнт хэтэрхий томорсон тул "Трафигура"-гийн удирдах зөвлөл хяналтын нягтлан бодогчдыг дайчилжээ. Мөн компанийн дээд удирдлага шийдэлд гар бие оролцож, тэдний нэг болох Хозе Ларокка өнгөрсөн хоёрдугаар сард Монголд ирж, "Лекс Ойл" компанитай уулзсан байна.

"Bloomberg" мөн сард "Трафигура"-гийн Монголын нефтийн бизнест асуудал үүсэж, олон зуун сая ам.долларын алдагдал хүлээж болзошгүй гэж мэдээлсэн. Тэгвэл тус компанийн зүгээс Монгол дахь нефтийн бүтээгдэхүүн худалдан авагчидтай өр барагдуулах хуваарийг саяхан тохиролцсон бөгөөд "Хөгжиж буй зах зээл дэх түншүүдээсээ өрөө амжилттай барагдуулж авсан арвин сайн туршлагатай" гэж тухайн үед мэдэгдэж байв.

Бид энэ талаар анх мэдээлснээс хойш найман сар гаруй хугацаа өнгөрсний дараа л "Трафигура" уг асуудлын үнэн бодит цар хүрээг бүрэн илчилсэн юм.

Тус компани нь никелийн залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэх Пратек Гуптагийн эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авахаар хөдөлсөн ч Монгол дахь хариу арга хэмжээ нь тэс ондоо байна. Шүүхийн зүгээс Гуптагийн хөрөнгийг царцаах тушаал гаргасан ч бараг хоёр жилийн хугацаа өнгөрөхөд "Трафигура" ямар ч хөрөнгөө буцааж авч чадаагүй байгаа. (Пратек Гупта "Трафигура"-гийн мэдүүлэгтэй маргаж, тус групп түүний үйл ажиллагаанд мэдсээр байж оролцсон хэмээж байгаа.) Харин шүүх хурал "Трафигура"-гийн үйл явцыг дэлгэж, нууцлахыг илүүд үзсэн байж болзошгүй дотоод харилцаа холбооны баримтуудыг илчилсэн.

Үүний дараа тус группийн Никель, кобальтын арилжаа хариуцсан дарга нь ажлаа өгч, мөн металлын арилжаа хариуцсан хэд хэдэн удирдах албан тушаалтан дараагийн хэдэн сард нь ажлаасаа гарсан боловч компанийн зүгээс хэн ч никелийн залилангийн хэрэгт оролцоогүй гэх байр сууриа хадгалсаар байгаа юм.

Харин Монголын газрын тосны алдагдалтай холбоотой асуудлаар хуулийн дагуу яаралтай арга хэмжээ авахгүй байгаагийн нэг шалтгаан нь хэргийн талаар бүрэн тодорхой мэдээлэлтэй болоогүй байгаа учраас гэж эх сурвалж хэлэв. Одоогоор хянан шалгах ажиллагаа үргэлжилж байгааг компани мэдэгдсэн.

"Трафигура" гуравдугаар сараар дуусгавар болсон хагас жилийн тайлангаа өнгөрөгч зургаадугаар сард нийтлэх үед "Монгол" гэсэн үгийг дурдаагүй ч байв. Ингэхдээ хугацаа хэтэрсэн авлагын хэмжээ огцом нэмэгдсэн талаар мэдээлсэн хэдий ч шинээр ирсэн Санхүү хариуцсан захирал Стефан Янсма түүхий эдийн үнэ болон хүүгийн түвшин өндөр байгаагийн улмаас "Импортлогч орнууд үе үе төлбөртэй холбоотой асуудалтай тулгардаг" гэж тайлбарласан билээ.

Энэхүү тайлан нь "Хэд хэдэн түнш болон улс оронд учирч болзошгүй алдагдлын талаарх тухайн үеийн удирдлагын тооцоолол. Хөндлөнгийн хяналт шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учир бид Монгол дахь нөхцөл байдлын талаар ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй байсан" гэж тус группийн хэвлэлийн төлөөлөгч пүрэв гарагт мэдэгдсэн юм.

Жилийн тайлан

"Трафигура"-гийн Гүйцэтгэх захирал Жереми Уэйр ирэх оны нэгдүгээр сард Байгалийн хийн арилжааны захирал Ричард Холтумд албан тушаалаа шилжүүлэхээр мэдэгдэж, есдүгээр сарын сүүл гэхэд жилийн тайлан тооцоогоо хаахаар бэлдэж эхлэхэд Монгол дахь толгойны өвчнийг нэг тийш нь шийдэх цаг иржээ.

Компани аль хэдийн тодорхой арга хэмжээнүүд авчхаад байв. Юун түрүүнд тус улсад шинээр арилжаа наймаа хийхээ зогсоож, Э.Жононбаярыг түдгэлзүүлж, Сингапураас Монгол дахь үйл ажиллагааг удирдаж байсан Михаил Зельдовичийг ажлаас нь чөлөөлсөн юм. (Зельдович тайлбар өгөхөөс татгалзсан.)

Мөн 1.1 тэрбум ам.долларын өрийн талаас илүү хувийг хариуцаж буй "Лекс Ойл" ХХК-иас тодорхой хэмжээний мөнгө гаргуулж авна гэж "Трафигура"-гийн зүгээс найдсаар байгааг эх сурвалж дурдсан юм.

“Нийт алдагдлын багагүй хувийг Монгол дахь манай үндсэн түнш төлөх ёстой гэж тогтоогдсон. Бид тус компанийг өрөө эргэн төлөх үүргээ биелүүлэхийг шаардах болно” хэмээн "Трафигура" мэдэгдсэн.

Гэхдээ ямартай ч тус компани санхүүгийн тайландаа 1.1 тэрбум ам.долларын "бууруулсан" алдагдлыг бүртгэж, холбогдох ажилтнуудын буруутай үйлдлийг олон нийтэд ил болгохоор шийджээ. Зарим банкирын хэлснээр, өнгөрсөн есдүгээр сард “Трафигура”-гийн ажилтнууд Монгол дахь алдагдлыг нөхөх нөөц гаргах талаар албан бус яриандаа дурдсан ч томоохон тоо таамаглаж байсан хүмүүс хүртэл 1.1 тэрбум ам.доллар гэх хэмжээнд цочирдсон байна.

Харин тус группийн мэдэгдэлд "2024 оны есдүгээр сард "Трафигура"-гийн нэг ч ажилтан Монголын газрын тосны бизнестэй холбоотой нийт нөөц хөрөнгийн хэмжээг мэдээгүй, энэ талаар бусдад дэлгэх эрх мэдэл ч байхгүй" гэсэн юм.

Юутай ч энэхүү дуулиан "Трафигура"-гийн томоохон зээлийн харилцаанд нөлөөлөх нь юу л бол гэж түүхий эдийн арилжааны санхүүч, "TradeQraft" платформыг үүсгэн байгуулагч Орхан Гүнэс хэлсэн юм. Тэрбээр "Хамгийн гол асуудал бол энэ удаагийн явдал болон никелийн хэргийн улмаас тэд зээлээ иймэрхүү зүйлд зарцуулчихсан бөгөөд өөрсдөө ч сайн мэдэж байгаа байх. "Трафигура" эрсдэлийн удирдлагын маш сайн тогтолцоо, боловсон хүчинтэй тул цаашид урьдчилан сэргийлэх чанга хатуу арга хэмжээ авах болно" хэмээсэн юм.

Эх сурвалж: Bloomberg

Д.Энхтүвшин: Хууль тогтоох эрх хязгаарласан асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана
Д.Энхтүвшин: Хууль тогтоох эрх хязгаарласан асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!